“Ээ дээ, хорвоо ч хүйтрэхдээ хүрвэл мөн ч хүйтэн дээ” хэмээн шимшрэн ярих нь 90 наслахдаа юу үзэж, ямар зам туулсныг илэрхийлэх мэт. Жигүүртнээс өөр ханьгүй эзгүй тайгын мухарт, дүн өвлийн хүйтнээр нөхрөө алдаад, бурханд буцсан түүнтэйгээ нэг гэрт гурав хоносон сэрдхийм түүхээ ч хуучилна. Тэрбээр одоогоос хэдэн жилийн өмнө сэтгүүлч миний бие сургуульд явах гэж бэлтгэж байх үед манайд ирээд “Бугын дуунаар уулын хярд гараад намрын сэрчигнүүр салхинд гэзгээ хийсгээд зогсож байхсан” хэмээн мөрөөдөн ярьж суусныг нь мартдаггүй юм. Түүний энэ яриа өндөр уулын хяраас үзэсгэлэнт нутгаа бахдан харж зогсоо дархад гоо охиныг нүдний минь өмнө зурах шиг болж билээ. Жаахан эмээгийнхээ сэтгэл үймэрдэг хавар цагаар түүний тухай бодол хөвөрлөө.