Б.Энхбаяр: Монголын бүх шүүгчийг томилох Ерөнхийлөгчийн эрх хэвээрээ байгаа

2
2021 оны 1 сарын 252021-01-25
Б.Энхбаяр: Монголын бүх шүүгчийг томилох Ерөнхийлөгчийн эрх хэвээрээ байгаа

УИХ дахь МАН-ын бүлэг Шүүхийн тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан. Энэ талаар өнөөдөр УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр гишүүн мэдээлэл хийлээ. Тэрээр Шүүхийн тухай хуулийн ажлын хэсгийг ахалсан юм. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

----------------------------------------------------------------------

-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй хоёр үндэслэл байна. Нэгдүгээрт, Шүүхийн тухай хууль нь Үндсэн хуулийн хүрээнд буюу Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх хүрээнд батлагдсан. Ерөнхийлөгч Шүүхийн тухай хуулийг батлах процесст ажил хэрэгч, бүтээлч оролцсон. Хуулийн төсөл санаачилсан, төслөө татаж авсан, ажлын хэсэгт 35 зүйл бүхий 100 хуудас санал ирүүлсэн. Энэ саналуудын 98 хувийг ажлын хэсгийн хүрээнд УИХ хүлээн авч баталсан. Өөрөөр хэлбэл, Шүүхийн тухай хууль нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн идэвх санаачилга, бүтээлч оролцоо шингэж батлагдсан хууль байгаа юм. Хоёр хувьд нь юуг хүлээж аваагүй вэ гэдгийг иргэд сонирхож байгаа. Ерөөсөө Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд, “Ерөнхийлөгчид Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд хуулиар эрх үүрэг олгож болно” гэсэн байдаг. Өөр бусад тохиолдолд 33 дугаар зүйлд зааснаас бусад эрхийг хуулиар олгож болохгүй гэдгийг Үндсэн хуульд заачихсан. Тийм учраас Үндсэн хуулиас илүү эрх мэдлийг олгох боломжгүй байсан.

Ерөнхийлөгчийн шүүх эрх мэдэлтэй харилцдаг бүх эрх мэдлийг УИХ булаагаад авчихсан юм шиг, олонх булаагаад авчихсан юм шиг улстөр хийж байгаа. Үгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчид бүх шатны шүүхийн шүүгчийг томилох эрх мэдэл нь Үндсэн хуулиар хэвээр байгаа. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг томилох эрх нь хэвээрээ байгаа. Үүнээс гадна Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүний тал буюу 50 хувийг шүүгчдийнх нь дотоод ардчилалд Шүүхийн хуулиар үлдээсэн.

Одоо хүчин төгөлдөр байгаа харилцаагаар Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын бүх шүүгчийг, ерөнхий шүүгчдийг ШЕЗ-ийн гишүүдийг, Шүүхийн ёс зүйн хорооны бүх гишүүнийг 100 хувь ганцаараа томилж байгаа. Энэ хэт төвлөрсөн эрх мэдэл нь өөрөө хонгилыг үүсгэлээ гэдэг шүүмжлэлийг бий болгосон. Энэ эрх мэдлийг Үндсэн хуулийн хүрээнд задласан. Задлахдаа талыг нь шүүгчдэд өөрсдөд нь үлдээсэн. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тал нь нийт шүүгчдийн хуралдаанаас нууц санал хураалтаар томилогдоно. Шүүхийн сахилгын хорооны гишүүдийн дөрвийг мөн өөрсдөө нууц санал хураалтаар сонгоно. Энд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар оролцохгүй. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гэсэн субьектууд шүүх эрх мэдэлд хэт оролцчих вий гэсэн болгоомжлолоор томилгооны талыг шүүгчдэд өөрсдөд нь олгосон. Энэ бол шүүгчдийг шүүх эрх мэдлийнхээ дархлаа байгаасай гэсэн итгэл, бас тэдэнд хариуцуулсан үүрэг. Итали, Испани, Франц зэрэг олон улсад ШЕЗ-ийн гишүүдийг парламент нь 100 хувь сонгодог, томилдог. Харин Монгол Улс шүүх засаглалыг бас парламентаас 100 хувь хамаарч болохгүй гэж үзсэн.

Улсын дээд шүүхийн харьяанд ШЕЗ байсан тал бий. Юу болсон гэхээр шүүгчдийн туслахууд л шүүгчээр томилогддог, шүүгчдийн хүүхдүүд шүүгч болдог гажуудал үүссэн. Шүүх эрх мэдэл цус ойртож эхэлсэн. Ийм учраас бас шүүхийн томилгоог 100 хувь шүүхэд өгч болохгүй байсан. Бас томилгооны эрх мэдлийг Засгийн газарт өгч болохгүй. Яагаад гэвэл Хууль зүйн сайдын харьяанд Шүүхийн ерөнхий зөвлөл байхад Хууль зүйн сайд шүүгчийн хэрэг маргаанд оролцоод байна гэсэн шүүмжлэл гараад байсан юм. Ингээд гурав дахь туршилтаа хийж, Монгол Улсын Ерөнхийлөгчид бүх эрх мэдлээ өгсөн. Энэ бол хэтийдсэн дарангуйлал руу чирэх юм байна гэдэг нь өнөөдөр ойлгомжтой болсон. Ийм учраас эрх мэдлийг тараан байршуулах, ингэхдээ УИХ зөвхөн нээлттэй сонсголын аргаар шийдвэрлэх боломжийг шийдсэн. Ингэхдээ УИХ дангаараа шийдчихгүй. Үүнийг хараат бус, мэргэжлийн 11 гишүүнтэй ажлын хэсэг сонгон шалгаруулна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч, парламент дахь олонх, цөөнх, Засгийн газрын төлөөлөл, Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо, их дээд сургуулиудын төлөөлөл оролцоно. Энэ ажлын хэсгийг УИХ-ын нэг л гишүүн, нэг л саналын эрхтэй ахалж оролцоно.

Хоёрдугаарт, УИХ 76 гишүүнтэй. 76 гишүүн нэг хүний дохиураар хөдлөөд байдаг гэж ойлгож болохгүй. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд та бүхэн манай улсын ардчиллын баталгаа нь парламентын засаглал байсныг мэднэ. Парламентын засаглал байсан учраас бид нэг хүний дуу хоолойгоор явчихаагүй. Өөрөөр өөрийгөө шүүрдэж, өөрөө өөртөө хариуцлага тооцож ирсэн байдаг. Тийм учраас парламент гэдэг болон олонхи, цөөнх, нийт ард түмний дуу хоолой болж энэ шүүлтүүрээр ШЕЗ, Шүүхийн сахилгын хорооны гишүүдийн 50 хувь нь оролцоно. Орохдоо нийт ард түмэндээ танилцуулж, нээлттэй сонсголыг ард түмэндээ хоёр сарын турш хийж, ард түмнээсээ 14 хоногийн турш тухайн нэр дэвшигчийн талаарх мэдээлэл цуглуулж, асуулт хариулт явж сонгон шалгаруулалт хийнэ. Монгол Улсын Дээд шүүхийн бүх шүүгч, ШЕЗ-ийн таван гишүүн, Шүүхийн ёс зүйн хороонд хэн гэдэг, хэдэн хүн ажилладаг болохыг хүн бүр мэдэхгүй. Ийм хаалттай, нууц байсныг ард түмэндээ ил тод, шүүлтүүртэй болгосон учраас Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авахгүй гэж шийдвэрлэсэн юм.

Санал болгох

Хилийн боомтуудад эрсдлийн үнэлгээ хийж, хилээ нээх бэлтгэл ажлыг хангаж байна

Хилийн боомтуудыг нээж, үйл ажиллагааг эрчимжүүлэх, байнгын ажиллагаатай болгох бодлого баримталж байгаагаа  Шадар сайд илэрхийлэв.

18 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Манай намын 100 жилийн түүх бол бидэнд байгаа яндашгүй их баялаг, мэдлэг, сургамж, үнэний ухаарлыг хайрлах мэргэн багш мөн

МАН-ын дарга У.Хүрэлсүхийн намынхаа ойд зориулсан “ТУСГААР ТОГТНОЛ ХӨГЖЛИЙН ЗУУН" илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

19 цагийн өмнө
МАН-ын 100 жил, Эх орончдын өдрийн мэндчилгээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын МАН-ын 100 жил, Эх орончдын өдөрт зориулсан мэндчилгээг хүргэж байна.

1 өдрийн өмнө