Өнгөрсөн амралтын өдөр нөхрийнхөө хоолонд зүү хийж, идүүлэхийг завдсан гэх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, Увс аймгийн цагдаагийн газарт тус аймгийн харьяат иргэн хандсан бөгөөд хоолноосоо найман ширхэг зүү олсон тухай мэдээлсэн байна. Тиймээс дээрх хэргийг шалгаж өгнө үү хэмээн цагдаагийн байгууллагад ханджээ.
Тухайн иргэний хүсэлтийн дагуу шалгалт хийхэд, хохирогчийн эхнэр гэр бүлийн гадуур харилцаанаас үүдэн нөхрөөсөө залхаж, дургүй болсон. Тиймээс нөхрөө хорлох зорилгоор хоолонд нь олон тооны зүү хийж, идүүлэхийг завдсан гэж мэдүүлсэн байна. Одоогоор хэргийг Увс аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв