Шинэ Засгийн газарт Ерөнхийлөгчийн өгсөн даалгавар

1
2021 оны 2 сарын 12021-02-01
Шинэ Засгийн газарт Ерөнхийлөгчийн өгсөн даалгавар

Намрын чуулганы төгсгөлд Засгийн газраа чирч огцорсон У.Хүрэлсүхийн шийдвэр Ерөнхийлөгчийн сонгуулийн улстөр албан ёсоор эхэлснийг бидэнд сануулав. УИХ-ын индрээс “Олон нийтийн бухимдлыг улс төрийн үйл ажиллагаанд ашиглаж, санхүүжүүлсэн Ерөнхийлөгчтэй хариуцлага тооцох ёстой гэж МАН-ын даргын хувьд үзэж байна” гэв. Бэлтгэл хурандаа У.Хүрэлсүх окопноосоо ирэх гуравдугаар сарын 1-нд тохиох Эх орончдын баяраас наана гарч ирэхгүй нь тодорхой болов. Ардын хувьсгалын 100 жилийн ойн нээлт, гуравдугаар сарын 15-нд эхлэх УИХ-ын хаврын ээлжит чуулган дээр У.Хүрэлсүхийн юу хэлэх нь сонин байна.

Нөгөө талдаа “Сү.Батболдын бүлэглэл төр эргүүлчихлээ” гэж У.Хүрэлсүхийг огцроход мэдэгдсэн Ерөнхийлөгчийн шинэ Засгийн газартай ажиллах харилцаа яах аргагүй анхаарлын төвд орж байна. Ерөнхийлөгчтэй их л ойр гэгддэг Л.Оюун-Эрдэнийг МАН Ерөнхий сайд болгож, хардаад байсан Сү.Батболдын фракциас нэг ч хүн Засгийн газрын бүрэлдэхүүнд орсонгүй. ҮАБЗ-д үүссэн ойлгомжгүй байдлыг томилгоогоор зассан хэдий ч Х.Баттулгатай үзэлцэх хоёр хүнийг МАН Л.Оюун-Эрдэнийн танхимд шигтгэжээ. Нэг нь, олон жил Х.Баттулгатай тэрссэн Ц.Нямдоржийг ЗГХЭГ-ын даргаар, нөгөө нь Эм Си Эс-ийн төлөөлөл Л.Энх-Амгаланг Монголын хамгийн том сүлжээ болох багш нарын сүлжээг базуулахаар Боловсрол, шинжлэх ухааны сайдаар томилсноос харж болно.

be0118_123_x974.jpg

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болоод Ерөнхийлөгчид бараалхахад Х.Баттулга нэг зүйл онцлон захьсан. “Хармагтай орд бол цар тахлын үеийн эдийн засгийг авч гарах боломж. Хармагтай орд газрыг геологичидтой хамт илрүүлэн, гурван сарын хугацаанд 18 мянган метр урт өрмийг нь тавьж, 53 тонн алттай нөөцийг тогтоож, Засгийн газарт хүлээлгэж өгсөн. Энэхүү ордын ажлын ТЭЗҮ гурван сарын дундуур бэлэн болох бөгөөд цаашид үргэлжлэх ёстой шүү” гэж.

Өмнөговь аймгийн Цогтцэцийд 1970-аад оноос судлагдаж Австралийн компаниудын гар дамжсаар буцаж улсад ирсэн энэ орд нь Тавантолгойн бүлэг ордоос 50 км, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаас 10 км, Мандал-Овоо-Оюутолгой өндөр хүчдэлийн шугамаас 57 км зайтай. Ерөнхийлөгч Хармагтай бүлэг ордыг бүхэлд нь яриад байгаа болохоос 53 тонн алтны нөөцтэй орд нь Овоот хяр нэртэй XV-021670 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд орших Хойд бүргэд нэртэй орд юм. 11 жилийн нөөцтэй, татвар, АМНАТ-ын дараахь 407 тэрбум төгрөгийн цэвэр ашиг өгөх орд гэдэг. Туркойс Хилл, Занаду Майнзын гар дамжиж төрд ирсэн Хармагтайг Салхитын мөнгөний ордын ашгаар ахмадуудын тэтгэврийн зээл тэглэдэг шиг үр ашигтай зарцуулах хэрэгтэйг Ерөнхийлөгч хэлдэг. Магадгүй иргэн бүрт нэг сая төгрөг олгох, цаашлаад баялаг бүтээгчдийг дэмжих УИХ-ын тогтоолын төслийнхөө санхүүжилтын эх үүсвэр болгож харсан ч байж мэднэ.

142076743_2083261861975193_8019365026069872564_n-1024x727.jpg

Шинэ Засгийн газарт томилогдсон сайд болгонд Ерөнхийлөгч Х.Баттулга “Улстөржихгүй шүү. Хамтарч ажиллая. Амжилт хүсье” гэх гурван үгийг давтаж хэлжээ. Хаврын синдром буюу улстөржилт удахгүй эхэлнэ. Ийм үед гүйцэтгэх засаглал буюу ажлыг гардан хэрэгжүүлэх салбарын сайд нартай хамтран ажиллахаа өөрөө илэрхийлсэн нь сайн. Тэрээр сайд нарт дараахь зүйлийг захьсан.

Шадар сайд С.Амарсайханд, “Гурван сая монголчуудынхаа амьдралд дэм болох ажлууд дээр хамтарч ажиллая. Одоо улстөржихөө больё. Бид улстөр хийж байгаад, улс төрөө дийлэхгүй унадаг. Монгол Улс ийм баян орон байж иргэд нь ийм ядуу байгаа нь харамсмаар асуудал шүү”.

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржид, “Та бид хоёр олон зүйл дээр санал нэгддэг, олон зүйл дээр санал нэгддэггүй. Дөнгөж дөч гарч байгаа Ерөнхий сайдаа хамгаалж ажиллаарай. Таны нас, туршлагыг харвал энэ Засгийн газрын хамгийн том түшиц нь гэж харж байна. Ажлын амжилт хүсье. Бид одоо намчирхмааргүй байна”.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд, “Байгаль орчны яамнаас зөвшөөрөл олгосон газрыг дамлан худалдаалах, залилан мэхлэх замаар мөнгө угаасан, оффшор бүсээс орж ирсэн мөнгө байгаль орчинтой холбогддог зэрэг асуудлууд судлагдсан байгаа. Өнөөдөр говийн нутаг эзэнгүй, усгүй болж байна. Хамтарч ажиллая”.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт, “Стратегийн бүтээн байгуулалтын ажлуудыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маш сайн ойлгож байгаа тул хамтран ажиллана. Төмөр замын бүтээн байгуулалт дахь Зэвсэгт хүчний оролцож буй энэ ажлыг бид 10, 20 дахин босгож байж Монгол орон өсөж томорно. Батлан хамгаалахын салбар бол улстөржиж болохгүй салбар”.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт, “Хууль зүйн сайд яагаад улстөржөөд байна вэ? Би өөрийг чинь шүүхэд өгнө. Би яахаараа Төрийн ордны 3 давхраас хүмүүст ял өгөөд сууж байдаг юм бэ? Чи Монгол Улсын Хууль зүйн сайд болохоос биш МАН-ын Хууль зүйн сайд биш. Чи залуу хүн. Чи эхний алхмаа улстөржилтөөс эхлэвэл ажил чинь явахгүй. Амжилт хүсье”.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт, “Энэ жил ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож байна. Үүнд онцгой анхаараарай. ОХУ-аас Монголын нутгаар дамжин БНХАУ руу татах хийн хоолойн асуудал нэн тэргүүнд тавигдана. Мөн 10 гаруй Элчин сайд томилогдоогүй байгаа асуудал байна. Энэ асуудлыг яаралтай оруулж ирэх хэрэгтэй. Амжилт хүсье”.

Сангийн сайд Б.Жавхланд, “БНХАУ-тай байгуулсан 1.7 тэрбум ам.долларын SWOP хэлэлцээрийг гурван жилээр сунгасныг дахиад сунгаж болохоор байна. Мөн оффшор бүсээс орж ирсэн, ирэх, угаагдаж байгаа мөнгөний асуудлаар хамтарч ажиллана. Өрх бүрд нэг сая төгрөг олгох, эдийн засгийг дэмжих төсөл дээр хамтарч ажиллана. Өмнөх Сангийн сайд шигээ битгий намчирхаарай”.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад, “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд бол ард иргэдтэй тулж ажилладаг. Энэ салбар өөрөө эмзэг салбар. Таны зүгээс шинэлэг санаачилгууд гаргаж ажиллахыг хүсье. Битгий их улстөржөөрэй. Ерөнхийлөгчийн хаалга нээлттэй шүү. Асууж ярих зүйл байвал дуртай цагтаа орж ирээд ярьж байгаарай”.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарт, “Майдар хот бол 9 баллын хүчтэй газар хөдлөлтөд тэсвэртэй хотыг байгуулах төсөл. Майдар хотын ажлыг эхлүүлчихмээр байна. Энэ бол дэд бүтцийн асуудал шүү дээ. Оюутнуудаа эхлээд гаргая. Энэ асуудлыг нэн тэргүүнд тавихгүй бол Улаанбаатар хотын өнөөдрийн дэд бүтэц, түгжрэл, утааны асуудал шийдэгдэхгүй”.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд, “Гадаад боловсролын системээр яваад байна уу, дотоодын системээр яваад байна уу? Шинжлэх ухаан хаана явна вэ? Залуу эрдэмтэд, боловсролтой хүмүүсийг гадаадаас татаж оруулж ирэхэд хамтарч ажиллая. Цар тахлын үеийн нэг жилийн боловсролын хоцрогдол нь хүүхдүүдийг арван жилээр хоцрооно. Хоцрогдлыг яаж нөхөх вэ? Улстөржихгүй шүү. Хамтарч ажиллая”.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт, “Төмөр замын ажлаа шуурхайл. Төмөр зам, дэд бүтцийн салбарт улстөржилт байхгүй шүү. Хамгийн хоцрогдсон нэг салбар нь агаарын тээвэр байна. Бид шинэ нисэх буудал барьчихаад ашиглаж чадахгүй байна. Аялал жуулчлалын маш том салбар одоо зогсчихсон байна. Хамтарч ажиллахад нээлттэй байгаа шүү”.

Соёлын сайд Ч.Номинд, “Ерөнхий сайд У.Хүрэлсүх маш том алхам хийсэн нь Соёлын яамыг байгуулсан явдал байлаа. Соёлын яам байгуулна гэдэг нь Соёлын ордон барих биш юм шүү. Улсын төсөвтэй холбогдуулаад аймгуудад Соёлын ордон барих асуудал яригдсан. 21 дүгээр зуунд бид дотроо бие засах газар, усгүй Соёлын төв барьж болохгүй. Үүн дээр анхаараарай”.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд, “Бид зөвхөн хүдэр экспортлоод, улсын эдийн засгийг тогтоогоод байж болохгүй. Бид бүгдийг нь боловсруулах ёстой. Төмөр замыг дагаад Сайншандын ойролцоо боловсруулах үйлдвэр баригдана. ТЭЗҮ-г нь хийлгэчихсэн, хариуцах эзэнтэй болгоод явж байна. Асгатын мөнгөний ордод 46 км дор баяжуулах үйлдвэр барьчихсан байгаа. Энэ үйлдвэрийг Монгол Улс бариагүй. Яагаад монголчууд коксны үйлдвэр бариагүй байхад бусад хүмүүс ирээд коксны үйлдвэр барьчихсан, экспортлоод зараад байдаг юм бэ? Манай Монгол Улсын бодлого хаана явна вэ”.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд, “Хөдөө аж ахуйн биржийг амилуулах хэрэгтэй. Малаас гаралтай түүхий эдийг худалдаж авах салбаруудыг 330 суманд бий болгох хэрэгтэй, 21 аймагт анхан шатны боловсруулах үйлдвэрүүдийг хурдтай барих хэрэгтэй. Энэ төслийн мөнгийг төсөвтэй хамааралгүйгээр бүтээчихсэн байгаа шүү. Мөн газар тариалангийн салбарыг хэрхэн экспорттой холбох зэрэг бодлогын бүх бичиг баримт бэлэн болчихсон. “Дархан-Арьс ширний цогцолбор”-ын дэд бүтцийн мөнгө болох 70 орчим сая ам.долларыг бэлэн болгочихсон байгаа”.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд, “Оюу толгой, Эрдэнэт үйлдвэр хоёр яахаараа гадаадаас эрчим хүч авдаг юм бэ? Бид бараг хүрздээд л гардаг эрчим хүчний нүүрстэй орон байж гаднаас эрчим хүчний хувьд хараат байгаад би хувьдаа харамсаж явдаг. Багануурын эрчим хүчний төсөл, Тавантолгой орчимд барих цахилгаан станц, Оюу толгойтой үүнийг яаж холбох, усны асуудал гэх мэт ажил байна. Мөн 10 аймагт усны урсацыг судалж, цахилгаан станц барих ажил явж байгаа. Дулааны цахилгаан станцтай болмоор байна”.

Эрүүл мэндийн сайд С.Энхболдод, “Цар тахлын үеэр асар их хэмжээний мөнгөн дүнтэй тэнцэх тусламжууд орж ирсэн. Тэрийг Шадар сайдтайгаа нийлж бүртгэлийг нь гаргаад иргэдэд зарлах хэрэгтэй. Сая зохион байгуулалтгүйн улмаас цар тахлыг дотооддоо алдлаа. Вакцины асуудлыг ҮАБЗ-өөр хэлэлцсэний дараа нэг цонхоор шийдэх хэрэгтэй. Өнөөдөр вакцинаар бизнес хийгээд эхэллээ. Мөн янз бүрийн олон асуудлыг тавиад эхэлсэн гэдгийг анхаараарай” гэсэн.

Ерөнхийлөгчийн зүгээс шинэ Засгийн газрын гишүүдэд өгсөн дээрх даалгавар, захиас маш тодорхой юм. Өөрийнх нь өмнө ярьж байсан, Ерөнхийлөгч болоод шахаж, нэхэж байсан даалгавар. Шинээр үүссэн, шинээр хийх ажил биш. Эхлэлийг нь тавиад, гарц гаргалгаа нь болчихсон, ганцхүү улстөрийн хүсэл зоригоос шалтгаалах ажлууд байна. Тийм учраас Ерөнхийлөгчийн сонгуульд ашиглагдчихна гэж битгий улстөржөөрэй, битгий намчирхаарай гэж сайд нарт онцлон захьсан гэж уншигдана.

Санал болгох

Хонгил нурах уу: Цагдаагийн дөрвөн ч дарга МАН-д элслээ

Араа санаж, алсаа бодож цагдаа нар гэмт хэрэгтэй хэрэгтэй ажилладаг, дарга нар нь дэвших, дэвжихээ бодоод улстөрчидтэй сүжирдэг болчихвол цагдаагийн цагаан шонхор хараах байлгүй дээ. Ийм учраас наанадаж цагдаа, цэрэгт байсан, прокурор, шүүхэд байсан хүмүүсийг улс төрийн албан тушаалд томилохыг хориглох шаардлагатай. Тэгэхгүйгээр хуулийнхан улстөрждөг, улстөрчидтэй сүжирдэг, чиглэл авдаг гэх яриа багасахгүйгээр үл барам өнөө цагт хамгийн их ярьдаг “Шударга бусын хонгил” гээч нурахгүй.

2 сарын өмнө
Шинэ Засгийн газарт Ерөнхийлөгчийн өгсөн даалгавар

Намрын чуулганы төгсгөлд Засгийн газраа чирч огцорсон У.Хүрэлсүхийн шийдвэр Ерөнхийлөгчийн сонгуулийн улстөр албан ёсоор эхэлснийг бидэнд сануулав. УИХ-ын индрээс “Олон нийтийн бухимдлыг улс төрийн үйл ажиллагаанд ашиглаж, санхүүжүүлсэн Ерөнхийлөгчтэй хариуцлага тооцох ёстой гэж МАН-ын даргын хувьд үзэж байна” гэв. Бэлтгэл хурандаа У.Хүрэлсүх окопноосоо ирэх гуравдугаар сарын 1-нд тохиох Эх орончдын баяраас наана гарч ирэхгүй нь тодорхой болов. Ардын хувьсгалын 100 жилийн ойн нээлт, гуравдугаар сарын 15-нд эхлэх УИХ-ын хаврын ээлжит чуулган дээр У.Хүрэлсүхийн юу хэлэх нь сонин байна.

3 сарын өмнө
Ц.Насанбат: Хөөн хэлэлцэх хугацааг нь сэргээж шүүхээр шийдүүлсэн хэрэг байхгүй

Өмнөх парламентын үед 2017 онд Хууль зүйн байнгын хорооны дарга байхдаа Ш.Раднаасэд гишүүн санал гаргаж, Хууль зүйн байнгын хорооны хурал дээр Дээд шүүхийн шүүгчээр томъёолол хэлүүлэн хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн хуулиар өөрчлөх эхлэлийг тавьсан. Ингэснээр авлига, албан тушаалын олон гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацааны цоорхойгоор хүчингүй болох үр тарив.

3 сарын өмнө
Нисдэггүй бор морь буюу Хэвлэлийн эрх чөлөөний хууль

ҮАБЗ-ийн гурван гишүүний хэвлэлийн эрх чөлөөг бэхжүүлэх тухай үгс улиг болжээ. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл яав аа. Өнөө УИХ, Засгийн газар нь нисдэг бор морийг нь ид гээд явуулсан юм уу, нисдэггүй бор морийг нь идээд ир гэсэн юм уу.

4 сарын өмнө