Г.Мөнхсайхан: Снөүбордоор гулгахад тохиромжтой газар олтол өвлийн аялал хийнэ

2021 оны 2 сарын 42021-02-04
Г.Мөнхсайхан: Снөүбордоор гулгахад тохиромжтой газар олтол өвлийн аялал хийнэ

Тэсвэр тэвчээр, эр зориг шаарддаг экстрим спорт сонирхогч, аялагч, уул хаданд авирагч Г.Мөнхсайхантай цахимаар холбогдож ярилцлаа. Тэрээр хамгийн сүүлийн аяллаа Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Улаанбаатар хотоос 180 км-ийн зайд орших, үзэсгэлэнт байгаль хөвчөөр хүрээлэгдсэн хагийн хар нуур луу хийчхээд ирсэн билээ. Түүний аялал явганаар 4 шөнө, 5 өдөр болсон байна. Өвлийн саад бартаатай хүнд аяллыг хийх гол шалтгаан нь снөүбордоор гулгах газар хайдаг гэж тэрээр онцолсон юм.

-Хөвчийн дунд байрлах хагийн хар нуур луу чаргатай аялал хийчхээд ирсэн талаар яриагаа эхэлье. Хүнд сорилт байв уу?

-Хөл хорионоос шалтгаалж энэ өвлийн авиралтууд цуцлагдсан тул Хагийн хар нуур луу явах санаа төрсөн. Өмнө нь очих гэж олон жил бодсон боловч амжаагүй явсаар энэ үед очлоо. Замын хувьд уртаас гадна Хагийн гол халиа ихтэй, голоос гараад цас ихтэй нэлээн хүндрэлтэй байлаа. Ойролцоогоор 35 км-ийг явганаар туулсан. Машинтай очиход ч хэцүү газар шүү дээ. Маш хүнд сорилт байсан. Нийтдээ 4 шөнө, 5 өдрийн аялал болсон байна. Ер нь өвлийн урт аялал гэдэг дулааны улирлаас тэс өөр л дөө. Эрсдэл ихтэй, эзгүй хээр ганц зүйл буруугаар эргэхэд үхэл, амьдралын зааг дээр очно. Тиймээс маш сайн төлөвлөж байж гарах ёстой. Бид хоёрын аяллын ганц давуу тал нь хүнд үүргэвч үүрэхгүй, чарган дээр ачаагаа чирээд нуруугаа зовоохгүй явсан явдал юм.

2.jpg

-Бид гэж ярилаа шүү дээ. Хамт явсан нөхрийнхөө тухай ярихгүй юу. Олон аялалд хамт явав уу? 

-Миний найзыг С.Дорждаваа гэдэг. Бид өмнө нь олон авиралтад хамт явж байсан болохоор биенээ сайн мэднэ. Мөн Снөүбордоор ч хамт гулгадаг. Хол аялалд түшигтэй, ажилсаг мундаг хамтрагч бий.

"ЭЗГҮЙ ХЭЭР ГАНЦ ЗҮЙЛ БУРУУГААР ЭРГЭХЭД ҮХЭЛ АМЬДРАЛЫН ЗААГ ДЭЭР ОЧДОГ"

-Эзгүй хээр ганц л зүйл буруугаар эргэхэд үхэл, амьдралын зааг дээр очдог гэлээ шүү дээ. Тэгвэл яагаад ийм эрсдэл үүрч аялах сонирхолтой байдаг юм бэ?

-Хүн байгаль хоёр хүйн холбоотой. Хүн хэт хотжоод, технологижоод ирэхээрээ байгалиас холддог юм шиг санагддаг. Хачин гоё байгаль хараад сэтгэл нь хөдөлдөггүй хүн зөндөө харсан. Тэгээд ирэхээрээ стресс бухимдалтай, амьдралд сэтгэл ханадаггүй, бие муутай болоод байгаа юм шиг санагддаг.

"АЯЛАЛ ХҮНИЙГ АМЬДРАЛЫН НЭГЭН ХЭВИЙН ТОЙРГООС ГАРГАДАГ"

Надад бол үзээгүй байгаль, уулзаагүй хүн бүр л сонин содон байдаг. Аялалд явахаар хийх ёстой юмаа хийж байгаа юм шиг л санагддаг даа. Ийм эрсдэл хүнийг амьдралын нэгэн хэвийн тойргоос нь гаргаж байдаг. Тиймээс аялах бас экстрим спортоор хичээллэх сонирхолтой.

5.jpg

-Та найзуудтайгаа хамт Снөүбордын холбоог байгуулж байсан гэсэн. Хэдэн онд юм бэ. Ууланд авираад буухдаа снөүбордоор гулгадаг уу?

-Спортын экстрим төрлүүдэд дуртай гэж дээр хэлсэн. Снөүборд, ууланд авиралт, хаданд авиралт зэрэг төрлүүдээр сонирхон хичээллэдэг. Би өөрөө байгальд ойр байх дуртай, явахгүй удахаар л бачуураад байдаг сонин хүн.

2008 оноос снөүборд сонирхож, 2010 онд снөүбордын холбоог найзуудтайгаа нийлэн байгуулж байлаа. Түүнээс хойш энэ спортыг хөгжүүлэхийн төлөө явж байна.

Монголын мөнх цастай ихэнх уулаар авирч снөүбордоор гулгасан. Тухайлбал Алтай таван богдын Хүйтэн, Малчин, Наран оргидууд, Сутай хайрхан, Цамбагарав, Асралт, Отгонтэнгэр, Цагаан дэглий зэрэг хайрханд гулгаж байсан. Хагийн хар нуур луу аяласан маань ч үүнтэй холбоотой.

-Эр хүний жаргал эзгүй хээр гэдэг шүү дээ. Эрчүүд явчхаад ирсэн байна. Дурсамж юу үлдэв. Хөгжилтэй, хүндрэлтэй байсан зүйлээсээ хуваалцаач?

 -Анх удаа очиж үзсэн болохоор ямар хайрламаар, харамламаар үзэсгэлэнтэй газар вэ гэдгийг нь биеэрээ мэдэрлээ. Самар түүдэг хүмүүс отоглосон газар болоод тэдний очоогүй газраар ч явлаа. Өвлийн өдөр богино, шөнө хүйтэн болохоор ер нь л завгүй явсан шүү. Замын нөхцөл хүнд байснаас шалтгаалж төлөвлөсөн хугацаанаасаа хоцроод ширүүхэн явсан. Хоол хүнсээ тооцож гарсан болохоор шахуу явахаас өөр арга байгаагүй. Орой нь маргаашийн хоол цайгаа бэлддэг байлаа. Инээдтэй юм гэвэл самар түүдэг хүмүүсийн нүдийг л их бүлтийлгэлээ. Энэ эзгүй хээр аялж явна гэдэг чинь юу гэж байгаа юм гээд л гайхаад байсан.

1.jpg

-Самарчид ч хүрч чадахгүй газар хүрч богц дүүрэн иржээ. Аяны богцондоо юу юутай яваад, юу авч ирсэн бэ?

-Дулаан хөнжил, хутга, сүх, хөрөө гэх мэт багажнууд авч явсан. Мөн анхны тусламжийн цүнх, GPS, майхан, чарга, цана зэргийг богцолж явсан. Ан гөрөө сонирхдоггүй болохоор юу ч авч ирээгүй. 

 /Инээв/

-Хагийн хар нууранд зэрлэг амьтантай таарсан уу?

-Чарга чирэхэд дуу чимээ ихтэй болохоор амьтад алсаас зугатаж байсан. Шинэхэн мөртэй л таарсан. Хандгай, буга, өөр жижиг амьтдын мөр байсан.

4.jpg

-Дараагийн аяллаа хийхээр төлөвлөсөн байгаа юу?

-Тиймээ. Хөвсгөл аймгийн Хорьдол сарьдгийн нуруугаар өвөл аялна гэж төлөвлөж байгаа. Бас л хүний хөл багатай онгон зэрлэг байгаль даа. Өвөл аялдгийн учир нь снөүбордоор гулгах газар л хайгаад байгаа хэрэг.

 

Санал болгох

Ч.Дэлгэрцэцэг: Эмэгтэй хүнийг сонгосон нөхрөөр нь дүгнэж болно

МУСТА, хийлч Ч.Дэлгэрцэцэгийн оролцсон “Улаан бал” нэвтрүүлгийн хэсгээс уншигч та бүхэнд хүргэж байна. 

8 өдрийн өмнө
Б.Баяржавхлан: АНУ-ын тэтгэлэгт багтахад ээжийн минь МӨРӨӨДӨЛ биелэлээ олсон

Гаднын орныг зорьж өндөр боловсрол эзэмших зорилготой залуучууд өдрөөс өдөрт нэмэгдэж хэлийг янз бүрийн аргаар сурч байна. Тэгвэл бид бие даан англи хэл сурч, өөрийн хүч чармайлтаар АНУ-ын засгийн газрын 100 хувийн тэтгэлэг авсан Б.Баяржавхлантай холбогдож ярилцлаа. Тэрээр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нэгдүгээр бүрэн дунд сургуулиас хэлний гараагаа эхэлж дэлхийн топ сургуулиудын нэг Swarthmore-д урилгаар суралцахаар болсон. Түүний хувьд есдүгээр ангиасаа англи хэл сурч, 12-р ангиа Flex хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Yale ахлах сургуульд төгсчхөөд ирсэн юм. Ташрамд дурдахад зочин маань 2019 оны Монгол Улсын шилдэг сурагч билээ.

13 өдрийн өмнө
Г.Мөнхсайхан: Снөүбордоор гулгахад тохиромжтой газар олтол өвлийн аялал хийнэ

Тэсвэр тэвчээр, эр зориг шаарддаг экстрим спорт сонирхогч, аялагч, уул хаданд авирагч Г.Мөнхсайхантай цахимаар холбогдож ярилцлаа. Тэрээр хамгийн сүүлийн аяллаа Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Улаанбаатар хотоос 180 км-ийн зайд орших, үзэсгэлэнт байгаль хөвчөөр хүрээлэгдсэн хагийн хар нуур луу хийчхээд ирсэн билээ. Түүний аялал явганаар 4 шөнө, 5 өдөр болсон байна. Өвлийн саад бартаатай хүнд аяллыг хийх гол шалтгаан нь снөүбордоор гулгах газар хайдаг гэж тэрээр онцолсон юм.

1 сарын өмнө
Н.Хүрэлбаатар: Сүүлийн жилүүдэд нэг үетэй гадаад руу хөрвөх боломжтой нэрийг хүүхдэдээ өгдөг болсон

Н.Хүрэлбаатар: Хүний нэр хувь заяатай холбоотой байдаг учраас хагасалж дуудах зохимжгүй Хүүхдэдээ лам багш, бөө мөргөлөөс нэр залах ёсон халагдаж, орчин үед эцэг эхчүүд өөрсдөө нэр хайрладаг болсон байна. Монголчууд нэр бүтэн бол заяа бүтэн хэмээн ярьдаг. Үүнтэй холбоотойгоор залуу эцэг эхчүүдийн сонголт нэг үетэй буюу нэр нь бүтэн дуудагдах, дуудахад хялбар хэрнээ сонсголонтой бас ямар нэгэн утга агуулга хадгалсан нэрүүдээс өгөх нь элбэгшсэн байна. Тэгвэл бид Монголчуудын нэр өгөх ёсон, сонин содон нэрний тухай нэр судлаач Н.Хүрэлбаатартай ярилцлаа. Тэрээр эдийн засагч, сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст ажиллаж байгаад өнгөрсөн жил тэтгэвэртэй гарчээ. Энэ хугацаанд 1000 гаруй сонин содон нэр судалсан байна.

1 сарын өмнө