Уламжлалт цагаан сарын барилдааныг энэ жил хоёрдугаар сарын 11-ний өдөр үзэгчгүйгээр зохион байгуулахаар болсон билээ. Өнгөрсөн жил дотооддоо халдвар алдаагүй байхад сар шинийн барилдааныг өнжсөн. Өнөө жил голомт олон, хэн ч, хаанаас ч халдвар авах эрсдэлтэй энэ цаг үед барилдаан хийх болсон нь иргэдийг талцуулаад буй.
Тэгвэл бид Төв аймгийн Баянхангай сумын харъяат, Монгол Улсын заан Б.Батмөнхийн байр суурийг сонслоо.
Тэрээр "Сар шинийн барилдаанд бүртгүүлсэн байгаа. Түмэн олноо хүндэтгээд үзүүштэй барилдаан хийнэ гэж бодож байна. Мэдээж бөх ч гэсэн хүн. Халдвар авахгүй гэсэн баталгаа байхгүй. Гэхдээ шинжилгээгээ найдвартай авч, хуваарлилт, зохион байгуулалтаа сайн хангаад хийвэл эрсдэл бага гэж бодож байна. Миний хувьд бэлтгэл хийсэн юм алга. Гэхдээ үзэгч түмнээ хүндлээд, шинжилгээ тусгаарлалтдаа хамрагдаад барилдана л гэж бодож байгаа"гэв.

Тэгвэл өнгөрсөн жилийн Төв аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн И.Мандахаас байр суурийг нь сонслоо. Тэрээр МҮБХ-ноос гаргасан аймаг, сумын цолтой бөхчүүдийн чансаа эрэмбийн дундуур бичигдсэн байгаа юм.
Аймгийн арслан И.Мандах "Барилдаан болох шийдвэр мэдээж сайхан санагдаж байна. Дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж байгаа энэ үед хэдий эрсдэлтэй ч гэсэн халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан сар шинийн барилдаандаа оролцоно гэж төлөвлөж байна. Сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй, гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх уриалга гаргасан энэ үед монгол бөх шимтэн үздэг, үндэсний спортыг дэмждэг хүмүүст гэртээ байх нэг нөхцлийг бүрдүүлэх давуу тал ч гэж харж байгаа"гэв.