Хонгил нурах уу: Цагдаагийн дөрвөн ч дарга МАН-д элслээ

31
2021 оны 2 сарын 112021-02-11
Хонгил нурах уу: Цагдаагийн дөрвөн ч дарга МАН-д элслээ

 

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор тэргүүн комиссар Р.Чингисийг томилжээ. Ийнхүү Монголын Цагдаагийн төв байгууллагыг удирдаж байсан дөрвөн хүн Монгол Ардын намаас улс төрийн албан тушаал хашиж, улстөрчийн замыг сонгож байна. Р.Чингисээс өмнө Д.Мөрөн, Д.Сандаг-Очир, С.Баатаржав нар МАН-аас улс төрийн албан тушаал хашив.

Тодруулбал, 1998-1999 онд ЦЕГ-ын дарга байсан хурандаа Д.Мөрөн 2000 онд тус намаас УИХ-ын гишүүн болж, дараа нь намаасаа ГИХАЭГ-ын даргаар хоёр удаа, дунд нь МАН-ын Хууль эрх зүйн газрын даргаар ажиллав. Хошууч генерал Д.Сандаг-Очирын тухайд УЦСЕГ-ын дэд дарга, ЦЕГ-ын даргаар ажиллаж байгаад 2006 оноос МАН-ын Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл дарга нарын удирдлагад УИХ-ын даргын зөвлөх, Тамгын газрын нарийн бичгийн даргын алба хашиж, 2008 онд эргэж ЦЕГ-ын даргаар ажилласан. Түүнээс хойш МАН-ын бага хурлын гишүүнээр сонгогдсон нөлөөтэй.

2020 оны сонгуулийн дараа У.Хүрэлсүхийн Засгийн газарт ЦЕГ-ын дарга С.Баатаржавыг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар шилжүүлэн томилсон нь сонин тохиол болов. Ингэснээр Х.Нямбаатар сайд хууль зүйн бодлогоо, С.Баатаржав генерал дотоод хэргээ хариуцаж байна. Бригадын генерал дэд сайд болсноор нэг талаасаа улс төрийн сонголтоо хийсэн, нөгөө талаараа улстөрчийн замналаа ил эхлүүлсэн хэрэг болов. Төрийн тусгай албанаас сүүлд Ц.Сэргэлэн генерал улстөрд орж УИХ-ын гишүүнээр сонгогдоод байна.

Цагдаагийн байгууллагыг удирдаж байсан эрхмүүд яагаад улстөрд орж, МАН-ыг сонгох болов. Уг нь МАН “шударга бусын хонгил” гээчийг нураах, төрийн албанд мерит зарчмыг хэвшүүлэх томоохон зорилго дэвшүүлсэн. Гэвч улс төрд цагдаагийн дарга нарыг татан оролцуулж, цагдаад байсан хүмүүсийг төрийн захиргааны албан тушаалд байршуулж байгаа нь амлалтынхаа эсрэг үйлдэл болоод байна даа.

Үүний нэг илрэл нь Р.Чингисийг томилсон хийгээд түүнээс өмнө хотын захиргаанд цагдаад байсан хүмүүсийг томилсон үйл явц.

Тэргүүн комиссар Р.Чингисийг хотын даргын нэгдүгээр орлогчоор томилохоос өмнө цагдаад ажиллаж байсан Наранбаатарыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар, ЭЦГ-т ажиллаж байсан Баярхүүг Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар, өөр нэг цагдаад данстай нөхрийг НЗДТГ-ын Хуулийн хэлтсийн даргаар томилсон байх юм. Хотын Тамгын газрын 10 хэлтсийн гурав нь ингээд цагдаагийн цолтой нөхдөөр удирдуулах болж.

148598888_3638211586291677_695448113042145677_o.jpg

Р.Чингисийг MCS-ийн хүн гэж дуулж байснаас Д.Сумъяабазарын хүн гэж дуулсангүй. Тэгэхээр Р.Чингисийг хотын намын хороо биш төв намаас томилсон болж таарахаар. Хэрэв энэ магадлал үнэн бол гол чухал хэлтсүүд болох хотын санхүү, сургууль цэцэрлэг спорт хариуцсан нийгмийн бодлогынхон, хуулийнхан нь Д.Сумъяабазартаа биш Р.Чингистээ түрүүлж ёсолдог болж ирнэ. Цагдаад байсан нөхөд аварга, комиссар хоёрынхоо комиссартаа түрүүлж ёслох байлгүй дээ. Цаашид бусад хэлтэст цагдаагийн нөхдийг үргэлжлүүлэн томилоод эхэлбэл хотын захиргаа хоёр хуваагдаж, байгууллага дотор байгууллага үүсэх бодит нөхцөл байдал үүснэ. Хотын дарга Д.Сумъяабазараасаа биш цагдаагийн дарга байсан Р.Чингисээсээ чиглэл аваад эхэлбэл яана.

1.5 сая хүний амьдрал яригддаг хотын захиргааны мэргэшсэн албан хаагчдыг төрийн тусгай албан хаагчдаас солиод, өөд уруугүй сандаргаад байхад өнөө Төрийн албаны зөвлөл таг байгаа нь бүр ч шогширмоор. Өөрсдийгөө шүдгүй арслантай зүйрлээд байсан Төрийн албаны зөвлөлийнхөнд эрх үүргийг нь нэлээд нэмж, араа дүүрэн соёо Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар өгсөн дөө.

Нөгөө талаар хотын намын хороондоо МАН-ын дарга У.Хүрэлсүх, ерөнхий дарга Д.Амарбаясгалан нар итгэхээ байсан юм биш биз дээ. Энэ ч тусдаа сэдэв болох биз. Их ч олон үйл явдал энэ сэдвээр өрнөж байгаагаас харахад. 

Гол сэдэвтээ эргээд ороход Р.Чингис дарга тэгвэл МАН-д ямар гавьяатай бол. Төрд бол түүний эдийн засгийн эрүүгийн чиглэлээр мэргэшсэн байдал хэрэгтэй. Бас цар тахлын энэ үед Нийслэлийн шуурхай штабыг нэгтгэн зохион байгуулахад мэдлэг, туршлага нь хэрэгтэй. Ерөнхийлөгчийн сонгууль тулсан энэ үед бол Р.Чингисийг намдаа улс төрийн албан тушаалаар татсан нь саяхны явдлыг сануулна. Шинэ төмөр зам төсөл, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбортой холбоотойгоор одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, түүнийг Зам тээврийн сайд байхад төрийн нарийн нь байсан Б.Батзаяа, интерполоор эрэн сурвалжлагддаг хэдэн хуульчийг цагдаагийнхан шалгаж, яллагдагчаар татуулах үед Р.Чингис цагдаагийн байгууллагыг удирдаж байлаа. Шинэ Яармаг хорооллын эзэн нь сонгуульд ашигладаг хар машиныг Монгол руу захиалж байна гэсэн мэдээллийг Эрүүгийн цагдаагийнхан олон нийтэд өгөхөд мань Р.Чингис дарга бас энэ байгууллагын толгойд байв. Х.Баттулгыг шалгагдах үед Р.Чингис ЦЕГ-ын дарга байсан нь тохиолдол уу, Р.Чингис Цагдаагийн дарга байсан учраас нөхөр Женког зоригтой шалгаж чадсан уу, мэдэхгүй.

hurelsuh.jpg
Хэсэг нөхдийн байгуулсан Монгол Цэргийн нэгдсэн холбоог У.Хүрэлсүхийн зөвлөх Б.Энх-Амгалан өөртөө шилжүүлж, улмаар Их хурлаа хийн У.Хүрэлсүхийг холбооны тэргүүнээр өргөмжилж байлаа.

Ингээд МАН цагдаагийн дарга нарыг өөртөө татаж байна. Хүний улс төрийн итгэл үнэмшлийг хүндэтгэх учиртай. Гэхдээ хүнд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, гүйцэтгэх ажил явуулах эрхтэй, Монголын хууль хүчнийхнээс хамгийн олон орон тоотой нь цагдаа учраас анхаарал эрхгүй татаж байна. Тэгээд ч С.Баатаржав, Р.Чингис нар Дотоод хэргийн их сургуулийн захирлаар ажиллаж байсан, олон мянган шавьтай "улстөрч-цагдаа" нар. Хамт ажиллаж байсан, удирдлагад үүрэг гүйцэтгэж байсан, сонсогч нарыг нь оруулаад тооцоход тэдний нөлөө хэр бодитой бол. Энэ янзаараа хонгил нурах уу?

МАН-ын дарга У.Хүрэлсүх бүр ил цагаар Цэргийн нэгдсэн холбоо ТББ-ын тэргүүн болсон. Цэргийн нэгдсэн холбоог анх байгуулаад БХЯ, ЗХЖШ-ынхныг ажилд томилсон. Ингээд 21 аймаг, хотын 9 дүүрэгт Цэргийн нэгдсэн холбооны салбар зөвлөлийг байгуулав. Салбар зөвлөлийн дарга нараар У.Хүрэлсүх өөрийнхөө томилсон аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарыг батламжилсан. Цэргээс бэлтгэлээр халагдсан, армид зүтгэж байсан ахмадууд ийнхүү Цэргийн нэгдсэн холбооны гишүүд болцгоов. Одоо Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд учраас аймаг, хотын Засаг дарга нараа удирдаж байгаа л байх. Мөн чанартаа тэдгээрийг удирддаг “Зэвсэгт хүчний командлагч” нь У.Хүрэлсүх, үүнийг эс тооцвол МАН-ын дарга нь У.Хүрэлсүх. У.Хүрэлсүх бол цэргийн улс төрийн мэргэжилтэй. Зэвсэгт хүчнийг улс төрийн аргаар зангидах, улс төрд ашиглах талаар мэргэшсэн хүн. Намдаа харин цагдаагийнхныг цуглуулж эхлээд байгаа нь сүүлийн С.Баатаржав, Р.Чингис нарын сонголтоос харагдаж л байна. Үр дүн нь зөөлөн, үйл хөдлөл нь цагаан л байгаасай.

Төрийн тусгай албан хаагчдыг намдаа урвуулдаг нь МАН байдаг юм байж. Харин АН бол тэдгээр байгууллагын толгойд улстөрчдөө шахдаг байсан. Хэдийг нь дурдая.

МоАХ-ны тэргүүлэгч “сахал” Б.Билэгтийг тагнуулын ч, цагдаагийн ч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ч даргаар ажиллуулав. Сайддаа ёсолдоггүй, дуудахаар нь очдоггүй улстөрч генерал ийнхүү төрийн тусгай байгууллагыг удирдаж байлаа даа. Ардчилагч Б.Ариунсан гэдэг тагнуулын ч, татварын ч даргатай байж үзлээ. Өнөөх нь томхон албан тушаалын хэргээр шүүхийн хаалга татаад явж байна. Ардчилсан намын анхны дарга Д.Дорлигжаваар Хуулийн ч сайд, Улсын ерөнхий прокурор ч хийлгэв. Эрдэнэтийн дарга байснаас нь илүү дуулиан Д.Дорлигжавыг дагаж шалгагдсаар байна.

Эцэст нь, цагдаа, цэргийнхний улс төрийн сонголтыг тэтгэвэртээ гарсан ч хэдэн жилийн хугацаанд хуулиар хязгаарлая аа. Мэдээж хязгаарлагдмал, тэд улстөржих нь хуулиараа хориотой. Гэсэн хэдий ч энэ байгууллагын толгойд байсан хүмүүсийг улс төрийн албан тушаалд томилдог, намд элсүүлдэг байдал нь хуулиа ч, төрийн тусгай алба, зэвсэгт хүчнийг ч гутаагаад байна. Хэдэн хэрэг илрүүлээд цолоо нэмүүлдэг, хэдэн хэрэг далдлаад дарга болдог, хэдэн улстөрчийн хумсны үзүүр болоод хөрөнгөлөг болдог юм бол цагдаад зүтгэж байгаа 10 мянган хүрэхгүй алба хаагчийн итгэл гундана. Араа санаж, алсаа бодож цагдаа нар гэмт хэрэгтэй хэрэгтэй ажилладаг, дарга нар нь дэвших, дэвжихээ бодоод улстөрчидтэй сүжирдэг болчихвол цагдаагийн цагаан шонхор хараах байлгүй дээ. Ийм учраас наанадаж цагдаа, цэрэгт байсан, прокурор, шүүхэд байсан хүмүүсийг улс төрийн албан тушаалд томилохыг хориглох шаардлагатай. Тэгэхгүйгээр хуулийнхан улстөрждөг, улстөрчидтэй сүжирдэг, чиглэл авдаг гэх яриа багасахгүйгээр үл барам өнөө цагт хамгийн их ярьдаг “Шударга бусын хонгил” гээч нурахгүй.

Өнөө цагт хамгийн хүчтэй систем цагдаагийнх байна. Прокурор цагдаажсан, АТГ цагдаажсан. Тэгэхээр цагдааг эрхшээгч илүү хүчтэй юу?

Санал болгох

Х.НЯМБААТАРЫН АМЛАЛТ БА АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ 2023 ОНЫ ӨРНӨЛ

Трансперенси интернэшнл байгууллага ирэх 2023 оны нэгдүгээр сард Авлигын төсөөллийн индексийн дүнг танилцуулна. Монгол Улс 2015 оноос хойш 39-35 оноо авсан. Тодруулбал, 2015 онд 39 оноо авч 72-р байр, 2016 онд 38 оноо авч 87-р байр, 2017 онд 36 оноо аваад 103-р байр, 2018 онд 37 оноо аваад 93-р байр, 2019 онд 35 оноо аваад 106-р байр, 2020 онд 35 оноо аваад 111-р, 2021 онд 35 оноо аваад 110-р байрт байгаа.

6 сарын өмнө
“Нүүрсний хулгайн” Түр хорооны хянан шалгагч Д.Сугарыг чөлөөллөө

Түр хороог УИХ-ын гишүүн Г.Ганболд даргалж, Ц.Анандбазар, Ш.Адьшаа, Г.Мөнхцэцэг, С.Ганбаатар, Н.Ганибал, Т.Энхтүвшин, Б.Жавхлан, С.Бямбацогт, Б.Бейсен, Н.Наранбаатар, Б.Баттөмөр нарын гишүүд бүрдүүлдэг.

7 сарын өмнө
Б.Болор-Эрдэнэ: Авлигажсан, хуучин системийн завхралыг яс махандаа мэдэрлээ

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ өргөдлөө өгснөө мэдэгдлээ. Түүний Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байхдаа буюу 2021 онд Саудын Арабын Рияд хотод болсон Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулган (Future Investment Initiative)-ы үеэр хэлсэн үгийг өнгөрсөн амралтын өдрүүдэд нийгмийн сүлжээнд цацан, шүүмжлэл өрнүүлсэн юм.

7 сарын өмнө
Хулгай ингэж эхэлдэг буюу МОН-14 төсөл

Өөрийн хүнээ тендер зарлаж, шалгаруулдаг албан тушаал дээр байршуулдаг. Тэр хүнээрээ дамжуулж хамаарал бүхий, эсвэл авлига өгсөн компаниа тендерт шалгаруулдаг. Үр дүнд нь улсын нэр хүнд, улсын ажил нуран унадаг. Тийм учраас Эрчим хүчний яамнаас зарласан дээрх сонгон шалгаруулалтад АТГ анхаарлаа хандуулах ёстой гэж бид сэрэмжлүүлж байгаа юм.

7 сарын өмнө