Х. Болор
Сэтгүүлч

Вакцин хийлгээд нас барсан гэх хэргийн мөрөөр...

2021 оны 5 сарын 122021-05-12
Вакцин хийлгээд нас барсан гэх хэргийн мөрөөр...


Амаржаад сар гаруйхан болсон нялх биетэй эх улаан нярай үрээ орхиод гэнэтхэн хорвоог орхисон гунигт мэдээтэй бүүдгэр өглөө угтав. Хоёрхон хоногийн өмнө эрүүл саруул, үрээ тэврээд жаргал бялхаж суусан ээж юуны учир ийнхүү дөрвөн үрээ өнчрүүлээд цэл залуухнаараа хорвоог орхих болов. Үнэхээр түүний охины хэлдгээр вакцин хийлгэснээс болов уу. Эсвэл гэнэтийн золгүй тохиол байв уу. Энэ асуултын учгыг хөөж, нэхэн сурвалжлахаар ажилдаа гарлаа. 
09:30 цаг: Юун түрүүн энэхүү харамсалтай хэргийн талаар өөрийн цахим хуудастаа мэдээлж, бусдад ийм зовлон тохиолдохоос сэрэмжлүүлсэн талийгаачийн дунд охин н.Н-тай халган байж холбогдлоо.

нандиндулам.PNG

Ээжийгээ вакцин хийлгэснээс үүдэлтэй нас барсан гэж бодож байгаагаа ч охин нуусангүй. Тиймдээ ч өөрийн цахим хуудсаараа дамжуулан бусдад ийм уй гашуу тохиолдохоос сэрэмжлүүлэн “Вакцины эхний тунгаа хийлгэсэн 1 сартай хөхүүл ээж минь вакцинаа хийлгэснээс 1 хоногийн дараа нас барлаа. Ээж минь ямар нэгэн хууч өвчингүй. Вакцин хийсэн эмч нь төрөөд 1 сар болсон бол вакцин хийлгэж болно гэж хэлсэн. Гэвч ганцхан хоногийн дотор нялх дүүг минь болон биднийг орхиод тэнгэрт халилаа. Гомдолтой байна”  хэмээн олон нийтэд мэдээлсэн байлаа.

Ингээд Нандиндулам охин энэ асуудлыг хөндөж байгааг олзуурхан чухам юу болж өнгөрсөн тухай дэлгэрэнгүй ярьж, олон нийтэд сэрэмжлүүлье хэмээн бидэнтэй уулзаж ярилцахаар цаг тохирлоо. 
13:30 цаг: Бид тохирсон ёсоор талийгаачийн охинтой уулзаж болсон явдлыг тодруулахаар гэрт нь очив. Гэвч хэдхэн цагийн өмнө ээжийнхээ гэнэтийн үхэлд гомдолтой байгаагаа учирлан энэ талаар олон нийтэд мэдээлэхээр зориг шулуудсан байсан охин биднийг очиход яриа өгөхөөс эрс татгалзсан юм.

Учир нь бидний өмнөхөн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ээж минь даралт өгсөх өвчтэй учраас даралтны эм ууж байсан юм. Гэтэл даралт өндөртэй хүнд вакцин хийхгүй байх заалттай юм билээ. Харамсалтай нь ээжид минь вакцин хийхээсээ өмнө даралтыг нь ч үзээгүй байсан” хэмээн ярьсан юм. Гэтэл энэ мэдээлэл цацагдан даруйд охин руу маш олон хүн утасдаж, улмаар охины биеийн байдал муудаж, эмнэлгийн тусламж аваад байх үед нь бид очиж таарсан байлаа.   Тал бүрээс утасдаж охиныг сандаргасан учраас ээжийнхээ амиа алдсан шалтгааныг вакцин хийлгэснээс үүдэлтэй гэж бодож байгаа тухайгаа ярихгүй байхаар шийдсэн байв.

Ингээд бид зул хүжийн эхүүн үнэр ханхалж, уй гашуу, өнчрөл хагацалд  дүнсийсэн тэднийг тайван орхиж, учир явдлын хойноос мөшгин Чингэлтэй дүүргийн 17-р хороонд очлоо. Тус хорооны Засаг дарга В.Хүрэлбаатар “Бид иргэдэд вакцинд хамрагдахын ач холбогдлын талаар мэдээлдэг. Хорооны иргэд вакцинд хэрхэн хамрагдаж байгаа болон эмнэлгийн үзлэг шинжилгээ явагдаж байгаа эсэхэд хяналт тавихгүй. Энэ асуудлыг вакцин хийсэн газраас нь тодруул” хэмээв. 

эмч.PNG
эмч.PNG

Бид талийгаач О.Ш-ийн вакцин хийлгэсэн цэгт очиж, Дархлаажуулалтын цэгийн их эмч Э.Мөнхцэцэгээс уг асуудлыг тодруулахад “Хөхүүл ээжүүдэд вакцин хийж болохгүй гэх шийдвэр хэрэгжиж байсан ч 4-р сарын 21-нд гарсан ЭМ-ийн сайдын тушаалаар хөхүүл ээжүүдэд вакцин хийж эхэлсэн. Энэ шийдвэрийн дагуу тухайн 1 сартай нярайтай эхэд вакцин хийсэн. Бид вакцин хийлгэхээр ирсэн хүн бүрээс асуумж авдаг. Талийгаач эмэгтэй ямар ч зовиур хэлээгүй. Бид ирж байгаа хүн бүрийг үзлэгт оруулж, даралтыг нь үзэх боломжгүй. Өөрөө асуумж дээр ямар ч зовиур хэлээгүй учраас бид даралтыг нь үзээгүй юм” гэлээ.

Энэ эмчийн хэлж байгаагаар тухайн хорооны иргэдийн эрүүл мэндийн мэдээлэл дархлаажуулалтын цэгт бүрэн ирдэггүй. Тухайн дүүргийн Эрүүл мэндийн төв вакцины эсрэг заалттай иргэдийг нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхийг зөвлөн, тийш нь явуулдаг гэлээ. Гэвч даралт өгсөх өвчтэй, амаржаад сар гаруйхан болж байгаа хожуу төрсөн энэ эмэгтэйг нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхийг зөвлөх нь бүү хэл бүр даралтыг нь ч үзэлгүй вакцин хийсэн нь харамсалтай. 

Хэдхэн хоногийн өмнө Увс аймагт мөн л ажил үүргээ гүйцэтгээд явж байсан цагдаагийн байгууллагын 2 ажилтан вакцин хийлгэснийхээ дараа амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ 2 хүн мөн л вакцины эсрэг заалттай буюу нэг нь зүрхний өвчтэй, нөгөө нь сахарын өвчтэй байсан гэдгийг Хууль зүйн сайд Х.Нямбаатар мэдээлсэн. Сайдын хэлснээр эмнэлгийн байгууллага вакцин хийхээс татгалзсан ч эмчлэгч эмчээсээ зөвшөөрөл авсан учраас вакцин хийсэн хэмээн тайлбарласан юм. 
Үнэхээр вакцинаас үүдэлтэй амиа алдсан эсэхийг Шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлт эцэслэн тодорхойлох ч гэлээ вакцин хийлгэснийхээ дараа бие нь муудаж гурвын гурван хүн амиа алдаад байгаа нь тохиолдол гээд орхиж болохгүй юм. Ерөөс дэлхий дахинаа коронавирусийн вакцинд ямар эсрэг заалтууд байгааг зарлачихаад байхад, манай улсад эмчийн үзлэг ч хийлгүйгээр иргэдийг адуу мал шиг вакцинжуулж байгаа дүр зургийн нэг жишээ энэ юм. Вакцинжуулалтын өмнөх эмчийн үзлэгийг идэвхижүүлж, хяналтыг сайжруулах зайлшгүй шаардлагатай байгаагийн баталгаа энэ мөн.  
Хамгийн хачирхалтай нь эрдэнэт хүний амь нас эрсдчихээд байхад дархлаажуулалтын эмч нь “Би тэр өдөр байгаагүй. Хүмүүс энэ мэдээллийг тараагаад байхаар над руу дайраад байна. Биднийг муулаад байна. Энэ талаар яриа өгмөөргүй байна хэмээн” цааргалж байгаа нь эрүүл мэндийн байгууллагын хандлагыг харуулах мэт.

Хүний амь настай холбоотой асуудалд хайнга хандаж даралтыг нь ч үзэлгүй вакцин хийхээс айгаагүй атлаа муу хэлүүлэхээс айж байна гэсэн нь дэндүү харгис гэмээр тайлбар байв. Улаан нярай хүүхэд өнчирж, цэл залуухан эмэгтэй амь насаа алдчихаад байхад вакцин хийсэн гэх эмч ажлын байран дээрээ байсангүй. Харин асуумж асуухад зовиураа хэлээгүй учраас үзлэг хийлгүй вакцин хийсэн юм хэмээн тайлбарлаж байгаа нь харамсалтай. 

Санал болгох

Н.Оюунболд: Магтаалд бялуурахгүй, шүүмжлэлд гудайхгүйг хичээж амьдардаг

“Амжилт дагуулах 8 асуулт” булангийн энэ удаагийн дугаарт Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Оюунболдыг урилаа.

1 цагийн өмнө
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өнгө зүс сайжирна

ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САРЫН ХОЁР ХАР ХӨХ БИЧ ӨДӨР

3 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өдөртөө 10 хэм дулаан байна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.

4 цагийн өмнө
Шихитутиг их сургууль дөрөв дэх удаагаа магадлан итгэмжлэгдлээ

Шихихутуг их сургууль 2001 онд дээд боловсролын байгууллагын анхан шатны магадлан итгэмжлэл, 2006 онд дээд боловсролын ахисан түвшний магадлан итгэмжлэл, 2018 онд БМИҮЗ, ХБНГУ-ын ASIIN байгууллагатай хамтарсан ижилсэх түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд 3 дахь шатны дээд боловсролын байгууллагын магадлан итгэмжлэл, 2023 онд 4 дэх удаагаа магадлан итгэмжлэгдээд байна.

2 өдрийн өмнө