2020 оны байдлаар Монгол Улсад нийт 107.1 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байгаа гэсэн статистик тоо байна. Харин Улаанбаатар хотод эдгээр иргэдийн 33 хувь нь буюу 35 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байгаа юм. Гэвч эдгээр иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрх зөрчигдсөөр.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг батлаад 13 жил өнгөрсөн хэдий ч өнөөдрийг хүртэл тэдний амьдрах орчин нөхцөл бахь байдгаараа. Гэрээсээ гараад л тэднийг эрсдэл тосож байдаг нь бодит үнэн. Булан тойроод л тэд болзошгүй аюултай нүүр тулна. Хамгийн захын жишээ гэхэд л харааны бэрхшээлтэй иргэдийн зорчдог явган хүний зам дээр гэрлийн шон хатгачихсан дүр зургийг Улаанбаатар хотын хаанаас ч та харж болно. Зөвхөн тэмтрэх таягаар нүд хийж яваа эдгээр хүмүүсийг гэрлийн шон мөргөх аюул хаа сайгүй тосож байдаг гэсэн үг. Зам гарна гэдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд, тэр дундаа харааны бэрхшээлтэй иргэдэд том даваа. Учир нь дуут дохиотой гарц гарын хуруунд багтахаар цөөхөн гэхэд хилсдэхгүй.
Ногоон улаан гэрлийн аль нь асаж буйг мэдэх боломжгүй тэд зөвхөн машин явах чимээнд л амь нас, эрүүл мэндээ даатгахаас өөр сонголтгүй болно. Автобусны буудал зарлагчийг жолооч нар нь төвөгшөөгөөд унтраачихдаг учраас хаана яваагаа бас л мэдэх боломжгүй. Ингээд ойрхон байгаа хэн нэгнийг царайчлан гуйж, хаана яваагаа асуухаас өөр сонголт үлдэхгүй. Сайн санаатай нэг нь хэлж өгөх ч, дийлэнх нь хариу хэлэхгүй таг чиг. Хаана нь ямар хүн зогсож байгааг мэдэхгүй учраас зүглүүлээд л бүхний дунд асуусан асуултад хариулахгүй хүн олон.

Байгууллага, ААН бүр тэргэнцэртэй иргэдэд зориулсан налуу замтай байхыг шаарддаг ч стандартад нийцсэн налуу замтай газар бас л өдрийн од мэт ховор. Ихэнх нь нүдэнд харагдах, нэр төдий налуу замыг хийсэн байх нь харамсалтай. Энэ бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өдөр тутамд нь тулгардаг эрсдлүүдийн захын л жишээ. Нийгэм тэднийг “Хөгжлийн бэрхшээл” гэх нэршлээр тусгаарлачихдаг учраас бусдаас өөр, бусдаас дутуу гэдгээ өдөр бүр мэдэрч амьдарна. Гутарна, шанална. Бие даах боломжгүй, хэн нэгний тусламжаас хараат байх учраас тэд сэтгэл санаа болон бие мах бодийн хүчирхийлэлд өртөх эрсдэл ч өндөр хэвээр. Уг нь “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчны шаардлагад нийцсэн зураг төсөл зохиох дүрэм” гэдгийг Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдын 2011 оны 256 дугаар тушаалаар баталсан байдаг. Гэвч энэ бүхэн зөвхөн цаасан дээр үлдсэн “амтат чихэр”. Бодит амьдрал дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд алхам тутамдаа эрсдэл, аюултай нүүр тулдаг харгис орчин бахь байдгаараа. Жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдөр буюу Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн хамгаалах өдрөөр статистик тоо ярьж, хэдэн төвүүд нээж тууз хайчлаад өнгөрдөг жишгээсээ салж, ядаж л явах зам дээр нь гэрлийн шон хатгахгүй байвал тэр л жинхэнэ бэлэг болох юм. Хөгжлийн бэршээлтэй иргэдэд чиглэсэн төрийн бодлого хөрсөн дээр буугаагүйн нотолгоо энэ мөн.