Х. Болор
Сэтгүүлч

Жооёо эмээ

2
2021 оны 5 сарын 152021-05-15
Жооёо эмээ

Зун хаяанд ирлээ...

Өглөө бүхэн нар мандахтай уралдан ирээд, сааль саамын үе хүртэл эмээтэй минь элдвийг хуучлан өнждөг жижигхэн улаан эмээгийн тухай хүүхэд байхдаа их боддог байлаа. Бусадтай адилгүй мэт хачин содон санагдах тэр эмээг зуны улирлыг авчирдаг юм шиг санадагсан. Бусад улиралд манай нутгийнхан бэлчээр таваараа бодоод тараад нүүчихдэг болоод ч тэр үү  хүсэн хүлээдэг зуны тухай бодохоор хамгийн түрүүнд өдөр бүр ирдэг тэр эмээ санаанд орно.

Албан ажилтай хүн шиг өдөр алгасахгүй яг цагтаа, ирээд цагтаа явдаг жаахан эмээ. Зуслангийн айлуудын үнээ бэлчиж, сүү цагааны ажил эхлэхтэй цэрэгцэн “Батсүхийн хүрэн шар, танай улаан гунж” гэхчилэн өөрийн чухал болгон ярьдаг малын тухай мөнхийн сэдвээ ярьсаар ороод ирэх нь цаанаа л дотно, дулаахан санагдах.  

90 нас гарсан өтөл буурай хэдий ч голынхоо айл бүрийн ач, зээг хүртэл андахгүй танихаас гадна  үнээ тугалыг нэг бүрчлэн нэрлэнэ. Хооронд нь хольж сольж, андуурна гэж хэзээ ч байхгүй. Ухаан орсон цагаас эхлээд өдөр бүхэн жаахан эмээ бидний дунд байсаар ирсэн болохоор тэр “манай” эмээ болоод уджээ. Бидний ах дүүсийн хэдэн үеэрээ амьдарч ирсэн голын бэлчирт, энэ буйдхан хөндийд эмээтэй минь хурга ишиг хариулж, чулуу өрөн тоглож өссөн юм гэнэ билээ, энэ буурай. Түүний нэрийг Д.Жоёдой гэдэг. Долгор хэмээх жирийн дархад эмэгтэйн гэрт бараг л нэгэн зууны өмнө төрсөн гэдэг. Манай нутгийнхан түүнийг “Жооёо” хэмээн авгайлан дуудна. Гучаадхан насандаа бэлэвсэрч үлдсэнээс хойш хорвоог орь ганцаар туулж яваа хатуу гэмээр тавилантай хөгшин юм.

Гэвч олондоо нэртэй, түмэндээ буянтай ариун цагаан амьдарсан болохоор түмнийхээ дунд газардахгүй явсаар өдгөө 90 шүргэм насалж, бүтэн зууныг үзэх гэж явна. Гэвч буянтай түмэн байлаа гээд төрсөн үр шиг байх биш дээ. Сайн эрийг нас сайхан уулыг цас дардагийн жамаар насны өндөрлөгт тэрбээр хүнээр дутаж л яваа. Нас дээр гарч, эрхгүй доройтохын эрхэнд айл саахалтынхандаа “Өглөө гэрээс минь утаа гарахгүй бол эргэж очиж байгаарай. Бурхандаа явчихсан байж мэднэ” хэмээн захих нь өрөвдмөөр. Жооёо эмээ нэг ч хүүхэд төрүүлээгүй бөгөөд үрчилж ч авалгүй орь ганцаар насаа элээж байгаа хачирхмаар амьдралтай нэгэн юм.

 

Одоогоос нэгэн жарны өмнө, залуу халуун явахдаа үе тэнгийн малчин залуутай заяа холбож, хүний амьдралын сайхан бүхнийг мөрөөдөн, дэрвэж явсан жаргалтай өдөр түүнд бий. Гэвч амьдралын сайхныг амталж ч амжаагүй гучхан насандаа ханилсан ханиа зуурдаар алдаж, хүний хорвоод орь ганцаар өнчирч үлдсэн гэнэ лээ. Тэрбээр зуны өдрүүдийг эмээгийнд минь өнгөрүүлэхдээ энэ тухайгаа дурсан, халаглаж байхыг нэг бус удаа сонсохдоо сэтгүүлч миний бие түүний тухай үлгэр шиг гайхам бөгөөд цаанаа л ганцаардмал амьдралыг нь төсөөлөн боддог байлаа. Түүнийг ханиа алдсан тэр өвөл манай нутагт урьд өмнө байгаагүй их зуд болж, нэгдлийн мал аваад тайгын мухарт хоёулхнаа өвөлжиж байсан юм санж.

“Ээ дээ, хорвоо ч хүйтрэхдээ хүрвэл мөн ч хүйтэн дээ” хэмээн шимшрэн ярих нь 90 наслахдаа юу үзэж, ямар зам туулсныг илэрхийлэх мэт. Жигүүртнээс өөр ханьгүй эзгүй тайгын мухарт, дүн өвлийн хүйтнээр нөхрөө алдаад, бурханд буцсан түүнтэйгээ нэг гэрт гурав хоносон сэрдхийм түүхээ ч хуучилна. Гэвч хугараагүй ноён нуруу гэдэг шиг зовлон түүнийг нугалж бараагүй ажээ. Эр хүн шиг эрэмгий зориг, гүндүүгүй сайхан сэтгэл, ултай холч ухаан нь ануухнаар 90 насны босгыг элээж явахад хүргэсэн болов уу гэмээр. Тэрбээр монгол эмэгтэйн тэсвэр хатуужил, тэр дундаа дархад хүний эр зориг, холч ухаан, дасан зохицох чадварыг өөрийн амьдралаар баталж яваа буурай юм. 

Зовох тусмаа хатууждаг хорвоо ажээ.  Жооёо эмээ нөхрөө алдсанаас хойш дахиж хүнтэй суугаагүй бөгөөд хүүхэд ч төрүүлээгүй. Хүний амьдралын бүтэн нэгэн жарныг ганцаараа туулж, гадаа гарч эр, гэрт орж эм болж  амьдарсан. Үеийнх нь хүүхнүүд сааль сүүгээр ноцолдож, намрын урт өдрийг айл зуурын явган яриагаар барж байхад Жооёо эмээ хадуур барин ганцаар хадлангаа хадаж, түлээ түлш бэлтгэн эрийн сайнаас дутахгүй аатай явсан бүсгүй.

Тэрбээр эхээс олуулаа байсан хэдий ч нялх багаасаа үрэгдсээр, дахиад л орчлонд ганцаараа үлдсэн нэгэн. Нэг голд тоглож өссөн үе тэнгийн хэдэн хөгшид нь ч жилээс жилд цөөрсөөр. Ах дүү, садан төрөл гэх ойрын хүн бараг л үгүй. Сураг авалцах төдий хол нутаглах садангийн хүмүүс жилдээ нэг золгож ирдэг аж. Тэрбээр “ганц”-ын амьдралдаа дасчихсан уу гэлтэй энэ байдалд харамсч, эмзэглэсэн юм огт үгүй. Айл саахалтынхтайгаа ах дүү, амраг садан шиг дотно, амь нэгтэй амьдарна. Эмээ, өвөөгийн ээж ааваас эхлэн манайхны зургаа дахь үеийг үзэж, түүхийг гэрчилж яваа бидний амьд “ургийн бичиг” юм. Үүгээрээ ч тэр бидэнд бахархан ярина.

“Энэ голд Пунцагийнх гэдэг айлын утаа анх гарч эхэлснээс хойш тэдний ач зээг эмээ өвөө болохыг үзлээ. Бурхан намайг буцааж авахаа мартаж дээ” хэмээн хошигнон ярина. Жооёо эмээ хэзээний л яриа хөөрөө сайтай, зан ааш сайхантай, зовлонд нугараагүй өөдрөг. Гэвч манай эмээ өөд болсон нь түүнд их л хүндээр тусч нэг хэсэгтээ айлаар явах нь цөөрч, ихэвчлэн урд голынхоо захад хэвтэх өгөрч онгосон цав цагаан төгөл дээр өглөө оройн сэрүүнд бөртийтөл сууж харагдах болж билээ. Өсөхөөс өтлөхөө хүртэл зовлон жаргалаа хуваалцан үерхэж явсан нэгнийгээ алдах түүнд амаргүй байсныг бид ойлгож бас харж байсан юм.

Эргэх орчлонд ээжгүй, эмээгүй үлдсэн үр сад бидэнд тэр ээж болж, эмээ болж яваа билээ. Түүний туулсан амьдрал гунигтай ч гэлээ нутаг усандаа, хойч үедээ үлдээх дурсамж,  орон зай, ул мөр нь дэндүү бахархмаар сайхан бас агуу юм. Хэдийгээр орчлонг хүнээр дутаж туулсан ч гэлээ олондоо гэмгүй, буянтай амьдарсан болохоор одоо ч тэр түмэнтэйгээ л бужигнаж явна. Зөвхөн нутаг усныхан гэлтгүй холын гийчид ч түүнд элгэмсэг дотно хандана. Манай нутагт аялж амрах зочид түүнийг их л хүндэтгэдэг юм. Тэдний нэг болох н.Батнасан гуай түүнд хотын ховор сайхан амттанаас эхлээд өмсөх хувцас, эдлэх эдлэл гээд өнгийн олон бэлгийг ирэх бүртээ авчирдаг тухай хүүхэд шиг баярлан ярина. 

Жооёо эмээ залуу явсан үеэ дурсахдаа “Дүүрэн улаан бүсгүй явлаа” хэмээн бахархан ярина. Түүнийг залуу явахад цагаан царайтай, турь муутай охид биш, хацарт нь эрүүлийн улаан туяа бутарсан цогтой охид гоо сайхны дээд байсныг учирлана. Түүнийг ийн ярихад нь дуу шиг сайхан хүүхэн байсан байх даа хэмээн төсөөлөн бодоход улааран харагдах хацар нь одоо ч түүнийг гоо сайхан явсныг бататгах мэт. Жооёо эмээ нүүдэлчдийн ёсоор намар, хаварт сэтгэл нь их л тогтворгүй болчихдог. Өглөө ирэхдээ намрын тухай янз бүрийн дурсамж ярьсаар орж ирнэ. Тэрбээр одоогоос хэдэн жилийн өмнө сэтгүүлч миний бие сургуульд явах гэж бэлтгэж байх үед манайд ирээд “Бугын дуунаар уулын хярд гараад намрын сэрчигнүүр салхинд гэзгээ хийсгээд зогсож байхсан” хэмээн мөрөөдөн ярьж суусныг нь мартдаггүй юм. Түүний энэ яриа өндөр уулын хяраас үзэсгэлэнт нутгаа бахдан харж зогсоо дархад гоо охиныг нүдний минь өмнө зурах шиг болж билээ. Жаахан эмээгийнхээ сэтгэл үймэрдэг хавар цагаар түүний тухай бодол хөвөрлөө. Намар болж, айлууд нүүгээд одоход “Мэнд өвөлжвөл ирэх зундаа уулзана биз дээ, хүү минь”  хэмээн гунигтайхан үдэж хоцордог нь санаанд орлоо. Мэнд суугаарай сайхан буурай минь.. 

Санал болгох

ТУЛГА тойрсон: Боловсордоггүй боловсролын салбар...

сургуулийн насны 3 хүүхэд тутмын нэг нь сургууль хаасан үед зайнаас суралцах боломж, бололцоо байхгүй байна.

3 өдрийн өмнө
Улиастайн шинэ эцсийн 250 метр гудамжийг уран зургаар чимлээ

Хашаан дээр өлгөсөн хивс, монгол гэрийн хана, хашааныхаа хаалгыг сахисан монгол банхар, өв соёлыг харуулсан уламжлалт ахуй зэргийг Улиастай шинэ эцсээс “Ид шидийн орон-2” хүртэлх замд харж, дүрслэх урлагийн ертөнцөөр аялах боломжтой.

6 өдрийн өмнө
Коронавирус ба Хөгжлийн бэрхшээл

Жил бүрийн 12 дугаар сарын гурван онцгой өдөр байдаг. Энэ өдрийг дэлхий даяар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон тунхаглан тэмдэглэдэг.

6 өдрийн өмнө
ТУЛГА тойрсон: Эгийн гол манай гол

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх сарын дундуур ОХУ-д айлчлах тухай мэдээлэл байгаа. Энэ айлчлалаар Эгийн голын усан цахилгаан станцын асуудлыг нааштайгаар ойлголцох нь монголчуудад чухал байна.

9 өдрийн өмнө