Тагнуулын байгууллага хоёр нууцыг хамгаалдаг. Нэг нь төрийнх. Нөгөө нь албаных. Төрийн нууцад ямар мэдээллийг багтаах ёстойг Төрийн болон албаны нууцын тухай хуулийн гуравдугаар бүлэгт сайхан жагсаагаад биччихсэн. Харин албаны нууцад юуг хамруулахаа тухайн байгууллага нь өөрөө боловсруулаад дарга, салбарын сайдаараа батлуулна гээд тэр хуульд бичсэн. Юуг багтаах, юуг багтаахгүй байх нь ил биш. Ерөнхийдөө албаны нууц гэдэг нь задруулах, үрэгдүүлэх тохиолдолд салбарын болон төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн ашиг сонирхолд хохирол учруулах төрийн хамгаалалтад байх мэдээлэл гэсэн тодорхойлолттой. Төрийн нууцыг хуульд жагсааж болоод байхад албаны нууцыг хуульд нь жагсаагаад биччихээгүй нь манай хууль боловсруулагчид, тогтоогчдын залхуугийнх. Залхуурсныгаа “хар хайрцагны бодлого” гэж булзайруулдаг. Ингээд “албаны нууцаа хө” гэсэн үгээр их л олон хүний амыг тагладаг даа.

Өчигдөр хоёр хуульч “албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг хуулиар тогтоолгох” зорилго тавиад Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 14 дэх заалтыг Үндсэн хууль цэцийн дунд суудлын хурлаар хэлэлцүүлсэн ч заргаа авч чадсангүй. Хэрэв Цэцийн дунд суудлын хурлын шийдвэрийг УИХ хүлээгээд авчихвал өнөө хоёрын үйлдэл “муу хүнийг зар, зарсан хойноо өр” болоод дуусна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэц өмнө нь маргаан үүсгээд шийдчихсэн асуудлаараа дахиж гомдол хүлээж аваад, маргаан үүсгэнэ гэдэг гонж. Тэгэхээр сайхан зорилгын төлөө хаалга нээх гэж байгаад бүр хаагаад гацаачихлаа гэж хэлж байгаа юм. Ийм учраас Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргах гэж байгаа бол их сайн төлөвлөж, олны дэмжлэгийг авах хэрэгтэй. Сэтгүүлчид, өмгөөлөгч нарт хэлээд кампанит ажил болгоод өргөн фронтоор үзсэн бол хоёр хуульч залуугийн олон сарын судалгаа, хичээл зүтгэлийн үр дүн гарах ч байсан юм билүү. Албаны нууц гээд ам руугаа алгадуулаад буцсан үй түмэн л сэтгүүлч байдаг шүү дээ.
Энэ бүхнийг нуршсаны учир нь, өчигдөр дээрх үйл явдалтай зэрэгцээд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг шинэчлэн найруулж Нийтийн мэдээллийн тухай хууль болгох төслөө УИХ-д өргөн барьчихлаа. Бас Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэ гурван төсөл товчхондоо Монгол Улс иргэддээ төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, үйл ажиллагаагаа ил тод байлгах, технологийн хөгжлийг хурдасгах, эргээд төрд байгаа иргэнийхээ мэдээллийг хамгаалахад ач холбогдолтой багц гэж болохоор хуулиуд.

УИХ-ын дарга Г.Занданшатар ч өнөөдрийн чуулганы хурлыг нээхдээ “Уул уурхайн баялгаас ч үнэ цэнэтэй төрд байгаа их өгөгдлийг зөв зүйтэй ашиглахад дээрх гурван хуулийн төсөл эхлэл нь болно. Гишүүд минь анхаарч, долоо хэмжиж нэг огтолно шүү” гэдэг нь учиртай байгаа биз. Өмнөх парламентын үед Цахим бодлогын дэд хороо байсныг энэ парламент Инноваци, цахим бодлогын байнгын хороо болгон өргөжүүлж, дижитал шилжилт, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, цахим засаглалтай болох тэргүүн зорилтуудаа хариуцуулаад байгаа. Тэгэхээр түрүүн дурдсан гурван хууль энэ парламентын үед батлагдаж, бас хэрэгжиж таарна.
Энэ дундаас Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийг олон нийт анхаарах шаардлагатай. Одоо байгаа Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль бол төр үйл ажиллагааныхаа мэдээллийг иргэддээ ил тод, нээлттэй мэдээлдэг, хуулийн хүрээнд хугацаанд нь гаргаж өгдөг байх тухай концепцтой хууль. Энэ хуулийг Хууль зүй, дотоод хэргийн яам илүү өргөжүүлж, татвар төлөгчдийн мөнгөөр төрд цугласан мэдээллийг нээлттэй, хязгаартай, хаалттай болгон ангилахдаа нээлттэй мэдээллийн хүрээг өргөтгөжээ. Үүнээс илүүтэйгээр төрийн үйл ажиллагааг цахимаар явуулах, иргэн, хуулийн этгээдэд цахимаар үйлчилгээ үзүүлэх, төрийн байгууллага хоорондоо болон иргэн, хуулийн этгээдтэй цахимаар харилцахад шаардлагатай нийтийн мэдээллийн дэд бүтэц буюу үндсэн (“Хур” систем) болон дэмжих систем, мөн төрийн байгууллагаас бусад хуулийн этгээд эдгээр системийг ашиглан иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлж болох талаар, мөн мэдээллийн сүлжээ, мэдээллийн сангийн талаарх зохицуулалтад ач холбогдол өгсөн санагдана.

Дэмжих системийн нэг төрлөөр иргэн, хуулийн этгээдэд мэдээлэл, үйлчилгээ хүргэх төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-mongolia)-ийг бий болгож, түүнээс олгогдох цахим баримт бичгийн хүчинтэй байдал, баталгаажилтын талаарх зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Төрийн үйл ажиллагаа цахимжихтай холбоотойгоор төрөөс үйлчилгээ үзүүлэхдээ нийтийн мэдээллийн системээс олж авах, солилцох боломжтой мэдээллийг иргэн, хуулийн этгээдээс шаардахгүй байх, төрийн байгууллага, албан тушаалтан албан харилцаандаа албаны цахим шуудан, мэдээллийн систем ашиглах, иргэн, хуулийн этгээдэд улсын бүртгэлийн дугаараар цахим шуудангийн хаяг үүсгэхтэй холбоотой зохицуулалтыг тусгасан тухай хуулийн төслийн танилцуулгад бичжээ. Өмнөх парламентын үед УИХ-аас Улсын бүртгэлийн багц хуулийг баталсан нь нөлөөлж бараг хүн бүр ухаалаг утастай болсон өнөө цагт e-mongolia аппликейшнийг ашиглаад төрийн байгууллагаас лавлагаа, тодорхойлолтоо татаад авчихдаг, бичиг баримтаа онлайнаар захиалж, бүртгүүлдэг болж байгаа нь сайн. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ 2021 онд E-mongolia платформоос үзүүлдэг одоогийн 190-ээд үйлчилгээнд 591 үйлчилгээг шинээр нэмж оруулна гэдгээ зарлаж байсан. Төрийн байгууллагууд энэ их мэдээллийг хоорондоо солилцохын хажуугаар иргэдийнхээ мэдээллийг хамгаалдаг, мэдээллийг нь ашиглах бол заавал иргэнд нь мэдээлдэг, зөвшөөрөл авдаг байх тухай зохицуулалтыг дээр дурдсан Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуулиар хийх юм байна лээ.

Онцлууштай нь, нийтийн мэдээллийг хариуцагч буюу мэдээллээ нийтэд ил тод болгох ёстой байгууллагаар Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн улс төрийн намуудыг нэмж оруулах гэж байна. Олон жил ярьсан намын санхүүжилтыг шилэн болгох асуудлыг үүгээр шийдэх бололтой. Мөн төрийн өмчийн болон оролцоот компаниудын удирдлагын цалин урамшуулал зэрэг мэдээлэл, стратегийн ордуудыг зэмэшигчдийн улсын төсөв болон үндэсний баялгийн санд оруулж байгаа татвар, хөрөнгө, оюуны өмчийн эрхийг эзэмшигчдийн мэдээлэл, газрыг эзэмшиж, ашиглаж байгаа мэдээлэл зэрэг ил болох нь төрд иргэд хяналтаа тавих, бас боломж.
Харин нийтлэлийн эхэнд дурдсан албаны нууцтай холбоотой асуудал дээр хууль тогтоогчид анхаарах шаардлагатай байна. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 17-д “ Иргэн нь нууцаад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, олж авах эрхтэй. Төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална” гэж заасан. Гэтэл албаны нууцыг Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөлд ч, Төрийн болон албаны нууцын тухай хуульд ч ямар мэдээлэл байхыг тодорхой жагсаан заагаагүй байна. Өөрөөр хэлбэл, дургүйд хүчгүй гэдэг шиг асууж ирсэн хүнд “Албаны нууц” гээд өгдөггүй, шаардлагагүй зарим мэдээллийг албаны нууцдаа хамруулаад баталчихдаг хачин үзэгдэл байсаар байх нь. Ийм учраас Үндсэн хуулийн Цэцийн өчигдөр болсон дунд суудлын хурлын шийдвэрийг хэлэлцэхдээ албаны нууцын асуудлыг ажил хэрэг болгож авч үзэх шаардлагатай л байна. Нууцлах албагүй албаны нууц байна аа. Ядаж нээлттэй мэдээлэлдээ ялгаад оруулчихмаар юм билээ. Төрийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг сайжруулснаар хүнд суртал, авлига, ашиг сонирхлын аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ.