ТУЛГА ТОЙРСОН: Тойргийн гадна үлдэгсэд

1
2021 оны 9 сарын 62021-09-06
ТУЛГА ТОЙРСОН: Тойргийн гадна үлдэгсэд

Мэдээллийн хэрэгслүүдээр СХД-ийн нөхөн сонгуулийг бичиж, ярихдаа гурван нэр дэвшигч байгаа мэт л өнөөх гурвыгаа л ээрч, хоргоож байна. Арга ч үгүй биз хамгийн мөлжүүртэй нь юм хойно. Гэхдээ тэдний сүүдэрт дарагдаж байгаа өөр гурван нэр дэвшигч байгаа. Энэ гурван нэр дэвшигч тойрогт багтах эсэх нь анхнаасаа эргэлзээтэй. Өнөөх гурав нь зориулалтын шинэ гүйлтийн гуталтай бол манай гуравт элэгдэж, цоорсон хуучин ботинк л хөлд нь углаатай байгаа. Үүгээрээ тийм ч хол зам туулахгүй байх.

 

Байсан ч юм шиг байгаагүй ч юм шиг НАМЫН дарга

maxresdefault.jpg
Ш.Төмөрсүх "Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам"-ын дарга

Хэрэг болохоор хайгаад байхад олдоггүй мөртлөө хэрэггүй болохоор хаанаас ч юм бүү мэд гараад ирдэг эд хогшил танд байдаг л биз дээ. Яг үүнтэй ижил сонгууль болохоор л хаанаас ч юм бүү мэд сонссон ч юм шиг сонсоогүй ч юм шиг намууд гараад л ирдэг. Уг нь НАМ тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, тодорхой нэг зорилготой, итгэл үнэмшилтэй түүнийхээ араас уйгагүй явдаг байх нь чухал. Гэхдээ Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 35 намаас тогтвортой үйл ажиллагаа явуулдаг 2, 3 намыг хасвал үлдсэн 30 гаруй намд нь тийм зүйл шаардлагагүй бололтой байдаг юм. Зарим намыг нь бүр сонсож ч байгаагүй байх жишээтэй. “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам” цөөхөн маш аажуухнаар сонсогддог нэр. Тэгвэл энэ намын дарга Ш.Төмөрсүх СХД-ийн нөхөн сонгуульд өрсөлдөх нэг нэр дэвшигчээр тодорчээ. 2008 оны сонгуулийн өмнө байгуулагдаж байсан энэ нам УИХ, НИТХ-д тодорч явсан удаа байхгүй. Энэ удаад ч тодрохгүй болов уу гэсэн дүгнэлтийг өгч байгаа. Ерөнхийдөө тэгсгээд л гэдэг шиг дуусах нь тодорхой. Аль нэг талынх нь “ВИРУС” байж ч болох. Ямартай ч тойргийн гадна тодоос тод торойж үлдэх хүний нэг юм.

 

Үхэр тэргээр туулай гүйцдэг ҮНЭН улс төрч

maxresdefault (1).jpg
"Үнэн ба зөв нам"-ын дарга А.Отгонбаатар

 

Нохой ч андахгүй гэдэг шиг... А.Отгонбаатарыг сүүлийн хоёр сонгуульд цагаан хоолой барин хашгирч явахыг тойргийн сонгогчид нь бүгд мэдэх байх. Г.Алтантүрүү сэтгүүлчийг брэнд болгосон “Танайд хоноё” нэвтрүүлгийн загвараар “Манайд хоноё” хэмээн нэвтрүүлэг хийж олонд танигдсан нэгэн. Ингээд улс төр хөөж олон жилийг ардаа үдсэн ч УИХ-д байтугай ИТХ-д сууж байсан туршлагагүй. Сэтгүүлчийн сурвалжилган дээр тоглолт хийсэн санамсаргүй улс төр нь бүхэл бүтэн засгийг огцроосныг та мартаагүй байх. Гэхдээ Засгийн газрын бүтэн жүжгийн ердөө л эхлэлийг тавьсан нь тэр байсан юм. 

99883691020b1be85ffef35fd963117c.jpeg
Нялх биетэй эмэгтэйг углааштай нь ХӨСҮТ-рүү авч явсанд эсэргүүцлээ илэрхийлэв.
140372871_881005525991026_3569647065989713197_n-1024x768.jpg
Иргэд жагсаалд нэгдэж эхлэв...
882B0B79-FA0F-44AB-ABDB-E54109B28F66.jpeg
Жагсаалын орой У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцров.

Бусад үхмэл намуудыг бодвол А.Отгонбаатар өөртөө байтугай үзэж байгаа хүмүүст амрах зав өгөлгүй улс төр хийдэг. Байнгын актив байдаг улс төрчдийн нэг юм. 2020 оны УИХ-ын сонгуулиар Өвөрхангай нутагт нэр дэвшсэн ч тийм ч их санал авч чадаагүй. Энэ удаад ч тэр гол дүр биш. Гар нь гараад өнгөрдөг эсвэл хааны урдуур суманд оногдоод үхдэг цэргийн дүрээр л оролцоно. Сүүлийнх нь илүү тохирох юм байна. Хааны урдуур орж үхдэг цэрэг. Учир нь түүнийг санал хувааж өгөхдөө гаргууд хэмээн зарим сонгуулийн штабаар жиг жуг ярьдаг. Энэ гэхдээ таамаг төдий л яриа. Улс төр сайн хийдэг болгон улс төрч болдоггүй гэдгийн амьд жишээ нь А.Отгонбаатар юм. Тойргийн гадна гунигтайхан ширтэж хоцрох ээлжит хүмүүсийн нэг.

 

30 гэр бүлийг шатаагаад хүүрэн дээр нь бүжиглэх мөрөөдөлтэй ТОЙМЧ

unnamed (19).jpg
"Монголын үндэсний фронт" хөдөлгөөний тэргүүн Ш.Гантулга

Энэ удаагийн нөхөн сонгуульд ИЗНН-аас нэр дэвшиж байгаа Ш.Гантулга гэж хүнийг ард түмэн бид эчнээ мэднэ. Телевизийн салбарт олон жил гадаад мэдээний тоймч хийсэн тэрээр өөрийн гэсэн өнгө аястай нэгэн. Авилгад идэгдсэн 30 гэр бүлийг шатаагаад хүүрэн дээр нь бүжиглэнэ гээд хээв нэг яриад зогсч байсан хүн шүү дээ. Ёстой л нэг гадаад мэдээний хүн гэсэн шиг өөр улсын магадгүй өөр гарагийн ч хүн байж мэднэ. Дээр дурдсан А.Отгонбаатарын адил үе үе идэвхтэй улс төр хийдэг нэгэн. “Монголын үндэсний фронт” хөдөлгөөнийг байгуулан 60 тэрбум, ЖДҮ-д холбогдсон улс төрчдийг ордноос хөөж гаргана, төрийн эргэлт хийнэ хэмээн багагүй шуугиан тарьж байсан. Гэхдээ азаар тийм зүйл болоогүйг бүгд санаж байгаа байх. Хэрвээ төрийн эргэлт болоод Ш.Гантулга ба түүний нөхөд төрийн ордонд ороод суучихсан бол өнөөдрийн дүр зураг төсөөлөгдөх ч үгүй байна. Ш.Гантулга гуай “ТВ-9” телевизэд маш олон жил ажилласан. “ТВ-9” телевизийн жинхэнэ эзэн нь Н.Энхбаяр гэдгийг хүн болгон мэднэ. Энэ удаагийн нөхөн сонгуульд түүний хүү Э.Батшугар өрсөлдөж байгаа ч хүн болгон мэдэж байгаа. Арыг нь даах хөгшин асрагчаар ажиллаж байж ч мэдэх. Ер нь бол тойргоос бол гадуур үлдэх хүмүүсийн нэг нь бол гарцаагүй мөн юм.

 

Ерөнхийдөө мэдээллийн хэрэгсэл хүмүүсийн хандлагыг ч харахад нөхөн сонгуулийн хов, жив Э.Батшугар, Э.Бат-Үүл гэсэн хоёрхон хүн дээр л явж байна. Энэ хоёр хүний аль нэг нь гарах хамгийн өндөр магадлалтай нь ч үнэн юм. Түмэн дундаас нэг гэдэг шиг л хэн нэгний шидсэн чулуунд оногчдихгүй л бол шүү дээ.

 

 

 

 

 

 

Санал болгох

ТУЛГА тойрсон: Нийслэлийн "Гуниг"

Нийслэлд эхлүүлээд хаягдаж байгаа, эхэлчхээд дуусч өгдөггүй, эхлүүлэх зөвшөөрөлгүй эхлүүлсэн, эхлүүлэх бодолтой ч ерөөсөө эхлүүлдэггүй гээд олон “Гуниг”-тай ажлууд байдаг.

6 өдрийн өмнө
ТУЛГА тойрсон: Цаг цагаараа байдаггүй...

Хөөгдлөө гээд хэн ч гайхсангүй. Их юм хэлж өгөх аниргүй байдал...

11 өдрийн өмнө
ТУЛГА тойрсон: Намрын "ХИТ" боксын холбоо

Товчхондоо энэ долоо хоног Боксын холбооны долоо хоног байлаа.

12 өдрийн өмнө
ТУЛГА тойрсон: "БИЕЭ" даагсад

Өмнөх хоёр цуврал бичвэртээ намаас нэр дэвшиж байгаа 6 нэр дэвшигчийн талаар бичсэн бол энэ удаад “БИЕЭ” даан нэр дэвшиж байгаа 3 нэр дэвшигчийг онцлолоо.

14 өдрийн өмнө