ТУЛГА тойрсон: Намрын "ХИТ" боксын холбоо

2021 оны 9 сарын 92021-09-09
ТУЛГА тойрсон: Намрын "ХИТ" боксын холбоо

Боксын холбоог тойрсон асуудал энэ долоо хоногийн “ХИТ” сэдэв боллоо. Хамгийн эхний “Хит” нь ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар удирдах зөвлөлийн олонхийн дэмжлэгээр тус холбооны Ерөнхийлөгч болсон явдал. Араас нь яг тэр өдрийн хурлын дараа МУГТ Э.Цэндбаатар бусдад зодуулсан тухай мэдээлэл цацагдсан нь дараагийн “ХИТ” байлаа. Шинэ Ерөнхийлөгч шударга ёсыг харуулах гэв үү эсвэл өөрийн хүчийг мэдрүүлэх гэв үү МУГТ Э.Цэндбаатарыг олон удаагийн ёс зүйгүй үйлдэл гаргасан хэмээн шигшээ багаас хөөж орхив. Үүний албан ёсны мэдэгдлийг нь УЗ-д багтсан Олимпын алтан медальт Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган тэргүүтэй нөхөд хийсэн. Товчхондоо энэ долоо хоног Боксын холбооны долоо хоног байлаа.



Монголын Боксын холбоо...

 

1.jpg

Монгол Улсын мэргэжлийн спортын холбоодуудаас ер нь л хэрүүл, тэмцэл салдаггүй. Зарим нь хоёр салж өнөөг хүртэл тэмцэлдсээр л байгаа. Нийтийн жишгийн дагуу л явж байгаа холбооны нэг нь Боксын холбоо. Жил хүрэхгүй хугацаанд хоёр дахь Ерөнхийлөгчөө сонгов. Танил талаа удирдлагаар дэвшүүлдэг, тамирчдыг ялгаварлан гадуурхдаг, дарамталдаг зэрэг олон асуудлууд энэ холбоонд байсаар л ирсэн. Уг нь жаргал, зовлон аль алийг нь үзэж Олимпын дэд аварга болсон Ц.Сэрдамба удирдах албан тушаалд томилогдох үед тамирчдад том дэмжлэг болно гэж харж байсан ч бодож байсан шиг зүйл болоогүй. Олимпын аварга Э.Бадар-Ууган ч боксын холбооны удирдах зөвлөлд багтдаг. Гэхдээ тамирчдын эрх ашгийн төлөө биш өөр зүйлийн төлөө явж ирсэн нь тив, дэлхийн тэмцээнд тамирчид явахаас өмнө нөхөн сэргээлтийн эмчилгээ хийдэг байсан Монголдоо ганц төвийг буулган оронд нь өөрийн “Өөжин мед” эмнэлгийг байгуулсан явдлаас тод харагдана. Энэ мэт өөрсдийн эрх ашгаа л бодно уу гэхээс тамирчдын эрх ашгийг бодож явсан удирдлагууд маш цөөхөн. Хэдэн дасгалжуулагчид нь ганзага хоосон бор тамирчдаа амжилтад хүргэхийн төлөө чармайж явсан нь маш их билээ. МУГТ Т.Үйтүмэн нэгэн цагт Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байх үедээ “Намайг ажлаа өг гэж шахаж шаардах болсон. Мэргэжлийн биш мөнгөтэй төгрөгтэй хүмүүс нь аваад явна биз” хэмээн хэлж байсан удаатай. Үүнээс үзэхэд л амжилтын төлөө биш эрх ашгийн төлөө явсаар ирсэн гэдэг нь тодорхой байгаа юм.

 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын хийх ажил нь багадсан уу?

 

nyambaatar.jpg

Хууль зүйн сайд боксын холбоог удирдах болсонд олон хүн гайхсан байх. Төрийн ажил багадаад “Ажилсаг” нь дийлдэхгүй тогтворжиж өгдөггүй холбооны хөл, толгойг нь байранд нь оруулахаар ирсэн гэж үү. Эсвэл Хууль зүйн яамны ажил цэгцэрчихээд тэнд хийх зүйл тийм ч их гарахгүй байгаа учраас боксын холбоог удирдаад үздэг юм уу гэж бодсон байж ч мэдэх юм. Ямартай ч түүнтэй өрсөлдөгч байсангүй нэг хүн дэвшсэн Ерөнхийлөгчийн сонгуульд 100 хувийн саналаар ялалт байгуулсан. Ерөнхийлөгч болсон даруйдаа өөрийн хүмүүсээ удирдах зөвлөлд болон дэд даргын суудалд тухлууллаа. Түүний холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Э.Сайнбилэг ажиллана. Боксын холбоотой уялдаа холбоотой цагтаа шигшээ багийг дасгалжуулж явсан хүн ч муу нэртэйгээр холбооноос хөөгдөж байсан. Тухайн үед МУГТ У.Мөнх-Эрдэнийг гадуурхсан гэх үндэслэлээр ажлаасаа халагдаж байсан нэгэн юм. Харин энэ удаад тушаал дэвшин ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдон хүчтэй эргэн ирэлт хийлээ. Тэгвэл дэд ерөнхийлөгчөөр ажиллах таван хүний дунд МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан боксын холбоо байтугай спортоос хол хүн Ц.Бат-Энх томилогджээ. Үлдсэн дөрөв нь Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, В.Ганзориг, М.Баянмөнх зэрэг Ц.Бат-Энхийг бодвол энэ спорттой ойр хүмүүс байгаа юм. Гэхдээ тэд өмнө нь тус холбоонд удирдах алба хашдаг байхдаа өөрчлөлт авчирч байсан үзэгдэл бүдэгхэн. Ингээд цаашлаад хяналт зөвлөлд 19 хүн орсноос тал нь бизнесмен, улс төрчид байна. Нөсөр бүрэлдэхүүнтэй Монголын Боксын холбооны нөр их ажил айсуй...

 

Монголын бокс Э.Цэндбаатараар дутахгүй!!!

 

Badaruugan.jpg

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Олимпын алтан медальт Монголын Боксын холбооны дэд ерөнхийлөгч Э.Бадар-Ууган өнөөдөр Монголын Бокс Э.Цэндбаатараар дутахгүй гэж хэлэв. Түүний хэлсэн магадгүй үнэн байж болох. Гэхдээ яг одоогийн байдлаар дутаж байгаад хэн ч маргахгүй. Э.Цэндбаатарын хувьд ч өөрийн хийсэн олон удаагийн буруу үйлдэлдээ шийтгэлээ хүлээж шигшээ багаас чөлөөлөгдсөн шийдвэрт гомдох эрх байхгүй. Ямар ч тамирчин ёс зүйгүй үйлдэл удаа дараа гаргавал хариуцлагаа үүрэх хэрэгтэй. Яг энэ жишиг боксын холбоо ч гэлтгүй бусад холбоонд цаашид тогтоосой. Манай жүдо, чөлөөтийн холбоод олон ч тамирчдын үйлдлийг хэлтрүүлж байсныг хүн бүхэн мэдэх байх. Гол нь тамирчид ямар нэгэн улс төр, эрх ашгийн золиос байж болохгүй.

 

Э.Цэндбаатар хийсэн бүх үйлдэлдээ гэмшиж байна гэхдээ...

 

067.jpg

Монголын Боксын шигшээн тамирчин Э.Цэндбаатар Хандгайт дахь бэлтгэлийн баазаасаа оргож зодоон хийж эрхээ хоёр жилээр хасуулав... Боксчин Э.Цэндбаатар Эрдэнэт хотод дасгалжуулагчаа зодов... МУГТ Э.Цэндбаатар гудамжинд чармай нүцгэн орилж алхав... Э.Цэндбаатарыг боксын хүнд жингийн хоёр тамирчин зодов... энэ мэт тамирчин хүний ёс зүйд байж боломгүй үйлдлүүдийг удаа дараа МУГТ Э.Цэндбаатар гаргасан. Шийтгэлээ ч хүлээх ёстой гэдгийг өмнө нь дурьдсан. Гэхдээ өөр өнцгөөс бичвэрээ үргэлжлүүлье. Тулааны тамирчид тэр дундаа боксын тамирчид сэтгэл хөдлөл маш өндөр хүмүүс байдаг. Гэтэл энэ холбоонд асуудалд орж байгаа тамирчидтай ярилцдаг мэргэжлийн сэтгэл зүйч байдаг бил үү? Тамирчнаа гэсэн хэдэн дасгалжуулагч нь сэтгэл зүйч, аав, ээж, найз, зөвлөгч нь байсаар ирсэн. Өмнөх үеийн боксчид харьцангуй өөр нийгэмд өссөн учраас гаргаж байгаа үйлдэл, сахилга бат нь ондоо. Нийгэм өөрчлөгдсөн залуусын аливаа зүйлийг харах цонх улам томорч түүнийхээ хэрээр зан төрх нь ч харилцан адилгүй болж байгаа. Ийм үед тамирчдын зөв явах, асуудалд орохгүй байх чиглэлийг сэтгэл зүйч голлох нөлөөг үзүүлдэг. Гадны бүхий л том холбоо тамирчдынхаа ур чадварыг хөгжүүлэхийн хажуугаар сэтгэл зүйг нь бас тултал бэлддэг. Манайд энэ өнцөг тун хангалтгүй гэдэгтэй хэн ч маргахгүй байх.

Э.Цэндбаатарын сэтгэл дотор юу болж байгааг нэг удаа ярилцаж үзэн юу хүсч байгааг нь нэг удаа сонссон болов уу? Өмнөх үеийн ах нар нь хамт буруу зүйл хийж явахдаа зөв зам руу нь хуруугаа зааж өгсөн болов уу? Эцэст нь бүгдийг нэг талаас нь хараад ирээдүйн Олимп, дэлхийн аваргаа хэнд ч хэрэггүй нэгэн болгоод хаячихаж байгаа юм биш биз. Бодох л өнцөг...

 

2021 оны 9-р сарын 5-нд юу болов?

 

Э.Цэндбаатар: Монголын Боксын холбооны хурал болсон өдөр. Хурал дуусаад боксын холбооны удирдах зөвлөлийн хэсэг хүмүүстэй нэг газар хамтдаа сууцгаасан. Гэтэл гаднаас манай боксын хүнд жингийн хоёр ах орж ирэн юу ч хэлэлгүй намайг зодсон. Анхнаасаа боксын холбоо надад дургүй байсан. Эцэст нь ингээд хаяж байгаа юм байлгүй дээ. Буруу газраа буруу үедээ л байж гэж бодож байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө ийм зүйл болсонд гайхаж бас харамсч байна. Зохион байгуулалттай ч байж магадгүй. Үүгээр бүх зүйл дуусч байна.

Ийм тайлбарыг Э.Цэндбаатар өгсөн. Түүний энэ тайлбараас харахад боксын холбоотой байнгын асуудалтай байсан гэх дүгнэлт гарч ирж байгаа юм. Боксын холбоо үе үе тамирчидтайгаа асуудал гаргадаг.

-2013 онд МУГТ Олимпын хүрэл медальт У.Мөнх-Эрдэнийг ДАШТ-нд явуулахгүй түүний оронд Улсын аваргад түрүүлсэн З.Энхзоригийг явуулах болсон явдал юм. Тухайн жилдээ У.Мөнх-Эрдэнэ Азийн аваргаас мөнгөн медаль хүртэж бэлтгэл сайтай байгаа гэдгээ нотолж байсан. Харин З.Энхзориг “Универсиад” наадамд тааруухан оролцож байсан гэдэг. Улмаар У.Мөнх-Эрдэнэ Казахстан улсад болсон ДАШТ-нд оролцож боксын шигшээгээс явсан долоон тамирчнаас ганцаараа эх орондоо медальтай ирж байсан билээ.

00063ed2-1600.jpg

 

-Өөр нэгэн жишээ дурдахад эмэгтэйчүүдийн 51 кг-ийн жиндээ Монголдоо номер нэг гэгддэг байсан тамирчин өнгөрсөн хавар шалтгаангүйгээр шигшээ багаасаа хасагдсан явдал. Тухайн үед дасгалжуулагч нь ихэд бухимдаж байсан ч удирдлагуудын эсрэг хийж чадах зүйл байхгүй хойно чимээгүй өнгөрсөн. Яг юу болсон талаар бид эх сурвалжаас тодруулахад шигшээ багийн дасгалжуулагч Б.Пүрэв-Очирын гарын шавь хасагдах ёстой байж. Гэхдээ тэрээр өөрийнхөө шавийг хасалгүйгээр тухайн тамирчин охиныг хасч орхижээ.

Боксын холбооны ТУЛГА тойрсон асуудлын талаар энэ удаагийн бичвэртээ буулгалаа. Мэргэжлийн холбоод нь учраа олохгүй бол тамирчид нь ч учраа олохгүй байсаар олон сайхан залуус гаргах, бахдах байсан амжилтаа үгүй хийх вий...

 

 

 

 

 

 

 

 

 

Санал болгох

ТУЛГА тойрсон: Нийслэлийн "Гуниг"

Нийслэлд эхлүүлээд хаягдаж байгаа, эхэлчхээд дуусч өгдөггүй, эхлүүлэх зөвшөөрөлгүй эхлүүлсэн, эхлүүлэх бодолтой ч ерөөсөө эхлүүлдэггүй гээд олон “Гуниг”-тай ажлууд байдаг.

6 өдрийн өмнө
ТУЛГА тойрсон: Цаг цагаараа байдаггүй...

Хөөгдлөө гээд хэн ч гайхсангүй. Их юм хэлж өгөх аниргүй байдал...

11 өдрийн өмнө
ТУЛГА тойрсон: Намрын "ХИТ" боксын холбоо

Товчхондоо энэ долоо хоног Боксын холбооны долоо хоног байлаа.

12 өдрийн өмнө
ТУЛГА тойрсон: "БИЕЭ" даагсад

Өмнөх хоёр цуврал бичвэртээ намаас нэр дэвшиж байгаа 6 нэр дэвшигчийн талаар бичсэн бол энэ удаад “БИЕЭ” даан нэр дэвшиж байгаа 3 нэр дэвшигчийг онцлолоо.

14 өдрийн өмнө