Улаанбал ярилцлагын нэвтрүүлгийн ээлжит дугаарт МУГТ Э.Цэндбаатар оролцлоо.
Уншигч танд ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэе.
-Сайн байна уу.
-Сайн сайн байна уу.
-За дажгүй юу.
-Дажгүй шүү дээ. Амьдрал үргэлжлээд л явж байна.
-Хөөгдчихсөн.
-Тийм.
-Чи ер нь юу гэж бодсон. Өөрийг чинь “хөөх” шийдвэрийг сонсоод. Ер нь хэзээ мэдсэн?
-Хөөгдөж байх мэдрэмж муухай байсан. Саунд жингээ хасаад байж байсан л даа. Хоёр хоногийн дараа сорил тэмцээн болох байсан.
-Тэр нь хэдэнд гэсэн үг юм?
-Есдүгээр сарын 10-нд гэсэн үг. Өнөөдөр чинь найман шүү дээ. Есдүгээр сарын 10-нд ДАШТ-ний сорил тэмцээндээ орох байсан. Ерөнхийдөө жингээ хасаад л байж байсан. Миний жин 64 кг байсан.
“Чамайг ингээд хөөхөөр шийдвэр гарсан” гээд л хэлсэн. Зүгээр шууд л инчээ яах гэж жингээ хасаж байгаа вэ гээд л аймар тэнэг санагдаж байгаа юм чинь. Тэгээд шууд гэр рүүгээ харьсан. Харин би формоо алдахыг хүсээгүй. Жоохон уур хүрсэн. Маргааш хэвлэлийн бага хурал хийнэ гэсэн тэрийг нь сонсоодхъё гэж бодсон. Тэгээд хэвлэлийн бага хурал хийсэн. Яг нүдэн дээр л хүмүүс өөр болчхож байна билээ. Амжилт гаргаад л ирэнгүүт ахын дүү ахын дүү гээд л тэвэрдэг. Жоохон буруу юм хийхэд шууд газартай нь дэвсдэг. Намайг тэгж чадлаа л даа.
-Гомдож байна уу?
-Миний алдаа. Өөрийн болчимгүй явдлаас болж, буруу хүмүүстэй нийлсэн. Хамгийн гол нь архи уусан. Сахилга бат алдсанаас болоод намайг хөөсөн гэж бодож байгаа. Би гомдохгүй л байна. Хөөсөн нь бол зөв шийдвэр гэж бодоод байгаа шүү дээ.
-Зөв шийдвэр?
-Тийм. Тэд нарын хувьд бол зөв шийдвэр. Миний хувьд бол сүүлийн дэлхийн аварга байсан юм. Сая би олимпод орж Монголын ард түмнийг баярлуулж чадаагүй ээ. Энэ дэлхийн аваргаар баярлуулахыг маш их хүссэн. Тэгээд бэлтгэлээ хийгээд л байсан.
-Энэ дэлхийн аваргаар үндсэн жиндээ орох гэж байсан тийм үү?
-Тийм. Би 60 кг-д дэлхийд нэгээр бичигдэж байгаа. Сая 57 кг-д жин их хассан. Ерөнхийдөө ядарсан.
-Сая бэлтгэл хийж байхдаа хөөгдөх шийдвэрээ сонссон гэж байна. Чамайг хэн дасгалжуулж байгаа юм. Дасгалжуулагч чинь мэдээгүй байсан уу. Чамайг ингэж яригдаж байна гэж мэдээлэл өгөөгүй юу. Гэнэт л сонссон юм уу?
-Тийм ээ. Гэнэт л сонссон.
-Дасгалжуулагч чинь юм хэлээгүй юу?
-Дасгалжуулагч Төрбат багш, ерөнхийдөө зүүмээр хуралдах гэж байна гэсэн. Би ч таарсан л даа. “Зүүмээр хуралдах гэж байна. Чиний талаар ярилцана” гэж хэлсэн. Арай ч хөөчихгүй байлгүй дээ гэсэн тэгээд л хөөчхөж байна билээ. 19 хүн удирдах зөвлөлд байдаг гэсэн. Тэр 19 хүн нь хуралдаад 100 хувийн саналаар хөөсөн. Нэгэн нь ч намайг өмөөрч үг хэлээгүй гэсэн. 100 хувийн саналаар би хөөгдчих шиг байна билээ.
-100 хувийн санал гэдэгт ямар дүгнэлт хийсэн. Юу гэж бодсон?
-Хүнээс сонссон юм л даа. Багийн ахлагч Чинзориг гээд ах надтай хамт олимпод явсан л даа. Тэр хурал дээр бол, Э.Цэндбаатарын толгойг илдэг юм байна. Дандаа илсээр ирсэн гэж хэлсэн байна билээ. Би уг нь ахаа гээд хүндэлдэг байсан. Миний нүд рүү харж гоё ярьчхаад, цаагуураа ингэж ярьсныг нь сонсоод эвгүй л санагдсан.
-Уулзаагүй юу. Тэрнээс хойш?
-Инстаграмаар би, өө ахаа баярлалаа гэж хэлээд л блоклосон. Харьцаад байх шаардлага байхгүй.
-Чам руу утсаар холбогдохгүй байна уу?
-Үгүй ээ. Би тэрэнтэй харьцаад байх шаардлагагүй юм билээ. Тэрийгээ ойлгосон.
-Үзэн ядаж байна уу?
-Үгүй.
-Яагаад?
-Яагаад гэвэл би боксдоо хайртай учраас хэнийг ч үзэн ядахгүй. Надад харамсаад байх зүйл ч алга. Би зөвхөн урагшаагаа л харна. Хэн намайг юу гэж бодох, надад ямар ч хамаагүй. Надад хайртай хүмүүс минь байна. Гэр бүл минь байна. Бүх хүн байна. Юунд харамсах юм.
-Гэр бүлийнхэн нь юу гэж байна?
-Миний хүү зүгээр чадна л гэж байна билээ. Би одоо урагшаагаа л харна. Мэргэжлийн бокс гэж сайхан юм байна шүү дээ. Одоо Төгсөө ах байна тэ. Олимп, ДАШТ-нд үзүүлсэн амжилтаас илүү их бизнес боломж байгаа. Үүнд амжилт үзүүлж Монголчуудаа баярлуулж чадна. Тийм болохоор харамсаад байх юм алга.
-За ингээд хоёулаа дараалалтай ярина.
-За.
-Чи Улаанбал нэвтрүүлгийг үзэж байсан байлгүй.
-Би шууд л эмоциороо ярьчих гээд байна. Жоохон уужирч байгаад сэтгэлдээ байгаа бүгдийг ярья.
-Хэвлэлийн хурлын хэсгийг хальт сонсоодхъё.
“Шигшээ багийн тамирчин шөнийн хоёр цагт согтууруулах ундаа уугаад зодоон хийж болохгүй. Энэ бол тодорхой асуудал. Хэн байх нь хамаа байхгүй”
-Шигшээ багийн тамирчин шөнийн хоёр цагт согтуу байж болохгүй ээ. Бэлтгэлийн өмнө. Бэлтгэл тасдаад гэсэн үг шүү дээ. Тэр өдөр яг юу болсон юм?
-Манай боксын холбоо ерөнхийлөгчөө сонгосон шүү дээ. Тухайн өдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ерөнхийлөгчөөр сонгогдоод, Мөнхбаяр ерөнхийлөгч буугаад, би анх удаа тийм хуралд сууж үзсэн л дээ. Х.Нямбаатар сайд бид нарыг хоол идүүлсэн. Тэгэхэд бол янз бүрийн уулт болоогүй. Тэгээд бүгд тарцгаасан. Харин боксын холбооны удирдах зөвлөлд байсан Чинзориг ах, Отгондалай ах, Сэрдамба ах, тэд нарын найзууд байсан баяраа тэмдэглэсэн. Өөр газар суусан л даа. Нью Йорк гээд газар орсон. Тэгээд тэндээ вино энэ тэр уугаад байж байсан байхгүй юу. Виски бас байсаан байсан. Дүү нар бага уугаарай гээд Чинзориг ах бид хоёр вино уусан байхгүй юу. Би бол вискинээс хоёр бол татсан. Ах нараа хүндлээд. Цаашаа бол бүгд назгайрсан. Тэгээд ерөнхийдөө тарах болоод тэгээд гаднаас Мөнхчулуун гээд ах, том Идэрбат ах нар ороод ирсэн. Тэгээд бид нар гар бариад тоглоом шоглоом хийгээд. Тэгээд би Идэрбат ахтай текний тэнд нэлээн их юм ярьсан. Тэгэхэд Мөнхчулуун ах цаана орилоод л, хүн амьтан алгадаж бариад байсан.
-Мөнхчулуун ах гэдэг нь тамирчин юм уу?
-Тийм. Тамирчин байсан хүн.
-Хэд орчим насны хүн бэ?
-39,40 настай. 190 см өндөртэй. +91 кг жинд тоглодог байсан.
-Тэр хүн орж ирээд агсан тавиад байсан юм уу?
-Агсан тавиад байгааг нь би бол анзаараагүй. Ерөнхийдөө өшиглөж мөшиглөөд байсан юм.
-Тэнд үү?
-Тийм. Оки ах болиочээ гээд намайг хэлэхэд, зүгээр ирээд унагаачихаж байгаа юм. Тэгээд би цохиод унагаахад нь бүр гайхаад. Та нар чинь яагаад байгаа юм бэ. За за би явлаа гээд гарсан. Тэгсэн араас Идэрбат ах бариад авсан. Тэгээд Идэрээ ахтай нэлээн их зууралдсан байхгүй юу. Бүр уур хүрээд болдоггүй.
-Идэрбат гэдэг нь?
-Бас +91 кг жинд тоглодог байсан ах.
-Одоо тоглодог юм уу?
-Одоо больчихсон. Зодог тайлсан. +91 кг жинд тоглодог байсан ахтай муудалцаж байгаа байхгүй юу. Би чинь хажууд нь жижигхэн л юм байгаа шүү дээ. “За за би явлаа явлаа. Та нар бол новшийн юм байна” гээд жоохон хараал хэлсэн.
Чи ах нарыгаа хараалаа гээд намайг зуурчхаад тавьдаггүй. Тэгээд миний уур хүрээд. За зүгээр байгаарай. Би муу үгүй гавьяат шүү гэсэн чинь чам шиг гавьяат байдаг юм уу гээд, миний гавьяатын тэмдгийг нүдэн дээр барьж байгаад хоёр тийшээ хуваачхаж байгаа байхгүй юу. Тэгээд миний уур хүрээд нэлээн зодолдсон.
Гавьяатын тэмдэг маань энэ байна. Тэгээд л ер нь бүх юм эхэлсэн дээ.
Тэгээд Идэрбат ахтай зодолдоод би доор нь ороод, тэр үед хэн ч намайг салгаагүй. Би зодуулсаар л байсан. Ах нар нэг нэгээрээ намайг цохиод л байсан. Мөнхчулуун ах хажуу талаас цохиод, Идэрээ ах зодоод л би хоёр гурван удаа ухаан алдсан байгаа байхгүй юу. Тэгээд хамгийн сүүлд цохиулахдаа нэг минут 30 секунд ухаан алдаж унасан байна лээ. Тэгээд бүх юм дуусаад, би лайв хийе гэж бодоогүй юм. Тэгэхдээ үнэхээр их гомдсоон. Цус гарчихсан. Нээх сүртэй биш санагдсан л даа надад. Хэн ч намайг өмөөрөөгүй, хэн ч намайг салгаагүй. Тэд нар чинь үеэрээ л байгаа шүү дээ. Дандаа ах нар.
Би гэхдээ шал тэнэг юм хийсэн. Үүнд өөрийгөө буруутгаж байгаа. Би тэд нартай л уух ёсгүй байсан. ДАШТ болох гэж байхад ах нартай уудаг нь л миний буруу. Би өөртөө маш их харамсаж байна. Гол нь намайг зодож байхад яагаад салгаагүй юм болоо гэдэгт уур хүрээд байгаа байхгүй юу. Албаар зодуулаад байгаа юм уу. Хамжиж зодоод байгаа юм уу, би бүр аймар гайхсан.
Би яг тэр лайвыг хийхийн өмнө “за хууль гэж байдаг шүү, би бол та хоёртой цагдаа магдаа гэж ярихгүй” гэсэн. Өөдөөс цагдаагаа дууд л даа гэсэн. Хууль гэж байдаг шүү дээ гэсэн. Хуулийн чинь дээр бид хоёр байдаг юм гээд л ус асгасан. Тэгээд л нэг нэгээрээ ирж алгадах юм. Өө ямар эвгүй юм бэ хоёр ах гэж хэлээд би цагдаа дуудсан. Цагдаа дуудаж байх хугацаанд дахиад л алгадах юм. Хэн ч өмөөрөхгүй байхаар нь өөр рүүгээ харуулж байгаад 10 секундын лайв хийсэн. Би бүх юм аа санаж байгаа шүү дээ. Би Э.Цэндбаатар байна. Энэ хоёр намайг зодсон хоёр ах байна гэж хийнгүүтээ, би бодсон л доо. За лайваар ч яах вэ дээ. Угаасаа 2-3хан хүн үзэж байсан. Тэгээд л би устгачихсан. Хүн яаж татсан юм бүү мэд. Тэгээд нөгөө хоёр ахыг эрүүлжүүлэх рүү аваад явсан. Тэгээд би гэртээ харьсан. За за нээх сүртэй юм болоогүй байлгүй дээ гээд л унтаад сэрсэн. Маргааш нь аймар сонин сонин мэдээлэл цацагдсан байсан. Би шууд л үгүйсгэсэн. Хэзээний юм гаргаж ирээд байгаа юм ДАШТ болох гэж байхад гээд л. Би ч гомдоогүй л дээ хоёр ахад.
-Яагаад чамд гар хүрч байгаа юм бэ. Эхлээд бол ах нар больё оо гэхэд нэг нь цохиж авсан. Түүнээс хойш чи уурлаад нөгөө хэддээ үг хэлсэн. Тэгээд дүү нь ахдаа үг хэллээ гэдэг байдлаас хандсан уу. Яг яагаад тэгсэн юм бол, шалтгааныг нь чи юу гэж бодсон бэ?
-Би нэг юманд л аймар уур хүрсэн. Энэ гавьяатын тэмдгийг би 10 жил хөдөлмөрлөсний үр дүнд Монголын ард түмэн намайг шагнасан гэж ойлгоод байгаа байхгүй юу. Зүүхэд аймар гоё. Тэгээд таслаад хаянгуут нь аймар уур хүрч байгаа юм чинь. Арай ч дээ гээд л. Гэхдээ би Идэрээ ахыг нэг л цохисон л доо. Миний цохих няслах төдий байлгүй дээ. Хамгийн гол нь нэг нь зодож болно шүү дээ. Ингээд л цохингуут хажуу талаас ирээд л цохих юм. Нэг нь араас ирээд боох юм.
-Тэгэхээр зүгээр байхад нь ирээд, би шалтгааныг нь олмоор байгаа юм л даа. Тэмдгийг чинь тасдсан байна шүү дээ?
-Чам шиг гавьяат байдаггүй юм аа гэсэн байхгүй юу. Ахаа муу ч үгүй гавьяат шүү дээ гэсэн чам шиг гавьяат байдаггүй юм аа л гэсэн.
-Тэрийг нь чи юу гэж ойлгосон. Чам шиг гавьяат байдаггүй гэдгийг?
-Харин хүнддээд байгаа юм байлгүй дээ. Надад гавьяатын тэмдэг.
-Тэгээд тэнд маргаан болоход өнөөдөр хэвлэлийн хурал хийсэн хүмүүсээс байсан уу?
-Байсан.
-Хэн байсан?
-Хэвлэлийн хурал хийснээс Бадрах ах байсан. Хальт харагдаад өнгөрсөн.
-Тэр хүмүүс чамайг ууж болохгүй шүү. Бэлтгэлтэй байгаа. ДАШТ-нд оролцох ёстой гэж хэлсэн үү?
-Хэлээгүй.
-Зодолдох гэж байхад нь чи одоо хариа гэж хэн нэгэн хэлсэн үү?
-Сэрдамба ах надад хэлсэн. Бага уугаарай гэж хэлсэн. Би бага л уусан. Хамгийн гол нь би гурван удаа цохиулж, гурван удаа ухаан алдаж унасан. Цохиулахад толгой нэлээн манарсан.
-Тэр хүлээн авалт дээр чиний нөгөө бичлэг энэ байна л даа.
“Эрдэнэбатын Цэндбаатарыг энэ хоёр зодчихлоо. Монголын гэр бүл ингээд унтарна шүү дээ хөөе”
-Өөрөө ингээд хэлсэн. Нэлээн согтолттой харагдаж байна. Нэлээн согтсон хүний үг яриа байгаа юм?
-Миний уруул язарчихсан. Хоёр уруул бол нэлээн хавдартай. Би уухын хувьд уусан. Тэр бүх юмаа санаж байна. Хамгийн гол нь миний гавьяатын тэмдгийг урсанд л аймар уур хүрч байгаа байхгүй юу.
-Ер нь тэгдэг юм уу. Дээд үеийн ах нар доод үедээ аранга үзүүлнэ гэдэг дээ. Үе үе тэгж дээрэлхдэг үү. Эсвэл чи үл хүндэтгээд байсан юм уу. Та нарын хүрээгүйд би хүрчихлээ. Та нар хэн юм. Чадаагүй биз дээ ч гэдэг юм уу, онгирсон өөртөө эрдэж яваа залуугийн авирыг үзүүлсэн үү. Тийм зүйл болсон уу. Чамайг зүгээр байхад нь ирээд зодсон уу?
-Ах нарынхаа өөдөөс хараад хоёр гурван удаа бол цохиулж чадна. Миний ах нар ухамсрын шанаа өгвөл баярлалаа гээд л авна. Нэг насаар ах байсан ч бүгдийг нь хүндэлнэ. Харин намайг арай хэтрүүлчхээд байдаг юм уу гэж санагддаг. Та нар энэ тэр гэж ерөөсөө тэгж хэлдэггүй. Би сайн байна уу ахаа, сайн байна уу ахаа гээд л хэлдэг. Би хэнд ч гомддоггүй. Намайг үхээсэй гэж бодож байгаа хүн байсан ч би ахаа гээд мэндлээд хүндлээд явж чадна. Хэнд гомдох юм бэ. Надад тийм хүмүүжил байхгүй.
-Чамайг яагаад хэтрүүлээд байдаг юм бол. Өөртөө юу гэж бодсон. Би ингэчихсэн болохоор энэ хэд ингээд байна даа гэсэн юм бодогдохгүй байна уу?
-Яаж гомдоосноо бол санахгүй л байна. Уг нь бол би хэнд ч гэм хоргүй шүү дээ ахаа. Би найзуудыгаа өмөөрөөд жижиг сажиг асуудалд орж байсан. Ер нь би хэнтэй ч мууддаггүй. Хэнтэй ч дайсагналцахыг хүсдэггүй. Хүнийг гомдоосон бол уучлаарай гээд гуйчхаж чадна.
-Архи уугаад согтохоороо ааш авир нь өөрчлөгддөг хүн байдаг шүү дээ. Чи согтохоороо өөр болоод байдаг юм уу. Өөртөө дүгнэлт хийвэл. Заримдаа хүн өөрийгөө загнадаг шүү дээ?
-Найзууд, за Цэндээ хөгшөөн чи буруу хүмүүстэй нөхөрлөөд байна шүү гэж миний арван жилийн найзууд надад хэлдэг юм.
Э.Цэндбаатар: Хоёр охиныхоо төлөө архинаас гарна
-Буруу хүн гэж хэнийг хэлж байгаа юм?
-Эргэн тойрны шоудъя гэдэг найз. Хөөргөдөг найз байдаг шүү дээ. Чи лаг чи мундаг гэдэг. Ийм найзууд байдаг байсан. Одоо бүгдээс нь зайгаа барьсан. Нэг лайв хийгээд бүх зүйл орвонгоороо эргэчхэж байгаа байхгүй юу. Би нэг юм ойлголоо л доо. Миний аав жоохон уудаг хүн байсан байхгүй юу. Аав маань уухаа болиод л нүдэн дээр гоё болсон байхгүй юу. Би одоо хоёр охинтой. Хоёр охин, Монголын ард түмний төлөө энэ архи гэдэг новшийн зүйлээс татгалзана. Би хоёр охиныхоо төлөө архинаас гарна.
Би тэнд архи уусан нь миний алдаа байхгүй юу. Миний буруу. Буруугаа бол өөртөө л өгье дөө. Би эрүүл байсан бол, тойроод л гарч байх байсан.
-Хоёр ах чинь гаднаас ирсэн юм байна шүү дээ. Тэр хоёр хүнийг хэн дуудсан юм. Энд байна гэж?
-Найзууд нь л дуудсан байлгүй дээ.
-Найзууд нь чамтай ууж байсан юм уу?
-Уугаад байж байсан. Манай дээдийн дээдийн дээд үе гэсэн үг. Одоо гурван үе дээшээ гэсэн үг байхгүй юу.
-Тэр ах нар өмнө нь тааралдахдаа яаж ханддаг байсан?
-Ямар ч гэмгүй. Ер нь бол ах нараасаа ухамсрын шанаа авах зүгээр шүү дээ. Гэхдээ намайг бол арай л хэтрүүлсэн.
-Тэр хоёроос өмнө нь шанаа авч байсан юм уу?
-Авч байгаагүй л дээ. Миний дээд үеийн ах нар шанаа өгч, дээсээр ороолгоход баярлалаа л гэж хэлж байсан шүү дээ.
-Одоо эд тоглож байгаа тамирчдаас дарвих, ууж сууж байгаа тохиолдол байгаа юу?
-Байгаа байгаа. Тэмцээний дараа байгаа.
-Тэмцээний өмнө байгаа юу?
-Тэмцээний өмнө байхгүй. Бид нар гурван сарын дараа тэмцээнтэй байлаа гэхэд ямар ч архи, гэр бүлийн асуудалгүй байж бэлтгэлээ хийдэг байхгүй юу. Тэмцээний дараах стрессээ бол ганц хоёр пивоор тайлж болох байх гэж боддог шүү дээ.
-Тэр гурван сарын хугацаанд бэлтгэл хийдэг. Гэтэл чамайг олон удаа бэлтгэл тасалсан гэж дасгалжуулагч багш яриад байна билээ. Өмнө нь Эрдэнэтэд нэг асуудал үүссэн. Бас л бэлтгэлийн үеэр архи ууж багштайгаа маргалдсан гэсэн. Дараа нь нэг клубд зодоон хийгээд машинд мөргүүлсэн асуудал үүсч байсан гэх мэтчилэн дэглэмээ чи яагаад зөрчөөд байдаг юм. Бэлтгэлгүйгээр би чадна гэж бодоод байдаг юм уу?
-Үгүй. За нэг нэгээр нь л ярья даа. Эрдэнэтэд болсон асуудал гэвэл миний жинд Энх-Амар гэж хүн байдаг. Би 57 кг-нд жингээ хасч орж байгаа юм. Уг нь бол миний жин 63 кг шүү дээ. Гэтэл 58 кг жинд хамгийн эхэнд Энх-Амар ахтай тааруулчхаж байгаа байхгүй юу. Уг нь бол бид хоёр финалдах ёстой. Хамгийн гол нь финалдаад хожсон нь олимпын эрхийн тэмцээнд явах ёстой байсан. Нөгөө талд багш нар маргалдаад байсан. Энх-Амарыг явуулах гээд. Би бас явах гээд байдаг. Тэгээд бид хоёр тоглож байхад гурав дугаар үед миний хөл бэртсэн. Олимп дээр хөл боолттой орсон шүү дээ. Миний шөрмөс сэмэрчихсэн байсан.Тухайн үедээ халчихсан байсан болохоор юу ч мэдрээгүй. Тэгээд би гурван үе тулалдаад хожсон. Тэгээд Батнасан ах за за миний дүү гол хүнээ хожчихсон юм чинь тэмцээнээ дуусгачих гэсэн. Угаасаа хожчихсон юм чинь олимпын эрхийн тэмцээндээ чи явна гэсэн. Тэгээд маргааш нь бүр алхаж болдоггүй. Тэгээд би бэртлийн улмаас тэмцээнээ дуусгачихсан байхгүй юу.
-Гол өрсөлдөгчөө ялсан учраас тэмцээнээ дуусга гэж хэлсэн юм байна шүү дээ?
-Би бас тэмцээнээ дуусгая аа гэсэн байхгүй юу. Үнэхээр болохгүй болоод л тэмцээнээ дуусгасан. Хазганаад явж чаддаггүй. Манай нэг найз бас тэмцээндээ хожигдчихсон. Тэгээд бид хоёр хамт клубд суусан. Би чинь 25 настай. Хоёр хүүхдийн эцэг. Тэгээд бааранд орж суугаад хоёр гурван пиво уугаад 23 цагийн үед гараад буудал руугаа явж байсан. Гайтай юм шиг, уг нь бол багш гэхдээ би ахаа гэж дууддаг. Тэр хүнтэй таараад би сайн байна уу ахаа гэж хэлсэн. Надад шууд дургүйгээ илэрхийлж байгаа байхгүй юу. Чи уучихсан байна тэ гээд гурав алгадаж байгаа юм. Тэгэхээр нь миний уур хүрээд, “ээ та болохгүй шүү дээ гээд л явах гэсэн, араас чамайг маргааш гөлөг болгоноо гэсэн. Тэгэхээр нь би эргэж хараад цохих гээд очсон байхгүй шүү. Гэхдээ оноогүй. Зүгээр халтираад уначихсан байхгүй юу. Тэгсэн чинь толгой дээрээс дэвсээд, чирж мэрээд бөөн юм болсон. Нүүр энэ тэр халцраад. Би тэгэхэд маш их гомдсон. Тэр үед цагдаа ирээд салгаад, багш энэ тэр гарч ирээд би өрөөндөө ороод унтаад өгсөн. Тэгээд маргааш нь бүгдээрээ хүрээд ирсэн. Цагдаа бас байсан. Тэгсэн надад арга хэмжээ авна. Согтуу байсан энэ тэр гэхээр нь би тэр хүнд та ингэж болохгүй гэж хэлээд цагдаа руу явсан. Тэгээд гэмтлийн зэрэг энэ тэр гараагүй байсан учраас хэргийг хаалгасан.
-Тэр үед гарсан мэдээлэл бол тэмцээний үе, тэгээд дээр нь бэлтгэлтэй байх үедээ дэглэм зөрчөөд, архи уугаад шаардлага тавьсан багшийгаа зодсон гэсэн мэдээлэл гарсан?
-Багшийгаа зодсон л гээд байгаа юм. Хүн ер нь өөрийгөө л авч гарна шүү дээ. Сая бас өөрсдийгөө л аваад гарчхаж байна лээ. Би одоо хэрнээ гомддог шүү дээ. Ахаа гээд мэндлээд л явдаг.
-Тэгвэл тэр үед хүмүүсийн ойлгосон шиг байгаагүй л юм байна. Дараа нь бас гудамжинд алхаж байгаа нэг үйлдэл гардаг шүү дээ. Үүн дээр бас маш олон зүйл яригддаг тэ. Түрүүн чи буруу хүмүүстэй найзлаад гээд ярьсан. Чи мансууруулах бодис, хар тамхи хэрэглэж байсан уу?
-Үгүй ээ.
-Найзууд чинь тийм юм хэрэглэдэг үү?
-Тэд нар бол магадгүй байх аа. Ерөнхийдөө бол би өдөр болгон л бэлтгэлтэй байдаг. 14 хоногтоо нэг допингийн шинжилгээ өгдөг. Тухайн үед таньдаг найзууд дуудахад би очиод юу болсныг мэдэхгүй нэг мэдсэн л эмнэлэгт сэрсэн шүү дээ. Яг үнэндээ бол миний амьдралын хамгийн новшийн зүйл бол энэ байхгүй юу. Би энэ явдлын дараа амиа хорломоор санагдсан. Хүмүүс намайг юу гэж бодох болоо гэхээс л амиа хорломоор санагдсан. Ахиж би тэнд байсан хүмүүстэй харьцаагүй.
-Энд юу болсныг мэдээгүй юм уу. Санахгүй байна уу?
-Санахгүй байна.
-Энэ үйл явдлыг Н.Төгсцогттой холбож яриад байлуу үгүй юу. Н.Төгсцогтоос мөнгө гуйхад, гудамжаар ингээд явчхаа, тэгсэн чинь чи явчихсан гээд. Үндсэндээ мөнгө хэрэг болоод тэгж явсан. Дараа нь Төгсцогт нь ч билүү нэг нь уучлаарай гэж хэлсэн гээд. Ийм дам яриа байдаг. Олон хүн сонссон байдаг юм байна билээ. Тиймээс тэрийг үнэн юм уу гэж асууж байгаа юм. Тэрнээс би нотлохгүй, батлахгүй?
-Тийм зүйл байхгүй.
-Тэгэхээр юу болсныг санахгүй байна гэдэг нь мэдэхгүйгээр мансууруулах бодис хэрэглэчихсэн гэж ойлгох уу?
-Ерөнхийдөө бол тийм л зүйл болсон. Би хар тамхийг харж ч үзээгүй.
-Өө тийм үү. Чи өөрөө мэдэхгүй мансуурчихсан байснаа сүүлд нь ойлгосон юм уу?
-Би эмнэлэгт сэрсэн байхгүй юу. Юу болсныг санахгүй, эмнэлэгт сэрсэн. Миний хоёр хөл хөлдчихсөн байсан. Ээж энэ тэр ирчихсэн. Миний хүү юу ч санахгүй байна уу гээд л. Тэгээд бичлэг энэ тэр үзээд шууд шоконд орсон. Би яг яах уу гээд л.
-Чи үнэхээр санахгүй байна уу. Ичсэндээ зүгээр мартах гээд байна уу. Санахгүй гэж хэлээд байна уу?
-Ямар ч байсан шалдан гүйгээд байгаагаа санаад байгаа юм. Тэгээд би цагдаа дээр очиод надад хүмүүс хар тамхи татуулчихлаа гэж хэлснээ санаад байгаа байхгүй юу. Цагдаа нар намайг аваад явсан. Тэрнээс бусдыг санахгүй байгаа. Орж гараад л байсан. Тэгээд эмнэлэгт дусал энэ тэр хийлгээд зүгээр болчихсон шүү дээ.
-Архи уусан уу?
-Уугаагүй. Цагдаагийн газар байхад үнэртүүлээд байсан байхгүй юу. Үлээлгэж мүлээлгээд. Тэгээд би жоохон сэргэж аваад л бусдыг нь санахгүй байгаа байхгүй юу.
-Архи уугаагүй хэрнээ мансуурчихсан. Тэр уух юманд нь хийчихсэн байсан юм уу. Яасан байж таарах уу?
-Би ямар ч байсан аягатай юм л уусан. Бусдын юу ч санахгүй байгаа байхгүй юу. Бие нээх эвгүй оргиод л, за би утсаар яриадхъя гээд л шууд би гараад гүйчихсэн гэж байгаа байхгүй юу. Тийм л юм болсон.
-Тэнд очиж наргиж цэнгэе гэж бодож очсон уу?
-Ерөнхийдөө зүгээр ууя аа л гэж бодож очсон. Тэгэхдээ ууж эхлээгүй байсан л даа. Ороход таних танихгүй хүмүүс байсан. Эмнэлгээс гарахдаа би шийдчихсэн гарсан шүү дээ. Хөлгүй, алхаж ч чадахгүй. Би зүгээр амиа хорлочихъё гэж бодож гарсан. Одоо бодоход аймар тэнэг өчүүхэн бодолтой байгаа байхгүй юу. Ээж аав маань эрүүл саруул өсгөсөн. Сая би паралимпыг үзээд,өөртөө гутарсан.Гар хөлгүй хүмүүс олимпын аварга болоод байхад нэг ёсондоо амьдрахын төлөө зүтгэж байхад би үхэхийг бодож байдаг. Би үнэхээр тэнэг юм аа гэж сая л бодсон. Тэд нар бол гайхамшигтай агуу тамирчид. Гэтэл надад хайртай гэр бүл маань байна. Шалдан гүйгээ л биздээ. Угаасаа хүн шалдан ирээд, шалдан л хорвоог орхидог шүү дээ. Хэнд хамаатай юм. Эргээд би боксдоо орсон л доо. Цуг бэлтгэл хийж байгаа миний найзууд бол үнэхээр гоё. Миний найз битгий сэтгэл санаагаар унаарай. Шантарч болохгүй шүү гээд л. Бүгдээрээ дэмжихэд миний мөрөөдөл асаад л ирсэн байхгүй юу. Би чадна. Олимпдоо орно гээд.
Тэгээд би мансуурсан нь илрээд шүүхээс зохих хэмжээний шийтгэл аваад 20 хоног баривчилгаанд суусан. Би тэнд байхдаа их зүйл ойлгосон. Хүний эрх чөлөө гэж ямар гоё юм бэ. Хүн ер нь хутганы ирмэг дээр л алхаж байдаг юм байна. Жоохон хазайх юм бол асуудалд орчих гээд. Эсвэл зүгээр мөрөөрөө алхаж яваа хүн дээр хажуу талаас мөргөх ч юм уу. Гай гэж байдаг юм байна гээд их олон зүйл бодсон.
-Чамд сургамж болох үйл явдлууд зөндөө болсон байна шүү дээ. Чамайг мэдээгүй байхад мансууруулсан байна. Тэгэхээр чамд өмнө нь хүмүүстэй уулзаж учрахдаа болгоомжлох дохио ирж байсан байна шүү дээ. Тэрийг тоохгүй байна гэдэг бардамнал уу?
-Бардамнал биш байх аа.
-Чи өөрийгөө хэн гэж боддог вэ?
-Би өөрийгөө хэн ч биш гэж боддог шүү дээ.
-Чи Монгол Улсын гавьяат тамирчин шүү дээ. Чи энэ улсад авч ирээгүй медалиудыг авч ирсэн.
-Би том болоогүй юм шиг байна. Найзууд пс тоглоё гэвэл гарч тоглоод л, гавьяатаа зүүчихсэн ч гэсэн пс тоглоод л. Мэдэхгүй ээ. Манай найзууд ч бас том болоогүй юм билүү. Би чинь найзууддаа их хайртай. Арван жилээсээ найзалсан. Эргээд найзалж байгаа. Хүнийг хөөргөдөг, чи лаг, бэлтгэл тарахаар ганц пиво ууя л даа гэдэг найз надад мянга мянгаараа байсан. Гэхдээ багаасаа найзалсан миний амжилттай цаг үргэлж хамт байсан найзууд илүү юм билээ.
-Буцаад хоёулаа холбооны асуудал руу оръё. Чамд тохиолдсон зүйлүүдийн араас олны хэл ам дагасан. Спортыг бид арай өөрөөр үнэлээд, тодорхой хэдэн шалгуур тавиад тогтчихож. Энэ үйл явдлууд дээр холбооноос сануулах, анхааруулах, чамайг уучлах ч гэдэг юм уу, эсвэл чамаас тайлбар авдаг ч юм уу ийм харилцаа холбоо байсан уу?
-Тийм зүйл бол байгаагүй.
-Сая холбооны удирдах зөвлөл шинээр байгуулагдаж байх шиг байна. Энэ хүмүүс чамайг таних ёстой шүү дээ. Яг юу болоод байна, яг юунаас болсон юм. Бэлтгэл тасалсан юм уу, үгүй юм уу. Тэмцээн нь дууссан байсан юм уу үгүй юм уу, яг тэр үйл явдал юу болсон юм. Ер нь манай тамирчин яагаад байна. Чамтай эргэх холбоо ерөөсөө байдаггүй юу. Яг үнэн юм уу гэж асууддаггүй юу. Одоо жишээлбэл дөнгөж саяны болсон үйл явдал дээр чамаас тайлбар сонссон уу?
-Саяны болсон үйл явдал дээр тайлбарыг нь би өөрөө бичиж өгсөн.
Э.Цэндбаатар: Энэ ДАШТ Монголын ард түмнийг баярлуулах сүүлийн боломж минь байсан
-Хөөгдөнө гэдгээ мэдсэнээсээ хойш уу?
-Үгүй. Тэрнээс өмнө. Хоёр ах болохоор дүүгээ ингэчихлээ. ДАШТ-нд нь явуулаад өгөөч гээд бичгээр бас хүсэлт өгсөн юм билээ. Хоёр ах маргааш нь эрүүлжихээс гарч ирээд надаас уучлал гуйсан. Би яг үнэндээ тэр хоёр ахад гомдохгүй байна. Хамгийн гол нь би тэнд архи уусан нь миний л буруу. Гэхдээ миний арван жил хөдөлмөрлөсөн гавьяатын тэмдгийг хуваасанд л гомдоод байгаа юм. Би хоёр ахдаа хэлсэн. Би та хоёрт гомдохгүй байна. Гэхдээ ДАШТ-нд оролцмоор байна. Энэ миний сүүлийн тэмцээн. Өмнөх ДАШТ-нд би хүрэл медалийн төлөө тоглож хожоод, мөнгөн медаль дээр хийлгүүлсэн. Сая би Токиогийн олимпоор монголын ард түмнээ баярлуулж чадаагүй. Уг нь сэтгэлдээ медаль авч ирсэн бол гэж их бодсон. Гэхдээ чадаагүй юм чинь яах вэ дээ. Би зөндөө олон удаа алдаа гаргаж итгэлийг нь алдсан. Түүндээ харамсаж олимпын медаль авч ирэх юм шүү гэж их зорьсон. Аймар их хичээсэн. Одоо энэ дэлхийн аварга болохоор Монголын ард түмнийг баярлуулах сүүлийн боломж байхгүй юу.
2016 оноос хойш мэргэжлийн боксоос санал ирсэн. Би яваагүй. Уг нь явсан бол, Н.Төгсцогт ах шиг амжилт үзүүлээд явж байх байсан. Гэтэл би Монголдоо амьдраад олимпын аварга болох зорилго тавьсан. Энэ дэлхийн аваргад 60 кг орж ирж байгаа. Хамгийн гол нь би 60 кг-ийн жинд дэлхийд нэгт бичигдэж байгаа. Азийн хошой аварга боллоо. Би ДАШТ-ний хүрэл медалийг 57 кг буюу доод талын жингээс нь авлаа л даа. 60 кг гэдэгт Отгондалай ах байна. Үе үеийн тамирчид 60 кг-аас л төрсөн шүү дээ. Тиймээс би 60 кг-нд орж бут нэргэмээр байгаа байхгүй юу. Би өөрийнхөө хэн гэдгийг харуулмаар байна. Би бэлтгэлээ хийж байгаад л, буруу газраа буруу цагтаа уусан маань алдаа болчихлоо. Ууна гэдгийг л амьдралаасаа зайлуулна.
-Хоёр ах нь бид нарын буруу байсан гэж шийдвэр гархаас өмнө холбоонд өгсөн юм уу?
-Тиймээ холбоонд өгсөн. Тэр хоёр “бид хоёрын буруу. ДАШТ-нд оролцох гэж байсан Э.Цэндбаатарыгаа зодсон. ДАШТ-нд нь явуулаад өгнө үү” гэсэн хүсэлт бичсэн юм билээ.
-Энэ хоёр ахыгаа ингээд бичээд өгчих гэж чи гуйсан юм биш биз дээ?
-Би ерөөсөө гуйгаагүй.
-Өөрсдөө тамирчин хүмүүс байсан учраас ойлгоод бичиж өгсөн юм байна.
-Ер нь бол “Би энэ ДАШТ-нийг үзчихмээр байна шүү. Би та хоёроос болж ийм байдалд орсон гэж хэлсэн. Гэхдээ би та хоёрт гомдохгүй. Цагдаа шүүх ч гэж явахгүй” гэж хэлсэн. Хоёр ах маань надаас уучлалт гуйсан.
-Чамайг хэвлэлийн хурал дээр удаа дараа уучилсан гэж хэлж байсан. Тэр болгон дээр холбооноос чамтай холбогдож, чиний байр суурийг авч байгаагүй юм байна гэж ойлгох нь зөв үү?
-Шигшээ багаас хассан гэж хэлсэн шүү дээ. Би чинь саяны Азийн аварга, олимпын өмнө л шигшээ багаас хасагдчихсан байсан шүү дээ.
-Өмнө нь хасагдчихсан байсан юм уу. Хөөгдсөн юм уу?
-Хөөгдчихсөн байсан шүү дээ.
-Одоо л хөөгдөөд байгаа хэрэг биш юм уу?
-Би одоо хөөгдөөд байгаа юм биш байхгүй юу. Цалингаа аваагүй шүү дээ. Аль хэдийн хөөгдчихсөн. Гэтэл энэ удаад сүртэй хэвлэлийн бага хурал энэ тэр хийгээд л.
-Өмнө нь шигшээ багаас хөөгдчихсөн байсан юм бол яагаад Монголыг төлөөлөөд тэмцээнд яваад байв?
-Олимпын эрхийн тэмцээнд дахиад Энх-Амар ах бид хоёр өрсөлдөх байсан ч ковидоос шалтгаалж болоогүй. Тэгээд рейтингээрээ би арай илүү байсан учраас явахаар болсон. 57 кг жиндээ явахаар болсон. Дахиад л жингээ хасах хэрэг гарсан ч би чадна гэж итгээд явсан.
-Хоёулаа явсан тэ?
-Чинзориг ах 63 кг жинд явсан.
-Чи чинь 63 кг биздээ.
-Би уг нь жингээ хасахгүй л олимпод оролцмоор байсан. Тамирдахгүй гэсэн үг. Өөрийнхөө бяраар оролцмоор байсан. Тэд нарын өндөр надад хамаагүй шүү дээ. Бэлтгэл сайтай, аягүй сайн формтой байхад ямар ч тэмцээнд амжилттай оролцож чадна гэж боддог.
-Тэгээд манайхаас хоёр тамирчин явахаар байсан. Чи жингээ хассан?
-Тийм. Би жингээ хасах болсон. Цар тахлын үед бэлтгэл хийх нөхцөлгүй байхад ч би хийгээд л байсан л даа.
-Монголчууд тэр аяараа чиний тулааныг үзсэн л дээ. Эхний хоёр үе бол сайн тоглосон. Хоёр дохь үеийн голоос авхуулаад хойшоо суугаад эхэлсэн. Тэр нь бол жингээ хасч тоглосноос болсон байх. Хэдэн кг-аас 57 кг боллоо?
-Би 13 кг хассан.
-Чамайг бол одоо бэлтгэлээ хийдэггүй байсан юм байна. Архи уугаад бэлтгэлээ таслаад нормоо алдаад ингэж тамирдаж орсон юм байна гэх ойлголтыг үзээд сууж байсан Монголчууд аваад сууж байна л даа. Бэлтгэл бол маш сайн хийсэн юм уу?
-Бэлтгэлээ бол аймар сайн хийсэн.
-Чамайг ялагдаад буугаад ирэхэд багш нар нь юу гэж хэлсэн?
-Жиндээ аймар гоё орсон. Жин хасуулахын тулд бүхэл бүтэн баг ажилласан шүү дээ. Олимпод оролцуулахын тулд хоолны зөвлөгөө, сэтгэлзүйч гээд баг ажилласан. Маргааш нь би жиндээ орох гэхэд 400 гр илүү байсан. Тэгээд би 30 минут гүйж, хоёр үе бэлтгэл хийгээд л 57.00 кг гэдэг жинг тэр өдөр харсан. Олимпын эхний тоглолт л надад аймар хэцүү байсан. Би Кейнийг өмнө нь хожиж байсан л даа. Тэгээд жоохон бардсан. Тэгээд тэр нь шигээ л юм шиг бодоод гарсан үү, энд тэнд гараад пижигнэж өгдөг юм. Би өөрийгөө точний оноогоор хожсон гэж бодсон. Тэгэхэд анх удаа багшаасаа Кейнийг аймар хийлээ дээ гэдэг үг сонссон. Ямар ч байсан хамгийн эхний ялалтаа авлаа гэж багш хэлсэн. Тэгээд хоёр дахь тоглолт дээрээ Монголчуудад хэлсэн шигээ би эргэн ирнэ гэдэг амлалтандаа хүрсэн. Вьетнамын тамирчин байсан л даа. Би тоглолтыг нь мэддэг. Тэгээд хожсон. Оросын тамирчинг ч бас мэддэг. Медалийн төлөө учраас сэтгэлзүйгээ бэлдсэн. Намайг өрөөндөө байж байхад Ерөнхийлөгч орж ирээд за медаль авах юм бол 4 өрөө байр өгнө гэж хэлсэн. Би тийм зүйл анх удаагаа сонссон л доо. Энэ гэхдээ надад дарамт болж байсан. Өмнө нь азийн аварга, ДАШТ-нд медаль аввал байр өгнө гэсэн хүмүүс худлаа ярьж байсан учраас би ерөнхийлөгчийн энэ үгэнд нээх их итгээгүй л дээ. Тоглохын өмнө тийм юм сонсохоор дарамт байдаг л даа. Медаль авахгүй бол энэ бүхэн байхгүй болчихно. Авчих юм бол өгөх болов уу ч юм уу тэ. Яг үнэндээ би авчхаад байдаг амласан юмнууд нь байдаггүй байхгүй юу. Би гэхдээ ерөнхийлөгчийн үгийг хүлээж аваагүй. Харин өөрийнхөө алдаануудыг медалиар хариулахыг хүссэн.
Эхний үед би 5:0-оор хожсон. Хоёрдугаар үед аймар ядраад дуу гарахад хүртэл хэцүү. Багшаа хожиж байна уу. Хожоод байгаа юм уу, хожигдоод байгаа юм уу гээд хашгирмаар санагдсан. Тэгээд би хоёрдугаар үед хожигдсон юм байна даа. За би гуравдугаар үед хожих ёстой гээд урагшаа явсан. Ах нар хойшоо хойшоо л гээд байсан. Би хойшоо яввал хожигдчих юм шиг санагдаад бүх юмаа гаргасан. Гэхдээ энэ тэмцээнд миний толгой 100 хувь ажиллаж чадаагүй. Одоо би боддог байхгүй юу. Багш надад ингээд хэлчихгүй дээ гээд. Талийгаач багш Банди надад аймар гоё ялалт авч ирж байсан. Яахаа мэдэхгүй байхад, сул талыг нь надад хэлээд би нүдээ аниад л хожиж байгаа байхгүй юу. Эхний үе хожигдсон ч, хоёр, гуравдугаар үед нүдээ аньж байгаад л хожсон. Багш надад сул талыг хэлж өгсөн учраас хожсон. Харин энэ олимпоор багш надад нэг хоёрдугаар үед яллаа, гуравдугаар үед зүгээр зугтчих гэсэн бол, би Бадар-Ууган ахаас илүү хөл дээрээ ажлаад хожих байсан.
-Тэгээд тоглолтын дараа багш чинь юу гэсэн юм. Хожигдлынх нь талаар алдаа оноогоо хэлэлцсэн биз дээ.
-Арчаагүй юм даа л гэсэн шүү дээ. Олон сар хоол идээгүй учир хоолны өрөөнд нь ороод л идсэн. Хүсээд байсан хоол ч орохгүй байсан. Тэгээд Японоос хурдхан явж эх орон гэр бүлдээ очих юмсан гэж бодсон. Гэхдээ би шантраагүй л дээ. Миний горьдлого бол энэ дэлхийн аварга л байсан. Би олимпоос ирээд л ДАШТ-нд бэлдэж эхэлсэн. 60 кг-нд орох учраас хүчний бэлтгэл хийсэн. Гэхдээ миний энэ нэг алдаанаас болоод бүх зүйл буруугаар эргэчихлээ.
-Холбооны зүгээс чамтай уулзаж, бодит байдал нь юу болсон эсэх талаар ярилцаагүй юу. Багш дасгалжуулагч гэдэг зөвхөн техник заахаас гадна чамайг хэн бэ, чиний сэтгэл санааны байдал, аж амьдрал ямар байгаа вэ. Маш олон зүйлээс амжилт шалтгаалдаг гэдгийг мэддэггүй юм уу. Тэгэхээр чамайг холбоотой холбох ажлыг хэр хийж байсан бэ. Тийм зүйл байсан уу. Ер нь чамайг анхаардаг уу, эсвэл чамайг алдахаар шүүмжилдэг үү?
-Одоо бол холбоо шинэчлэгдсэн. Намайг өмнө нь аймар их анхаардаг байсан. Батнасан ах ялангуяа дэлхийн аваргын медальтай болгосон. Гавьяат тамирчин болгосон. Би Батнасан ахад баярлаж явдаг юм. Бас гомдож ч явдаг. 2015 онд насанд хүрэгчдийн улсын аваргад түрүүлж байсан байхгүй юу. Тэгээд би Ази, Дэлхийн аваргад явах байсан. Гэтэл би түрүүлчхээд байхад мөнгөн медаль авсан тамирчныг авч явсан. Би ах нарыгаа ринген дээр хожиж байж л цаашдын тэмцээнд орох эрхээ авдаг. Хэрвээ намайг дүү нар минь хожвол би маш их баярлана. Би Оки ахыг хожихдоо МУГТ, Азийн аварга, Дэлхийн аварга болох юм байна гэж өөрийгөө бодсон. Өөрөөсөө илүү тамирчинг хожихоор урам ордог юм билээ.
-Тэгээд явуулаагүй юм уу?
-Тийм. Хоёрдугаар байранд орсон Идэрээ ахыг аваад явсан. Тэр үед би шантраад боксоо больё гэж бодсон. Угаасаа намайг дэмжихгүй юм байна гээд л. Миний оронд явсан Идэрээ ах хоёр тэмцээнээс хоёулангаас нь медаль аваагүй ирсэн.
2016 онд ахиад улсын аварга болж байгаа байхгүй юу. Тэгсэн ч намайг авч яваагүй. Хоёр талд Идэрээ ах бид хоёр түрүүлээд яг таарч тоглохоор би хожоод байсан. Би үндсэндээ Идэрээ ахыг хоёр удаа хожиж нэг хожигдсон байдаг юм. Тэгээд олимпын эрхийн тэмцээнд би явж байгаа байхгүй юу. Тэгээд эхний эрхийн тэмцээнд хоёр хожоод, Казахстаны тамирчинд луйвардуулаад олимпын эрхээ авч чадаагүй юм. Дараагийн хоёр сард нь Азербайжанд болсон сүүлчийн эрхийн тэмцээнд орж зургаа хожиж олимпын эрхээ авсан. Тэгээд Риод маш туршлагагүй оролцсон. Дэлхийн гурван тэмцээнд ороод л олимпод оролцсон.
-Тэгэхээр ер нь бол Батнасан ахдаа баярладаг. Бас гомддог гэж байна шүү дээ. Мөн өмнөх холбоо чамайг анхаарч ажилладаг байсан. Одоо энэ шинэ холбооны бүтэц бүрэлдэхүүн чамайг хасах, ДАШТ-нд оролцуулахгүй байна гэж чи үзэж байна уу?
-Би бичлэг энэ тэр бүх юм аа л үзүүлсэн. Би гуйсан. Тэгээд шигшээ багаас хаслаа хаслаа л гээд байгаа, аль хэдийн хасагдсан хүнийг ахиад хоёрдохоо л хасчихлаа.
-Энийг чи ёсзүйн алдаа гаргаснаас болсон гэж харж байна уу. Энэ юунаас болсон гэж чи бодож байна?
-Ёсзүйн алдаанаас болж намайг дэлхийн аваргад оролцуулахгүй гэж ойлгосон.
-Яагаад чамайг Дэлхийн аваргад оролцуулахгүй гэж байгаа юм?
-Би бол зөндөө л гуйсан. Яагаад явуулахгүй гэж байгааг нь би ойлгохгүй байна. Асуудал гарсан ч маргааш нь би бэлтгэлээ хийж л байсан байхгүй юу.
-Ямар нэгэн хувийн үзэмжээр дургүйцэх шалтгаан байгаа юу?
-Надад дургүйцээд байх юм алга.
-Биш ээ. Чамайг тэр хүмүүс хувийн үзэмжээр дургүйцэж харьцсан тохиолдол байсан уу?
-Байхгүй байх аа.
-Олимпын хорооны Э.Бадар-Ууган тусалж дэмждэг үү. Та нарын харилцаа хэр вэ?
-Би олимпын тэтгэлэг авч үзэж байгаагүй байхгүй юу. Тэтгэлэг энэ тэр авахыг аймар их хүсдэг байсан. Риогийн олимпоор орж байхад тэтгэлэг өгчих болов уу яах бол гээд их боддог байсан. Одоо олимпын хорооны дарга чинь Э.Бадар-Ууган ах шүү дээ. Миний хүндэлж явдаг ах. Би Э.Бадар-Ууган ах байсан учраас боксод орсон. Сэрдамба ах энэ хоёр байгаа учраас би орсон. Энэ хоёрыгоо насан туршдаа хүндэлж явах болно. Би бусад хүмүүсийг хүндэлдэггүй. Би энэ хоёрыг багаасаа шүтэн биширч ирсэн. Миний мөрөөдөл энэ хоёр шиг л мундаг тамирчид болно гэж үүссэн учраас аймар их баярлаж, хайрлаж явдаг.
-Чи бокс тоглож амьдралаа сайжруулъя гэж хүсч байна уу. Эсвэл үнэхээр хөдөлмөрөө зориулсан учраас оргилыг нь үзье гэж бодож байна уу. Нөгөөтэйгөөр Монголчуудаар өөрийгөө бахархуулж хайрлуулах. Аль нь чиний ноймор нэг зорилго юм бэ?
-Монгол Улсын төрийн далбаа, төрийн дууллыг олон улсад эгшиглүүлэх. Монголчууд ийм шүү гэдгийг харуулахыг хүсдэг юм. Би Мэргэжлийн бокс руу нэг алхам ойртох нь энэ дэлхийн аварга байхгүй юу. Би дэлхийн аваргаар л Монголын ард түмнийг баярлуулна. Би АНУ-д очиод Цэндбаатар гэж яригдахгүй шүү дээ. Монгол улс л гэж яригдана. Тиймээс Монгол Улс гэдэг нэрийг л өндөрт өргөмөөр байна.
-Чамд нэг боломж өгөөд боксын холбоог өөрчлө гэвэл, юуг нь өөрчлөмөөр санагддаг вэ. Чи түрүүн хэлсэн шүү дээ. Эрхээ авсан тамирчинг биш, түүний дараагийн тамирчинг явуулдагаа гэж. Ийм зүйл олон байдаг уу. Ер нь тамирчид сэтгэлзүйчтэй уулздаг уу. Чи сэтгэлзүйчтэй уулзаж байсан уу?
-Уулзаж байсан л даа. Гэхдээ надтай ойлголцож чадахгүй байсан. Мэдэхгүй ээ. Миний бодолтой санал нийлэхгүй байх шиг байсан. Хамгийн гол нь багш шүү дээ. Шигшээ багийн дасгалжуулагч гэдэг бол хамгийн чухал байхгүй юу. Би олон жилийн туршлагатай багшийг ахлах дасгалжуулагч болох ёстой гэж боддог. Гавьяат дасгалжуулагч Ганзориг гээд байдаг. Тэр багш маань байрны В1 давхарт бэлтгэлийн заал түрээслэж, шавь нараа бэлтгэдэг. Тэр багшийн шавь нар тэмцээнүүдэд амжилттай оролцож байна. Уг нь өмнө нь ахлах дасгалжуулагч байсан юм. Гэтэл ажлаас нь чөлөөлсөн. Риогийн олимпод ахлах дасгалжуулагчаар авч явсан Гантулга багш байна. Сайн багш гэж боддог юм. Өөр бусдын бол мэдэхгүй ээ.
-Өөр багш явсан уу?
-Миний багш намайг багаас бэлдэж гаргаж ирсэн. Миний багш Энхтайван гэж хүн байдаг. Талийгаач Банди багш маань өрсөлдөгч тамирчны алдааг хардаг, тамирчнаа мэдэрдэг. Аймар нервтээд амрах гээд буугаад ирхээр эхлээд миний хүү тайвшир, багшийнхаа үгийг маш сайн сонсоорой гэдэг. Яг тэр хэлснээр нь тоглохоор хождог байсан. Би ринген дээр уурлаж байхад хажуу талаас багш нь хараал хэлээд загнаад байхаар тоглолт гардаггүй.
-Чи дээрх хүмүүсийг сайн багш гэж үздэг. Бусад хүмүүсийг тааруу гэж үздэг гэж хэлж байна. Тэрийгээ янз бүрийн хэлэмжээр харуулаад байгаа учраас чамайг биеэ тоож байна гэж үзээд байна. Тэгэж бодож байна уу?
-Манайханд бол мэндлэхээс л биеэ тоох эхлэнэ л дээ. Мэндлэхгүй явахад энэ биеэ тоочхож гэнэ.
-Чамд ер нь хэр их тохиолдож байсан бэ. Чи ер нь өөрийгөө юу гэж бодоод байгаа юм гэдэг хандлага?
-Чи өөрийгөө юу гэж бодоод байгаа юм гэхэд би инээгээд л байж байдаг шүү дээ. Би сүүлийн үед аймар сонин дуугүй болчхоод байдаг болсон. Хэнтэй ч юм ярихыг хүсдэггүй. Аймар сонин. Токиогийн олимпоос хойш ийм болчихсон.
-Өөрийн юмаа алдсан юм шиг мэдрэмж төрөөд байна уу тэ?
-Аягүй сонин. Үүнээсээ гарч чадахгүй л байгаад байгаа. Дөрөв хоногийн дараа сорилготой гэдгийг мэдэж л байсан л даа. Бэлтгэлээ хийж л байсан. Алкахолгүй удсан юм чинь гээд тэр өдөр уучихсан. Тэр нь л миний алдаа байж. Ууж сэтгэлээ тайвшруулсан юм.
-Шигшээ багт байхад цалин чинь хэд байсан юм?
-Намайг байхад 670 мянган төгрөг байсан байх.
-Яг хэзээ шигшээ багаас хасагдлаа?
-Азийн аваргаас өмнө шалдан гүйсний дараа л хассан.
-Тэгэхээр чинь овоо удаж байгаа юм байна шүү дээ. Энэ хооронд цалин аваагүй гэсэн үг юм уу?
-Аваагүй. ШШГЕГ-ын харьяа Сүлд спорт хороо миний алдааг уучлаад ажлуулж байгаа.
-Одоо чиний сарын орлого чинь хэд вэ?
-ДАШТ-ний хүрэл медаль 450 мянган төгрөг байдаг. Ажнай корпорацийн Чанцал даргатай алалцаж байж 600 мянган төгрөг авдаг. Би нэхэж авдаг. Заримдаа гуйж байж авдаг.
-Эхнэр чинь ажил хийдэг юм уу?
-Үгүй.
-Хоёр охинтой. Одоо энэ авч байгаа цалин чинь амьдралд чинь хүрдэггүй болохоор өөрийгөө маш их дайчилж байгаа юу тэ?
-Тийм. Өөрийгөө маш их дайчилж байсан.
-Чи эндээс юу ойлгож авч байна?
-Би хэлсэн шүү дээ. Энэ миний алдаа байсан. Би өөрөө л энэ бүгдийг үгүй хийсэн.
-Хүмүүс чамайг хайрладаг. Гэхдээ тэр хайр нь алга эргүүлхийн завдалгүй алга болдог юм байна гэдгийг ойлгож авсан уу?
-Тийм. Би хүн амьтанд гомдоогүй байна. Надад гэр бүл байна. Би гадны оронд очиж тэр улсын далбайг өргөж явахыг ёстой боддоггүй.
-Одоо дэлхийн аваргын рингэн дээр биш, Мэргэжлийн боксод тоглох эрх нээлттэй байгаа юу. Сая шигшээ багаас хассантай адилаар мэргэжлийн боксод тоглох эрх хаалттай байгаа гэж сонссон?
-2016 онд л надад нээлттэй байсан шүү дээ. Хүрээд ир байр, бүх зардлыг чинь даая, чи гарын үсэг зурахад л болоо гэж байсан. ДАШТ-ний өмнө АНУ-д очиж бэлтгэл хийж үзсэн. Надад маш их таалагдсан. Одоо ч эрх маань нээлттэй байгаа.
-Үүнд холбооноос тээг болох нөхцөл бололцоо байхгүй юу?
-Тэгэх боломжгүй. Тийм нөхцөл бололцоо тэдэнд байхгүй шүү дээ.
-Шигшээ багт байгаа тамирчид гэрээ байгуулж, тэндээс мөнгө авдаг биздээ?
-Шигшээ багийн тамирчидтай бол гэрээ байхгүй. Холбоотой бол гэрээтэй байдаг. Би анх удаагаа азийн аваргаас алт авч 10 мянган доллараар шагнуулсан. Үүний 30 хувийг холбоо авсан.
-Гэрээ хийдэг үү. Хөдөлмөрийн гэрээ ч гэдэг юм уу?
-Хийдэг.
-Гэрээний заалтанд ийм ийм тохиолдолд тамирчныг хөөнө гэсэн заалт байдаг уу?
-Тийм юм бол байхгүй. Бэлтгэл гурван удаа таслах ч юм уу, тиймэрхүү л юм байдаг.
-Чи хөөгдөж байхдаа тэр гэрээгээ харсан уу. Гэрээнд л үндэслэж байгаа байх даа?
-Тэр гэрээ нь хамгийн гол нь дуусчихсан байхгүй юу. 2016 онд л гэрээ хийж байсан шүү дээ. Хараа ч үгүй зурчихсан.
-Гэрээгээ эргэж хараад, хуульчид хандвал, магадгүй чиний ДАШТ-нд оролцох эрх чинь нээгдэж болно. Гэрээ чинь чамтай харилцан тохиролцсон бичиг баримт шүү дээ. Тэр дээр заасан эрх үүргээ л аль аль талууд биелүүлж байх үүрэгтэй. Гэрээ дууссанаас хойш гэрээ хийгээгүй тохиолдолд, түүнээс хойш авсан арга хэмжээ чинь хүчингүй шүү дээ. Тэгэхээр гэрээ гэдэг зүйлээ эргэж нэг сөхөж хараасай гэж зөвлөж байна. Гэрээний талаар ерөөсөө бодоогүй юу тэ?
-Тийм. Бодоогүй.
-Бид хоёрын ярилцах цаг энэ хүрээд өндөрлөж байна. Өөр чамд дутуу хэлчихлээ дээ гэсэн юм байна уу?
-Монголынхоо ард түмнээс уучлал гуйя. Би олон асуудалд орж их зүйл үзлээ, давлаа. Энэ миний сүүлчийн дэлхийн аварга байсан. ДАШТ-нд оролцохгүй ч гэсэн миний амжилт үргэлжилнэ. Би мэргэжлийн боксод орж, авч ирээгүй бүх бүсийг авч ирэхийн төлөө бэлтгэлээ сайн хийнэ. Намайг уучлаарай. Би дахиж ийм алдаа гаргахгүй ээ.
-За амжилт хүсье. 25 настайдаа энэ бүгдийг ойлгож авч байна гэдэг чинь нэг талдаа зол шүү дээ. Харьцангуй эрт энэ бүгдийг туулж найз нөхөд гэж хэн юм гэдгийг ойлгож байгаад баяр хүргэе.
-Баярлалаа.
-Амжилт хүсье.
-За.