ХБНГУ-д мэргэшсэн ажилтан бэлтгэх тэтгэлэгт хөтөлбөр зарлана

2021 оны 9 сарын 142021-09-14
ХБНГУ-д мэргэшсэн ажилтан бэлтгэх тэтгэлэгт хөтөлбөр зарлана

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын “FAV” компанийн захирал Хайко Шулертай өчигдөр уулзлаа. Уулзалтаар мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтран ажиллаж, Улаанбаатар хотын иргэд, залуучуудыг Герман Улсад сургалт-дадлага хосолсон тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах асуудлаар санал солилцсон юм. Уг тэтгэлэгт хөтөлбөр хоёр үе шаттай явагдах бөгөөд хамрагдах хугацаа 2.5 жил байхаар төлөвлөжээ. ХБНГУ-ын мэргэшсэн ажилтан бэлтгэх Тюренгиний агентлагийн санал болгож буйгаар хэлний суурь шалгуурыг хангасан суралцагчдыг тус тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах боломжтой юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Монгол Улсад нэн шаардлагатай байгаа мэргэжлийн судалгааг нарийвчлан гаргах нь чухал. Цахилгаанчин, засварчин зэрэг мэргэжлийн боловсон хүчин Монголд хэрэгтэй байгаа. Энэ төрлийн мэргэжилтэн бэлтгэдэг 60 гаруй сургалтын байгууллага манай улсад бий. Герман Улстай хамтран хэрэгжүүлэх төслийн гол онцлог нь сургалтаа дуусгаад, тухайн улсдаа үргэлжлүүлэн ажиллах, мөн дараагийн шатны сургалт буюу магистрын түвшинд суралцах боломж олгож байгаа нь юм” хэмээн ярив.

Харин ХБНГУ-ын “FAV” компанийн захирал Хайко Шулер “Герман Улс Монголтой олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаад баяртай байдаг. Бид хамгийн гол нь хэл сурах, өөртөө цаг гаргах зоригтой хүүхдүүдийг сургах хүсэлтэй байна. Тэтгэлэгт хөтөлбөрийг бид таван улсад хэрэгжүүлэх гэж байгаагийн нэг нь Монгол. Хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн 95 хувь нь сургалтаа амжилттай төгсдөг” гэлээ.

Тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Герман Улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, ажил олгогчдын холбоо зэрэг байгууллагууд нэгдсэн бөгөөд суралцагчид өдрийн талд хичээлдээ сураад, бусад цагт нь ажил хийх боломжтой байхаар төлөвлөж байгаа юм байна.

Санал болгох

“Уурхайчдын нэрэмжит талбай”-г Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулна

Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой 2022 онд тохионо. Үүнтэй холбоотойгоор уурхайчдын яруу алдрыг мөнхлөх, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчныг нэмэгдүүлэх зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Уурхайчдын нэрэмжит талбай”-г бий болгохоор өнөөдөр шав тавилаа. Шав тавих ёслолд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул нар оролцсон юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас санаачилсан уг бүтээн байгуулалтад НЗДТГ бодлогын дэмжлэг үзүүлэхээр хамтран ажиллаж байна.

1 өдрийн өмнө
Нийслэлийн хүн амын нэмэлт тунгийн хамрагдалт 10 хувьтай байна

Нийслэлийн хэмжээнд өчигдөр /2021.09.18/ вакцины I тунд 76, II тунд 304, нэмэлт сэргээх тунд 1,629 буюу нийт 2,009 иргэн дархлаажуулалтад хамрагджээ.

3 өдрийн өмнө
Баянхошуу дэд төвийн үерийн даланг тохижуулжээ

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах үүднээс Баянхошуу, Сэлбэ, Долоон буудал орчмын гэр хорооллыг хотын дэд төв болгон хөгжүүлэх төслийг Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн банк, Европын Хөрөнгө оруулалтын банк хамтарсан хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн. Энэ хүрээнд Баянхошуу дэд төвд Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 28, 40 дүгээр хорооны нийт 162 га газарт нийгмийн хангамж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг цогцоор нь байгуулж байгаа.

5 өдрийн өмнө
Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох түр замыг дахин нээнэ

Хуримтлагдсан үерийн усыг нэвтрүүлэх зорилгоор өнгөрсөн зургаадугаар сард сэтэлсэн түр замын нөхөн сэргээлтийг хийж 2021 оны есдүгээр сарын 16-нд дахин замын хөдөлгөөнийг нээнэ.

6 өдрийн өмнө