ТУЛГА тойрсон: Нийслэлийн "Гуниг"

2021 оны 9 сарын 152021-09-15
ТУЛГА тойрсон: Нийслэлийн "Гуниг"

Нийслэлийн “Гуниг”-т явган хүний гарцгүй гүүр...

 

11.jpg

Нийслэлд эхлүүлээд хаягдаж байгаа, эхэлчхээд дуусч өгдөггүй, эхлүүлэх зөвшөөрөлгүй эхлүүлсэн, эхлүүлэх бодолтой ч ерөөсөө эхлүүлдэггүй гээд олон “Гуниг”-тай ажлууд байдаг. Тэдгээрийн нэг нь баригдаад 3 дахь жилтэйгээ золгож байгаа “Олимп”-ын гүүрийн ажил. Явган хүний замгүй дээрээс нь 2019 онд л 80 хувьтай явж байсан авто замууд яг хэвэндээ. Ёстой л эхэлчхээд дуусч өгдөггүй бүтээн байгуулалтуудын нэг нь энэ. 477 метр урттай БНХАУ-ын засгийн газраас 42 тэрбум гаруй ам.доллар зээлж барьж байгаа энэ гүүр Нийслэлчүүдийн хувьд “Гуниг”-тай ажлуудын нэг болоод удаж байна. Дэлхийн жишиг гүүртэй болно гэж бодсон болов ч явган хүний гарц ч үгүй дутуу хагас гүүртэй болчихсон. Нарны замын энэ гүүрээр урд хойно зааглагдан амьдардаг иргэд амь насаа эрсдэлд оруулан зөвхөн автомашин зорчих зориулалттай энэ  замаар ажилдаа ирж, буцдаг. Өөр замаар явъя гэсэн ч хамгийн ойролцоо урагш гарах явган хүний гарцтай зам нь 2-3 км. Гэртээ харихын тулд дор хаяж 2-3 км тойрч явахыг хэн ч хүсэхгүй. 3 жил алхчихсан иргэд нэгэнт эвлэрчихсэн мэт. Харин Нийслэлээс явган хүний зам хийхгүй гарц хийнэ гэж ярьж байсан ч одоог болтол хийгээгүй. Хийж байгаа зүйл ч байхгүй. Гүүрний доод талын усанд урссан авто замтайгаа л ноцолдсоор энэ намар өнгөрөх нь ээ.

13.jpg
12.jpg

 

Нийслэлд тэргэнцэртэй иргэд гүүр давах ёсгүй!!!

 

1.jpg

Нарны гүүрийн ажлыг Япончуудын буцалтгүй тусламжаар барьсан. Япончууд барьсан учраас Нийслэлд хир халдаах эрх байхгүй ч арчилж, сайжруулаад явах эрх нь байгаа. Баригдаад 9 жил болж байна. Япончууд барьсан юм болохоор өдий болтол нэг зам нь хагарч, эмтэрсэн зүйлгүй. Гэхдээ энэ гүүрээр мөн л нарны замын тухайн хэсгийн иргэд гэр лүү гээ явдаг. Олимпын гүүрийг бодвол явган хүний замтай ч тэргэнцэртэй иргэн энэ гүүрээр ганцаараа байтугай хүнээр түшүүлээд ч гарах боломжгүй. Автомашинаар эсвэл гүүрэн дээгүүр явахаас өөр арга байхгүй юм. Ер нь нийслэлээс тэргэнцэртэй иргэдийн ганцаараа аюулгүй, асуудалгүй хотдоо зорчдог байх тал дээр дорвитой ажил хийснийг санах гээд ч санаанд орж ирэхгүй байна. Бас л нийслэлийн “Гуниг” болсон үзэгдлүүдийн нэг.

3.jpg
2.jpg

 

Засгийн шийдвэрийг гацаах эрхтэй ДАРГА...

 

5.jpg

Жуковийн хөшөөний ар талын дөрвөн га газарт дөрвөн блок, долоон хэсэгтэй 16 давхар орон сууц үйлчилгээний төв барихаар төлөвлөж байгаа. Гэхдээ үүнийг оршин суугчид эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг үгүй хийж байна хэмээн эсэргүүцсээр... Олон хүний эрх ашгийг зөрчөөд байгаа энэ газар хэд хэдэн хүний нэртэй холбоотой. Тухайлбал УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, “Саран ээж” нийгэмлэг зэрэг. Уг нь иргэдийн санал хүсэлтийг харгалзан үзэж Засгийн газраас энэ оны 6-р сард уг газрын эрхийг цуцалж нийтийн эзэмшил ногоон байгууламжийн зориулалттай болгохыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт үүрэг болгосон. Үүнээс хойш 3 сар өнгөрч байхад барилгын ажил үе үе явагдаж харин Нийслэлийн Засаг дарга газрыг цуцалсан, цуцлах талаар нэг ч үг дуугараагүй байна. Нийслэлийн нэг хэсэг иргэдийн эрх зөрчигдөөд удаж байхад Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй гацааж байгаа шалтгаан нь юу юм бол доо? Бас л “Гуниг”-тай түүхүүдийн нэг болоод дуусах вий...

4.jpg
6.jpg
7.jpg

 

Явган хүний замтай нь газар олгодог ГАЗРЫН АЛБА...

 

8.jpg

Нэг л өдөр унтаж байхад байшинг чинь хашаалаад алга болгочих вий. Манай Нийслэлийн Газрын албаныхан мэдэх л улсууд шүү. “Дархан Хаан Уул” ХХК Чингис зочид буудлын хажуу талын энэ газрыг явган хүний замыг оролцуулаад эзэмших эрх авчихсан. Одоо түүн дээрээ үйлчилгээ, орон сууцны зориулалтаар барилгын ажлаа эхлүүлэн явуулж байгаа. Бас л “Гуниг”-тай түүхүүдийн нэг биз. Нийслэлийн иргэд бид аюулгүй, эрүүл орчинд зорчих эрхээ эдэлж болдоггүй юм аа гэхэд зүгээр л автомашинтайгаа нэг зам дээр алхаад баймааргүй байна. Энэ үзэгдэл дээр Нийслэлийн Хот Байгуулалт хөгжлийн газрын мэргэжилтэн ямар ч санаа зовсон зүйлгүйгээр тухайн компани нь явган хүний замыг ч эзэмших эрхтэй гээд ярьж байх жишээтэй. Угаасаа Нийслэлд явган хүн яваад байх тийм ч их зам байгаа биш. Байгаа хэд нь энд тэнд очоод гэнэт дуусчихдаг эсвэл эвдэрч гэмтээд бороонд урсчихдаг. Нэгэнт л асуудалтай юм чинь арай амраар нь бүх явган хүний замаа зараад автомашины зам дээрээ явган, автомашингүй гэлтгүй явж байвал бараг хаа хаанаа асуудалгүй юм биш үү?

9.jpg
10.jpg

Санал болгох

ТУЛГА тойрсон: Нийслэлийн "Гуниг"

Нийслэлд эхлүүлээд хаягдаж байгаа, эхэлчхээд дуусч өгдөггүй, эхлүүлэх зөвшөөрөлгүй эхлүүлсэн, эхлүүлэх бодолтой ч ерөөсөө эхлүүлдэггүй гээд олон “Гуниг”-тай ажлууд байдаг.

6 өдрийн өмнө
ТУЛГА тойрсон: Цаг цагаараа байдаггүй...

Хөөгдлөө гээд хэн ч гайхсангүй. Их юм хэлж өгөх аниргүй байдал...

11 өдрийн өмнө
ТУЛГА тойрсон: Намрын "ХИТ" боксын холбоо

Товчхондоо энэ долоо хоног Боксын холбооны долоо хоног байлаа.

12 өдрийн өмнө
ТУЛГА тойрсон: "БИЕЭ" даагсад

Өмнөх хоёр цуврал бичвэртээ намаас нэр дэвшиж байгаа 6 нэр дэвшигчийн талаар бичсэн бол энэ удаад “БИЕЭ” даан нэр дэвшиж байгаа 3 нэр дэвшигчийг онцлолоо.

14 өдрийн өмнө