"Гуйлгачин" чөлөөтийн шигшээ

2021 оны 9 сарын 152021-09-15
"Гуйлгачин" чөлөөтийн шигшээ

Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид ДАШТ-нд явах зардалгүй болж иргэдээс хандив хүсэж эхэлсэн. Улсаас төсөв гаргуулдаг холбооны тамирчид жилдээ нэг болдог ДАШТ-нд явах зардалгүй болсон гэхээр холбооны алдаатай үйл ажиллагаа гэж харах хүмүүс олон байгаа юм. Тэгвэл яагаад тамирчид ДАШТ-нд явах зардалгүй болов услын төсвөөс тавьж өгсөн санхүүжилт яагаад дууссан талаар тодруулга бэлтгэлээ.

 

Нэг тамирчин 6-7 сая төгрөг гаргаад ДАШТ-нд явна гэдэг бидний хувьд чанга.

content_20117_976506909040796_3789444684796732005_n.jpg

Чөлөөт бөхийн тамирчин: Бид жил болгон л ДАШТ-нд явдаг. Өөрсдөө зардлынхаа 50 хувийг гаргаж байсан удаа байх. Холбооноос учрыг нь асуухаар Олимпд хамаг төсвөө зарцуулчихсан мөнгө үлдээгүй явмаар байгаа бол өөрсдөө зардлаа гаргахаас өөр аргагүй гэсэн зүйлийг хэлж байгаа. Зардал нь ирж очих онгоцны тасалбар гэхэд л доод тал нь 5 сая гарч байна. Очоод байрлах буудал хүн л юм хойно идэж ууна энэ бүх зардлаа өөрсдөө гаргана гэдэг бол бидэнд хүндрэлтэй. Янз янзын л санхүү, ар гэртэй тамирчид байгаа. Бүгд тэр олон сая төгрөгийг гаргаад явах чадалтай биш.

 

asasdsaddaad.jpg

Шигшээ багийн нэрээ хэлэхийг хүсээгүй тамирчин бидэнд ийм тайлбар өгсөн юм. Түүний яриагаар Чөлөөт Бөхийн холбоо Олимпын бэлтгэл, тэмцээний зардал зэрэгт холбоо бүх санхүүгээ зарцуулчихсан байх нь. Үнэхээр хэлж байгаа нь ч үнэн. Мөнгөтэй, мөнгөгүй амжилтад хүрсэн, хүрээгүй харилцан адилгүй тамирчид байдаг. Бүгд л тамирчин болсныхоо үр шимийг гаргахыг хүсэж байгаа нь тодорхой. Ер нь Монгол Улсын шигшээ багийн тамирчин улсаа төлөөлөөд ДАШТ-нд явахын тулд ард түмнээсээ тусламж гуйж байгаа нь холбоо нь хангалтгүй ажиллаж байгаа гэдгийн илрэл юм.

 

Чөлөөт бөхийн холбоо энэ жил 900 сая төгрөгийн санхүүжилт улсаас авчээ.

 

Холбоод тухайн жилийнхээ зардлын тайланг гарган Биеийн тамир спортын газар хүргүүлж тухайн санхүүжилтээ авдаг. Тэгвэл энэ жил БТСГ-аас 900 гаруй сая төгрөгийн санхүүжилтийг Чөлөөт бөхийн холбоонд олгосон байна.

BILEGT.jpg

Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт: Цар тахалтай холбоотой Олимп нэг жил хойшлоод ДАШТ-тэй давхцчихсан. Өмнөх жилүүдэд ДАШТ, Олимп хоёр зөрж таардаг байсан учраас санхүүжилтэнд ямар нэгэн асуудал гардаггүй байсан.

Олимп, ДАШТ давхцана гэдгийг холбоо ч тэр БТСГ-аас ч тэр мэдэж байсан байх. Яагаад ийм байдалд хүргэчихэв?

Э.Билэгт: Энэ жил холбоодууд улсын төсвөөс санхүүждэг зардлаа Олимп дуустал гээд тооцчихсон. Үүний дагуу бид 900 гаруй сая төгрөгийн санхүүжилтийг Чөлөөт бөхийн холбоонд шилжүүлсэн. Яг ДАШТ-нд зарцуулна гэсэн тооцоо байхгүй, санхүүжилт ч байхгүй. Улсын төсвөөс санхүүжүүлэх санхүүжилтэд тусгагдаагүй, манай төлөвлөгөөнд тусгагдаагүй ч гэдэг юм уу ийм асуудал байгаа. Дээрээс нь холбооны өөрсдийн дотоод зохицуулалт ч бас нөлөөлсөн. Улсын төсвөөс гаргаад өгсөн мөнгийг өөрсдөө төлөвлөөгүй. Тэгэхээр яг одоогоор улсын төсвөөс нэмэлт санхүүжилт олгох ямар ч боломж байхгүй гэж ойлгож болно.

Чөлөөт бөхийн холбоо жил бүр улсаас 800-900 гаруй сая төгрөгийн санхүүжилт авдаг. Энэ жилийн хувьд 900 гаруй сая төгрөгийг улсаас авчээ. Өмнөх жилүүдэд ч гэсэн энэ дүнгээр санхүүжилт авдаг байсан. Хамгийн гол зүйл нь Олимп, ДАШТ нэг жил болж байгаа учраас Чөлөөт бөхийн холбоо ч гэлтгүй бусад холбоодууд хөрөнгө, мөнгөний асуудалд эхнээсээ орж байгаа ч холбоо нь зохицуулаад явж байна гэсэн юм.

 

Б.Баттулга: Тамирчид өөрсдөө 50 хувийг нь гаргахаас өөр арга байхгүй.

 

Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга Олимпд бэлдэхийн тулд маш их мөнгө зарцуулсан. Мөн ДАШТ, Олимп хоёр давхцах учраас төсвөө 1 тэрбум гаргаж өгсөн ч хасагдаж орж ирсэн тухай ярьж байна.

BATTULGA.jpg

Чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга: Энэ жил Олимпын төсөв л гэж батлагдсан болохоос биш ДАШТ-ний төсөв батлагдчихсан байхад удирдлагууд үрэн таран хийсэн зүйл байхгүй. Энэ жил бид Азийн эрхийн тэмцээн, Дэлхийн эрхийн тэмцээн, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гээд гурван том тэмцээн болсон. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд л гэхэд 43 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон. Юу хэлэх гээд байна гэхээр цар тахлын үед юм болгоны үнэ хоёр дахин өсчихсөн. Бид 900 гаруй сая төгрөгийн санхүүжилт авснаас 400 гаруй сая төгрөг нь л тэмцээн уралдаанд зарцуулагдсан. Үлдсэн 500 гаруй сая төгрөг нь гадаад, дотоодод хийсэн бэлтгэлд зарцуулсан байна.

Цар тахлын үе дээрээс нь Олимп, ДАШТ давхцаж байгаа гэдгийг мэдэж л байсан байх. Санхүүжилтээ өндөр хүсч болоогүй юм уу?

Б.Баттулга: Бид нар төсвөө бараг 1 тэрбум гаргаж өгсөн. Тэр нь хасагдсаар байгаад 700 орчим болсон. Тэгээд сүүлийн Олимпын өмнөх хоёр цугларалтын мөнгийг нэмэлтээр гаргуулж байж 900 хүрч байгаа юм.

Тамирчид ДАШТ-нд явахыг хүсвэл өөрсдөөсөө 50 хувийг гаргахаас өөр боломж байхгүй юу?

Б.Баттулга: Одоо бидний зүгээс ямар арга хэмжээ авч байна гэхээр тамирчдаасаа эхний ээлжинд байр хоолны мөнгөө гаргуулъя. Харин онгоцны тасалбарыг зарим нэг ивээн тэтгэгчидтэйгээ ярилцаж байгаад дараа төлөхөөр зохицуулалт хийх гээд ярьж байна.

 

Аль аль талдаа хариуцлага алдсан нь дээрх ярианаас харагдаж байна. Холбоо нь хоёр том тэмцээн болно гэдгийг анхнаас нь мэдэж байсан ч нэг томд нь зарцуулчихсан. Анхнаасаа зохицуулалтаа хийсэн бол тив, дэлхийд улсынхаа нэрийг өргөж явсан тамирчдаа гуйлга гуйлгаад явуулахгүй байсан. Харин БТСГ нь хүссэн санхүүжилтийг нь танаж эцэст нь тамирчид өөрсдийнхөө зардлаар эх орноо төлөөлөн тэмцээнд явахад хүрч байна. Ер нь манай улсын спортын холбоодууд дээр ч биш хаа газар ийм харилцан холбоогүй ажилласнаас болж олон асуудал гардаг. Эцэст нь холбоо, БТСГ хоёрын уялдаа холбоогүй ажлаас болж тамирчныхаа цалингаар талхаа авдаг байсан тамирчид талхныхаа мөнгийг хасч ДАШТ-ны тасалбараа авах болоод байна.

 

Санал болгох

3x3 U23 эмэгтэй сагсан бөмбөгчид ДЭЛХИЙН ЧАНСААГ тэргүүлж эхэллээ

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3x3 Дэлхийн чансаа 2021/09/18-ны өдөр шинэчлэгджээ. Дэлхийн 212 орныг эгнээндээ нэгтгэсэн ОУСБХ буюу ФИБА-гийн 3х3 чансааны U23 хүртэлх эмэгтэй чансааг Монгол улс #1-ээр тэргүүлж эхэлсэн бахархалтай мэдээг ФИБА цацлаа.

1 өдрийн өмнө
Домогт боксчин Мэнни Пакьяо Филиппиний ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүллээ

Домогт боксчин Мэнни Пакьяо Филиппиний ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүллээ.  Эрх баригч Ардчилал-Ард түмний хүч нам дотроо 2 том бүлэглэлтэй. Өөр хоорондоо маргаантай байгаа. Тэгвэл энэ намын нэг бүлэглэл нь Мэнниг дэмжих шийдэлд хүрлээ.

1 өдрийн өмнө
Э.Оюунболдын "Улсын аварга" цолыг хураах Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа

Э.Оюунболдын цолыг хураах Ерөнхийлөгчийн зарлиг гарчээ

4 өдрийн өмнө
Монголын 3х3 сагсан бөмбөгийн баг Нидерландыг зорьжээ

Монголын 3х3 сагсан бөмбөгийн баг Нидерланд улсын Утрехт хотноо энэ сарын 19-20 хооронд болох гранпри тэмцээнд оролцохоор явжээ. Багийн гол тоглогчийн нэг Г.Цэнгүүнбаяр бэртлийн улмаас тус тэмцээнийг өнжиж оронд нь Ц.Отгонжаргал явсан байна. 

4 өдрийн өмнө