"SM" гоо сайхны эмнэлгийн мэс заслаас болж гурван хүүхэд өнчирлөө

2021 оны 9 сарын 172021-09-17
"SM" гоо сайхны эмнэлгийн мэс заслаас болж гурван хүүхэд өнчирлөө

“Тод Каннам” эмнэлэгт өөх соруулах мэс засалд орж байсан 29 эмэгтэй нас барсан харамсалтай хэрэг 2019 оны 4-р сард гарч, хэрэг шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байна.Тэгвэл энэхүү эмнэлгийн буурин дээр “SM” гоо сайхны эмнэлэг үйл ажиллагаа явуулж байгаа ч, дахин нэг эрэгтэй хамрын мэс засал хийлгэх явцад хүндэрч нас баржээ. Хохирогч Улсын нэгдүгээр төв эмнэлэгт өндөр халуунтай хүргэгдэж нас барсан байна.

Бид хохирогчийн ах М.Баяраагаас мэдээллийг тодрууллаа.

-Танд юуны өмнө гүн эмгэнэл илэрхийлье. Тухайн болсон хэргийн талаар мэдээлэл өгнө үү?

-Миний дүү 38 настай хүн байсан. Эхнэртэйгээ АНУ-д сүүлийн таван жил ажиллаж амьдарч байгаад, наймдугаар сарын 5-ны өдөр эх орондоо ирээд байсан юм. Гэхдээ 6-15 насны гурван хүүхдээ авч явахаар ганцаараа ирсэн байсан. Хүүхдүүдийнхээ визыг гартал эмнэлэгт үзүүлж, эмчилгээ үйлчилгээ хийлгэж байсан юм. Миний дүү олон жил хамраараа амьсгалахад хэцүү явсан. Иймээс гоо сайхны гэхээсээ илүүтэй хамрын нуруу тэгшлэх хагалгаанд “SM” эмнэлэгт есдүгээр сарын 04-ний өдөр орсон юм. Хагалгаанд орохын өмнөх өдөр буюу есдүгээр сарын 3-ны өдөр эмнэлэгт очиж хэвтсэн. Ингээд маргааш нь 10 цагийн үед хагалгаа эхэлж, 13:25 минутад Улсын нэгдүгээр төв эмнэлэг рүү хүргэж байна гэсэн дуудлага надад ирсэн. Гоо сайхны эмнэлгийнх нь дуудлага ирүүлсэн даруйд нэгдүгээр эмнэлэгт очиход, дүүг минь маш хүнд байна, өндөр халуунтай ирсэн гэж хэлсэн. Ингээд 19:45 хүртэл маш олон дусал залгасан ч, эмчилгээ авч чадалгүй нас барсан. Дараа нь нэгдүгээр эмнэлгийн эмчээс хамрын хагалгаанаас гадна дахин өөр хагалгаанд орсон талаар мэдээлэл сонссон.

-Дүүд нь хамрын мэс засал хийсэн “SM” эмнэлгээс ямар мэдээлэл өгсөн бэ. Гэр бүлийнх нь зүгээс мэс заслын үед хамт байсан хүн бий юу?

-Өмнөх өдөр нь эмнэлэгт хэвтсэн учраас мэс заслын явцад дэргэд нь хүн байгаагүй. Гэнэт л надад гоо сайхны эмнэлгээс дуудлага ирсэн. Ингээд ирэхэд дүү минь ухаангүй, шокийн байдалтай байсан. Өчигдөр би анх хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл өгсөн. Тэгэхэд зарим хэвлэлүүд дүүг минь эрхтэн томруулах хагалгаанд орж амь насаа алдсан гэж ташаа мэдээллээд байгаа. Үүнд тодруулга хиймээр байна. Нэгдүгээрт миний дүү гоо сайхны мэс засал хийлгээгүй. Хамрын мурийлт тэгшлүүлэх хагалгаанд орсон. Яагаад орсон бэ гэхээр олон жил хамрын мурийлтаас болж амьсгалын замын дутагдалд орж, зовиуртай байсан юм. Тэгэхээр энэ бол эрүүл мэндийн хагалгаа байсан юм. Хоёрдугаарт миний дүүг эрүүл мэнд, эрэгтэйчүүдийн мэс заслын төрөлд хамаарах мэс ажилбар хийлгэсэн гэдгийг хэлсэн. Бид уг нь нэг л хагалгаанд орсон байх гэж бодож байсан. Гоо сайхны мэс заслын эмнэлгээс ямар нэгэн тайлбар хийгээгүй. Дүүг минь дагаж хоёр эмч нэгдүгээр эмнэлэгт очсон байсан.

-Тэгэхээр дүүг нь хамраас гадна өөр ямар хагалгаанд орсныг нь хэлээгүй юм байна шүү дээ?

-Тийм ээ. Мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байгаа учраас илүү тодорхой мэдээллийг өгөх боломжгүй байгаа.

-Энэхүү эмнэлгийн байранд өмнө нь “Тод каннам” эмнэлэг байрлаж байсан. Одоо нэр нь өөрчлөгдөж, “SM” болсон байна. Дүү нь эмчилгээний мэс заслыг яагаад энэ эмнэлэгт хийлгэсэн юм бол?

-Миний дүү олон жил гадаадад амьдарсан учраас тодорхой мэдээлэлгүй, аль үнэтэйд нь л хийлгэсэн байх. Үнэ дагаж чанар гэдэг шүү дээ. Мэс заслынх нь зардал 4-5 сая төгрөг болсон байна лээ. Үнэхээр хоёр мэс заслыг нэг дор хийсэн бол энэ эмнэлгийн хариуцлагагүй асуудал байгаа юм. Мөрдөн байцаах явцад илрэх байх.

-“SM” эмнэлгээс нөхөн төлбөр өгсөн гэсэн мэдээлэл гараад байгаа шүү дээ?

-Тийм зүйл болоогүй. Мэс заслынх нь л төлсөн мөнгийг эргүүлж төлье гэсэн. Бид мөнгийг нь аваагүй.

-Эхнэр нь АНУ-д байгаа юм байна. Харамсалтай мэдээг сонсоод хэрхэн хүлээж авсан бэ?

-Эхнэр гурван хүүхдэд нь үнэхээр хэцүү байгаа. Миний дүү чинь гэр бүлийнхээ багана нь байсан шүү дээ. Гурван хүүхэд нь энд бэтгэрч, эхнэр нь АНУ-д шаналж байна. Дээрээс нь дүүг минь эрхтэн томруулах мэс засалд орсон гэх худлаа мэдээллийг сонсоод эхнэр шоконд орсон байгаа. Ер нь ар гэрийнх нь зүгээс гомдолтой байна. Дахиж ийм хагалгааг хариуцлагагүйгээр хийхгүй байгаасай гэж хүсч байна. Өмнө нь бас л энэ эмнэлэгт өөх соруулах мэс засалд орсон эмэгтэй эрсдэлд орж үхэхийн наана нэгдүгээр эмнэлэг рүү шилжиж тэнд амьсгал хураасан байдаг. Тэгэхээр энэ эмнэлэг ер нь л хүн үхэх гээд ирэнгүүт нэгдүгээр эмнэлэг рүү шилжүүлдэг юм байна. Ийм байж болохгүй шүү дээ. Гоо сайхны мэс заслыг хөнгөн гэж бодож болдоггүй юм байна.

-“SM” эмнэлэгт ямар хариуцлага хүлээлгээсэй гэж хүсч байна?

-Энэ эмнэлэгт маш их гомдолтой байгаа. Миний дүүгийн хагалгааг эмнэлгийн стандарт дүрэм журам илт зөрчсөн нь харагдаад байгаа юм. Хүний амь нас хохирчхоод байхад энэ эмнэлгийн үйл ажиллагааг цааш нь үргэлжлүүлж болохгүй. Бид зөвхөн нэг хоёр эмчид хариуцлага тооцохыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ эмнэлэг хариуцлага хүлээх ёстой.

Санал болгох

Б.Чинзориг: Сургалтад ашигладаг НҮЦГЭН зургийг "бэлгийн дарамт" үзүүллээ гэж гүтгэж байна

МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч Б.Чинзориг оюутнууддаа бэлгийн дарамт үзүүлдэг байсан талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. Тэгвэл бид уг асуудлаар оюутан болон сургуулийн захиргаанаас тодрууллаа. Мөн багш Б.Чинзоригоос байр суурийг нь авлаа. Тэрээр "Сургалтад ашигладаг НҮЦГЭН зургийг "бэлгийн дарамт" үзүүллээ гэж гүтгэж байна" гэв.

4 өдрийн өмнө
Э.Гэрэлт-Од: Иргэдийн итгэл даах нэр дэвшигч алга

Урьд урьдын жилүүдэд байгаагүй өвөрмөц сонгууль болж байна.

5 өдрийн өмнө
Ө.Ганзориг: Тэтгэврийг өвлүүлэх, хөрөнгө оруулах боломжийг шинэчилсэн хуулиас хассаныг эсэргүүцэж байна

Тэтгэвэр өвлөгддөг болох, НДШ-д төлсөн мөнгөнөөсөө иргэн Монголын топ компанийн хувьцааг эзэмших, төлсөн шимтгэл нь нэмэгдэх боломжийг Нийгмийн даатгалын багц хуулийн төслөөс хасжээ. Нийгэмд хүлээлт үүсгэсэн тэтгэврийн реформ хийгдэж чадсангүй. Энэ сэдвээр “Тэтгэврийн реформ хөдөлгөөн”-ий ТУЗ-ийн дарга, эдийн засагч Ө.Ганзоригтай ярилцлаа.

11 өдрийн өмнө
“Монгол Жангүм” өрхийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний нэрийн дэлгүүрээ нээлээ

Монголчуудын “Монгол Жангүм” нэрээр эчнээ таних болсон хөдөлмөрч бүсгүй А.Одончимэг өөрийн өрхийн үйлдвэрлэлийн нэрийн дэлгүүрээ Гачууртаас 10 км-ын зайд хотоос хол буйдхан газар нээлээ. Тэрээр сүү сүүн бүтээгдэхүүн болоод уламжлалт хоолны соёл болоод хэрхэн хийх талаарх олон нийтэд мэдээ мэдээллийг нээлттэй хуваалцдаг нэгэн. Баянхонгор аймагт амьдардаг байсан тэрээр нийслэл УБ хотод ирж суурьшаад удаагүй байна.

15 өдрийн өмнө