Х.Чулуунбаатар: Хүсэл нь байхад хөлгүй байсан ч хүрнэ

2
2021 оны 9 сарын 172021-09-17
Х.Чулуунбаатар: Хүсэл нь байхад хөлгүй байсан ч хүрнэ

СХД-ийн хоёрдугаар хорооны иргэн Х.Чулаанбаатар 4 жилийн өмнө Тавантолгой Гашуунсухайт чиглэлд нүүрс тээврийн жолооч хийдэг байсан. Харамсалтай нь 2017 онд нүүрс тээврийн хүнд даацын автомашин жолоодож явах үедээ бусдын болгоомжгүй хурд хэтрүүлсэн үйлдлээс болж автомашинтайгаа онхолдож улмаар тулгуур эрхтнээ тайруулан суумгай болсон юм. Хэсэг шаналах үе байсан ч ингээд дуусах ёсгүй хэмээн зүтгэж яваа тэрээр өөрийн гэсэн хашаа байшинтай болж хашаа байшиндаа жижигхэн оёдлын цех байгуулахаар ажилдаа шамдан оржээ.

11.jpg

-Өөрийн гэсэн орон байртай болох гэж их зүтгэсэн. Ах, дүү ойр дотнын хүмүүс бүгд л маш их тусалсан. Осолд ороод удаагүй байх үед хэдэн хүмүүс нийлж байртай болгоно хандивын аян өрнүүлнэ гээд хэсэг л юм болсон. Надад 2 сая төгрөг өгсөн байх тэгээд л алга болцгоосон доо. Нэг ёсондоо миний нэрээр мөнгө хийж аваад намайг хулхидаад холбоогүй алга болчихсон юм л даа. Осолд ороод удаагүй сэтгэл санаа тавгүй, дээрээс нь хулхидуулчихсан гээд жаахан хэцүү үе байсан ч зүгээр суухыг хүсээгүй-

 

Намайг Х.Чулуунбаатар гэдэг. 1980 онд Дорнод аймагт төрсөн энэ жил 41 нас хүрч байна. 9 нас 12 настай хоёр охины хамт амьдардаг. Эрхэлсэн ажил байхгүй л дээ. Уг нь энд тэнд л ажлын анкет өгдөг. Надаар хийлгэдэг ажил ч гэж Монгол Улсад байхгүй бололтой /инээв/ Би хар багаасаа л үргэлж хүчний ажил хийж ирсэн. Уул, хаданд явдаг, газар тариалан, нүүрс тээвэр гээд л бичиг хэргээс хол хүн болохоор тиймэрхүү ажил хийж чадахгүй. Одоо бол хүчний ажлыг нь би хийж чадахгүй юм даа. Тэгээд зүгээр суугаад яахав алийн болгон бусдаар дэмжүүлж явхав гэж бодоод өмнө нь оёдлын цехэд ажилладаг байсан учраас надад яг таарах юм байна гэж бодоод хашаандаа цех барихаар шийдсэн. 

 

Цех нь хэдэн төгрөгөөр баригдаж байгаа вэ? Хандив хүссэн байсан. 

 

Ерөнхийдөө 2 сая төгрөгөөр босгоно гэсэн бодолтой байгаа. Нөсөр том биш наддаа таарсан жижигхэн дотор нь хоёр оёдлын машинтай. Хоёулаа суугаад юмаа хийгээд байж болохоор өвөл үргэлжлээд явагдах учраас галлах хэсэгтэй, хүн орж ирээд юмаа хүлээнгээ суух буйдантай байхад болно гэж төсөөлсөн. Хандивын хувьд манай нэг найз анх фэйсбүүктээ тавьчихсан юм. Найз маань ийм учиртай өөрөө жижигхэн цех барьж амьдралаа залгуулах гэж байна гээд. Тэр постыг хараад л зарим нэг хүмүүс тусалж эхэлсэн л дээ. Монголын брэнд болсон хувцас зардаг компаниас 500 мянган төгрөг хандивласан. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас бичил зээл шийдэж өгье гэж хэлсэн. Ажил сайхан эхэлж байна. Яагаад заавал хандив хүссэн бэ гэж асуух хүмүүс байгаа л байх. Хоёр сая л төгрөг юм байна ш дээ гээд л. Цагаа тулахаар хоёр сая байтугай 200 төгрөг ч олддоггүй юм. Над шиг халамжын 280 мянган төгрөгөөр амьдралаа залгуулдаг хүнд бол бүр хэцүү. Би Монголын мөнгөтэй гэгддэг хүмүүс мөн олон компанид очиж уулзан тусламж хүсч байсан. Корона дэгдэхээс өмнө л дөө. Бүгд л надад ганц хариулт өгдөг та ийм хөгжлийн бэрхшээлтэй юм байна ш дээ. Эргүүлээд төлөх чадвартай эсэхэд чинь эргэлзэж байна. Манай дотоод журамд ийм төрлийн иргэнд зээл олгохгүй гээд заачихсан байдаг гэх мэт хариултууд л авдаг байсан. Нэг л итгэж өгдөггүй л дээ. Тэгээд хэсэг шантрах аядаад дээрээс нь корона ч дэгдээд хөл хорио тогтоогоод энэ бодол түр орхигдсон.

44.jpg

Тэр хугацаанд юу хийж байв. Хоёр хүүхэдтэй өрх толгойлсон эцэг байна гэдэг хэцүү шүү дээ. Хоёр хүүхэд нь хоёулаа сургуульд орчихсон юм байна?

 

Өө тэгээд л янз янзын л юм хийж байна. Карго хэсэг зөөж үзлээ хийж болохоор л ажил байвал бүгдийг нь л хийх хүсэл байна даа. /Инээв/ Хүүхдүүдийн сургуулийн хэрэгсэл, хувцас хунар тэгээд бид гурав чинь идэж ууна гээд л их зүйл байдаг. Ах, дүү, найз нар туслаад дэмжээд явж байгаа. Гэхдээ би чинь өрхийн тэргүүн эцэг хүн учраас хоёр охиноо их сургууль төгсгөмөөр байна дээрээс нь амьдралын дөрөөнд хөлийг нь хүргээд өгчихвөл гээд л бодох юм их байна. 

5.jpg

Цехийн барилгын ажилд тусалж дэмжиж байгаа хүн байна уу? Таны оролцоо юу байна?

 

Хэдэн дүү нарын буянд болж л байна. Би доороо зургаан дүүтэй айлын том. Ихэнх нь эрэгтэй. Гэхдээ байнга над руу гээд байж чадахгүй бүгд л өөр өөрсдийн гэсэн амьдралтай хүмүүс. Бага дүү маань л ер нь миний гар хөлийн үзүүрт их зарагдаж бүх л зүйлд минь тусалж байна даа. Би нэг хүрз шороо шидэж чадах биш. Ам ажлаад л байж байна /инээв/

 

Цехээ бариад эхэлчихсэн юм байна. Хамтарч ажиллах санал ирж байна уу?

 

Зарим нэг хүмүүс холбогдсон. Гол нь төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэдэг шиг барьж дуусаагүй байж би хүмүүстэй юу ярихав. Бариад дуусчихсан хойно нь харин нүүр бардам уулзмаар байнашд. /инээв/ Гэхдээ буйдан хийдэг нэг залуу ажлын санал тавьсан. Захиалга орж ирэхээр тэр залуу буйдангаа хийгээд би бүрээсийг нь оёод өгөх. Тэгэхээр ер нь ажлаар тасрахгүй байх гэж бодож байгаа шүү. Бас өөрийнхөө хажууд өөр шигээ хүнд боломж олгож ажилуулна гэж боддог.

33.jpg

-Яагаад би телевиз, сайт хандах болгонд нээлттэй байгаад байна гэхлээр над шиг хүмүүст урам өгөхийг хүсч байна. Амьдрал ингээд дуусдаггүй юм шүү. Чи өөрөө хүсвэл ямар ч нүхнээс ямар ч байдалтай байсан гараад ирдэг. Намайг хараад тэгж бодоосой л гэж хүсэж байна. Бас бидэнд үргэлж боломж бий шүү гэж хэлье-

 

Хүн харахад жижигхэн байшингийн булах дахь жижигхэн цех болох юм шиг харагдаж байгаа ч таны ярианаас их л эрхэм зүйл юм шиг санагдаж байна?

 

Тэгэлгүй яахав. Удаан хугацаанд бодож явсан ажил маань. Юу хийж чадах вэ гэдгээ бодсон 1998 онд оёдлын цехэд ажиллаж байсан үе минь одооны надад давуу тал болж байна. Сурч, мэдсэн зүйл ямар ч цаг үед хэрэг болж байгаа биз. Энэ цех цаашдаа миний бас хоёр охины минь ирээдүйн эхлэл байх болно.

 

Цехээ ирэх долоо хоногтоо бариад дуусчих юм шиг байна. Ашиглалтад орох үед нь юу хийхийг эсвэл хэн нэгэнд хэлмээр санагдаж байгаа зүйл байна уу?

 

Хүн өөрөө бүгдийг хийж чаддаг байгаад чадахаа болиод ирэхээр ааш авир нь их эвдэрдэг юм байна лээ. Үнэхээр л үхмээр санагдаж байсан үе л дээ. Намайг гэх хүмүүст муухай аашилж их муухай зан гаргаж байж. Одоо эргээд бодоход сэтгэл эмтэрдэг. Ёстой л нэг төрсөн дүү багын найзууд болоод л шүд зууж ирсэн байх. Энэ хүмүүсийн сэтгэлийг амар байлгахыг л хүсэж байна. Цехээ барьж дуусаад бяцхан нээлт маягийн юм хийнэ. Тэгээд намайг гэсэн бүх хүмүүсээ уриад сайхан хоол хийж өгнө. Бүгдэд нь өнгөрсөн хугацаанд баярлаж явсан миний талархлын илэрхийлэл. Хүний сэтгэлийг сэтгэлээр л хариулдаг. Сэтгэлийн илэрхийллийг давах эд зүйл байхгүй гэж боддог. 

 

-Миний ганц зорилго хоёр хүүхдээ л их сургууль төгсгөх. Хонхны баяр дээр нь сайхан цэвэрхэн хослол өмсөөд протезоо зүүгээд цэцэг бариад зогсох л ирээдүйд миний мэдрэх аз жаргал байх болно-

 

22.jpg

 

 

 

 

 

 

 

 

Санал болгох

Б.Чинзориг: Сургалтад ашигладаг НҮЦГЭН зургийг "бэлгийн дарамт" үзүүллээ гэж гүтгэж байна

МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч Б.Чинзориг оюутнууддаа бэлгийн дарамт үзүүлдэг байсан талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. Тэгвэл бид уг асуудлаар оюутан болон сургуулийн захиргаанаас тодрууллаа. Мөн багш Б.Чинзоригоос байр суурийг нь авлаа. Тэрээр "Сургалтад ашигладаг НҮЦГЭН зургийг "бэлгийн дарамт" үзүүллээ гэж гүтгэж байна" гэв.

4 өдрийн өмнө
Э.Гэрэлт-Од: Иргэдийн итгэл даах нэр дэвшигч алга

Урьд урьдын жилүүдэд байгаагүй өвөрмөц сонгууль болж байна.

5 өдрийн өмнө
Ө.Ганзориг: Тэтгэврийг өвлүүлэх, хөрөнгө оруулах боломжийг шинэчилсэн хуулиас хассаныг эсэргүүцэж байна

Тэтгэвэр өвлөгддөг болох, НДШ-д төлсөн мөнгөнөөсөө иргэн Монголын топ компанийн хувьцааг эзэмших, төлсөн шимтгэл нь нэмэгдэх боломжийг Нийгмийн даатгалын багц хуулийн төслөөс хасжээ. Нийгэмд хүлээлт үүсгэсэн тэтгэврийн реформ хийгдэж чадсангүй. Энэ сэдвээр “Тэтгэврийн реформ хөдөлгөөн”-ий ТУЗ-ийн дарга, эдийн засагч Ө.Ганзоригтай ярилцлаа.

11 өдрийн өмнө
“Монгол Жангүм” өрхийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний нэрийн дэлгүүрээ нээлээ

Монголчуудын “Монгол Жангүм” нэрээр эчнээ таних болсон хөдөлмөрч бүсгүй А.Одончимэг өөрийн өрхийн үйлдвэрлэлийн нэрийн дэлгүүрээ Гачууртаас 10 км-ын зайд хотоос хол буйдхан газар нээлээ. Тэрээр сүү сүүн бүтээгдэхүүн болоод уламжлалт хоолны соёл болоод хэрхэн хийх талаарх олон нийтэд мэдээ мэдээллийг нээлттэй хуваалцдаг нэгэн. Баянхонгор аймагт амьдардаг байсан тэрээр нийслэл УБ хотод ирж суурьшаад удаагүй байна.

15 өдрийн өмнө