У.Хүрэлсүх: 2030 он гэхэд Монгол Улсад тэрбумаар тоологдох хэмжээний мод тарина

2
2021 оны 9 сарын 232021-09-23
У.Хүрэлсүх: 2030 он гэхэд Монгол Улсад тэрбумаар тоологдох хэмжээний мод тарина

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд Монгол Улсын Ерөнхийлөгч 
У.Хүрэлсүх байр сууриа илэрхийллээ. (Нью-Йорк хот, 2021 оны 9 дүгээр сарын 22)

Тэрбээр, 

"Чуулганы дарга аа,
Ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа,
Хүндэт төлөөлөгчид өө,
Хатагтай, ноёд оо,

Юуны өмнө Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы даргаар гишүүн улсуудын дэмжлэгийг авч сонгогдсон Аблулла Шахид танд чин сэтгэлийн халуун баяр хүргэж, чуулганы үйл ажиллагаанд өндөр амжилт хүсэж байгааг минь хүлээн авна уу. Таныг энэхүү хариуцлагатай, чухал үүргээ гүйцэтгэхэд тань манай төлөөлөгчид бүх талаар дэмжиж хамтран ажиллах болно. 

Сүүлийн хоёр жилд дэлхийн улс, орнууд цар тахлын гамшигт нэрвэгдэж, бид амаргүй цаг үеийг хамтдаа туулж байна. Миний бие Монголын ард түмний нэрийн өмнөөс дэлхий даяар корона вирусийн улмаас 4.6 сая хүн амь насаа алдсанд гүн эмгэнэл илэрхийлье. 

Манай гарагийн өнцөг булан бүрт эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө амь хайргүй ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд болон тэргүүн шугамын албан хаагчдад талархал илэрхийлье.  

Мөн КОВИД-19 цар тахлын эсрэг тэмцэлд НҮБ болон түүний системийн байгууллагууд онцгой үүрэг гүйцэтгэж, гишүүн улсуудаа нэгтгэн зангидаж, тусалж дэмжин, мэдээлэл, арга зүйгээр хангаж байгаад чин сэтгэлээсээ талархаж байна. 

Чуулганы дарга аа,

Цар тахал дэлхий нийтийн эрүүл мэндийн төдийгүй эдийн засаг, нийгэм, улс төрийн бүхий л талбарт өөрчлөлт авчирч, цаашид хүн төрөлхтний аж амьдрал КОВИД-19-ийн өмнөх болон дараах үе гэж хуваагдах нь тодорхой боллоо. 

Цар тахлын үед бид олон зүйлээс сургамж авлаа. Монголчууд бид “Өвчин зовлон хэлж ирдэггүй хийсэж ирдэг” гэдэг. Энэ нь өвчин зовлон хүнийг арьс өнгө, нас хүйс, баян ядуугаар нь ялгадаггүй гэсэн үг. 

Тиймээс энэ зүйр үгээр дамжуулан монголчууд өвдөж зовсон нэгнээ ялгаварлан гадуурхах биш харин энэрч хайрлах ёстой гэдэг ёс суртахууныг номлодог. 

Хүмүүс бид бие биенээ ялгаварлан гадуурхах биш харин хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа энэхүү аюулт цар тахал өвчнийг хамтын хүчээр хэрхэн ялж гарах талаар бодох ёстой. Мөн зарим улс оронд цар тахлын хөл хорио, дэг журмаас үүдсэн хүний эрхийн төлөөх бослого хөдөлгөөн ч болж өнгөрлөө. 

Бүс нутагтаа ардчиллын “Баян бүрд” гэж нэрлэгддэг Монгол улс хөл хорионоос үүдсэн хүний эрхийн асуудлыг анхааралтай ажиглаж байна. 

Монгол Улс болон Азийн олон улс орнууд ийм зөрчилд хүрэлгүйгээр КОВИД-19-ийн хүндрэлтэй үеийг даван туулж байгаа нь хувь бодьгалийн бус харин хамтач дорно дахины соёлын онцлог давуу тал байлаа. Бид бие биенийхээ соёлын онцлог, үнэт зүйлийг хүндэтгэж, ололт амжилт, алдаа дутагдалаасаа харилцан суралцах нь хүн төрөлхтний өмнө цаашид тулгарч болох сорилт бэрхшээлүүдийг хамтдаа даван туулахад чухал ач холбогдолтой хэмээн үзэж байна.

КОВИД-19 огцом дэгдсэнээр дэлхий дахины эрүүл мэндийн салбарын хүний нөөц, дэд бүтэц, нийлүүлэлтийн тогтолцоо асар том цохилтод өртөж вирусийн тархалт ужиграх хэрээр нийгмийн тэгш бус байдлын үнэн дүр төрхийг илчилсэн гэж хэлж болно. 

Эрүүлийг хамгаална гэдэг бол улс орныг батлан хамгаалахтай нэгэн адил оршин тогтнолын ач холбогдолтой салбар гэдгээ орчин цагийн төрт улсуудад хатуухан санууллаа. 

Ирээдүйн дэлхийн хөгжлийн үзэл баримтлал нь ногоон, хүртээмжтэй нийгэм эдийн засгийн хөгжил байх төдийгүй эрүүл мэнд суурьтай байх, эрүүл мэндийн дипломат ажиллагааг хөгжүүлэх бодит шаардлага шинээр бий болоод байна. Мөн эрүүл мэндийн салбарт эрсдлийн удирдлага, бэлэн байдлыг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, өндөр технологи, шинэлэг арга барилыг шуурхай нэвтрүүлэх асуудал тулгамдаж байна. 

КОВИД-19 цар тахлаас хамгаалах гол арга зам нь вакцинжуулалт тул дэлхийн улс орнууд, олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлт, харилцан туслалцаа үүнд чиглэж байна. 

КОВИД-19-ийн вакцины тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий КОВАКС хөтөлбөрийн хүрээнд дэлхийн 138 улсад 190 сая тун вакцин нийлүүлээд байгаа нь бага, дунд орлоготой орны иргэдэд хүрсэн үнэлж баршгүй дэмжлэг юм.  

Монгол Улс өнөөдрийн байдлаар КОВАКС хөтөлбөрөөс гадна бусад улс орны  тусламж дэмжлэг, Засгийн газрын худалдан авалтын үр дүнд хүн амынхаа 65 хувийг вакцины бүрэн тунд хамруулж чадлаа. 

Вирусийн тархац өндөр байгаа ч буурах хандлага ажиглагдаж байгаа тул манай Засгийн газраас үйлчилгээний газруудыг үе шаттайгаар нээх, боловсролын бүх шатны сургалтыг танхимаар эхлүүлэх, гадаад нислэгийн тоог нэмэгдүүлэх зэргээр хэвийн амьдралын горимд шилжих алхмуудыг шат дараатай эхлүүлээд байна.

Чуулганы дарга аа, 

Цар тахал дэлхийн улс орнуудын эдийн засаг, түүний дархлаа, уян хатан байдалд урьдынхаас илүү хүнд сорилт учрууллаа. Цар тахлын улмаас 2020 онд дэлхийн эдийн засаг 4.9 хувиар, олон улсын худалдаа 5.3 хувиар тус тус агшсан ч 2021 онд тодорхой сэргэлт үзүүлэх хандлагатай байна. 

Цар тахлын үед мэдээллийн технологи нийгмийн амьдралын гол хурдасгагч байж, XXI зуунд өөрийн эзлэх байр сууриа нотолж чадлаа. Өмнө нь мэдээллийн технологийн хэрэглээ эдийн засаг, бизнес, санхүүгийн харилцаанд л гүнзгий нэвтэрч байсан бол цар тахлын үед зайн оношилгоо, эмчилгээ, цахим сургалт, зайнаас ажиллах гэх мэтээр өргөжин тэлж хөдөлмөр зохион байгуулалтад шинэ хэлбэр, дүр төрхийг олж байна. 

Хүн төрөлхтөн нийгэмших хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэж байгаа энэ үед хөл хорионд орж нийгмээс тусгаарлагдах, ганцаардах нь корона вирусаас ч аймшигтай болохыг энэ хоёр жилд мэдрэв. Гэр бүл, найз нөхөд, хүүхэд багачууд, хамт олон, улс үндэстнүүд хуран чуулж, амьд харилцаа үүсгэх боломжгүй байх нь ажил хэрэг, боловсрол, хүмүүжил, нийгэмшил, сэтгэцийн эрүүл мэндэд асар хортой болохыг бид харлаа. 

Дэлхий нийтэд тулгараад буй олон сорилтыг зөвхөн бэрхшээл бус, харин хөрөнгө хүч, цаг хугацаа хэмнэх, орон зайг үл хамааран үр дүнтэй ажиллах боломж хэмээн харвал бид энэ шинэ орчинд илүү хурдтай дасан зохицож, сэргэн хөгжих бололцоотой гэдгийг энд дурдах нь зүйтэй юм.        

Чуулганы дарга аа, 

Энэ онд Монгол Улсад ардын хувьсгал ялсны түүхт 100 жил, Нэгдсэн Үндэстний Байгууллагад бүрэн эрхэт гишүүнээр элссэний 60 жилийн ой тохиож байна. 

1921 оны ардын хувьсгалын үр дүнд монголчууд бид анхдугаар үндсэн хуулиа баталж, хаант засаг, хамжлагат ёсыг халан бүгд найрамдах улсаа тунхаглан зарласан билээ. Харин 1961 онд НҮБ-д элссэнээр улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлыг баталгаажуулан, дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болсон бөгөөд энэхүү түүхэн ойг манай ард түмэн үндэсний онцлох үйл явдал хэмээн үзэж, өргөн хүрээнд тэмдэглэж байна. 

Таван тивийн улс, үндэстний энх тайван, аюулгүй байдал, хөгжил дэвшил, хүний эрхийн төлөөх Нэгдсэн Үндэстний Байгууллагыг Монголчууд бид туулсан нэгэн жарны маань итгэлт нөхөр, туулах олон жарны маань өмөг түшиг хэмээн хардаг.  

Танилтай хүн талын чинээ, танилгүй хүн алгын чинээ гэж монголчууд бид ярьдаг. 

Монгол Улс өдгөө дэлхийн 193 улстай дипломат харилцаа тогтоож нягт хамтран ажиллаж байгаа бөгөөд олон улс, бүс нутгийн засгийн газар хоорондын 80 гаруй байгууллагад элсээд байна. Мөн олон улсын 290 гаруй гэрээ, конвенцид нэгдэн орсон нь манай улсын дэлхий нийтийн үйл хэрэгт эзлэх орон зай, хүлээж буй үүрэг, хариуцлага өсөн нэмэгдэж буйн илрэл гэж бид үздэг. 

НҮБ-ын системийн байгууллагуудын тусламж, дэмжлэг Монгол Улсын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсны дотор ардчилал, сайн засаглалыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хүний эрхийг хангах, ядуурлыг бууруулах, эх, хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, байгаль орчин, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр илүү үр дүнтэй хамтран ажиллаж чадлаа. 

Манай улсын 1990-ээд оны нийгэм, эдийн засгийн шилжилтийн үе, удаа дараа тохиолдсон зудын гамшиг, КОВИД-19 цар тахал зэрэг хүнд хэцүү, бэрхшээлтэй бүх цаг үед НҮБ болон түүний системийн байгууллагууд тал бүрийн туслалцаа дэмжлэг үзүүлж, Монголыг дэмжигч хандивлагчдын бүлгийг үүсгэн бий болгоход чухал үүрэг гүйцэтгэж ирсэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. 

Чуулганы дарга аа, 

Өнгөрсөн жаранд Монгол Улс НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчмуудыг хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй оролцож ирлээ. Манай улсаас НҮБ-ын Ерөнхий Ассамблейд зэвсэг хураах долоо хоног, улс түмэн энх тунх амьдрах эрхийн тухай тунхаглал, цөмийн зэвсэггүй статус, эдийн засгийн хөгжил, байгаль хамгаалах, хоршоолол, хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдал, бичиг үсгийн боловсрол, ардчиллын боловсрол зэрэг 20 шахам асуудлын хүрээнд 90 гаруй тогтоол санаачлан батлуулаад байна.

Үүн дотроос Монгол Улс 1992 онд нутаг дэвсгэрээ Цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарлаж, өнөөг хүртэл энэ чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.  

Мөн 2002 оноос НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа бөгөөд Монгол Улсын санаачилгаар 2003-2012 оныг "НҮБ-ын Бичигтэн болох 10 жил" хэмээн зарласан, Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын засгийн газар хоорондын анхны байгууллага болох Олон улсын судалгааны төвийг өөрийн оронд байгуулсан зэргийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. 

Бид далайд гарцгүй хөгжиж буй орнуудын онцлог байдал, ашиг сонирхлыг хангахын төлөө урьдын адил тууштай ажиллахын зэрэгцээ Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан тээвэр, худалдаа, үйлчилгээний зангилаа “Транзит Монгол Улс” болохыг зорьж байна. 

Мөн эл завшааныг ашиглан Монгол Улс нь Ази, Номхон далайн бүс нутаг дахь эдийн засгийн интеграцид оновчтой хэлбэрээр оролцох, тухайлбал АПЕК-т нэгдэх, АСЕАН-ын яриа хэлэлцээний түнш, Зүүн Азийн Дээд түвшний уулзалтын оролцогч тал болох эрмэлзэлтэй байдгийг цохон дурдахыг хүсч байна. 

Чуулганы дарга аа, 

Корона вирусийн цар тахал нь Дэлхийн II дайнаас хойших хамгийн том гамшигт тооцогдож байгаа билээ. Хэдийгээр Дэлхийн I дайн өнгөрөөд 103 жил, Дэлхийн II дайн өнгөрөөд 76 жил болсон ч дайны хор хөнөөл өнөө хэр нь бүрэн арилсангүй, цэрэг, зэвсгийн хүчээр шийдвэрлэх гэсэн асуудлууд ч өнөөдөр бүрэн шийдэгдээгүй хэвээр байна. 

Тиймээс өнөөгийн дэлхий ертөнцөд дайн хэмээгч энэхүү аюумшигт үзэгдлийг хүн төрөлхтний түүх, хүний ёсноос бүрмөсөн арилгах хэрэгтэй бөгөөд аливаа зөрчил маргаан, үл ойлголцлыг зөвхөн эв зүй, яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэх, урьдчилан сэргийлэх дипломат ажиллагааг хөгжүүлэхийн үүрэг, ач холбогдол улам бүр нэмэгдэж байна.  

Бидний өвөг дээдэс Чингис хааныг олон ард түмнийг эзлэн түрэмгийлсэн догшин хэрцгий хүн байсан мэт туйлширсан ойлголт байдаг. Гэхдээ түүнийг дипломат харилцааг баримтлагч, энхийг эрхэмлэгч, амар амгалан хил хязгаарыг бий болгох гэсэн чинхүү хүсэл эрмэлзлэлтэй нэгэн байсныг дэлхийн түүх болон эрдэмтдийн судалгаа нотолдог.  

Түүний энэхүү хүсэл эрмэлзлэл биелэлээ олж Евроазид 200 орчим жил дайн дажингүй амар амгаланг цогцлоосон бөгөөд энэ цаг үеийг дэлхийн эрдэмтэн судлаачид хүн төрөлхтний хөгжилд үлэмж хувь нэмэр оруулсан “Монголын их амар амгалан” буюу “Пакс Монголика” гэж нэрлэдэг. 

Өвөг дээдсийнхээ амар амгаланг эрхэмлэх ёсыг өнөөгийн монголчууд бид ч өвлөн үлдсэн бөгөөд өдгөө Монгол Улс энхийг эрхэмлэгч ардчилсан улс гэдгээрээ олон улсад танигдаад байна. 

Бид 1990 онд нэг ч буун дуу гаргалгүй тайван замаар ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжиж чадсан. Манай улс хөрш орнуудтайгаа газар нутаг, хил хязгаарын маргаан байхгүй. Бидэнд шашны болон үндэстэн, угсаатан хоорондын мөргөлдөөн байхгүй. Монгол Улс нь энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай баримталдаг орон.

Иймээс монголчууд бид дайны эсрэг оюун санаа, сэтгэлгээний дархлааг хүн төрөлхтөнд тогтоох зорилгоор дэлхийн 30 гаруй орны 100 гаруй сая хүн татагдан оролцож, олон сая хүний амь насыг аймшигтайгаар авч одсон хөнөөлт Дэлхийн II дайн дууссан 9 дүгээр сарын 2-ны өдрийг жил бүр “Хүн төрөлхтөн дайныг ялсан өдөр” болгон тэмдэглэх санаачилгыг дэвшүүлж байна. 

Энэхүү санаачилгыг дэлхийн улс орон, хүн ард дэмжинэ гэдэгт Монголчууд бид итгэл төгс байна.

Дэлхий дахинд цэрэг, улс төр, аюулгүй байдлын шинэ нөхцөл байдал үүсэж, даяаршил, шашин шүтлэг, соёлын ялгаа, эдийн засгийн өрсөлдөөнтэй холбоотой зэвсэгт мөргөлдөөний тоо нэмэгдэж, эх орноосоо дүрвэх дүрвэгсдийн урсгал ихсэж, хүрээлэн буй орчны доройтол газар авч буй энэ цаг үед НҮБ-аас явуулж байгаа улс төр, энхийг сахиулах ажиллагааны бодлого, төрөл, далайц ч шинэчлэгдэж байгаа нь зүй ёсны хэрэг юм. 

Энхийг сахиулагчдын гүйцэтгэх үүрэг нэмэгдэх төдийгүй тэдэнд тавигдаж буй шаардлагад өөрчлөлт орж, тухайн ажиллагааны цагийн байдалд нийцүүлж орчин үеийн зэвсэг техник, тоног төхөөрөмж бүхий цомхон бие бүрэлдэхүүнээр түргэн шуурхай арга хэмжээ авахыг эрмэлзэх болсныг бид зөв зүйтэй хэмээн үзэж, дэмжиж байна. 

Монгол Улс 2002 оноос хойш дэлхийн гурван тив дэх НҮБ-ын энхийг сахиулах 13 ажиллагаанд 20 орчим мянган цэнхэр дуулгатнаа оролцуулаад байгаа билээ. Энэ нь манай улсын хүн амын тоо болон Зэвсэгт хүчний алба хаагчдын тоотой харьцуулахад дэлхийд дээгүүрт бичигддэг үзүүлэлт юм. Бид оролцоогоо цаашид ч нэмэгдүүлэн Түргэн байрлах хүчний рот, Инженерийн рот, Цэргийн хээрийн хоёрдугаар шатны эмнэлгийг шинээр оролцуулахаар төлөвлөж, ажиллагааны газар оронд илгээх бэлтгэлийг базааж байна. 
Түүнчлэн манай улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” тогтоолын дагуу НҮБ-ын  энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй алба хаагчдын тоог нэмэгдүүлж 15 хувьд хүргэх чиглэлийг баримталж байна. 

Энэ хүрээнд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй алба хаагчдын оролцооны талаар бүс нутгийн орнуудын олон улсын хурлыг ирэх онд Улаанбаатар хотноо зохион байгуулна. 

Уг хурлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагааны газар болон гишүүн орнуудаас хүсэж байгаагаа илэрхийлье. 

Чуулганы дарга аа, 

Ойрын ирээдүйд цар тахал, вакцинжуулалт гол асуудал хэвээр байгаа боловч ирээдүйн хөгжил дэвшил, тогтвортой хөгжлийн асуудлыг бид цалгардуулах учиргүй. 

Дэлхийн хөгжлийн хандлага, “Тогтвортой хөгжил 2030” хөтөлбөртэй уялдуулан “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг Монгол Улсын Их Хурлаас баталсан. 

Цар тахлын өмнөх гурван жилд тогтвортой өсч байсан манай улсын эдийн засаг цар тахлын нөлөөгөөр 2020 онд 4.5 хувиар агшсан. Гэвч дотоодын эдийн засгийг дэмжих шат дараатай арга хэмжээ, эдийн засгийн гадаад таатай орчны нөлөөгөөр манай улсын эдийн засаг сэргэж, 2021-2022 онуудад  дундажаар 4.5 хувиар өсөх төлөвтэй байна. 

Манай улс цар тахлаас эдийн засгаа хамгаалахад зориулж буй төсөв, хөрөнгийн хэмжээ Монгол Улсын эдийн засгийн чадавхитай харьцуулсан байдлаараа дэлхийн зарим хөгжилтэй орнуудаас ч өндөр байгааг олон улсын банк, санхүүгийн байгууллагууд онцлон хэлж байгаа. 

Түүнчлэн, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг томоохон банк санхүүгийн байгууллагуудын дүгнэлтэд Монгол Улс нэн ялангуяа бага, дунд орлоготой иргэдийн орлогыг хамгаалах, иргэдийг ядууралд өртөхөөс сэргийлэхэд тодорхой үр дүнтэй ажиллаж байна хэмээн удаа дараа онцлон тэмдэглэсэн байдаг. Хөдөө аж ахуй, уул уурхайн салбар зонхилсон Монгол Улсын эдийн засаг нь аливаа эрсдэл, гамшгийн эсрэг эмзэг, дархлаа сул хэвээр байгаа тул цар тахлын дараа байгаль орчинд ээлтэй, тогтвортой бөгөөд хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бүрдүүлэхийн тулд бүтцийн шинэчлэл хийх, эдийн засгаа төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, төсвийн болон санхүүгийн тогтвортой байдлыг чанд хадгалах зэрэгт онцгой анхааран ажиллаж байна.  

Гадаадын шууд хөрөнгө оруулалт цар тахлын үед болон түүний дараа хөгжиж буй орнуудад чухал үүрэгтэй хэвээр байх болно. Бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих нь Монгол Улсын эдийн засгийн суурь зорилт хэвээр байх болно. 

Цаашид бид дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчидтэй урьд урьдынхаас илүү идэвхтэй, харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэж байна. Ингэхдээ байгаль орчинд ээлтэй, уламжлалт амьдралын хэв маягт сөрөг нөлөө үзүүлэхгүй байх зарчмыг баримтлах болно.

Мөн бид төр, хувийн хэвшлийн бүх түвшинд засаглалын реформыг эрчимжүүлж, түүн дотроо ил тод байдал, хариуцлага, үр дүнтэй үйлчилгээ, сайн засаглалыг хангах бодит механизмуудын нэг болох цахим шилжилтээр дамжуулан авлигыг эрс бууруулахад өндөр ач холбогдол өгч байна. 

Монгол Улс 2021-2024 онд төрийн үйлчилгээний 90-ээс доошгүй хувийг "Цахим Монгол" нэгдсэн платформд оруулж, улмаар төрийн бүх үйлчилгээг цахимжуулж “Дижитал үндэстэн” болохыг зорьж байна. 

Чуулганы дарга аа, 

Сүүлийн хэдэн арван жилд уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтөнд аюулын харанга дэлдэж байна. Үүний учир шалтгааныг зөв оношлох нь хорт үр дагаварыг арилгах гол арга юм.  Энэ бол бид эх дэлхий, байгаль орчиндоо хоноцын сэтгэлээр хандсаны уршиг юм. Хүн төрөлхтөн хүн хүнтэйгээ зөв сайхан харьцах ёс суртахууны тухай ихэд ярьж ирсэн боловч, эх байгальтайгаа зөв харьцах талаар төдийлөн хичээсэнгүй нь өнөөдрийн байгаль экологийн гамшигт хүргэжээ.

Цар тахлын хөл хорионы үеэр озоны давхарга хурдан нөхөгдөх, орчны бохирдол буурах, гол ус цэнгэгших, амьтан, ургамал сэргэх зэрэг байгаль эх амсхийж, өөрийгөө нөхөн сэргээж буй эерэг өөрчлөлтүүд түр зуур боловч ажиглагдсан. Энэ нь хүн төрөлхтөн байгаль дэлхийтэйгээ харьцах хандлагаа өөрчилж, үр дүнд хүргэх бодит алхмуудыг хийх ёстойг харуулж байна.

Ойн түймэр, хар салхи, үер ус, ган зудын давтамж, цар хүрээ жилээс жилд өсөн нэмэгдэж, дэлхийн өнцөг булан бүрд асар их хор хохирол учруулан гамшгийн хэмжээнд хүрч байгаа нь ч үүний бас нэгэн нотолгоо юм. 

Монголчууд бид эрт үеэс эцэг тэнгэр, эх дэлхий хэмээн байгаль дэлхийгээ  дээдлэн шүтэж, уул усаа аргадан тахиж, түүнээс эрчим авч амьдарч ирсэн ард түмэн билээ. Эцэг, өвгөд маань байгаль дэлхийн ааш араншинг ажигч гярхайгаар танин мэдэж, малын ашиг шим, хоол хүнсээ хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд ээлтэй байдлаар боловсруулан хэрэглэж ирсэн. Мод, ус, ан амьтан зэрэг хангай дэлхийн хишгийг зөвхөн өөрсдийн ахуй, хэрэгцээнд тааруулан ариг гамтай хүртэж, нөөц баялгийг хямгадан, үр хойчдоо өвлүүлдэг байв. 

Энэ цаг мөчид нүүдэлчин ардын “бэлчээр өнжөөх”, “бэлчээр амраах” гэдэг арга технологи яах аргагүй санаанд орж байна. Энэ бол өөрийн гэсэн амь амьдралтай байгаль дэлхийдээ амрах боломж өгдөг монгол малчны ухаан юм. 

Монголчуудын бүтээсэн “Нүүдлийн соёл иргэншил”-ийн байгаль эхээ хүндэтгэн дээдэлж, зүй зохистой харьцах  уламжлалт арга ухаанаас суралцан өнөө цагийн шинжлэх ухаан технологийн ололт, бусад улс үндэстний уламжлалт туршлагатай хослуулан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэцгээе.

Дэлхийн хоёр тэрбум гаруй хүний амьжиргаанд заналхийлж буй цөлжилт болон манайд үүсээд байгаа шар шороон шуурга бидний хувьд нэн тулгамдсан асуудал болоод байна. 

Өдгөө Монгол орны нутаг дэвсгэрийн багагүй хувь нь цөлжилт, газрын доройтолд ямар нэг хэмжээгээр өртөөд байна. Үүнд агаарын дундаж температур сүүлийн 80 гаруй жилд 2.2 хэмээр өссөн, жилд орох хур тундасны дундаж хэмжээ 7 орчим хувь буурсан нь гол нөлөөг үзүүлжээ. 

Цөлжилтийг сааруулах хамгийн үр ашигтай арга бол мод тарих явдал мөн. Монголчууд бид угаас мод тарих, ном туурвих, үр хүүхэд төрүүлж өсгөхийг дээд гурван буян гэж ярьдаг. Тиймээс дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд 2030 он гэхэд Монгол Улсад тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байна.

Уур амьсгалын өөрчлөлт, экосистемийн доройтол нь хил хязгаар, үндэс угсаа, шашин шүтлэг үл хамааран хүн төрөлхтний цаашдын оршин тогтнолын баталгаанд аюул занал учруулж байна. Энэхүү эгзэгтэй эргэлтийн мөчийг дэлхийн улс, үндэстнүүд дор бүрнээ ухамсарлан ойлгож ирэх 11 дүгээр сард Глазгоу хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн  талуудын 26 дугаар бага хурлыг зохион байгуулахаар болсон билээ.

Энэхүү хурлын хүрээнд ногоон хөгжлийг эрхэмлэх, хүлэмжийн хийг бууруулах, байгаль орчинд ээлтэй нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхийн төлөө тус тусын боломжит амлалтыг авах, шинэчилж ахиулахыг уриалж байна. 

Чуулганы дарга аа, 

Цар тахлын хор хохирлоос түргэн ангижрах, цэнхэр гарагаа амирлуулан сэргээх  гол арга зам бол бид бүхний нягт харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, харилцан туслалцаа бөгөөд Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр, Аддис Абебагийн Үйл ажиллагааны хөтөлбөр, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын гэрээ, Гамшгийн эрсдлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ зэрэг олон улсын хөгжлийн баримт бичгүүдийн хэрэгжилтийг тууштай үргэлжлүүлэх, эрчимжүүлэх явдал гэж үзэж байна.  

Өнгөрсөн сард таван тивийн тамирчид Токио хотноо хуран цугларч хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болсон зуны Олимпийн наадмаа амжилттай хийсэн болон 2020 онд цахимаар хуралдаж байсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл нь энэ жил Ерөнхий Ассамблейн их танхимдаа болж, та бид халуун сэтгэлээр уулзан учирч байгаа нь цар тахлын аюулыг бид хамтдаа даван гарна, түүнийг ялах болно гэдэг итгэл найдвар бидэнд төрүүлж байна" гэлээ. 


Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнөд ивээх болтугай.

Анхаарал хандуулсанд баярлалаа!

Санал болгох

Ихэр хүүхэд төрүүлсэн ээжүүд 20 хоног нэмэгдүүлж халамж авна

Нийгмийн даатгалын тухай хууль анх 1994 онд батлагдсан бөгөөд үүнээс хойш 26 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

17 цагийн өмнө
ҮБХИС-ийн багш нарт төрийн дээд одон гардууллаа

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв

18 цагийн өмнө
С.Эрдэнэ: Х.Баттулгын урт гар дахиад бүлгийг тараах гэж байна

Ардчилсан намаас намын гишүүн Ц.Тувааныг хамаас хөөсөн талаар мэдээлэл хийлээ.

20 цагийн өмнө
Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын үндэсний чуулган болж байна

Үндэсний чуулганд шүүх, прокурор, Шүүхийн ерөнхий зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын нотариатчдын танхим, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төв, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурал, Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, олон улсын байгууллагын удирдлага, ажилтан, алба хаагчид оролцож байна.

21 цагийн өмнө