Ө.Ганзориг: Тэтгэврийг өвлүүлэх, хөрөнгө оруулах боломжийг шинэчилсэн хуулиас хассаныг эсэргүүцэж байна

2021 оны 10 сарын 52021-10-05
Ө.Ганзориг: Тэтгэврийг өвлүүлэх, хөрөнгө оруулах боломжийг шинэчилсэн хуулиас хассаныг эсэргүүцэж байна

Хүн бүхэнд хамааралтай Нийгмийн даатгалын багц хуулийг өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Тэгвэл нийгмийн даатгалын шимтгэл төлж буй иргэд энэ хуулийн төслөөс юу хүлээж байгаа, реформ ирээдүйд тэтгэвэрт гарах иргэдэд ямар өгөөжтэй талаарх мэдээллийг хүргэж байна.

Юуны түрүүнд иргэд нийгмийн даатгалын шимтгэлд хэдэн төгрөгийг хэр хугацаанд төлж байж, тэтгэвэрт гардаг талаарх мэдээллийг хүргэе.

Нийгмийн даатгалын шимтгэлд ойролцоогоор ажил олгогч 12.5-14.5%, харин хөдөлмөрийн болон иргэний гэрээгээр ажиллагч нь цалин хөлснөөсөө 11.5 хувийн шимтгэл төлдөг. Ингэхээр ажилтан цалингаасаа НДШ-д сард 24-26 хувийг төлдөг гэсэн үг юм. Тодруулбал нэг сая төгрөгийн цалинтай иргэн 240-260 мянган төгрөгийг сар бүр нийгмийн даатгалын шимтгэлд төлдөг. Харин эргээд үүнийгээ тэтгэвэрт гарч авах ёстой.

Иргэн ажлын нөхцөлөөс шалтгаалж 7-25 жил ажиллаж байж тэтгэвэр тогтоолгодог

  • Энгийн өндөр настан 20 жил 9 сар ба түүнээс дээш жил ажиллаж байж тэтгэвэрт гардаг. /Эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 нас хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл/
  • 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эх 20 жил ажиллаж байж тэтгэвэрт гардаг. /Эмэгтэй 50 нас хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл/
  • Газар дор, хортой халуунд, хүнд гэсэн хөдөлмөрийн нөхцөлд ажилласан иргэд 10 жил ажлаад тэтгэвэрт гардаг. /Газар дор болон хортой халуун нөхцөлд  10 жил ажилласан эрэгтэй 50 насандаа тэтгэвэрт гарна, Хортой халуун нөхцөлд 7 жил 6 сар ажилласан эмэгтэй 45 насандаа тэтгэвэрт гарна, Хөдөлмөрийн хүнд нөхцөлд 12 жил 6 сар ажилласан эрэгтэй 55 настайдаа, 10 жил ажилласан эмэгтэй 50 насандаа тэтгэвэрт гардаг/
  • Ажил мэргэжлийн нөхцөлөөс шалтгаалж /гоцлол дуучин, бүжигчин, найрал хөгжмийн үлээвэр хөгжимчин, агаарын болон хэрэглэлийн гимнастик, акробат, тэнцвэр, уран нугаралт, хүнд жингийн үзүүлбэрийн жүжигчин, зэрлэг араатан, ан амьтан сургаж тоглуулагч, хөөмийчин, найрал хөгжмийн үлээвэр хөгжимчин/ 20-иос доошгүй жил эсхүл нийтдээ 25-аас доошгүй жил үүнээс 15-аас доошгүй жил ажилласан бол өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгож болно.
  • Төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд 25-аас доошгүй жил ажилласан даатгуулагч өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгож болно.

Ингээд үзэхээр иргэд 7-25 жил ажиллаж байж тэтгэвэр тогтоолгох боломжтой байдаг. Харин өндөр насны тэтгэвэр тогтоолгох дундаж цалинг дараалсан 7 жилийн буюу 84 сарын дундаж цалингаар тогтоодог.  

Тэтгэвэр өвлөгддөг болох, НДШ-д төлсөн мөнгөнөөсөө иргэн Монголын топ компанийн хувьцааг эзэмших, төлсөн шимтгэл нь нэмэгдэх боломжийг Нийгмийн даатгалын багц хуулийн төслөөс хасжээ. Нийгэмд хүлээлт үүсгэсэн тэтгэврийн реформ хийгдэж чадсангүй. Энэ сэдвээр “Тэтгэврийн реформ хөдөлгөөн”-ий ТУЗ-ийн дарга, эдийн засагч Ө.Ганзоригтай ярилцлаа.

-Тэтгэврийн реформ хөдөлгөөнийг санаачилсан зорилго нь одоо нийгмийн даатгал төлж байгаа хүмүүст зориулсан шинэчлэл байсан. Тэгвэл яг ямар зүйл заалт нь хасагдаад шинэчлэл хийгдэж чадахгүй хэмжээнд хүрсэн гэж та нар үзээд байгаа вэ?

-Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас тавьсан хуулийн төсөл бидний 30 жил хүлээсэн реформ байж чадсангүй. Энэ шинэчлэл хийгдээгүйгээс болж баян хоосны ялгаа үүсч байна. Иргэн өөрийнхөө төлсөн татварыг эргүүлж авахгүй байх шударга бус тогтолцоотой байна. Энэ шударга бус тогтолцоог “эв хамтын систем” гэдэг үгээр халхавчилж байгаа. Тиймээс Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар энэ реформыг хийх хэрэгтэй. Яагаад гэхлээр энэ ХНХЯ-ны асуудал биш. Улс орны өмнө тулгамдаад байгаа асуудал юм.

-Ямар болъё гэж зорьж байгаа билээ. Бид сар бүрийн цалингаасаа 26 хувийн татвар өгч байгаа. Үүний 20 орчим хувь нь тэтгэврийн сан руу орж байгаа. Гэтэл өртэй үхэж байна. Тэтгэвэр өвлөгдөхгүй байна. Жаахан муухайгаар хэлбэл тэтгэвэрт гарлаа шууд ядуурлын ангилалд ороод байна шүү дээ. Үүнийг л засъя гээд байна уу?

-Бид цалингаасаа 30 хувийг төрд төлж байгаа. Энэ бол төрийн мөнгө. Харин нийгмийн даатгалд төлж байгаа бидний 22 хувь чинь бидний өөрсдийн мөнгө байх ёстой. Энэ мөнгийг төр ерөөсөө захиран зарцуулж болохгүй. Энэ мөнгө бидэнд эргээд тэтгэврээр ирж байх ёстой. Ард түмний нэрийн өмнөөс хөрөнгийн зах зээлээс том компаниудын хувьцаа болж хувирч байх ёстой. Ийм реформыг 1990 онд хийгээгүйгээс болж өнөөдөр топ 100 компани нь 100 гэр бүлийн мэдэлд очсон. Тэгэхээр хуваарилалтын системийг хуримтлуулдаг систем болгохыг тэтгэврийн реформ гэж ярьж байгаа. Жилийн 1.5 их наяадын мөнгө цугларч байна. Гэтэл энэ мөнгийг харамсалтай нь тухайн жилд нь тараачхаад байна. Төр тэтгэврийн сангийн мөнгийг хөрөнгийн зах зээлд гарах эрсдэлтэй гээд сууж байна. Гэтэл төр хэчнээн их мөнгийг хаана, хаана хийж алдаж байлаа. Өнгөрсөн 30 жилд маш их мөнгө алдсаныг хүн болгон мэдэж байгаа. Өнөөдрийн хуваарилалтын систем жилийн 600 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай. Тун удахгүй хэдэн жилийн дараа 1 их наяадын алдагдалтай болно. Тэгэхээр хуримтлуулж чадахгүй байгаа болохоор энэ систем бүтэхгүй болчихсон. Үе үеийн Засгийн газар шат дараатай цаг нь болоогүй гэдэг шалтгаанаар реформ хийдэггүй.

Бид төлж байгаа 20 гаруй хувиасаа дөрвөн хувийг нь хүн өөрөө мэдээд хөрөнгийн зах зээл дээр тэтгэврийн санд байрлуулъя гэж байгаа юм. Энэ санд улс төрчдийн гарыг оруулахгүй. Улс төрчид орохлээрээ хэзээ мөдгүй дампуурах гэж байгаа банканд аваачаад хийчихдэг. Хувийн тэтгэврийн санд хүмүүс итгэнэ. Манай улс ганц энэ системийг хийх гээд байгаа юм биш. Дэлхийн 100 гаруй улс хэрэгжүүлдэг. Үндсэндээ иргэд хувийн тэтгэврийн сан руу 4 хувиа хийж, энэ сан хөрөнгийн зах зээлээс арилжаа хийж хувьцаа болгоё гэж байгаа гэсэн үг юм. Энэ л зүйлийг хүссэн ч, хуулийн төсөлд байхгүй болж, сайн дурынх болчихсон. Сайн дураараа нэмж хийж болох юм гэнэ.

-20-25 жил ажиллачхаад тэтгэвэрт гарах насандаа нас барчихвал, төлсөн татвараа авч чадахгүй хохь болдог тогтолцоотой байна шүү дээ. Гэтэл иргэд  нас барсан ч, өвлөгдөөд үлддэг тогтолцоог хүсч байгаа. Өр нь үлдээд байхад яагаад төлсөн татвар нь өвлөгдөж болохгүйг тэд ярьж байна. Тэгвэл хуулийн төсөлд энэ заалт бас байхгүй болсон уу?

-Тэтгэвэрт хүн гарахдаа хоёр сонголттой байна. Зөвхөн 4 хувь дээр шүү. Нэг дэх сонголт нь бэлэн мөнгөөр авах. Эсвэл 4 хувиа амьдралын даатгалын компанид шилжүүлээд нас барах хүртлээ тэнцүү дүнгээр хувааж авч болно. Хэрэв 80 наслахгүй. 65 настай тэтгэвэрт гараад 67 насандаа нас барчих юм бол, тэр 80 нас хүртэл насална гэж үзээд тэр мөнгийн ар гэрт нь өгнө. Энийг чинь өвлөгдөнө гэж яриад байгаа юм. Гэтэл энэ бас байхгүй болчихсон.

 

 

Санал болгох

Б.Мөнх-Од: Авлигаас ангид байхад цахим шилжилт чухал байна

Прокурорын байгууллагын хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдод хэргийг процесс ажиллагааг ил тод, нээлттэй болгох үүднээс 2020 онд e-justice.mn цахим сайтыг нээн ажиллуулж байна.

1 цагийн өмнө
Иргэд тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөж төлснөөр жил ухрахгүйгээр тэтгэвэр тогтоолгох боломжтой

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль хэрэгжсэнээс хойш багагүй хугацаа өнгөрч байна. Иргэдэд өгөөжтэй энэхүү хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг хүргэж байна.

3 цагийн өмнө
Блокчэйн

Манай нийгэмд үүссэн асуудлуудыг технологи өргөс авч буй мэт шийдэж чадах уу, хүний нийгмийн итгэлцэлийн хямралын шийдэл нь блокчэйн технологи мөн үү, компани, бизнесүүд дундын экосистем, үндэсний блокчэйн сүлжээг бий болгож чадвал нийгэм, эдийн засгийн асуудлаа багасгах боломж үүсэх үү гэдэг асуултуудын хариу хайлаа. Зочдоор “Мобинет” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхзориг, “Амар” даатгалын компанийн бизнес хөгжлийн захирал Т.Тэлмэн, хууль Г.Уянгахишиг, “Корекс” компанийн гүйцэтгэх захирал М.Золжаргал нар оролцлоо.

8 цагийн өмнө
Шахмал түлшний 2 сая шуудайг 1 тэрбум 200 сая ₮-өөр дотоодоос авна

Дотоодоос 2 сая ширхэг шуудай худалдаж авахад өнгөтэй, гялгар гадаргуутай байх шаардлагыг тавихгүй. Гэхдээ тээвэрлэлтэд 3-4 удаагийн дамжлага дамждаг учраас хэрэглээ дайхуйц байх ёстой. Одоогийн байдлаар хоёр ААН шуудай нийлүүлэх хүсэлт ирүүлээд байна.

3 өдрийн өмнө