С.Энхболд: PCR шинжилгээний үнэ өдрөөс өдөрт хямдарч байна

2021 оны 10 сарын 142021-10-14
С.Энхболд: PCR шинжилгээний үнэ өдрөөс өдөрт хямдарч байна

УИХ-ын чуулган үргэлжилж байна.

Чуулганы эхэнд Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /ковид 19-ийн эсрэг  вакцинжуулалтын арга хэмжээ/ -ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Ковидын нөхцөл байдал хэцүү байгааг ойлгож байна. Гэхдээ бид нарыг нэг жилийн хугацаанд авсан зээл маань тэрбум гаруй ам.доллар болж байгаа шүү. Яахав зээлийн хүү бага, хөнгөлөлттэй нөхцөлтэй гэж байгаа хэдий ч авч байгаа мөнгөө ариг гамтай хэрэглэмээр байна. Ямар вакциныг хэдий хэмжээгээр ямар үнээр худалдаж авах шийдвэрийг хэн гаргаж байгаа вэ. Вакцины бодлогоо тодорхой болгомоор байна. Одоо ирээдүйд хэдий хэмжээний вакцин нэмж авахаар төлөвлөж байгаа вэ. Түүнд хэдий хэмжээний хөрөнгө төлөвлөж байгаа вэ. Вакцин худалдан авах мөнгө байгаа юу эсвэл дахин зээл авах уу гэдэг асуултуудад хариулт авмаар байна. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Вакцины төлөлтийг Эрүүл мэндийн яам мэргэжлийн байгууллагатай хамтран гаргадаг. Бид зорилтот бүлэг буюу 18 дээш насны 2 сая гаруй хүн вакцин хийнэ гэж төлөвлөгөө гаргасан. Өнөөдрийн байдлаар 7.3 сая тун вакцины татан авалтыг хийсэн. Үүний 4 сая тун Вероселл, 2.5 сая тун Файзер татан авсан. Одоогор нөөцөнд 1.7 сая тун Файзер, 890 мянган тун Веросел вакцин байна. Вакциныг стандартын дагуу зориулалтын орчинд хадгалж байгаа. Улсын хэмжээнд төлөвлөсөн иргэдийн 65.6 хувийг хоёр тун вакцинаар дархлаажуулсан. 350 мянган хүн 3-р тунд хамрагдаад байна. Дархлаа сэргээх 3-р тунгийн дархлаажуулалтыг эрчимжүүлнэ.

“Ковакс” хөтөлбөрөөс хэдэн тун вакцин нийлүүлэхээ урьдчилж хэлдэггүй. Сая энэ хөтөлбөрийн хүрээнд есдүгээр сард 890 мянган тун вакцин  ирсэн. Вакцины нөөц хангалттай байгаа тул 2021 оны дөрөвдүгээр улиралд авахаар төлөвлөсөн вакцинаа 2022 оны 1, 2-р улиралд авахаар захиалгаа шилжүүлээд байна гэлээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Ковидтой тэмцэж буй хөрөнгө мөнгө хангалттай байгаа. Бид ковидтой тэмцэхэд хангалттай мөнгө зарцуулж байна. Гэтэл яагаад нас баралт, өвчлөл буурахгүй байна вэ. Ковидтой тэмцэж буй санхүүжилтээ Засгийн газар, УИХ-д тайлагнаж байна уу.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Эрүүл мэндээ хамгаалъя гээд 5.1 их наяд төгрөг зарцуулсан. Эхэндээ коронавирусийн халдварыг оруулж ирэхгүй тогтоон барьж чадсан. Гэсэн хэдий ч дунд шатандаа хариуцлагагүй үйлдэл гарч байна. Чанаргүй оношлогооны төхөөрөмж оруулж ирсэн нь халдварыг дотооддоо алдахад хүргэсэн гэсэн мэдээлэл байна. Нүүрсний үнэ дээд цэгтээ хүрсэн энэ үед ийм хариуцлагагүй үйлдэл хийж байна. Төсөвт орох ёстой орлого тасалдаад байгаа нь эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой шүү дээ. Засгийн газар болон УИХ-аас ковидтой тэмцэхэд маш их хөрөнгө зарцуулж байгаа. Эдгээр хөрөнгийг эрүүл мэндийн салбарыг чадавхжуулахад зарцуулмаар байна. 

УИХ-ын гишүүн Г.Ганболд: Зээлийг вакцинд зарцуулах гэж байгаа учир дэмжиж байна. Өнөөдрийн байдлаар нийт хэдэн хүн өвчилсөн бэ. Хичнээн хүн өвчилж байж сүргийн дархлаа тогтох вэ. Одоо бидний дархлаажуулалтад ашиглаж буй вакцинуудаас аль нь дархлаа тогтоох чадвар хамгийн өндөр вэ. Олон улсын байгууллагуудаас зээл авахдаа анхаармаар байна.Үүн дээр анхаарахгүй бол хэт өндөр өртөгтэй зээлүүд байна шүү.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Манай улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас яаралтай горимд хүлээн зөвшөөрсөн вакцинуудыг хэрэглэж байна. Эдгээр вакцинууд 50-75 хувийн хамгаалах чадвартай. Өнөөдрийн байдлаар 480 мянган хүн коронавирусийн халдвар авсан. Өдөрт халдвар авсан хүний цаана ойрын хавьтал хэдэн хүн байгааг тооцоолох боломжгүй болсон. Өнөөдөр бид вакцинжуулалтыг 65.5 хувьд хүргэсэн нь халдварын тархалтыг тодорхой хэмжээнд хумихад нөлөөлж байна гэж бодож байна. Манай улсын хувьд Дархлаажуулалтын хуультай. Тийм ч учраас вакцинжуулалтын дэд бүтэц сайн хөгжсөн улсын тоонд ордог. Иймээс хүйтэн хэлхээний асуудлыг зохицуулсан.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Гадаад өр гэдэг бол үндэсний аюулгүй байдалтай салшгүй холбоотой. Засгийн газрын өрийн хязгаар нь хуульд заасан хэмжээнд байна уу аль эсвэл түүнээс давсан уу. 2021 онд хэдэн долларын гадаад өрийг төлсөн бэ. 2022 онд хүлээгдэж буй гадаад өрийн төлбөр хэд байгаа вэ. Үүнийг төлж чадах уу.

Сангийн сайд Б.Жавхлан: Сүүлийн нэг жилийн хугацаанд олон талт хамтын ажиллагаатай түнш байгууллагуудаас нийтдээ 998 ам.долларын ерөнхий хэлэлцээрийн гэрээ хийсэн. Ашиглалт зарцуулалт өөр. Ирэх 3-4 жилийн хугацаанд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг зарцуулах зээлийн хэлэлцээрийн ерөнхий гэрээ гэсэн үг.  Засгийн газрын өр нийтдээ 8.4 тэрбум ам.доллар. Сүүлд долоодугаар сард хийсэн төсвийн тодотголоор ДНБ-д эзлэх Засгийн газрын өрийн дээд хязгаар энэ жил 70, ирэх жил 65, түүний дараа жил 60 хувь гэж буураад явах ёстой. Одоо гуравдугаар улирлын байдлаар манай Засгийн газрын гадаад өрийн хэмжээ 61.8 хувьтай байна. Энэ оны ДНБ-ий эцсийн тоо гарахаар ирэх оны нэгдүгээр улирлын байдлаар жилийн эцсийн дүн гардаг. Тэр үед дээд хязгаартаа буюу 70 хувьдаа барихаар төлөвлөж байна. Ирэх он 65 хувь хүртэл шат дараатай бууруулна. Хоёр төслийн хүрээнд нийтдээ 2 тэрбум ам.долларын өрийн зохицуулалт хийсэн. Тодруулбал өнгөрсөн онд 200 сая ам.доллар, энэ жил 190 сая орчим ам.долларыг төсөв дээрээс шууд төлж барагдуулсан. Төсөв дээр даах хэмжээгээр төлөөд явна. 

Гадаадаас ирж буй иргэдээс шинжилгээ авах талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө.

Тэрбээр "Зөвхөн гадаад руу явж байгаа хүмүүсээс биш жирийн хүмүүстэй нийлээд өдөрт 10 мянган шинжилгээ хийлээ гэхэд 500 сая төгрөг зарцуулагдаж байгаа. PCR шинжилгээ өөрөө 28 мянган төгрөгийн өртөгтэй. Үүнд хамгаалах хувцас хэрэгсэл орно. Шинжилгээний үнэ өдрөөс өдөрт хямдарч байна. Тухайлбал хоёр, гуравдугаар сарын үед өдөрт 10 мянган хүнд шинжилгээ хийхэд 800-1 тэрбум төгрөг зарцуулдаг байсан. Ханган нийлүүлэлтийг эрхийг олон байгууллагад олгосон учир үнэ хямдарч байгаа. Харин гадаадаас ирсэн иргэдийг шинжилгээнд заавал хамруулна. Энэ нь манай улсад ямар хувилбарын вирус орж ирж байгааг тодорхойлоход тусалдаг" гэлээ.

Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/ -ийн төслийг соёрхон батлах тухай хуулийг хэлэлцэж, санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэнээр хуулийн төслийг эцэслэн баталлаа. 

 

 

Санал болгох

Ихэр хүүхэд төрүүлсэн ээжүүд 20 хоног нэмэгдүүлж халамж авна

Нийгмийн даатгалын тухай хууль анх 1994 онд батлагдсан бөгөөд үүнээс хойш 26 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

17 цагийн өмнө
ҮБХИС-ийн багш нарт төрийн дээд одон гардууллаа

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв

17 цагийн өмнө
С.Эрдэнэ: Х.Баттулгын урт гар дахиад бүлгийг тараах гэж байна

Ардчилсан намаас намын гишүүн Ц.Тувааныг хамаас хөөсөн талаар мэдээлэл хийлээ.

19 цагийн өмнө
Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын үндэсний чуулган болж байна

Үндэсний чуулганд шүүх, прокурор, Шүүхийн ерөнхий зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын нотариатчдын танхим, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төв, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурал, Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, олон улсын байгууллагын удирдлага, ажилтан, алба хаагчид оролцож байна.

20 цагийн өмнө