Б. Энхтулга
Сэтгүүлч

ТУЛГА тойрсон: Нэр нэгтнүүд...

2021 оны 10 сарын 192021-10-19
ТУЛГА тойрсон: Нэр нэгтнүүд...

Дөрвөн өдрийн өмнөөс УИХ-ын гишүүн асан МУГЖ дуучин С.Жавхлан Сүхбаатарын талбайд суулт хийж эхэлсэн. Суулт хийж байгаа шалтгаан нь Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах юм. Гэхдээ өнөөдөр түүний суултыг өөр зорилготой хэмээн иргэн О.Отгонтөгс гэх залуу мэдээлэл хийв.

18844a99f9708f7450c693f52210315b.jpg

О.Отгонтөгс:“С.Жавхлан Монгол туургатан аялан тоглолт хийнэ гэж Сангийн сайд Б.Жавхлангаас 4 орчим тэрбум төгрөг нэхсэн. Түүнийг нь өгөөгүй болохоор суулт хийж Засгийн газрыг огцруулах нэрийдлээр шантааж хийж ард түмнийг хуурч байна.

Энэ мэдээлэлтэй зэрэгцээд сэтгүүлчид Төрийн ордонд Сангийн сайд Б.Жавхлангаас тайлбар авсан.

246542032_953834295259926_5163095291084812212_n.jpg

Б.Жавхлан: Аялан тоглолт хийх талаар надтай уулзаж мөнгө нэхсэн нь үнэн. Энэ мөнгөн дүн нь 4 орчим тэрбум төгрөг байсан. Гэхдээ улсын төсвийн мөнгөнөөс ийм зүйлд мөнгө гаргах боломжгүй учраас боломжгүй гэдгээ хэлсэн. Үүнээс болоод суулт зарлаж байж магадгүй.

Үүний хариуд С.Жавхлан сэтгүүлчдэд тайлбар өгсөн юм.

246665425_166771118983535_3265352086757857167_n.jpg

С.Жавхлан: Би мөнгө нэхээд байсан зүйл байхгүй. Сангийн сайд Б.Жавхлангаа аваад ир нүүрэлдье. Үнэн, худлыг нь тэгж шалгая.

Өнөөдөр нэг ийм тоглолт С.Жавхлан дээр явагдлаа. Хаанаас ч юм бүү мэд өөрийгөө жирийн нэг бизнес эрхлэгч олон залуусын төлөөлөл хэмээн нэрийдэж гарч ирсэн иргэн О.Отгонтөгс гэгч Сангийн сайдын өрөөнд болсон уулзалтыг мэдэж л байдаг. Тэгээд түүнийгээ олон нийтийн мэдээллийн хэрэгсэл цуглуулж хэвлэлийн бага хурлаар зарлаж л байдаг. Үүнийг нь Сангийн сайд нь өө тийн тийм зүйл болсон. Би мөнгө нэхээд байхаар нь өгөөгүй. Хариуд нь С.Жавхлан суулт зарлана гэсэн би тоогоогүй гэж хэлээд зогсож л байдаг. Нэг л авцалдаад байгаа юм биш үү бүх зүйл нь бэлдчихсэн юм шиг...

Ард түмэн “Улаан бал” нэвтрүүлгийн хөтлөгч Ч.Лодойсамбуугийн хэлдгээр “Хэрсүү” болж байгаа гэдгийг хуучин үеийн улс төрчид яагаад одоо болтол ойлгодоггүй юм бол. Энэ мэт тоглолтонд иргэдийн тархийг угааж нэгнийгээ харлуулдаг улс төрийн маркетинг явахаа больж байгаа юм сан. Буруу яваад байгаа юм биш үү! 

245894991_213465960880297_1629575804038177052_n.jpg

Дуучин С.Жавхланг анх суулт хийж эхлэх үеэс л “акц” эхэлсэн. Түүний өмсч зүүсэн бүгдийг нь үнэлээд зурагт материал хүртэл бэлдэн сошиалаар “Нүнжигтэй жагсаал” хэмээн хэсэг сэвсэн. Яагаад заавал ядуу, тарчиг юу ч үгүй хүн Төрийн шийдвэрийг эсэргүүцэж тэднээс аврал эрэх ёстой юм. Бас л ард түмнийг тархины тураалтай хэвээр байгаа хэмээн басамжилсан “акц” байв. 

 

Үнэн байвал нүцгэн байсан ч хувцастай, худал байвал хурган дээлтэй ч нүцгэн харагдана.

 

Энэ хэсэгт энэ бичвэрт хамааралтай ч юм шиг хамаагүй ч юм шиг нэг жишээ дурдая. Монгол Улсын нийт баялгийн 70 орчим хувийг чинээлэг иргэд үлдсэн 30 хувийг дунджаас доогуур орлоготой иргэд хүртдэг гэх Монголбанкнаас гаргасан судалгаа бий. 

С.Жавхлан хурган дээл нөмөрсөн чоно уу эсвэл хурган дээлтэй тэмцэгч үү? Үнэхээр мөнгөний төлөө суулт хийгээд иргэдийн дэмжлэгийг аваад байна уу?

Иргэдийн дэмжлэг гэснээс С.Жавхланг тойрон хүрээлж байгаа иргэд яг л өнгөрсөн жил дүн өвлийн хүйтнээр төв талбай дээр өлсгөлөн зарлаж байсан “Босоо” хочит С.Ганбаатарын хүрээлэгчдийг сануулав. Түүний тойрон хүрээлэгчдийг сэтгүүлч болгон мэдэх байх. Гэхдээ би өөр дээрээ тохиолдсон нэг явдлыг товчхон бичье. С.Ганбаатарыг өлсгөлөн зарлаж байх үед Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар очиж уулзсан юм. Олон сэтгүүлч цугларсан байсан тул шахцалдаад миний микрофон барьсан гар С.Ганбаатарын мөрөн дээр тавигдчихав. Гэтэл нэг том биетэй залуу чи гишүүний мөрөн дээрээс гараа ав хэмээн намайг нударч билээ. Би ч юугаараа дутхав би ажлаа хийж байна гэж сөргөтөл ард нь байсан хүүхэн, залуучууд хийморь сүлд нь харьчихна, чи гишүүний мөрөн дээр гараа тавьдаг хэн бэ гэх мэтчилэн хар яриагаар хэрүүл өдөж гарсан. Дараа нь би яриа авах гэж хоёр ч удаа очих үед үүдэнд нь бүгд зогсчхоод гишүүн амарч байгаа оруулахгүй. Чи юу асуудаг юм хөлсний сэтгүүлч гэх мэтчилэн хараалгаж байсан удаатай. Яг үнэндээ майхан дотроо С.Ганбаатар халуун цай уугаад хоол идэж байсан юм даг. Тэгээд л удалгүй тохироогоо хийгээд алга болсон. “Босоо” хочит С.Ганбаатар ийм л тойрон хүрээлэгчидтэй тул өдийг болтол жагсаал, цуглааныг амжилттай зохион байгуулсаар ирсэн байх. Үүнийхээ хариуд ч эрх барьж байгаа намуудтай өөрийн хүссэн зүйлээ тохиролцож чаддаг. Үүнтэй тун төстэй үйл явдал С.Жавхлангийн суулт зарласан эхний өдөр сэтгүүлчид очиж ярилцлага авах үеэр гарав. Сэтгүүлч ямар үр дүн харж байгаа талаар асуух үед С.Жавхлан өөрөө ч бухимдаж түүнийг хүрээлэгчид ч мөнгө авчихсан сэтгүүлч байна, чи боль гэх мэтээр зандарч байлаа. Нэг талаараа С.Жавхлан олон түмэнд нөлөөтэй мэт харагдаж байгаа ч жинхэнэ талаасаа түүнийг тойрон хүрээлэгчид зөвхөн нэг хүний үзэл бодлыг дагадаг өөрсдийн гэсэн үзэл бодолгүй, өөрсдийн хүслийг дагаж түүнтэй нэгдээгүй гэдгээ харуулж байгаа нь энэ юм. С.Ганбаатар, С.Жавхлан нарын хүрээлэгчид жинхэнэ нөлөөлөгчид бас жинхэнэ нураагчид. Жинхэнэ нөлөөлж байгаа нь нь улс төрчдөд, жинхэнэ нурааж байгаа нь нийгмийг. Үзэл бодолдоо үнэнч үнэн зүйлийн тэмцэж байгаа бусдыгаа тэд чирдэг. Зөвхөн өөрийн гэсэн хүний эрх ашгийн төлөө уйлаад ч хамаагүй чичирч чаддаг төрлийн хүмүүс.

ХЗДХ-ийн-сайд-Х.jpg

Тойрон хүрээлэгчид чухал байсан учраас жаахан тодорхой дурдлаа. С.Жавхлангаас Засгийн газар яагаад айгаад байгаа гэдгийн нэг жишээ нь энэ болохоор. Тийм ч учраас Засгийн газар өдөр бүр С.Жавлангийн эсрэг ямар нэгэн “акц” явуулж байгаа. Харин С.Жавхлангийн цаад зорилго 4 тэрбум уу эсвэл өөр тохиролцож чадахгүй байгаа зүйл байна уу? Ямар ч байсан засгийн газрыг унагах түүний зорилго жинхэнэ биш гэж хардах хүн олон. Жинхэнэ ч биш байх гэж би хувьдаа хардаж байна. Өнөөдөр С.Жавхлан дээр хуучин байсан АН-ын нөгөө нэг хэсэг болох Д.Ганбат, М.Тулга нар ирж түүнтэй үзэл бодол нэг, үйл хэргийг нь дэмжиж байгаа гэдгээ илэрхийлэв. Нэг юмны үнэр авсан болоод эсвэл улс төрийн шоу хийх гэж ирсэн гэдэг нь тодорхой харагдаж байлаа. Түүнээс хөл толгойгоо ч олохгүй байгаа АН үстэй дээл нөмрөөд сууж байгаа С.Жавхлантай манатай л байгаа. С.Жавхлан ч үнэхээр үнэн юм бол гарч ирээд хамт хэвт өөр ярих зүйл байхгүй гэдгээ тэдэнд илэрхийлсэн. Гэхдээ тийм зүйл болохгүй гэдгийг хэн хэн нь мэдэж байгаа учраас тус тусдаа жижигхэн “PR” хийгээд салцгаасан юм. Засгийн газраас яагаад Б.Жавхлан сайд түүнтэй эхэлж тулав. 4 тэрбум биш юмаа гэхэд Сангийн сайдтай холбоотой ямар нэгэн зүйл байгаа нь үүгээр тодорхой боллоо. Өнөөдрийн суултыг тодорхойлсон ганц үйлдэл энэ юм. С.Жавхлангийн үзэгдэл эхлээд дөнгөж дөрөв дэх өдрөө болж байна. Цааш бид илүү тодорхой олон зүйлийг мэдэж авах байх. Хамгийн үнэн зүйл нь С.Жавхлан хэзээ ч засаг унагахгүй. Харин Б.Жавхлан С.Жавхландаа хүссэн зүйлийг нь өгөх магадлалтай юм. Эцэст нь С.Жавхлан тойрон хүрээлэгчидтэйгээ төв талбайгаас эсгий гудсаа, чанга яригчтайгаа чирээд алга болно. Иргэд стресстэй, асуудалтай хэвээр л үлдэнэ...

 

Санал болгох

ТУЛГА тойрсон: Боловсордоггүй боловсролын салбар...

сургуулийн насны 3 хүүхэд тутмын нэг нь сургууль хаасан үед зайнаас суралцах боломж, бололцоо байхгүй байна.

3 өдрийн өмнө
Улиастайн шинэ эцсийн 250 метр гудамжийг уран зургаар чимлээ

Хашаан дээр өлгөсөн хивс, монгол гэрийн хана, хашааныхаа хаалгыг сахисан монгол банхар, өв соёлыг харуулсан уламжлалт ахуй зэргийг Улиастай шинэ эцсээс “Ид шидийн орон-2” хүртэлх замд харж, дүрслэх урлагийн ертөнцөөр аялах боломжтой.

6 өдрийн өмнө
Коронавирус ба Хөгжлийн бэрхшээл

Жил бүрийн 12 дугаар сарын гурван онцгой өдөр байдаг. Энэ өдрийг дэлхий даяар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон тунхаглан тэмдэглэдэг.

6 өдрийн өмнө
ТУЛГА тойрсон: Эгийн гол манай гол

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх сарын дундуур ОХУ-д айлчлах тухай мэдээлэл байгаа. Энэ айлчлалаар Эгийн голын усан цахилгаан станцын асуудлыг нааштайгаар ойлголцох нь монголчуудад чухал байна.

9 өдрийн өмнө