Х. Болор
Сэтгүүлч

СУРВАЛЖИЛГА: "Ээж ээ, би сонсож байна"

6
2021 оны 6 сарын 12021-06-01
СУРВАЛЖИЛГА: "Ээж ээ, би сонсож байна"

“Ээж ээ би сонсож байна”

“Асаалаа шүү Биби бэлэн үү” гэж анхааруулаад аппаратыг нь асаахад анх удаа хорвоо ертөнцийн чимээг мэдрэх гэж нүдээ эргэлдүүлэн хичээнгүйлэн төвлөрч зогсоо асрахын жаахан Билэгээ. Юу гэхийг нь хүлээж ядан  амьсгаа даран түгших Билгээгийн “ээж” Өнөрөө. “Сонсож байна ээж ээ” гээд хөөрөн дэвхцэх бяцхаан хүү. Энэ дүр зураг хэдэн өдөр санаанаас гарсангүй. Хүйн холбоогоор холбогдоогүй ч хувь заяагаар хорвоод ээж хүү болсон тэдний тухай сурвалжилснаа эх үрсийн баярын энэ өдөр уншигч танд хүргэе.

Ээж хүү хоёрын гайхамшигт учралын тухай, хүн хүнийхээ төлөө гэсэн хиргүй сэтгэлийн тухай басхүү асрамжийн гарзын амьдралын тухай сурвалжлахаар “Эрдэм” асрах төвийг зорилоо.   

Бүхнийг чадагч “мом”

Хайраар дутаж,гуниг хурсан олон харцтай тулгарахдаа дотроо бэлтгэсээр асрамжийн газрын үүдэнд очлоо. Дүрлийсэн алаг нүдтэй булцгар цагаан хүү гүйсээр ирж, хаалга онгойлгон бид дотогш ороход дүнсгэр очинд гунигт харцтай тулгарах тухай өнөөх төсөөлөл маань ч замхрав. Хамгийн захын өрөөнөөс ямар нэг хөгжилтэй зүйл ярьсан бололтой охид инээлдэх нь сонстож, үүдэнд 2 хүү хаалга засаж саяхан авчирсан шинэ багажаа туршиж, хажуугаар 2 жаахан хүү хөөцөлдсөөр дайрах шахам гүйж өнгөрөв. Хүүгээ сонсголтой болохыг амьсгаа даран чагнаж зогссон өнөөх бор эгч нэг гартаа хүүхэд тэвэрч, нөгөөг нь хөтөлсөөр гарч ирээд 2 жаалыг эгчид нь өгөөд биднийг угтлаа.

Өнөрөө эгчтэй өрөөнд нь тухлан хууч хөөрөх зуур бараг л 2 минут тутамд “ээжээ”,“мом оо” гэсээр хаалга онголзуулах. Энд хүн болгоны асуудлыг шийддэг, бүхнийг чадагч ганц хүн нь Эрдэм төвийнхний “мом”  Өнөрөө эгч. Тоглоомоо булаалдсан зөрчилдөөнөөс эхлээд өсвөр насныхны хайр дурлал, сургууль дахь амьдрал, тэдэнд тулгарсан асуудлууд гээд бүгдийг “мом” л учрыг нь олно. Зөвлөнө, зохицуулна, бас сонсож сэтгэлийн дэм өгнө. Учирлана аргадна. Ар талын хүч болно.

Аавынхаа дурсгалд зориулж байгуулсан асрах төв нь өдгөө 24 хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулж  байна. Тэдний нэг нь Батбилэг. Эрдэм төвийнхөн бүгд л Өнөрөө эгчийг ээж, эсвэл мом гэж дуудна. Тэдний хамгийн бага нь 11 сартай бол хамгийн том ах нь 23 настай залуу. Өнөөх шинэ багажаа туршин хаалга засаж зогссон алиалах дуртай бор залуу шүү дээ.

24 хүүхдийн өмсөх зүүх, идэж уух, сургууль цэцэрлэгт сурах зардал гээд бүхнийг мом л зохицуулна. Төрөөс ямар нэгэн төсөв хөрөнгө хуваарилдаггүй учраас санхүүгийн асуудал бол эдний хамгийн том асуудал. Гэхдээ олон газарт төсөл бичиж, бичиг цаас уйгагүй явуулдагийн хүчинд олны тус дэмээр бид болоод л байна хэмээн Өнөрөө эгч ярих.

 

билээ.jpg

Ээжтэйгээ учирсан өдөр

Д.Батбилэг ээждээ 3 настай ирсэн. “Охиных шиг яв ягаан хүрэмтэй, юм бүхнийг гайхан цоо ширтдэг зуршилтай, гунигтай ч гэсэн цаанаа л галтай нүдтэй бяцхаан “амьтан” ирсэн дээ” хэмээн ээж нь ярина.  Төрөлхийн сонсголгүй, түүнээсээ болоод хэлд орох нь бүү хэл авиа ч гаргаж чаддаггүй гуравхан настай бяцхан хүүг хүлээж авснаас хойш 5 жил өнгөрчээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийн асуудлаар чуулсан тэр өдөр Билэгээ ээжтэйгээ учирсан байна. “Тэр үед яг л нэг хүүхдийн орон тоо гарсан байсан нь хувь заяа бид хоёрыг цаанаасаа л учруулах гэсэн байх” хэмээн Өнөрөө эгч билгэшээнэ. Билэгээгийн төрсөн ээж нь түүнийг төрүүлээд л хаячихсан аж. Хүүхдийн хүйн холбоог тасалж болохгүй гэсэн зарчимтай Өнөрөө эгч Билэгээг эмчлүүлж, сонсголтой болсон хойно нь ээжийг олж уулзахад “Би энэ хүүхдээр одоо яах юм бэ. Нэгэнт л хаясан шүү дээ” гээд 2 дахь удаагаа төрсөн ээж нь хүүгээс татгалжээ. Түүн шиг тавилантай хүүхдүүдийг хүлээж авдаг Хүүхдийн Төв сувилалд бойжиж байсан бяцхан Билэгээ Эрдэм асрах төвд ирсэн түүх энэ. Өнөрөө эгч хүүгээ сонсголын бэрхшээлтэй, түүнээсээ болоод хэлд орохгүй гэсэн мэдээг сонссоноос хойш эрүүл саруул болгох гэж эмнэлэг бүрийн хаалгыг бишгүй элээсэн гэнэ. Түүний уйгагүй зүтгэл үр дүнд хүрч “Medel” сонсголын төв болон алтан гарт эмч нарын буянаар Билэгээ хүү мэс засалд орж, бүрэн сонсгол орсноор үл барам одоо сурагч болж, чөлөөтэй уншиж бичиж, бас ярьж сурсан байна.

“Миний хүү яаж уншдагийг хардаа” гээд яг л тоглоомоо гайхуулж байгаа хүүхэд шиг хөөрөн “Сүүлэн хүү” үлгэрийг дуржигнатал унших хүүгээрээ бахархах нь хайр хүрэм. “Мундаг юм бэ” гэх үгэнд урамшин улам сайн, түгдрэлгүй унших гэж мэрийх хөөрхөн ээж хүү хоёр...

Билэгээ сонсдог болж, орчлонгийн түг түмэн чимээ анирыг мэдэрч эхэлснээсээ хойш хорвоотой танилцсаар. “Энэ юу вэ” гэх нь олширч,  эмнэлэг орох замдаа хүртэл   тааралдсан бүхнээ, сонссон бүхнээ асууж шалгаадаг гэнэ.

Билэгээ үнэхээр ч ээжийнхээ хэлснээр галтай нүдтэй хүү аж. Хэдий төрсөн эхдээ хаягдсан ч сайхан сэтгэлт сайн санаат хүмүүнтэй учрах ерөөлтэй л хүү байждээ гэж бодогдох. Юу ч сонсдоггүй бас ярьдаггүй. Түүнээсээ болоод зожиг ууртай ирсэн хүү өдгөө элэг нь дэвтэх ээжтэй, ах дүүтэй болж хамгийн гол нь тэр хорвоо дэлхийг сонсдог болжээ. Энэ бол зөвхөн сайн санаат сайхан сэтгэлт хүмүүсийн, бас алтан гарт эмч нарын ач буян.

Тиймээс ч Medel сонсголын төвийн захирал Г.Батбуян болон чих хамар хоолойн эмч Бямбасүрэн,  Цамба, Асралт тэргүүтэй алтан гарт эмч нарт үргэлж талархаж явдагийг минь заавал дамжуулаарай гэж Өнөрөө эгч үг дайсан юм.

 

asramj1.PNG

Төрөлхийн сонсголын бэрхшээлтэй хүүхдийг үнэ төлбөргүй эмчилдэг болжээ

Билэгээ хүү чухам ямар эмчилгээ хийлгэж, хэрхэн сонсгол орсон тухай мэс заслын эмчээс нь тодруулахаар Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн  Чих хамар хоолойн мэс заслын тасгийн эрхлэгч Л.Бямбасүрэнтэй уулзаа. Эрдэм асрах төвд шинэхэн ээждээ ирээд удаагүй Д.Батбилэг дамжуулах хэлбэрийн төрөлхийн сонсгол бууралттай, сонсголын байгалийн чадавхи байхгүй гэсэн оноштойгоор Л.Бямбасүрэн тэргүүтэй эмч нарын баг дээр иржээ. Ингээд хүүд ясан дамжуулалтын суулгацын мэс засал хийхээр болж, бүтэн цаг үргэлжилсэн хагалгаа амжилттай болсноор Билэгээ хүү ийнхүү сонсголтой болж, ээждээ “Сүүлэнхүү” үлгэр уншиж өгөөд шулагнаж суугаа нь энэ.

2012 оныг хүртэл Монголд энэ төрлийн эмчилгээ хийдэггүй байж. Харин Medel сонсголын төв Монголд эмчлэгддэггүй 2 төрлийн сонсгол бууралттай хүмүүст хийгдэх технологийг нэвтрүүлснээр өндөр өртөг бүхий энэ хагалгааг эх орондоо хийж эхэлсэн байна. Зөвхөн хагалгааны зардал л гэхэд 25-30 мянган ам.долларын өртөгтэй тус хагалгааг төрөлхийн сонсголгүй иргэдэд үнэ төлбөргүй хийдэг болсон туухай сайхан мэдээг Л.Бямбасүрэн эмч дуулгав. Харин олдмол сонсголын бэрхшээлтэй иргэдийг мөн үүнд хамруулах хүсэлтээ холбогдох газар нь өгсөн тухайгаа ч хуучлав.

Хэр эрт мэс засалд орно төдий чинээ үр дүн сайн

Төрөлхийн сонсголгүй 50-иас дээш насны хүнд энэ хагалгааг хийхэд үр дүн төдийлөн гардаггүй учраас  өндөр өртөг бүхий энэ хагалгааг олдмол шалтгаантайгаар сонсголгүй болсон залуу хүмүүст үнэ төлбөргүй хийсэн нь дээр гэж дүгнэснээ ч Бямбасүрэн эмч нуусангүй. 2012 оноос хойш нийт 20 гаруй иргэнд энэ төрлийн хагалгааг хийсний нэг нь Д.Батбилэг хүү ажээ. Энэ суулгацыг чихний арын хөхлөг хөндийд суулгадаг бөгөөд мэс засал хийснээс хойш 14-21 хоногийн дараа суулгацыг асаадаг байна. Асаасан даруйд сонсож эхэлнэ. Тиймээс хөхлөг яс тодорхой хөгжилд хүрсэн үед буюу 3 наснаас эхэлж энэ хагалгааг хийх боломжтой гэнэ. Хүүхдийн тархи сонсгол дагаж хөгждөг учраас сонсголгүй хүүхэдтэй бол аль болох эрт мэс засалд оруулах тусмаа сайн гэдгийг тэрбээр хэлж байлаа. Хамгийн чухал нь мэс заслын дараах асаргаа, хэл засал гэх мэт шаардлагатай дасгал эмчилгээг таслалгүй хийлгэх нь чухал аж. Хагалгаанд орлоо гээд санаа амрах биш хүүхдийнхээ хэл ярианы хоцрогдолд анхаарч, бүхий л талаар дэмжих хэрэгтэй гэдгийг ч онцолсон юм.

Сахалтай эмч шиг л эмч болно

Билэгээ эмч болохыг мөрөөддөг. “Хүүхдүүдэд тусалдаг бас өвтгөдөггүй учраас эмч хүмүүс гоё” гэнэ. Чих эмчилдэг сахалтай эмч шиг л эмч болно доо гээд нүдээ эргэлдүүлэн бодох нь өхөөрдөм. Түүнийг сонсдог болгож, хувь заяаг нь өөрчилсөн эмч хүн түүний хувьд баатар байхаас ч аргагүй. Чих эмчилдэг сахалтай эмч бол Билэгээгийн мэдэх хамгийн супер баатар. Хамгийн их бэрхшээл зовлонг туулсан хүмүүн хамгийн гайхалтай зүйлсийг бүтээдэг гэдэг.

Асрамжийн газартаа холын мөрөөдөлд автан суугаа энэ бяцхан хүү магад түмэн олныг зовлонгоос гэтэлгэгч алдартай эмч болчихоод алхаж явах ч бил үү хэн мэдлээ.

билэгэ.jpg

 

бибил.png

Санал болгох

"Бахархалгүй" Монгол

Дахин нэг аавын хүү эх орныхоо манаанд яваад эргэж ирсэнгүй.  Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан 21 настай цэрэг амь насаа алдсан хэрэг гарсан нь олон нийтийг бухимдуулж байна.

15 өдрийн өмнө
Хотын мартагдсан төслүүд "амилах" боломж нь БОНД

Жилээс жилд иргэдийнхээ ачааллыг дийлэхээ больж буй нийслэл хот   дэлхийн жишигт хүрэхийн тулд   мөнгөний амин чухал урсгалтай болох шаардлагатай нүүр тулж байна. Ингэхийн тулд хот санхүүгийн хувьд эрсдэлгүй бие даах нь чухал.

2 сарын өмнө
Гамшиг Туркээр дуусахгүй

Дэлхий нийтийг цочирдуулсан энэ байгалийн гамшиг бидэнд ч бас нүүрлэхийг үгүйсгэхгүй. Магадгүй энэ нь маш том сануулга болсон гэдгийг салбарын сайд ч бас хэллээ.

5 сарын өмнө
Нэр дэвшигчдийн ясыг нь цайтал шалгах хугацааг бидэнд өг

УИХ-ын 126 гишүүнтэй байх, 78-ыг нь тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаас сонгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдлээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлт Үндсэн хуулийн нэг хэсэг болж хүчин төгөлдөр боллоо. Ирэх 2024 оны сонгуулийн санал хураалтыг хуульд заасанчлан зургадугаар сарын 17-28-ны ажлын өдөр товлож таарна. Санал авах өдрөөс жилийн өмнө Сонгуулийг хуулийг өөрчилж болдоггүй тул УИХ ирэх долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх нь ээ.

6 сарын өмнө