Монголчууд өнөөдөр найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульдаа оролцож, зургаа дахь төрийн тэргүүнээ сонгоно. Энэ удаагийн сонгуулиар зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгогдох анхны Ерөнхийлөгч тодорно гэдгээрээ онцлогтой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв хүн Электорат" эвслээс Д.Энхбат нар нэр дэвшиж багаа билээ. Тэгвэл үе үеийн Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой сонирхолтой баримт мэдээллийг уншигч танд хүргэе.
9 сургууль, 27 цэцэрлэг барих мөнгөөр “сонгуульдана”
Сонгуулийн зардал сүүлийн жилүүдэд огцом өсч байгааг судлаачид онцолдог. Түүхэндээ долоон удаа сонгууль хийсэн Монгол Улс 40 саяар Ерөнхийлөгчийн сонгуулиа зохион байгуулдаг байсан бол 2009 оноос эхлэн сонгуулийн зардал тэрбум тэрбумаар өсч 2021 онд 26.9 тэрбум төгрөгөөр сонгууль зохион байгуулж байна.
Манай Улс 320 хүүхдийн суудалтай нэг сургуулийг ойролцоогоор 3 тэрбум төгрөгөөр, 100 хүүхдийн цэцэрлэгийг 1 тэрбум төгрөгөөр барьдаг аж. Тэгвэл 9 сургууль, 27 цэцэрлэг барих хэмжээний мөнгөөр ганцхан өдөр сонгуульдаад өнгөрөх нь ээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал
1993 онд-40 сая төгрөг
1997 онд-150 сая төгрөг
2001 онд-462.5 сая төгрөг
2005 онд-636.2 сая төгрөг
2009 онд-4 тэрбум төгрөг
2013 онд-15.8 тэрбум төгрөг
2017 онд-14.9 тэрбум төгрөг
2021 онд-26.9 тэрбум төгрөг
Сонгогдсон саналын хувь хэмжээгээр:
П.Очирбат: 1993 онд - 57,8 хувийн саналаар
Н.Багабанди: 1997 онд- 60,81 хувийн саналаар
Н.Багабанди: 2001 онд 58,13 хувийн саналаар хоёр дахь удаагаа сонгогдов
Н.Энхбаяр: 2005 онд- 53,44 хувийн саналаар
Ц.Элбэгдорж: 2009 онд- 51,21 хувийн санал авч,
Ц.Элбэгдорж: 2013 онд- 50,23 хувийн санал авч, хоёр дахь удаагаа сонгогдов
Х.Баттулга: 2017 онд- 50,61 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр сонгогдон, ажиллаж байна.
Нэр дэвшсэн нам, эвслийн харьяаллаар:
Монгол Улсын түүхэн дэх таван Ерөнхийлөгчийн хоёр нь МАХН буюу одоогийн МАН-аас нэр дэвшин Ерөнхийлөгчөөр сонгогдсон бол хоёр нь АН-аас нэр дэвшиж сонгогдсон байна. Харин анхны Ерөнхийлөгч П.Очирбат МҮАН, МСДН-ын эвслээс нэг дэвшин сонгогдож байжээ.
1993 онд П.Очирбат -МҮАН, МСДН-ын эвслээс
1997 онд Н.Багабанди -МАХН-аас нэр дэвшив
2001 онд Н.Багабанди -МАХН-аас нэр дэвшив
2005 онд Н.Энхбаяр МАХН-аас дэвшив
2009 онд Ц.Элбэгдорж АН-аас нэр дэвшив
2013 онд Ц.Элбэгдорж АН-аас нэр дэвшив
2017 онд Х.Баттулга АН-аас нэр дэвшив.
Ерөнхийлөгчийн 4 нь баруун аймгаас "төржээ"
Ерөнхийлөгч Х.Баттулгыг Баянхонгор аймгийнх гэж тооцвол Монгол Улсын 5 Ерөнхийлөгчийн 4 нь баруун аймгуудаас төржээ. Тодруулбал, анхны Ерөнхийлөгч П.Очирбат болон хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди нар Завхан аймгийнх бол дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ховд аймгийнх юм. Харин Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга хэдийгээр Улаанбаатар хотод төрсөн ч уугуул нутаг нь Баянхонгор гэдэг.
П.Очирбат- Завхан аймгийн Түдэвтэй сум
Н.Багабанди- Завхан аймгийн Яруу сум
Н.Энхбаяр- Улаанбаатар хот
Ц.Элбэгдорж- Ховд аймгийн Зэрэг сум
Х.Баттулга- Баянхонгор аймгийн гаралтай ч Улаанбаатар хотод төрсөн.