Х. Болор
Сэтгүүлч

Төмөр замын Баатар Жагаа

1
2021 оны 6 сарын 112021-06-11
Төмөр замын Баатар Жагаа

 

2020 оны намар билээ...Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам тавих их бүтээн байгуулалтад ашиглахаар барьсан түр замын далан борооны усанд сэтэрч, амтай бүхэн "ноцож" байсан үе юм. Наранд гандсан хүрэн улаан царайтай, шороо болчихсон нормын ногоон хувцастай, нурууг нь дагаж урссан хөлс цамцыг нь нэвт норгочихсон зөөлөн дуутай өндөр бор “төмөр замчин” усанд автсан замын учрыг тайлбарлаж байсан нь хэдхэн хоногийн өмнө Хөдөлмөрийн баатар цолоор энгэрээ мялааж, чийгтсэн нүдээ сэмхэн арчиж зогссон Зэвсэгт хүчний Барилгын инженерийн удирдах газрын дарга Д.Жаргалсайхан байсан юм.

Тэр намартаа төмөр замын бүтээн байгуулалтыг сурвалжлан трасс даган давхиж явахад 416 км төмөр замын доод бүтцийн ажлыг хугацаанаас нь өмнө хүлээлгэж өгчихөөд, дээд бүтцийн ажилд дайчлагдан намрын говийн халуун өдөр биесээ хөгжөөн үе үе нүрхийтэл инээлдэн ажиллах цэргүүдээ хараад “Залуусын маань бүтээн байгуулах гэсэн сэтгэл халуун байна даа” хэмээн бахархаж зогссон хүн мөн л Д.Жаргалсайхан дарга байлаа.

Төмөр замын их бүтээн байгуулалтаас хоёр Хөдөлмөрийн баатар төрсний нэг нь эгэл боргил эл эрхэм юм. Хөдөлмөрийн баатар цол тэмдгээ зүүх мөчид юу бодогдож байсныг нь асуухад “Машин явах ч боломжгүй энхэл донхолтой эль хуль оргисон эзгүй говьд төмөр зам барих тушаалтай оччихоод халгаж зогссон үе, эхний 50 метр далангаа босгоод түүндээ урамшин амрах цаг нь болчихоод байхад үнийгээ л дуусгаад амаръя гээд шамдаж байсан залуусын маань зүтгэл, тулгарсан саад бэрхшээл, туулж гарсан бахдалтай үеүүд бүгд л тэрхэн зуур киноны кадр шиг сэтгэлд зурсхийж, яах ийхийн зуургүй хамар шархираад явчихсан юм” хэмээн шагнал гардахдаа нулимс унагаснаа тайлбарлан хөгжилтэй инээх нь хүүхэд шиг. Хөдөлмөрийн баатар гэх эрхэм дээд шагнал хүртсэндээ бус бүтээн байгуулахын төлөө зүтгэж асан өдрүүдийн дурсамж нь л түүний эр хүний ховор нулимсыг олны өмнө гаргаж орхисон хэрэг байж. 

Тэрбээр ЗХ-ний цуваа төмөр зам барихаар говийн зүг хөдөлсөн 2019 оны 5-р сарын 24-ний өдрөөс эхлэн Тавантолгой-Зүүнбан чиглэлийн 416.1 км төмөр замын бүтээн байгуулалт бүрэн дууссан 2021 оны 5-р сар хүртэл энэ түүхэн бүтээн байгуулалтыг удирдаж, менежментээр хангаж ёстой л өөрийнх нь хэлснээр говьд аргал болтлоо ажилласан хүмүүсийн нэг.

Үнэхээр монгол хүн, монгол цэргүүд, монгол инженерүүд, Монголын төмөр замчид өөрсдөө бүтээн байгуулж чаддагийг харуулах гэсэн тэдний сэтгэл халуун байсан юм. Тийм л учраас хуй салхи, хулангийн тоосноос өөр юмгүй эзгүй говьд хоёрхон жилийн дотор монголчуудын олон жилийн мөрөөдөл болсон төмөр замыг тэд барьж чадлаа.

Энэ зам бол Монгол улсыг эдийн засгийн эрх чөлөөнд хүргэж, импортлогч биш нийлүүлэгч орон болох боломж юм. Энэ зам бол эх орны баялгийг хэвлийдээ тээсэн их говийг эзэнтэй болгож, мянга мянган ажлын байр бий болгож, төмөр зам дагасан үйлдвэрүүд, суурин газрууд сүндэрлэн босохын эхлэл билээ. Үүний л төлөө тэд аагим халуун, тэнхим хүйтэн, олны хэл ам, үгийн "жаврын" алийг нь ч  ажралгүй зөвхөн бүтээн байгуулахын төлөө зүтгэсэн хэрэг.

Эх орныхоо баялгийг түүхийгээр нь ганцхан зах зээлд зөөх биш, өөрсдөө боловсруулж нэмүү өртөг шингэсэн үнээр гуравдагч зах зээлд гаргах боломжийг энэ төмөр зам л бидэнд олгоно хэмээн Д.Жаргалсайхан гуай ярина. Төмөр замаа бариад ард нь гарчихсан түүний мөрөөдөл төмөр зам дагасан хүнд үйлдвэрүүд босч, Монгол Улс нүүрсээ өөрсдөө коксжуулж, түүгээрээ төмрийн хүдрээ хайлуулаад, арматураа дотооддоо үйлдвэрлэдэг болох тэр цаг мөч гэнэ. Ядаж л арматур төмрөө дотооддоо үйлдвэрлээд эхэлбэл, орон сууцны үнэ буурахаас эхлээд бүтээн байгуулалтын зардал ч эрс буурна гэдгийг тэр учирлах аж. Тэр мөрөөдөл нь биелэх боломжийг харин тэрбээр өөрөө тавилцсан төмөр замаас төрсөн Баатар билээ.  Түүнийгээ үнэлүүлж 45хан насандаа Хөдөлмөрийн баатар болсон нь энэ.

“Эмээгийн тугалчин”

Д.Жаргалсайхан гуай Баянхонгор аймгийн Баян-Овоо сумынх. Аав нь Нэгдэл дундын үйлдвэрийн жолооч, ээж нь агент хүн учраас тэднийх сумын төвдөө амьдарна. Гэхдээ Д.Жаргалсайхан гэртээ байхаас илүү эмээдээ туслан мал дээр гарах нь их. Түүний хүүхэд нас эгэл малчдын хүүхдүүдийн л адил үнээ тугал, морь малтай ноцолдож өнгөрсөн аж. “Хүүхэд насны дурсамж гэхээр хамгийн түрүүнд эмээ маань л бодогддог юм” хэмээн дурсах нь хамтдаа тугалдаа явдаг эмээгээ олоон жилийн өмнө алдсан хөндүүр нь одоо ч хэвээрээ байх шиг. 

Д.Жаргалсайхан уг нь цэргийн хүн биш ажээ. Тэрбээр арван жилийн сургуулиа төгсүүт түүхий эдийн бизнес хийж ёстой л бужигнуулж явсан гэх. Харин 2000 оноос тахианы аж ахуй эрхлэн 30 мянга орчим тахиатай том аж ахуйн эзэн болж явсан түүх ч түүний амьдралд бий. Харин Зэвсэгт хүчин болоод төмөр замтай холбогдсон түүх бол саяхных аж. 2012 онд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүнээр сонгогдож, Баянхонгор аймгийг жишиг аймаг болгох бодлогынхоо хүрээнд нутаг усандаа нэр хүндтэй, хөдөлмөрч дайчнаараа танигдсан Д.Жаргалсайханд хамтрах санал тавьжээ.  Ингээд төрөлх нутгаа хөгжүүлэх, бүр жишиг аймаг болгох үйлсэд нутгийн ахтайгаа хамтран зүтгэх болсон байна. Харин 2017 онд ЕТГ-т ажиллаж байсан түүнийг 2019 онд Төмөр замын төсөл эхэлснээр энэ том төслийг удирдлагаар хангаж, зохион байгуулах үүргийг төрийн тэргүүн өгсөн байна. Энэ үүргийн дагуу их бүтээн байгуулалтад оролцох анги нэгтгэлийг удирдан Зэвсэгт хүчний Барилгын инженерийн удирдах газрын даргаар томилогдсон ажээ.    

Ингэж л эмээгийн тугалчин хүү Монгол Улсын түүхэн бүтээн байгуулалтад манлайлан оролцсон Хөдөлмөрийн баатар болсон түүх энэ.

 

жаргалсайхан уйлдаг.jpg

 

жаргаа тэмдэг авч байгаа.jpeg

 

жаргал мэхийх.jpg
жаргалсайхан нурсан зам.PNG

 

 

жар.jpg

Санал болгох

Нэр дэвшүүлэх квот доод хязгаар болохоос тааз биш

Хэрэв парламент “бага ард түмэн” мөн юм бол хүн амын тал болсон эмэгтэйчүүдийн төлөөлөл парламентын талыг бүрдүүлэх ёстой болж таарна.

11 өдрийн өмнө
Зөвшөөрөлгүй барьсан болон барьж байгаа 55 барилга байна

​​​​​​​Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажлыг эхэлсэн 55 иргэн, хуулийн этгээд байна. Тодруулбал, Сонгинохайрхан, Чингэлтэйд тус бүр нэг, Баянгол дүүрэгт найм, Сүхбаатарт зургаа, Баянзүрх дүүрэгт 16, Хан-Уулд 22 барилга бий. Мөн Сонгинохайрхан дүүрэгт байрлах нэг барилгын газрын эрхийг цуцалжээ. Эдгээрээс 21 барилгынх нь ажил дууссан бол цутгалтын ажил үргэлжилж байгаа 31, суурь, газар шорооны ажил эхэлсэн гурван барилга байна. Мөн Ундны усны эх үүсвэрт барьж байгаа таван барилга байгаа юм.

17 өдрийн өмнө
Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох вий!

55 нэр төрлийн бүтээгдэхүүнийг ойрын хоёр жилийн хугацаанд дотоодоос хангана гэдгийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун хэлсэн. Тэрбээр баялаг бүтээгчдийг дэмжих зорилгоор импортын татварын үе шаттай нэмэгдүүлэхээр болсныг онцолсон юм.

23 өдрийн өмнө
Элчин сайдууд: В.Путин империалист бодлогоороо дэлхийд буруу хандлагыг тогтоож байна

В.Путин АНУ, Европын холбооны /ЕХ/   удирдлагуудтай биечлэн болон цахим удаа дараагийн уулзалтууд хийх үеэрээ “ОХУ Украинд довтлохгүй гэж амалж байсныг дэлхий нийт мартаагүй. Гэвч тэр хэлсэндээ хүрээгүй. ОХУ, Украин руу халдлага эхлүүлсэнээс хойш нэг жил өнгөрчээ. Тодруулбал, 2021 оны хоёрдугаар сарын 24-ны өдрөөс  хүн төрлөхтний түүхэнд үлдэх  хар өдрүүд эхэлсэн юм. щ

24 өдрийн өмнө