Х. Болор
Сэтгүүлч

СУРВАЛЖИЛГА: “Эмнэлэгт хэвтэхдээ охиноо аавтай нь яах гэж үлдээв ээ”

1
2021 оны 6 сарын 152021-06-15
СУРВАЛЖИЛГА: “Эмнэлэгт хэвтэхдээ охиноо аавтай нь яах гэж үлдээв ээ”

Хэдхэн хоногийн өмнө дөө. Төрсөн эцэг нь хоёрхон настай охиноо хүчирхийлсэн байж болзошгүй сонсохоос ч халгам хэргийн талаар нэгэн ээж мэдээлж, “Нялх үрийг минь яасан бол, яаж зовоосон бол гэж бодохоос унтаж ч чадахгүй байна” гээд цурхиртал уйлаад чичирч зогссоныг санаж байна уу. Охины нялх бие хөндөгдсөн эсэх шүүх эмнэлгийн дүгнэлт хоёр өөр гарч нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн учраас хэрэг замхрах тийшээ хандан, ээж охин хоёрын талд ажиллаж байсан өмгөөлөгч, мөрдөн байцаагч нар ч утсаа авах нь ховордсон тул арга барагдсан эх сүүлийн нүүдлээ хийж  олон нийтэд хандсан нь энэ байлаа. Гэвч сонгуулийн үетэй давхацсаныг ч хэлэхүү анхаарах ёстой хүмүүсийн сонорт олигтой ч хүрсэн юмгүй  ганцхан үдэш соошлоор шуугиад л мартагдах тийшээ хандав. Үнэхээр хоёрхон настай нялх үрээ төрсөн эцэг нь хүчирхийлсэн байвал яах вэ. Үнэхээр л хоёр хүүхдийнхээ мөнгөнөөс өөр орлогогүй энэ ээж бизнестэй орлоготой, танил тал ихтэй эрийн эсрэг охиноо хамгаалж, үнэн мөнийг олох хүч дутсан байвал яах вэ. Ийм бодол тасралтгүй ээрсээр уйлж зогссон эмэгтэйтэй дахиад уулзахаар очлоо.

Энэ ээж нэг насны зөрүүтэй хоёр дэрсхэн охинтой. Том нь хүчирхийллийн хохирогч байж мэдэх саяхан гурван нас хүрсэн дүрлийсэн том нүдтэй, сав л хийвэл ээжийнхээ араар орчихдог зуршилтай жаахаан бор охин. Амьдарч байсан байрыг нь аавынх нь талд өгөх шүүхийн шийдвэр гарсан тул ээж охин гурав хамаатныхаа айлд амьдарч байгаа гэнэ. Хамаатны айл нь бас олон хүүхэдтэй тул ой гарантай охиноо нэг гартаа тэвэрч, гурван настай охиноо цамцныхаа хормойноос атгуулчихсаар гарч ирсэн нь явуулын байдалтай аж төрж байгааг нь илтгэх. Ээжтэй нь ярилцах хэсэгхэн хугацаанд охид ээлжлэн ээжийнхээ мөөмийг үлгэх. Гэр оронгүй, дээрээс нь хөхний хоёр нялх хүүхдээ энгэрээсээ зүүчихээд, охиныхоо төлөө чадлаараа тэмцэнэ гээд хоолой нь зангирахыг харахад уйлмаар.

“Эмнэлэгт хэвтэхдээ охиноо яах гэж аавтай нь үлдээв ээ”

Бүсгүй 2020 оны 11 дүгээр сардын сүүлээр бага охиноо төрүүлжээ. Нярай шарлалт ихтэй байсан учраас гэртээ хоёр хоноод л буцаад эмнэлэгт хэвтэх шаардлагатай болж 2 настай охиноо аавтай нь үлдээсэн нь амьдралын минь хамгийн уучлашгүй том алдаа байсан гэж тэр ярина. Энэ л үед бүх зүйл болсон гэж бүсгүй бодож байгаа гэлээ. "Эмнэлэгт байхдаа охиноо маш эвгүйгээр зүүдлээд байсан минь эх хүний совин байсан байх" хэмээгээд дахиад л хоолой нь зангиран үгээ таслаад мэгших. Гэхдээ энэ бол зөвхөн ээжийн дүгнэлт. Охиныхоо ярьсанаас үндэслээд цаг хугацааг тооцохоор энэ л үе байх гэж тэр байн байн гасална. Төрсөн эцэгт нь үлдээснийхээ төлөө энэ бүсгүй насаараа ингэж өөрийгөө зүхэх вий гэхээс шүүрс алдмаар гунигтай.

"Байрыг маань хадам ах авчихсан"

Бүсгүй хоёр талаас нь зүүгдэх нялх охидоо дагуулаад хамаатан саднаараа амьдарч явна. Одоогоос жил гаруйн өмнө энэ айл орон байртай, унаа машинтай, үр хүүхэдтэй ер нь хүмүүсийн хүсдэг бүх л зүйлтэй элэг бүтэн өв тэгшхэн айл байж. Гэрийн эзэн охидоо бас эхнэрээ орхиод явснаар үл барам ээжийнх нь эзгүйд охиндоо халдсан байж болзошгүй энэ гунигт хардлага бий болсноор гэр бүл биш өстөн дайснууд шиг шүүхийн танхимд л уулзсаар хэдэн сарыг өнгөрөөжээ. Бүсгүй Архангайд ээж дээрээ байж байгаад хотод гэртээ иртэл нөхөр нь утсаа авахгүй усанд хаясан чулуу шиг алга болчихож гэнэ. Гэртээ орж чадахгүй хажуу айлдаа хоёр хүүхэдтэйгээ хэд хоноод аргаа барж хаалгаа эвдэлж ороход ч нөхөр нь ирээгүй гэнэ. Ингээд 2020 оны есдүгээр сарын 5-ны өдөр байр нэхэмжилсэн бичиг ирж, анхны шүүх хурал 2020 оны есдүгээр сарын 24-ний өдөр СХД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болжээ. Шүүхийн эхний 2 шатны шийдвэр эмэгтэйн талд гарсан ч гурав дахь шатны шүүх нөхрийн талд гарсан байна. Учир нь бүсгүйн нөхөр Э байраа өөрийнхөө төрсөн ах У-гийн нэр дээр шилжүүлсэн байж гэнэ. Эхнэртэйгээ хоёулаа хашаа байшингаа машинтайгаа оролцуулж байж авсан байраа ахынхаа нэр дээр шилжүүлчихсэн байсан хэмээн бүсгүй ярилаа. Ахаасаа мөнгө авч байр авсан учраас ахынхаа нэр дээр шилжүүлсэн гэдэг тайлбарыг шүүх танхимд хэлээд хөөрхий эхийг хоёр нялх үрийг нь тэврүүлээд явуулчихсан гэх. Гэтэл бүсгүйн хэлснээр түүний нөхөр ачаа зөөж амьдралаа залгуулдаг ахаасаа тусламж авах хүн биш бөгөөд машины худалдаа эрхлэхээс гадна өвсний бизнес эрхэлдэг нэгэн аж. Гэтэл хамтдаа явж авсан байраа эхнэрээсээ далдуур ахынхаа нэр дээр шилжүүлчихсэн байсан хэмээн бүсгүй ярилаа. Хэдийгээр бүсгүй гэр оронгүй болсон ч охиныхоо асуудлыг шийдүүлтлээ хотод хамаатан саднаараа болгоод амьдарна хэмээн ярина. Үнэхээр ч түүнтэй анх уулзахад 100 айлд хамаатныдаа байсан бол хэд хоногийн дараа очиход өөр газарт амьдарч байлаа.

Чухам шүүх яагаад хоёр нялх хүүхэд дагуулсан эмэгтэйд биш нөхрийнх нь ахад байр очих ёстой гэсэн шийдвэр гаргасныг тодруулахаар СХД-ийн Иргэний хэргийн шүүхэд очлоо. Гэвч тус байгууллагад коронавирус илэрсэн гээд хаалттай байв. Жижүүрийн өгсөн дугаарын дагуу мэдээлэл хариуцсан ажилтнаас тодруулах гэсэн боловч ”Коронавирус гарсан учраас утсаар мэдээлэл өгөхгүй. 18-ны өдрөөс хойш ирээрэй” гээд утсаа тасалж орхив. 

Архангайн шүүх эмнэлгийн эмч гаргасан дүгнэлтдээ итгэлтэй байна гэв

Энэ хэргийн хамгийн том зангилаа нь аймгийн шүүх эмнэлгийн дүгнэлт болон хотод гарсан шүүх эмнэлгийн дүгнэлт хоёр өөр байгаа явдал юм. Аймгийн шүүх эмнэлгийн дүгнэлтээр урагдалтай гэж гарсан байхад хотод хийсэн дүгнэлтээр урагдалгүй гэж гарчээ. Бүсгүй охиныхоо яриад байгаа зүйлсийг ойр дотныхондоо хэлсэн ч хэн ч итгэхгүй бас бүх хүн үгүйсгэж байсан учраас нээрэн л хүүхдийн үг юм уу хэмээн тээнэгэлзжээ. Ингээд охины дараа дараагийн санаандгүй хэлж ярьсан бүхнээс  үүдэн эмнэлэгт хандахаар шийджээ.

Эмнэлгийн анхны үзлэгээр урагдал байна гэж эмч дүгнэн шүүх эмнэлэгт хандахыг зөвлөжээ. Ингээд 2020 оны 12 дугаар сард гарсан Архангай аймгийн шүүх эмнэлгийн дүгнэлтээр охины бие хөндөгдсөн байна гэсэн утга бүхий дүгнэлт гарсан байна. Бүсгүйд тайлбарласнаар 16-17 гэсэн тоо зааж охины онгон хальс урагдалтай гэдгийг тайлбарласан хэмээн тэр ярилаа. Өөрийгөө эндүүрсэн л байгаасай гэж эцсээ хүртэл хүссэн ч ийм дүгнэлт сонссон бүсгүй эмчийн тайлбарласныг дэн дун л сонссон гэнэ.

Энэ дүгнэлтээс 5 сарын дараа буюу 2021 оны 5-р сард Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгээс гаргасан дүгнэлтээр охины биед ямар нэг урагдал гэмтэл, хөндөгдсөн зүйл байхгүй гэсэн дүгнэлт гарчээ. Харин охины ээж зүв зүгээр гэсэн энэ дүгнэлтэд итгэхгүй байгаа бөгөөд нөхөр болон нөхрийн талынхан энэ бүхэнд нөлөөлөөд байна хэмээн бодож байгаагаа ч мэдээлсэн юм.

Бид охины бие хөндөгдсөн гэх утгатай дүгнэлт гаргасан Архангай аймгийн шүүх эмнэлгийн эмч н.Хишигмаатай утсаар холбогдож энэ талаар тодруулахад:

“Би гаргасан дүгнэлтээ алдаатай гэж бодохгүй байна. Алдаа байгаа бол шүүх цагдаа нь тогтоох биз. Намайг мэдүүлэг өг гэж хэд хэдэн удаа хотоос дуудсан. Би очоогүй. Коронавирусийн голомт руу очихгүй гэдгээ хэлсэн” гэв. Харин тус аймгийн шүүхийн шинжилгээний албаны дарга  А.Ариунаа “Тэр дүгнэлтийг гаргасан манай эмч насаараа шүүх эмнэлэгт ажилласан хүн. Би лав эмчийгээ алдаатай дүгнэлт гаргасан гэж бодохгүй байна. Насаараа ажилласан хүн шүү дээ. Би итгэлтэй байна” гэсэн юм.  Охины биед урагдалтай байна гэсэн дүгнэлтийг гаргасан Архангай аймгийн шүүх эмнэлгийнхэн ийнхүү гаргасан дүгнэлтдээ эргэлзэхгүй байгаагаа мэдээллээ.

 

ШШҮХ: Шүүх эмнэлгийн дүгнэлтэд итгэхгүй байгаа бол дахин шинжлүүлэх боломжтой

Тэгвэл энэ дүгнэлтийг үгүйсгэж охин зүв зүгээр гэсэн дүгнэлт гаргасан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн байр суурийг лавлахаар тус газарт очлоо. Шүүх шинжилгээний төвийн үүдэнд дугаарласан хүмүүст үйлчилж байсан эмчид учир явдлаа тайлбарлан хэнтэй уулзаж энэ талаар тодруулахыг асуухад оффис руу оч гэлээ. Оффист нь очтол Шуурхай удирдлагын хэлтсийн ахлах зохицуулагч Болор-Эрдэнэ гэх хүн байв. Тэрээр энэ асуудлын талаар мэдээлэл өгөх хүнийг нь дуудаад ирье гээд дотогш орсон ч 20 орчим минутын дараа гарч ирээд “Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй юм байна. Зөвхөн энэ хэргийг хариуцаж байгаа мөрдөн байцаагчид л бид мэдээлэл өгөх үүрэгтэй. Хэрвээ Шүүх эмнэлгийн дүгнэлтэд эргэлзэж байгаа бол дахин шинжлүүлэх боломжтой. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол дахиад шинжилгээ өгч болно гэсэн үг. Тэгээд ч манайх засвар хийгээд дотоод сүлжээгүй байгаа учраас дүгнэлтийн талаар ямар ч мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ. Мэдээлэл өгөх боломжгүй гэдэг үгээр хэвлэлийн амыг барьж дадсан тэд энэ удаад ч өнөө л үгээ хэлээд хаалгаа тасхийтэл хааж орхив.

Мөрдөн байцаагч н.Болор-Эрдэнэ: Хэргийн талаар мэдээлэл өгч болохгүй

Мэдээлэл өгөх эрхтэй ганцхан хүн хэмээн шүүх эмнэлгийн ажилтны тодорхойлсон энэ хэргийг хариуцан ажиллаж байгаа мөрдөн байцаагч н.Болор-Эрдэнэтэй холбогдон хэргийн талаар тодрууллаа. Тэр мөн л хэрэг шалгагдаж байгаа учраас мэдээлэл өгөхгүй гэдгээ хэлсэн. Шүүх эмнэлгийн дүгнэлт зүгээр гэж гарсан нь үнэн эсэхийг ч хэлж болохгүй хуультай ажээ.

Охины ээж СХД-ийн Гэр бүл хүүхэд залуучуудын газраас гаргаж өгсөн хоёр өмгөөлөгч болон мөрдөн байцаагч Болор-Эрдэнэ нарыг энэ хэрэгт тоомжиргүй хандаж байна гэж бодож байгаа бөгөөд үүнд мөн л нөхөр нь нөлөөлж байгаа хэмээн бодож байгаагаа хэлсэн юм. Учир нь түүнийг өмгөөлөх учиртай өмгөөлөгчид нь утсаа авдаггүй, охины ээжтэй холбогддоггүй хэмээн тэр ярив. Өөр өмгөөлөгч авъя гэсэн ч хүүхдийн мөнгөнөөс өөр орлогогүй байгаа түүнд өмгөөлөгч авах мөнгө байхгүй гэнэ.

Б.Аззаяа: Хүүхдийг хүлээлгэж өгөхөд халуун нь 36.4 буюу халуураагүй байсан

 

Аззаяа.jpg

Охины ээж Б хэвлэл мэдээлэлд хандаж мэдээлэл өгөх үеэрээ “Ид шидийн орон” хүүхэд хамгаалах төвийн багш Б.Аззаяа охинд нь “Тэр чиний ээж биш. Аав чинь л чамд хайртай” гэж үг зааж өгч байсан тухай мэдээлсэн. Бяцхан охин ээжээсээ одоо ч гэсэн “Та миний ээж мөн үү” гэж асуусан хэвээр байгаа гэлээ. Түүнээс гадна 2020 оны 12 дугаар сард охины шүүх эмнэлгийн дүгнэлт урагдалтай гэж гарах үед хамгаалах төв тоогоогүй атлаа гэнэтхэн 3-р сард охиныг нь авч явна гэдгээ мэдэгдэж, маргааш нь ирээд хамгаалах төв рүү аваад явсан тухай охины ээж мэдээлсэн. Охин “Ид шидийн орон” хамгаалах төвд 13 хоносон бөгөөд энэ хугацаанд охинтой минь уулзуулаагүй гэсэн юм. Мөн хамгаалах байранд эрүүл саруул очсон охин минь нүд нь нуухтаж, халуурсан байдалтай ирсэн гэж байлаа.

Тэгвэл чухам юу болсон талаар Аззаяа багшаас тодруулахад “Түр хамгаалах байранд хүүхэд авахдаа бид өөрсдөө очиж авдаггүй. Заавал төрийн байгууллагаар дамжиж ирдэг. Бид хүүхдийг ирэх үед нь болон явах үед нь бүтэн биеийн үзлэг хийдэг. Биед нь байгаа сорвийг хүртэл тэмдэглэдэг. Тухайн охин манайхаас явах үед халуун нь 36.4 хэм, халуураагүй, нүд нь нуухтаагүй байсан. Ямар нэг эрүүл мэндийн асуудал үүсээгүй байсан. Хүлээлгэж өгөхдөө бид хүлээж авсан байгууллагадаа буюу СХД-ийн Гэр бүл хүүхэд залуучуудын газрын мэргэжилтэнд хүлээлгэж өгсөн. Харин үг зааж өгсөн гэдэг асуудалд тийм зүйл болоогүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Хүүхдэд хэрэгт холбогдолтой ямар нэг ятгалаг хийх ямар эрх надад байхгүй. Надад тийм шалтгаан ч байхгүй. Бидний ажилд тавигддаг наад захын шаардлага тийм байдаг. Бид хэзээ  хэргийн талаар хүүхэдтэй ярилцаж, ятгалаг хийх эрхгүй” гэсэн юм.

Ямартай ч хоёрхон настай охиныг нь төрсөн эцэг нь хүчирхийлсэн байж болзошгүй энэ хэргийн араас хөөцөлдөж, хоёр нялх үрээ тэврээд айл айлаар хонож яваа энэ бүсгүй үнэн мөнийг олтлоо бууж өгөхгүй гэлээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Санал болгох

Утаажилтын бүсээс 12 иргэнийг гаргаж, 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгийг авран хамгаалав

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 39, аврах ажиллагааны 1 буюу нийт 40 дуудлага бүртгэгдлээ

15 минутын өмнө
Н.Оюунболд: Магтаалд бялуурахгүй, шүүмжлэлд гудайхгүйг хичээж амьдардаг

“Амжилт дагуулах 8 асуулт” булангийн энэ удаагийн дугаарт Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Оюунболдыг урилаа.

1 цагийн өмнө
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өнгө зүс сайжирна

ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САРЫН ХОЁР ХАР ХӨХ БИЧ ӨДӨР

4 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өдөртөө 10 хэм дулаан байна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.

4 цагийн өмнө