Ковид-19 цар тахлыг дотооддоо алдаж, ХӨСҮТ-д халдвартай иргэдийг эмчилж эхлэх үед Эрүүл мэндийн яам коронавирусээр өвдсөн нэг хүнийг 6.7-8.9 сая төгрөгийн өртөгтэйгээр эмчилж байгаа хэмээн мэдээлж байлаа. Дунджаар, коронавирусээр өвдсөн нэг хүний эмчилгээний зардал 8 сая төгрөг гэж ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү ч 11:00 цагийн мэдээллээрээ удаа дараа хэлж байсан юм.
Тэгвэл ердөө хагас жилийн өмнө 8 сая байсан эмчилгээний зардал өдгөө 70 мянган төгрөгөөс эхэлж байгаа нь дэндүү том зөрүү биш гэж үү. Тодруулбал, коронавирусээр өвдсөн нэг хүнийг эмчилж байгаа одоогийн өртөг нь 70 мянгаас 4.3 сая төгрөгийн хооронд байгаа аж. 2021 оны 4-р сарын 30-ны өдөр баталсан Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон Сангийн сайд Б.Жавхлан нарын хамтарсан тушаалаар эмчилгээний өртгийг өвчтөний хүнд хөнгөнөөс шалтгаалан дараах байдлаар тогтоожээ. Үүнд:
Гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээ- 70.000 төгрөг,
Хөнгөн хэлбэрийн өвчтөнийг тусгаарлах байранд эмчлэх бол- 650.000 төгрөг
Хөнгөн болон хүндэвтэр өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх бол-1.050.000 төгрөг
Хүнд өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх бол- 3.500.000 төгрөг
Маш хүнд өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх бол 4.300.000 төгрөг байна.
Нэг хүний эмчилгээг 70 мянгаар тооцвол хагас жилийн өмнө одоогийн өртгөөс даруй 114 дахин их, 650 мянган төгрөгөөр гэж тооцвол 12 дахин их, 1050 мянгаар тооцвол 7.6 дахин их, 3.5 саяар тооцвол 2.2 дахин өндөр үнээр эмчилж байв. Чухам нэг хүний эмчилгээний үнэ яагаад ганцхан жилийн дотор өдөр шөнө шиг ийм ялгаатай болов?. Эмчилгээ өөрчлөгдсөн үү гэвэл үгүй. Анх Монгол Улсад коронавирусийн халдвартай иргэнд ямар эм бэлдмэл өгч, ямар эмчилгээ хийж байсан яг л түүнийгээ одоо хэрэглэж байгаа. Гэтэл хагас жилийн өмнөх эмчилгээ нь одоогийн эмчилгээний өртгөөс хэд дахин өндөр байсан нь хачирхмаар. Үүний учрыг Эрүүл мэндийн яамнаас тодруулахад өмнөх сайдын үеийн асуудал одоо бидэнд хамаагүй. Экс сайдаас өөрөөс нь асуу гэсэн тайлбарыг өгч байхад нөгөө нэг ажилтан нь манайх энэ асуудлыг мэдэхгүй ЭМД мэднэ гэх. Харин Эрүүл мэндийн даатгалын газраас тодруулахад мөн л өмнөх сайдууд чухам яагаад 8 сая төгрөг гэж тооцоолсныг мэдэхгүй хэмээгээд одоогийн өртгөө нэг бүрчлэн тайлбарлах. Ямартай ч цар тахал дэгдсэнээс хойш гурав дахь сайдынхаа нүүрийг үзэж буй Эрүүл мэндийн салбарынхан тэнгэр газар шиг зөрүүтэй эмчилгээний зардлынхаа талаар хэн нь ч тайлбар хийж чадахгүй байгаа нь сонин. Одоогийн албаныхан нь тайлбарлаж чадахгүй байгаа бол өмнөх дарга нар тайлбарлах л ёстой.
Одоогийн албаныхан нь тайлбарлаж чадахгүй байгаа бол өмнөх дарга нар тайлбарлах л ёстой.