Одоогийн парламентад 13 эмэгтэй гишүүн бий. Тэд төрийн энэ өндөр сэнтийд залрахдаа эмэгтэйчүүд болон хүүхдийн асуудалд эх хүний нарийн мэдрэмжээр хандаж, тэдний дуу хоолой болж төрд төлөөлнө гэж л гарч ирсэн. Гэвч ус гарсан хойно сал онгоц хэрэггүйн үлгэрээр эмзэг сэдвээр нь дөрөөлж төрийн түшээ болчихоод вакцингүйгээс болж зуу зуун хүүхэд тахалд нэрвэгдэж, түүнээс ч олон эх өвдөж, өнөө маргаашгүй төрөх шинэ хүнээ хүлээгээд догдолж суусан эх үрээ төрүүлж ч амжилгүй тахлаар хорвоог орхиж байхад төрд төлөөлөх гэсэн эрхэм гишүүд таг чиг. Жирэмсэн эхчүүд тахлаар амиа алдаж, өдөрт бүртгэгдэж байгаа тохиолдлын 30 гаруй хувийг бага насны хүүхэд эзэлж байхад тэдний дуу хоолой болох гэсэн өнөөх эмэгтэй гишүүд бүх нийтээр амрах өдрийг нэгээр нэмж, номын баярыг бүх нийтийн амралтын өдөр болгох тухай хууль яриад завгүй. Нэг өдрийн өмнө ч болов хүүхэд болон жирэмсэн эхэд хийх вакциныг оруулж ирэхийн төлөө дуугарахын оронд арван жилийн өмнөөс бүх нийтээр тэмдэглэж зуршсан баярыг хуульчлах тухай л ярьж явна тэд. Мянга мянган эмэгтэй бэлгийн дарамтад өртсөн тухай дуулиан гарч, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж яахаа мэдэхгүй болсон ээжүүд олон нийтийн сүлжээнд зургаа нийтэлж тусламж хүсэхэд тэд бас л хуруугаа ч хөдөлгөөгүй. Хоёрхон настай охиноо төрсөн эцэг нь хүчирхийлсэн байж болзошгүй талаар ээж нь мэдээлж, төв талбайд тусламж гуйн уйлж зогсоход тэдний хэн ч тоосонгүй.
Гэтэл аль 2012 онд Ерөнхийлөгч зарлиг гаргаж жил бүрийн есдүгээр сарын 3 дахь долоо хоногийн Бямба гаригийг “Номын баярын өдөр” болгон улс орон даяар тэмдэглээд 10 орчим жил болчихсон байхад энэ өдрийг бүх нийтээр амрах өдөр болгон хуульчлах л тэдний анхаарлыг татаж байгаа нь харамсалтай.
Бүр тодорхой хэлбэл, өнгөрсөн оны 9-р сарын 18-ны өдөр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам нар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Тэгвэл энэ долоо хоногийн чуулганаар энэ хуулийн төслийг нь хэлэлцэх гэнэ. Энэ хуулийн тавдугаар зүйлийн “Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрүүд” гэсэн хэсэгт “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд. Тав болон есдүгээр сарын 3 дахь долоо хоногийн амралтын өдрүүд” гэсэн заалт нэмэхээр төсөлд тусгасан юм. Улс даяараа цар тахалд нэрвэгдэж, өдөрт л мянга мянгаараа өвчилж байхад бүх нийтээр амрах өдрийг нэгээр нэмэх тухай хэлэлцэхээс өөр чухал асуудал энэ парламентад үгүй юм гэж үү. Заавал хууль болгон батлах шаардлагагүйгээр жил бүр бүх нийтээр номын баярыг тэмдэглэж заншсан байхад энэ хууль ямар ач холбогдолтой вэ.
Хамгийн хачирхалтай нь энэ хуулийг санаачилсан эрхэм гишүүд ямар ач холбогдолтойг тайлбарлаж чадахгүй түгдчиж сууна. Хуулийн төслийн авторын нэг болох Б.Саранчимэг гишүүний ажлын тайлангаас харахад энэ хүн лав 4 жил 4 хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан байх. Жилд ердөө ганхан хуулийн төслийг ахалж ажилласан гэсэн үг. Хүүхэд эмэгтэйчүүдийн асуудалд эх хүний сэтгэлээр хандана хэмээн төрийн сэнтийд заларсан эрхэм гишүүд амралтын өдөр нэмэх талаар ухаан уралдуулж суухын оронд цар тахалд нэрвэгдэж байгаа хүүхэд эмэгтэйчүүдэд анхаарлаа хандуулбал сайнсан. Хатуухан хэлэхэд тэдэнд ард түмний өмнө амласан амлалтаас илүү дараагийн сонгуульд аль болох олон хуулийн төсөл санаачилсан байх л чухал бололтой. Тиймээс л ач холбогдлыг үл харгалзан хоёр, гуравхан өгүүлбэрээс бүтсэн хуулийн төсөл боловсруулж, тайлангаа нэмэгдүүлж байгаа бололтой.
Хүүхэд эмэгтэйчүүдийн асуудал эхийн сэтгэл сэтгэлээр хандах гэсэн гишүүд хаачив. Одоо л тэдний эхийн сэтгэл хэрэгтэй байна.