Х. Болор
Сэтгүүлч

Өдөртөө 2000-аар нэмэгдэх тахалтай дөрөвхөн аппараттайгаар тэмцэж байна

3
2021 оны 6 сарын 212021-06-21
Өдөртөө 2000-аар нэмэгдэх тахалтай дөрөвхөн аппараттайгаар тэмцэж байна

Өнөөдөр дахиад л 11. ХӨСҮТ-өөс “Улаанбаатар буян” компанийг зорих буяны хөсгийн тоо өдөртөө 10-аас буухаа болив. Өдөрт л 10 айл хагацалд унаж, өтгөс нь үрийнхээ ард үлдэж, нялхас нь өнчрөлийн зовлонд унасаар. Өдөр бүр л гуравхан сая монголчуудын 2000 хол давсан нь цар тахлаар өвчилж, халдварын тоо нэмэгдэхийн хэрээр хүнд өвчтөнүүд нэмэгдэж, түүнийг дагаад нас баралт ч буурахгүй хэвээр.

Хамгийн харамсалтай нь хүндэрсэн өвчтөнд уушиг, зүрх орлуулагч ECMO аппарат хүрэлцэхгүй байгаагаас эдгээр хүмүүс аврагдаж амжилгүй амиа алдаж байна. Амьсгал дутагдлын үед уушиг орлох, зүрхний дутагдлын үед зүрх орлох амин чухал хэрэгцээтэй энэ аппарат улсын хэмжээнд ердөө дөрөвхөн ширхэг бий. Халдварын тоо өдөрт л 2000-аар нэмэгдэж байхад дөрөвхөн ширхэг аппарат хаанаа ч хүрэхгүй нь тодорхой. Хэдхэн хоногийн өмнө 7 сартай жирэмсэн эх яг энэ шалтгаанаар хоёр нялх үрээ өнчрүүлээд цэл залуугаараа хорвоог орхисон. Талийгаач эмэгтэйг ECMO аппаратад оруулах шаардлагатай байсан ч улсын хэмжээнд байдаг дөрөвхөн аппарат дөрвүүлээ хүнтэй байсан учраас тулгар биетэй хөөрхий бүсгүй амиа алдсан хэрэг. Хэрвээ түүний амийг аварч аппаратад оруулсан ч өөр нэгэн амиа алдах байсан учраас голомтод ажиллаж байгаа эмч нар болон ар гэрийнхэн нь яаж ч хичээгээд юу ч хийж чадаагүй байна. Хэрвээ ECMO аппарат ковидын эмнэлгүүдэд хангалттай байсан бол тэр бүсгүй 2 нялх хүүхдээ өнчрүүлэхгүй, 3 дахь хүүхдээ төрүүлэх гээд сууж байх байлаа.

Энэ аппарат улсын хэмжээнд ганцхан ширхэг байсныг өнгөрсөн дөрөвдүгээр сард нэмэгдүүлж 4 болгосон энэ. Гэтэл Эрүүл мэндийн экс сайд Д.Сарангэрэл манайх шиг цөөхөн хүн амтай улсад ECMO аппарат 2 байхад л хангалттай хэмээж байсан нь ердөө 2-хон сарын өмнөх явдал. Гэтэл өнөөдөр арай түрүүлж өвчин нь хүндэрч ECMO аппаратад орсон нь аз болж, дараагийн хүний амь “золиосонд” явах нөхцөл байдалд хүрчээ. Өөр хэнчнээн ч аппарат хүрэлцээгүйн улмаас амиа алдсаныг таашгүй.

ECMO аппарат гэдэг нь

Хүнд хэлбэрийн амьсгалын дутагдлын үед уушги орлох, зүрхний дутагдлын үед зүрх орлох төхөөрөмж бол ECMO аппарат аж. COVID19 вирус агаар дуслаар халдварлаж, улмаар уушгины эд эсийг гэмтээж хатгалгаа үүсгэдэг болохыг одоо хүн бүр мэддэг болсон байх. Тэгвэл уушгины хатгалгаа даамжирч хүндрэхэд амьсгалах чадвартай эрүүл уушгины эд эсийн тоо цөөрснөөр амьсгалын дутагдалд ордог байна.  Тиймд бага ч болов агаараар орох хүчилтөрөгчийн концентрацийг нэмэгдүүлэхийн тулд хамрын гуурс, амны маскаар хүчилтөрөгч эмчилгээ хийдэг. Хэрвээ энэ эмчилгээ хийсэн ч амьсгалын дутагдал үүсвэл амьсгалын аппарат холбоно. Дээрх аргууд үр дүнгүй бол бид нарын мэдэх ECMO аппаратаар уушги орлуулдаг байна.
 Иймд COVID-19 вирусийн халдварын үед тодорхой хувьд нь хүнд хэлбэрийн уушгины хатгалгаа үүсдэг. Энэ тохиолдолд уушги орлуулах ECMO аппаратыг холбож, хүнд хэлбэрийн амьсгалын дутагдалд орсон өвчтөн амьд гарах боломжтой байна. ECMO аппаратыг амьсгалын дутагдлаас гадна зүрхний дутагдлын үед хэрэглэдэг ажээ.

Гэхдээ ESMO аппаратын эмчилгээ маш өндөр өртөгтэй аж. Нэг хүнийг тус аппаратад оруулахад 35 орчим сая төгрөг болдог тухай Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох мэдээлж байсан юм. Түүнээс гадна тус аппаратыг ажиллуулах нарийн мэргэжлийн 5-6 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллах ёстой гэнэ.

Хэдий өртөг өндөр ч гэлээ хүний аминаас үнэтэй өртөг гэж баймааргүй.  

 

Санал болгох

Зургаан бөхөд ёс зүйн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргажээ

Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүлэгч гишүүдийн ээлжит хурал өчигдөр болж, улсын харцага Ш.Уламбаяр, Төв аймгийн Баянцагаан сумын заан М.Баасан нарын барилдах эрхийг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ.

17 цагийн өмнө
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эрхтэн хурц болно

ЗУНЫ ТЭРГҮҮН УЛААГЧИН МОГОЙ САРЫН ЕСӨН УЛААН ШАРАГЧИН ҮХЭР ӨДӨР

20 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо орно

Өнөө маргаашдаа төвийн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний бороо үргэжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

20 цагийн өмнө