Өмнөх парламентын үед Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг батлахдаа иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн бүртгэлийн мэдээллийг нээлттэй, хязгаартай, хаалттай болгож ангилсан. Нээлттэй байх мэдээллийг тус хуулийн 12.2-т дөрвөн заалт болгож бичсэний дотор 12.2.3 гэдэг 45 үгтэй ганц заалт ЖДҮХС зэрэг Засгийн газрын тусгай сангуудын хэргийг ил болоход гол нөлөө үзүүлсэн. Компани, төрийн бус байгууллагуудын үүсгэн байгуулагч, захирлуудын мэдээллийг ил болгохтой зэрэгцэн Мал хамгаалах сан, ЖДҮХС, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, тендерүүдийг хэн авдаг болохыг сэтгүүлчид шүүж мэдэж, олон нийтэд цацсан. Ингэж сангуудын хэрэг, тендерийн булхай олны нүдэнд гэрэл цохиулж, буруутай хүмүүс ял сонсч, төр засаг сургамж аваад байна. Тухайн үед Улсын бүртгэлийн багц хуулийг боловсруулж батлуулсан одоогийн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр энэ тухай, “Энэ бол хуулийн хүч. Хуулийн нэг заалт, ганц өгүүлбэр бүхэл бүтэн тогтолцоог өөрчлөх хүчтэй” гэж хэлж байжээ.
Улсын бүртгэлийн багц хуулийн дараах төрийн ил тод, нээлттэй байдлын хоёр дахь давалгаа болж мэдэх хуулийн төсөл саяхан Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэгдлээ. Энэ бол баталж хэрэгжүүлээд 10 жил болсон Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болох Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг 2011 онд батлахад Трансперенси Интернэшнлийн гаргадаг Авлигын индекст манай улсын оноо 9-өөр нэмэгдсэн сайн үзүүлэлт гарч. Татвар төлөгчдийн мөнгөөр төрд цугларсан төрийн болон албаны нууцад тооцоогүй мэдээллийг иргэн хуульд заасан хугацаанд авах, дээрх мэдээллийг хуулийн хугацаанд нь гаргаж өгөхийг албаныханд энэ хуулиар үүрэгжүүлж өгсөн байдаг. Өдгөө энэ хуулийг хамгийн өргөн хэрэглэдэг нь сэтгүүлч, өмгөөлөгч, судлаачид.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Нийтийн мэдээллийн тухай хуулийг УИХ-д танилцуулахдаа хэдэн зүйлийг онцолжээ. Тэрээр, “Бид энэ хуулиар нэмж таван төрлийн 67 мэдээллийг ил болгохоор бичсэн. Одоо зөвхөн төрийг “мэдээлэл хариуцагч”-д тооцдог. Шинэ төслөөр бол нэмж төрийн өмчийн оролцоотой компани, хуулийн этгээд, төрийн чигүүргийг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж байгаа олон нийтийн байгууллага, улс төрийн нам, МҮОНРТ зэргийг тооцохоор байгаа. Өөрөөр хэлбэл, эдгээр байгууллага иргэдэд хянагддаг, мэдээллээ ил тод өгдөг болох юм” гэсэн.

Албан мэдээнд дурдсанчлан эдгээр нь:
- -тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээлэл;
- -мэдээлэл хариуцагчийн эзэмшиж байгаа оюуны өмчийн эрх;
- -хот болон газар зохион байгуулалтын төлөвлөлт, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах шийдвэрийн явцын талаарх мэдээлэл;
- -мэдээлэл хариуцагчийн эзэмшиж байгаа газрын мэдээлэл;
- -төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээдийн ашиг, алдагдлын тайлан, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, гишүүд болон гүйцэтгэх удирдлагын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, авч байгаа цалин хөлс, урамшууллын дүн;
- -стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьд нэгдсэн төсөв болон үндэсний баялгийн санд оруулж байгаа татвар, хөрөнгийн хэмжээ;
- -төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг хувь хүн, хуулийн этгээдэд ашиглуулах, шилжүүлэх, хувьчлах, төсвийн хөрөнгийн ашиглалт болон түүнийг ашиглалтаас гаргах, ашиглалтаас гаргаснаас орсон орлогын талаарх мэдээлэл;
- -Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан гэрээ;
- -барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн улсын комиссын дүгнэлт;
- -тусгай хамгаалалттай газар нутагт дэвсгэрт олгосон газар ашиглах гэрчилгээ, байгуулсан гэрээ, газар ашигласны төлбөр төлөлтийн байдал;
- -улс төрийн намын дүрэм, гишүүнчлэл, хөрөнгө, түүнд өгсөн хандив;
- -зүй ёсны монополь, давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн үнийн бүрдлийн талаарх мэдээлэл;
- -хуулийн этгээдийн эцсийн эзэмшигч, өмчлөгчийн талаарх мэдээлэл;
- -мэдээлэл хариуцагчийн зардлаар суралцагчийн талаарх мэдээлэл;
- -нэвтрэх, ашиглахад хязгаарлалт тогтоогоогүй мэдээллийн сан дахь нээлттэй өгөгдөл зэрэг байх юм.

Гишүүд хэлэлцүүлэгт санаагаа тодорхой хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль хэрэгжихэд хамгийн хүндрэл учруулдаг хууль нь Төрийн болон албаны нууцын тухай. Интернэтэд байдаг, нууцлах боломжгүй зүйлийг хүртэл төрийн байгууллагууд нууцалдаг. Тэгэхээр Мэдээллийн ил тод байдлын хуулийг хэрэгжилтийг үнэлье, нууцын хуулиудаа эхлээд сайжруулъя” гэсэн. Ийм өнцгийг давтаж УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Төрийн байгууллагууд албаны нууц гээд мэдээлэл өгөхөө больсон. Төрийн өмчит компанийн захирлуудын цалинг асуухад албаны нууц гэсэн тамгатай цаасан дээр бичиж өгсөн. Тэрийг задруулахад таван жилийн ялтай. Нээлттэй байх ёстой мэдээллийг асуухад өгдөггүй, нууцалдаг, шалтгаан асуудаг байж болохгүй” гэв.
Мөн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, “Албаны нууцын цаана хулгай нуугддаг. Албаны нууц гэдэгт юу хамруулахыг хуульд нэг бүрчлэн тодорхой бичих хэрэгтэй байна” гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, “10 жилийн өмнө намайг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга байхад энэ хууль батлагдаж байсан. Авлига, хулгайг илчилж, төрийн хүнд суртлыг үгүй болгоход чиглэсэн маш чухал хууль. Дэмжиж байгаа. Төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс нэхдэггүй байх, иргэнээс нэхэж нотариат, тодорхойлолтод гүйлгэж чирэгдүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцдог байх заалт байх хэрэгтэй” гэж байв.
Уг нь Ц.Мөнх-Оргил, Ж.Сүхбаатар, Б.Дэлгэрсайхан, Б.Энхбаяр нарын шүүмжлээд байгаа Төрийн болон албаны нууцын тухай хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэж гурван залуу хуульч сар гаруй хугацааны өмнө цэцэд хандсан. Тэд “албаны нууц”-ын хамаарах мэдээллийн жагсаалтыг хуульд нэг бүрчлэн бичүүлэх зорилгоор Цэцэд хандсан боловч Цэц дунд суудлын хурлаараа хүлээж аваагүй. Төрийн нууцад хамаарах мэдээллийг хуульд жагсаагаад бичсэн хэрнээ албаны нууцыг нь жагсаагаад бичихийг нь зөвшөөрдөггүй яачихсан цэц юм, бүү мэд. Ямартай ч Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга Ц.Сайнзориг, “Албаны нууц бол энэ хуулиар хаалттай биш хязгаартай мэдээлэлд орно. Ер нь Төрийн болон албаны нууцын тухай хуулийг Нийтийн мэдээллийн тухай хуулийг баталсны дараа эргэж харахгүй бол төрийн байгууллагууд албаны нууц нэрийн дор маш их мэдээллийг дарж байна” гэдгийг онцолж байна лээ. Х.Нямбаатар сайд “Газар өмчлөгч, ашиглагч, эзэмшигчдийн мэдээллийг энэ хуулиар нээлттэй болгоно” гэсэн нь түүний өмнө Б.Энхбаяр гишүүний асуусан “Гурван жилийн өмнө баталсан Улсын бүртгэлийн багц хуулиар газрын эзэмшигч, ашиглагчдын мэдээллийг яагаад ил болгохгүй байна вэ. Газрын мафи илрэх гээд саад болоод байна уу” гэсний хариу болов.

Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл Мэдээллийн ил тод байдлын хуулийн ясан дээр босч байгаа боловч цахим засаглалыг хөгжүүлэх, төрийн мэдээллүүдийг солилцох, хэрэглээнд илүү нэвтрүүлэх, чирэгдлийг багасгахад илүү чиглэж бичигдсэнээрээ онцлог гэж ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж онцолсон. Манай улс Цахим бодлогын түр хороог Инноваци, цахим хөгжлийн байнгын хороо болгож өргөтгөсөн, удахгүй Цахим хөгжлийн яамтай болох тухай ярьж байгаа. Цахим засаглал, Дижитал шилжилт, Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал зэрэг том хөтөлбөрүүд боловсруулж, үүнийгээ хэрэгжүүлэхээр хичээж байгаа гэдэг. Иргэдэд төрийн үйлчилгээг e-mongolia платформоор үзүүлж байгаагийн суурь эрх зүйн үндэс болгож мэдээллээ нээлттэй, хязгаартай, хаалттай гэж ангилан, төрийн байгууллагууд мэдээллээ хоорондоо солилцох дэд бүтэц, түүнд хяналт тавих механизмаа энэ төсөл дээр бичсэн юм уу даа. Н.Учрал гишүүн өмнөх парламентад цахим хөгжлийн талаар нэлээд ажилласны хувьд төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд хууль дагуулж бүтэц, орон тоо нэмэх ёсгүйг анхааруулснаас гадна хуулийн нэршил тохирохгүй байгааг хэлсэн.
Ямартай ч Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулсан Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэнэ. УИХ-ын дарга Г.Занданшатар дээрх төсөлд ач холбогдол өгч танилцах, батлах шаардлагатай байгааг хавар хэлж байсан. Гишүүдийн дунд төрийн мэдээллийг хэтэрхий нээлттэй болгох нь мэдээллийн аюулгүй байдалд хал учруулах вий гэсэн “зовнил” байгаа дуулдсан. Харин салбарын яам Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдийг боловсруулж, хэлэлцүүлж байгаа юм.