ХӨСҮТ-ийн хаалгаар буяны хөсөг түргэний тэрэг хоёр байсхийгээд л зөрөлдөнө. Байсхийгээд л үхэл амьдрал хоёр энэ хаалгаар “орж гарах”. Дуут дохио хангинуулсан түргэний тэрэг хурдаараа шахам хашаа руу ороход хэсэгхэн амсхийгээд л бурхан болоочийн шарил ачсан буяны хөсөг алгуурхан гарч ирэх нь түгшүүртэй. Амьдралд хоргодсоор удаанаар холдож буй үхэл...
Хэдхэн хоногийн өмнө хайртай бүхэнтэйгээ элэг бүтэн инээгээд сууж байсан энэ хүмүүс. Хэдхэн хоногийн дараа цар тахал тэднийг “залгиж”, буяны хөсөг биеийг нь тээвэрлэсээр чандарлах төв рүү хөдөлж байгаа нь энэ.
Бурхан болоочийг сүүлчийн замд нь үдэх цуваа ХӨСҮТ-өөс 13:40 цагт хөдөллөө. Цагдаагийн машин тэргүүлж, араас нь шарил ачсан буяны хөсөг алгуур урагшилна. Хэдийгээр цар тахлаар нас барагсадтай салах ёс гүйцэлдүүлэхгүй байгаа ч ар гэрийнхэн нь эмнэлгийн хашаан дотор зайнаас ёс болгоод шарил ачсан машины хойноос явганаар гарч ирэв. Хадганд ороосон залуухан эмэгтэйн хөргийг тэвэрсэн охины араас нэг талаасаа сугадуулсан эмээ буяны хөсгийн хойноос ширтсээр, машин руугаа зүглэх. ХӨСҮТ-өөс хөдөлсөн цуваа Гачуурт дахь “Улаанбаатар буян” компанийн чандарлах цогцолборт ирлээ.


Эдгэрнэ л гэж бодсоноос чандарлуулж зогсоно гэж санасангүй
Оршуулгын цуваа мянган лангийн дэнж дээрх чандарлах цогцолборт хүрч, шарил ачсан машиныг хамгаалалтын хувцастай хүмүүс угтан улаан бүс рүү аваад оров. Харин ар гэрийнхэн нь цогцолборын хашааны гадна үлдээд дотроос хэн нэгэн дуудахыг хүлээцгээнэ. Машинаас өнөөх эмээ мөн л сугадуулсаар бууж ирээд хашааны гаднах сүүдрэвчид 2 эмэгтэйн хамт суув. Харин хөрөг тэвэрсэн охин бусдаас зайдуу машины хамар дээр нүүрээ даран тэгнүүлдэн хэвтээд бөндөгнөтөл уйлж байгаа харагдах. Магад тэр ээжийгээ алдсан байх. Залуухан үзэсгэлэнтэй ээжийнхээ цогцсыг чандарлах зуух руу оруулчихаад зургийг нь тэврээд машин түшин уйлж зогсох юм гэж энэ охин бодоогүй байх. Сүүдрэвчинд суугаа буурай харин охиноо үдэж байгаа бололтой. Үрийнхээ ард үлдэх зовлонтой нүүр тулсан ч тэнгэр шиг амгалан хэрнээ, хааяа нэг өврөөсөө алчуур гаргаж нүүрээ арчих нь тэсгэл алдсаных болов уу.
Удалгүй Улаанбаатар буян компанийн ажилтан ар гэрийнхнээс хоёр нь дотогш орохыг дуулгав. Ар гэрийн хоёр төлөөлөл нь чандарлах цогцолборын тусгай бэлтгэсэн өрөөнд орж, талийгаачийн шарилыг хайлуулах зуух руу хийхийн өмнө сүүлчийн удаа камераар салах ёс гүйцэлдүүлэх юм.
Бурхан болоочийн дүрийг сүүлчийн удаа харах хоёр хүнээр уйлж зогссон охин, сүүдрэвчид суусан эмээ хоёрын хэн нь орсонгүй. Харин дунд эргэм насны хоёр эрэгтэй орлоо. Халдвараас сэргийлэх үүднээс ар гэрийнхнийг бурхан болоочтой салах ёс хийлгэхгүй байгаа аж. Тиймээс шар бүс буюу тусгайлан бэлтгэсэн өрөөнд ар гэрийнхний төлөөллөөс 2 хүнийг оруулж, хайлуулах зууханд хийж байгааг харуулах аж. Гэхдээ “хайлуулах” процессыг мэдээж харуулахгүй. Ингээд л хайртай дотны нэгнээ сүүлчийн удаа харах эрхийг цар тахал хэнд ч олгохгүй байна. Ээжийгээ, охиноо тэдний хэн нь ч сүүлчийн удаа харж чадсангүй.
Хашааны гадна чандар хүлээж байх зуур өнөөх хөрөг тэвэрсэн охин дахиад л енгинэтэл уйлж эхлэв. Хажууд суусан 40 орчим насны эрэгтэй хүн охиныг өөртөө наалдуулан тэврээд “Эдгээд л ирнэ гэж бодсоноос биш шарилыг нь чандарлуулаад сууж байх юм гэж санасангүй” гээд дагаад уйлах нь өр өвдмөөр. Ерөөс орчлон дээр өнчрөл хагацал шиг элэг эмтрэм зүйл үгүй ажээ гэж өөрийн эрхгүй бодогдох. Эмнэлгээс эдгээд ирнэ гээд гарсан хайртай нэгнээ чандарлах төвийн чулуун хашааны цаанаас үүрд үдэхгүйн тулд хүн бүр хичээх шалтгаан энэ.
Нас барагсдын чандар халдвар тараах эрсдэлтэй юу
Ковидын халдвараар нас барагсдын цогцосыг эрсдэлээс сэргийлэн чандарлаж байгаа. Бурхан болоочийнхоо чандарыг хаана залах нь ар гэрийнхэний сонголт учраас төрсөн нутаг, уул усанд “залах” нь цөөнгүй байдаг аж. Тэгвэл цар тахлаар амиа алдсан хүний чандар халдвар тараах эрсдэлтэй юу гэдэг асуудал гарч ирнэ. Энэ талаар Улаанбаатар буян компанийн Олон нийттэй харилцах албаны ахлах Н.Түвшинбаяраас тодруулахад “Бурхан болоочийн чандрыг 800-1000 хэмийн халуунд хайлуулдаг. Мөн чандрыг гарсан хойно дахин ариутгадаг. Гэхдээ энэ нь 100 хувь эрсдэлгүй гэх баталгаа биш учраас бид аль болох чандрыг чандарлах цогцолборт “залах”-ыг санал болгодог. Манай цогцолборт бурхан болоочийн чандрыг залах хэд хэдэн төрөл бий. Хөрсөнд болон хүндэтгэлийн хананд эсвэл гэр бунханд залж болно. Энэ нь мэдээж илүү эрсдэлгүй” гэв. Түүнээс гадна энгийн шалтгаант болон ковидоор нас барагсдын цогцсыг үдээс өмнө болон үдээс хойш хэмээн зааглаж, тусгаарлан үйлчилж байгаа аж. Үдээс өмнө энгийн шалтгаант нас баралтыг хүлээж авдаг бол, үдээс хойш зөвхөн ковидоор нас барагсдыг авдаг байна. Нэг цогцсыг чандарлахад 10 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг ажилладаг бөгөөд тэд бүгд нэг удаагийн хамгаалах хувцас, хэрэглэл ашигладаг ажээ.
Хүндэтгэлийн хананд залах: Тусгайлан бэлтгэсэн жижиг шүүгээ бүхий чулуун хананд бурхан болоочийнхоо чандрыг хийж хадгална.
Хөрсөнд залах: Чандрыг хөрсөнд залж, дээр нь мод тарьдаг байна.
Бунханд залах: Чандар залах зориулалт бүхий 4 гэр бунхан тус цогцолборт байдаг ажээ.
Суварга болгон залах: Талийгчийн чандрыг суварга босгон залж болно


Бурхан болоочийн шарилыг 1100.000 төгрөгөөр чандарлаж байна
“Улаанбаатар буян” компани цар тахалтай холбогдуулан үйлчилгээндээ тусгайлсан багц гаргасан байна. Хэдийгээр бурхан болоочийг чандарлах өртөг өндөр хэдий ч нийгмийн хариуцлагын хүрээнд ковидоор нас барагсдыг оршоох 1.100.000 төгрөгийн багц гаргасан аж. Гэвч энэ мөнгө бол цар тахлын нөлөөнд орлогогүй болж, хоолтой, хоолгүй хонож байгаа ард түмэнд бага мөнгө биш. Хэрэв ковидоор бурхан болоочийн ар гэрийнхэнд 1.100.000 төгрөг байхгүй бол яах вэ. Н.Түвшинбаярын мэдээлснээр одоогоор тийм тохиолдол гараагүй ч үнэхээр энэ хэмжээний мөнгө гаргах боломжгүй ар гэр байвал яах вэ. Харамсалтай нь үүнд ямар ч зохицуулалт одоогоор байхгүй байгаа аж. Гагцхүү төрөөс олгох оршуулгын зардлын хэдэн төгрөгт найдахаас өөр арга байхгүй юм байна.
Өдөртөө л цар тахлаар 10 иргэнээ алдаж байна. Өдөртөө л 10 айл хагацалд унаж байна. ХӨСҮТ-ийн хаалгаар түргэний машин, буяны хөсөг хоёр байсхийгээд л зөрөлдөнө.
Түгшсэн эмч, гашуудсан ар гэрийнхэн. Дахиад нэг амь алдахаас урьтах гэж байдгаараа хурдалсан гэх түргэний эмч, жолооч. Аврагдаж чадалгүй амьсгал хураасан хайртай нэгнээ үдэж буй олон арван нулимст нүд.
Эмнэлгээс эдгээд ирнэ гээд гарсан хайртай нэгнээ чандарлах төвийн чулуун хашааны цаанаас үүрд үдэхгүйн тулд хүн бүр хичээх шалтгаан энэ.