Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хэлэлцэж дэмжсэн. Хуулийг маргааш буюу 2021 оны долдугаар сарын 1-нээс мөрдөхөөр төлөвлөсөн бөгөөд өнөөдөр УИХ-ын чуулганыг 15 цагт хуралдуулахаар товложээ.
Төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам боловсруулсан. Х.Нямбаатар сайд төслийг танилцуулахдаа авлига, албан тушаалын болон мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх, хулгайлах, дээрэмдэх, залилах, хөрөнгө завших, байгаль орчны эсрэг гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүйг онцолсон.
Зургаа дахь удаагийн Өршөөлийн хуульд 13050 ялтны 150 нь ялаас бүрэн чөлөөлөгдөнө. 371 ялтны хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж, 188 ялтны хорих ялаас 2 жилийг хасаж, өсвөр насны 25 хүн, нийт 709 хоригдол хоригдох ялаас чөлөөлөгдөх юм.
2021 оны Өршөөлийн хуулийн төслийн энэ удаагийн онцлог нь Үндэсний баярын наадмын тухай хуулиар эрхээ хасуулсан бөх, сур харваачдын үндэсний их баяр наадамд оролцох эрхийг нэг удаа өршөөн сэргээхээр тусгаснаар онцлог. Өмнө нь Өршөөлийн хуульд допингийн зөрчлийг хамруулж байсангүй.
Хууль батлагдсанаар 2019 онд допингийн асуудлаар эрхээ хасуулсан улсын аварга Э.Оюунболд, өнгөрсөн жил допинг илэрсний улмаас барилдах эрхээ 11 сараар хасуулсан улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага болсон Б.Бат-Орших, допинг илэрсний улмаас барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан улсын начин Д.Цэрэнтогтох, сур харваач Х.Даваацэцэг нар өршөөлд хамрагдана.
Харин Өршөөлийн хуулийн төслийг боловсруулах явцад Улсын ерөнхий прокурорын газраас бөх, сур харваачдыг өршөөлд хамруулахыг эсэргүүцжээ. Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт илгээсэн албан бичигтээ, "Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-т, Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. 2-т, Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна" гэсэн заалттай зөрчилдөж байгаа тул хасах санал хүргүүлж байна" гэжээ.
Өөрөөр хэлбэл, төрийн хяналт шалгалтаар үйл ажиллагаа явуулах эрхээ хасуулсан хүн, хуулийн этгээдийн эрхийг сэргээхгүй мөртлөө бөх, сур харваачдын эрхийг л онцлон сэргээхээр хуульчлах гэж байгааг УЕПГ эсэргүүцсэн байна.

Монголын Үндэсний бөхийн холбоо хэдхэн хоногийн өмнө Ардын хувьсгалын 100 жилийн ойн барилдаанд допингийн улмаас эрхээ хасуулсан бөхчүүдийг оролцуулахгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд энэ нь монгол бөхийн соёл, үндэсний соёл уламжлалыг хамгаалж байгаа хэрэг гэсэн. Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн яам допингтой бөхчүүдийг өршөөж, үндэсний бөхийн зүлэг ногоон дэвжээнд допинг хэрэглэхийн өөгшүүлэх гэж байгааг бөх сонирхогчид буруушааж байгаа юм.
Арваад хоногийн өмнө УИХ, Засгийн газрын гишүүд "Улсын баяр наадмыг хойшлуулж болохгүй. Наадам бол Монгол Улсын тусгаар тогтнол, соёл, уламжлалын дархлаа" гэж байсан. Гэтэл хэдхэн хоногийн дараа Эрийн гурван наадмынхаа бөхийн барилдаан, сур харвааг устгаж, заналхийлж буй допингийн аюулыг өөгшүүлэх гэж байна.
Г.Улсболд