Наадам гээд улсаараа назгайрч, бүх салбар нь тэг зогсчихдог улс манайхаас өөр хаана ч байдаггүй байх. Улаанбаатар бүхэлдээ эзгүйрч хүнсний ганц хоёрхон дэлгүүрээс өөр ажиллаж байгаа газар энэ нийслэлд алга. Угтаа бол эдийн засаг бүхий л талаараа “амь орох” боломж нээгддэг 7, 8 дугаар сард улс нийтээрээ ингээд “унтчихдаг” хачин жишигтэй улс манай Монгол.
Гэтэл энэ улиралд барилга, уул уурхай, зам засвар гээд эдийн засгийг хөдөлгөөнд оруулж болох бүхий л ажлын ид үе. Хамгийн гол нь жилдээ 1.5-1.7 их наядын орлого оруулдаг гэх аялал жуулчлалын оргил үе нь 7, 8 дугаар сар. Гэтэл наадам гээд улсын төв банкаасаа эхлээд бүх банкууд нь амарчихсан, 3 сая төгрөгөөс дээш гүйлгээ хийх боломжгүй мөнгөний урсгалыг таг гацаагаад бүгд хорхог боодогонд явчихсан байх жишээтэй. Эдийн засгаа бага ч болов хөдөлгөх боломж нээгддэг энэ оргил үед улсын хэмжээнд бүх банкууд нь амарчихаад, 3 саяас дээш дүнтэй гүйлгээ хийх боломжгүй байхад цар тахлыг бид боломж гэж харах ёстой, аялал жуулчлалын үед эдийн засгаа сэргээх боломж байна гээд хоосон мөрөөдөөд сууж байдаг салбарын сайд ч байна.
Дотоодод халдвар тархаагүй байх үед агаарын болон төмөр замын хилээ бүхэлд нь хааж сүржигнэснээс үүдэн аялал жуулчлалын салбар элгээрээ хэвтсэн. Энэ салбарт ажилладаг 88 мянга орчим хүн ажил орлогогүй болоод байгаа. Гэтэл БОАЖ-ын сайд нь “Монгол Улс 2019 онд 577 мянган жуулчин хүлээж авсан. Тэгвэл ирэх дөрвөн жилд энэ тоог 1 сая болгох зорилт тавин ажиллаж байна. Цар тахалтай холбоотойгоор аялал жуулчлалын салбар зогсонги байдалд байгаа ч буцаад сэргэх төлөвтэй байна. Түүнчлэн цар тахлыг бид нэг талаараа боломж гэж харж байгаа. Тиймээс бид бэлтгэлээ сайн хангаж байх хэрэгтэй" гээд жишим ч үгүй сууж байх.
Гуравхан сая төгрөг буюу дунджаар 1000 ам.долларыг их дүнтэй гүйлгээнд тооцдог улс өнөө цагт хэр олон бол. 3 сая байтугай 300 сая төгрөг ч одоо цагт гайхмаар их мөнгө биш. Гэтэл гуравхан сая төгрөгийг их мөнгө гээд, цахим гүйлгээ хийлгэхгүй мөртлөө сар дуустал шахам таг чиг амарчихаж байгаа нь ямар бодлого вэ. Бүхэл бүтэн Монгол Улсын банкны салбарт энүүхнийг мэдрээд зохицуулчих бодлого байхгүй юм гэж үү. Улс нийтээрээ амарч байхад банкны салбар ч мөн амарна гэж байгаа бол ядаж 3 сая төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээг цахимаар хийх боломжийг нээгээд өгч болохгүй юм гэж үү.
Эдийн засгийн цусны эргэлт нь мөнгө гэх хэрнээ түүнийгээ нэг талд нь боочихоод өөрсдөө хөдөө гараад зугаалаад явчихсан байх.
Зөвхөн аялал жуулчлалын салбарыг аваад үзэхэд 2019 онд 570,262 жуулчин Монголд ирж, жуулчдын тоо хамгийн дээд хэмжээндээ хүрсэн. Ингэснээр нийт 607 сая ам.доллар буюу 1.7 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан өсөлттэй жил байв.
Харин 2020 онд жуулчдын худалдан авалт хотын эдийн засагт оруулах мөнгөн дүн 10.1%-аар өсөж, 619.8 сая ам.доллар болох төлөвтэй байгааг салбарынхан ярьж байв. Харамсалтай нь энэ орлогыг олох нь байтугай аялал жуулчлалын салбар өнөөдөр ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй боловсон хүчнүүдээ алдаж ТЭГ ЗОГСОЛТ хийгээд байгаа. Гэтэл аялал жуулчлалын оргил үед улсын хэмжээнд бүх банк нь хаалттай, 3 сая төгрөгөөс дээш гүйлгээ хийх боломжгүй 7 дугаар сарыг барах нь.