Монголын Швейцарь гэгддэг Хөвсгөл нуурын үзэсгэлэнт байгаль, орон нутгийн иргэдийн давтагдашгүй өвөрмөц соёл, зан заншил нь гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг татаж, жил бүрийн зургадугаар сараас эхлэн жуулчдын хөл тасардаггүй.
Жилд бүр дунджаар 80 орчим мянган дотоодын жуулчин хүлээн авдаг тус аймаг Монгол Улсын аялал жуулчлалын тулгуур бүс болон хөгжих зорилт тавиад удлаа. Харамсалтай нь аялал жуулчлалын тулгуур бүс болох гэсэн аймаг ганц өдрийн борооны ая даахгүй зам нь усанд автаж, олон арван мянган иргэдийг эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохироосон хэвээр. Жил бүр л Хатгал-Жанхайн зам үерт автаж олон арван техник хэрэгсэл урсаж, төдий хэмжээний иргэдийн амь нас эрсдэлд орж байна.
Одоогоос 3 жил гаруйн өмнө аймгийн Засаг дарга асан Л.Ганболд Хөвсгөл аймгийг аялал жуулчлалын тулгуур бүс болгох тухай том том ярьж, бүр “Хөгжсөн Хөвсгөл” бодлогын баримт бичиг хүртэл гаргаснаа сайрхаж байлаа. Гэвч Хөгжсөн Хөвсгөл хаана байна вэ.
Уг нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Хөвсгөл аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл” хэрэгжүүлэх юм болж, сүр дуулиантай нээлт хийгээд хэдийн 2 жил гаруйн хугацаа өнгөрчээ. Азийн хөгжлийн банкны 40 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих тус төслөөр нуур тойрсон автозамын болон эрчим хүчний дэд бүтцийг сайжруулна хэмээн тухайн үеийн Засаг дарга амаа олохгүй сайрхаж суусан үе саяхан. Гэвч жил бүр аялал жуулчлалын тулгуур бүсийн зам борооны усанд хаагдсан хэвээрээ. Жаахан л сэтгэл байсан бол жил бүр л тохиолддог энэ асуудлыг шийдчих байлаа. Ядаж л Хатгалаас Жанхай хүртэл засмал зам тавьчихаагүй одоог хүртэл иргэд шороон замаар тэмтчүүлсээр байгааг хэн бүхэн мэдэх байх. Яг л нөгөө хоёрхон сарын цаадахыг харж чадаагүй хямарсан байж алсын хараа 2050-ын тухай том том ярьж олны доог болдог шиг.
Бас нэг асуудал. Хуулиараа бол нуурын эргээс 500 метрээс дотогш байшин барилга барих хориотой. Гэвч аялал жуулчлалын компаниуд Хөвсгөл нуурын эрэгт тулган жуулчлны баазууд байгуулж, бааз бүрийн тоогоор нүхэн жорлон барьсан байдаг. Харин бид нуурын уснаас шууд уудаг. Эрэгт тулган барьсан олон мянган энэ нүхэн жорлон нуурын усыг бохирдуулахгүй гэсэн баталгаа байхгүй. Нэг үеэ бодвол бие засах газаргүйгээс болж алхам тутамд шахам “хавх”-тай тааралддаг байснаа бодвол нүхэн жорлонтой болж арай дээрдсэн. Гэвч аялал жуулчлалын тулгуур бүс болох том мөрөөдөлтай Хөвсгөлчүүд ядаж л Хөвсгөл нуураа тойрсон дэд бүтцийн асуудлыг шийдчихвэл аштай юу.
Ухаангүй ноёны урагшгүй албат гэдэг шиг хий хоосон ярьж хийрхэж суухаас биш бодит ажил хийж, ядаж л замаа ганц өдрийн борооны ая даадаг болгочих сэтгэл Хөвсгөл аймгийн үе үеийн дарга нарт хэнд нь ч алга.



