Б.Энх-Мандах: Нарны замд ямар ч ус зайлуулах шугам таглаагүй, шинэчлэх ажил хийгдэж байгаа

2
2021 оны 7 сарын 212021-07-21
Б.Энх-Мандах: Нарны замд ямар ч ус зайлуулах шугам таглаагүй, шинэчлэх ажил хийгдэж байгаа

Нарны замын ус зайлуулах шугамыг таглан бродьюр барьсан гэх асуудал олон нийтийн сүлжээгээр тарсан. Япончуудын байгуулсан ус зайлуулах хоолойн ачаар 20 жил асуудалгүй явж ирсэн тус зам борооны ус зайлуулах хоолойгүй болж, эвдрэх нь хэмээн олон нийт шүүмжилж байна.

зам2.jpg
зам.jpg

Энэ талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газрын Зам, барилгын хяналтын хэлтсийн ахлах инженер Б.Энхмандахаас тодрууллаа. 

-Нарны замын ус зайлуулах шугамыг таглан бродьюр барьсан гэдэг асуудал яригдаж байна. Үнэхээр хуучин ус зайлуулах хоолойг нь таглачихсан юм уу? 

-Нарны замын дагууд борооны ус зайлуулах шугамын ажил хийгдэж байгаа. Гэхдээ хүмүүсийн яриад байгаа шиг ямар нэгэн шугам, ус зайлуулах хоолой хааж, бөглөсөн зүйл байхгүй. Хуучин байсан шугамуудыг хуучнаар нь ашиглаж байгаа. Замд нь хучилт хийхэд зам нь өөрөө жоохон өндөр болж байгаа. Тэр нь тагласан мэт харагдаж байж болох юм. Ажлын зураг төслийг 2019 онд “Гидро-Фонтан”  гэдэг компани боловсруулсан бөгөөд зураг төсөл боловсруулахдаа батлагдсан зургийн даалгаврын дагуу усны зүйн тооцоо, холбогдох норм, стандартад нийцүүлэн төлөвлөж, улмаар шугам сүлжээний /Ус суваг, Цахилгаан түгээх, Мэдээлэл холбоо, Дулаан сүлжээ/, ашиглагч байгууллага болох Геодези, Усны барилга байгууламжийн газар, Хот байгуулалт хөгжлийн газар, Нийслэлийн авто замын хөгжлийн газар, зөвлөх үйлчилгээ үзүүлж буй компани гэх мэт бүх шатны байгууллагуудтай зөвшилцөж, улсын экспертизээр хянагдсаны үндсэн дээр Барилга, Хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвөөр магадлал хийгдэж баталгаажуулсан. 

Дээрх батлагдсан зураг төслийн дагуу борооны ус зайлуулах шугамын ажил хийгдэж байгаа бөгөөд төслийн ажилтай холбоотой Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц, Соёолжийн нүхэн гарцын хооронд 1 км уртад Нарны зам шинэчлэгдэнэ. Шинэчлэлтийн ажлын хүрээнд одоо байгаа асфальт бетон хучилт дээр нэмж хүчитгэн гурван үе асфальт бетон хучилтын ажил хийгдэх юм. Авто замд хучилт хийхтэй зэрэгцэн авто замын хашлага, явган хүний замыг тухайн түвшинтэй уялдуулан өндөрлөх шаардлагатай болдог. 

Ингэхдээ Нарны замын хойд талаар одоо байгаа борооны усны шугамыг өөрчлөхгүйгээр авто замын өндөржилттэй уялдуулан борооны усны лоткийн 20 метр тутамд хүзүүвч гаргах, ус хуримтлуулах худгийн ажил хийгдсэн. 

Замын цагдаагийн гүүрэн гарцын төсөлтэй холбоотойгоор тухайн орчмын авто замын борооны усыг гурван хэсэгт хуваан зайлуулахаар болсон. Тодруулбал, 

  • Гүүрэн гарцын хойд хэсэг Олимпын гудамжны туслах авто зам, гүүрний байгууламжийн усыг ус зайлуулах шугамуудаар хүлээн авч ус зайлуулах насос станцаар одоо байгаа сүлжээнд шахна. /Хуучин Шунхлай шатахуун түгээх станц байсан байршил орчим/
  • Гүүрэн гарцын зүүн талын хэсэг Нарны зам дагуух борооны усыг "Соёолж" төвийн зам талбайн борооны ус зайлуулах шугамтай холбоно. 
  • Гүүрэн гарцын баруун талын хэсэг Нарны зам дагуух борооны усыг Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн урд талд шинээр хийсэн насос станцаар шахаж зайлуулна. 

Мөн сүүлийн жилүүдэд Нарны замын урд талаар барилга баригдсантай холбоотой урд талын авто зам дээр их хэмжээгээр ус тогтож, зам эвдрэх нөхцөл үүсэж байсан бөгөөд энэхүү төслийн хүрээнд Нарны замын урд талд шинээр борооны ус зайлуулах шугам хийгдсэн" хэмээн мэдээллээ. 

 

 

Санал болгох

“Уурхайчдын нэрэмжит талбай”-г Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулна

Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой 2022 онд тохионо. Үүнтэй холбоотойгоор уурхайчдын яруу алдрыг мөнхлөх, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчныг нэмэгдүүлэх зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Уурхайчдын нэрэмжит талбай”-г бий болгохоор өнөөдөр шав тавилаа. Шав тавих ёслолд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул нар оролцсон юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас санаачилсан уг бүтээн байгуулалтад НЗДТГ бодлогын дэмжлэг үзүүлэхээр хамтран ажиллаж байна.

1 өдрийн өмнө
Нийслэлийн хүн амын нэмэлт тунгийн хамрагдалт 10 хувьтай байна

Нийслэлийн хэмжээнд өчигдөр /2021.09.18/ вакцины I тунд 76, II тунд 304, нэмэлт сэргээх тунд 1,629 буюу нийт 2,009 иргэн дархлаажуулалтад хамрагджээ.

3 өдрийн өмнө
Баянхошуу дэд төвийн үерийн даланг тохижуулжээ

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах үүднээс Баянхошуу, Сэлбэ, Долоон буудал орчмын гэр хорооллыг хотын дэд төв болгон хөгжүүлэх төслийг Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн банк, Европын Хөрөнгө оруулалтын банк хамтарсан хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн. Энэ хүрээнд Баянхошуу дэд төвд Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 28, 40 дүгээр хорооны нийт 162 га газарт нийгмийн хангамж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг цогцоор нь байгуулж байгаа.

5 өдрийн өмнө
Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох түр замыг дахин нээнэ

Хуримтлагдсан үерийн усыг нэвтрүүлэх зорилгоор өнгөрсөн зургаадугаар сард сэтэлсэн түр замын нөхөн сэргээлтийг хийж 2021 оны есдүгээр сарын 16-нд дахин замын хөдөлгөөнийг нээнэ.

6 өдрийн өмнө