Х. Болор
Сэтгүүлч

Үндэстнээр нь хохироосон хэргүүдийг үндэслэлгүй гээд "буцаав"

2
2021 оны 7 сарын 202021-07-20
Үндэстнээр нь хохироосон хэргүүдийг үндэслэлгүй гээд "буцаав"

Өчигдөр /2021.07.19/ Улсын дээд шүүхийн хяналтын шатны  Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан болж, олны анхаарлыг татсан хэд хэдэн “том” хэргүүдийг хэлэлцэв. Тодруулбал, “Оюутолгой”-г гадны компанид найр тавьж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэгдэх Сангийн сайд асан С.Баярцогт нарын 5 хүнд холбогдох хэрэг, мөн “Эрдэнэт” үйлдвэрийг хуурамч бичиг баримтад үндэслэн барьцаанд тавьж Африкийн Стандарт банкнаас 110 сая ам.долларын зээл авсан гэгдэх “Жаст”-ын захирал асан Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох хэрэг, мөн ЖДҮХС-аас өөрийн “Доктор Мэйк” компанидаа 800 сая төгрөгийн санхүүжилт авсан УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийг хэлэлцсэн юм. 

Гэвч шүүх улс нийтээр нь хохироосон энэ хэргүүдийн хамгийн “том” хоёрыг нь үндэслэлгүй хэмээн үзэж, мөрдөн байцаалтад буцаав. Мөрдөн байцаалтад буцаана гэдэг нь өмнөх шатны шүүхийн бүх шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, хэргийг эхнээс нь дахиад шалгаж эхэлнэ гэсэн үг. Өмнөх буцаагдсан хэргүүдийн жишгээр бол замхрах замдаа орлоо гэж болох юм. Гэтэл Монголын шүүх монголчуудыг хэдэн үеэр нь тэжээх саалийн үнээ гэгддэг Эрдэнэт үйлдвэр, Оюутолгойн ордоор дургисан этгээдүүдийг дахин шалгах нэрийдлээр толгойг нь илэв.  

С.Баярцогтын хэргийн тухайд: 

баяраа.jpg


Анхан шатны шүүх 10 жилийн ял оноов

Анхан шатны шүүх нь 2020.07.17-ны өдөр болж, С.Баярцогтыг эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг давтан үйлдсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө мөнгө, орлогын эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцон, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

Харин түүний хамсаатнууд болох Б.Ариунсан, Б.Бадрал, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг тус гэмт хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар оролцсон хэмээн буруутгаж, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт тус бүр албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4 жил хорих, Б.Ариунсан, Б.Бадрал нарт тус бүр албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сар хорих ял оногдуулсан юм. Мөн С.Баярцогтоос гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлого болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн биет хөрөнгийг хурааж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байдаг. 


Давж заалдаад 10 жилийн ялыг нь 4.8 жил болгов

Давж заалдах шатны шүүх хурал нь 2020.12.3-ны өдөр болж, С.Баярцогтод “Оюутолгой” ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан, өөрийн эхнэр Ч.Нарантуяагийн хувьцаа эзэмшдэг нэр бүхий компаниудаар дамжуулж их хэмжээний орлого олж, Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. 
Ингээд С.Баярцогтод холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10 жилийн хорих ялыг 4 жил 8 сар болгон бууруулсан байдаг. 
С.Баярцогтын хамсаатнуудыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд суллав.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаан 2021.5.19-ний өдөр болж,  С.Баярцогтод нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4.8 жил хорих ялаар тогтоов. Мөн С.Баярцогтоос 1 сая 345 876 ам.долларыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх өдрийн төгрөгийн ханшаар тооцон гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн юм. Харин түүний хамсаатнууд болох Б.Ариунсан, Б.Бадрал, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг даруй суллахаар шийдвэрлэсэн юм. 

Дээрх гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шалгах болов

Гэтэл өчигдөр Улсын дээд шүүх өмнөх гурван шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй хэмээн хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргалаа.  
 

Ш.Батхүүгийн хэргийн тухайд: 

 

бб.jpg

Анхан шатны шүүхээс 8 жилийн ял оноов

Анхан шатны шүүх хурал нь 2020.10.22-ны өдөр болж, Ш.Батхүүг эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийг зохион байгуулсан, урьдчилан үгсэж тохиролцсон, бүлэглэн гүйцэтгэсэн, тусгай зөвшөөрөл олгосон баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн,  бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийт 8 жил хорих ял оногдуулсан. Мөн Ш.Батхүүгээс биет хөрөнгүүдийг гаргуулж улсын орлого болгох, гэм хорын хохиролд нийт 140 гаруй тэрбум төгрөгийг гаргуулж, иргэний хариуцагч болох нэр бүхий компаниудад олгуулахаар шийдвэрлэсэн байна. 
Хамсаатнуудыг нь мөн л хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд чөлөөлсөн. 

Зарим хэргийг нь хэрэгсэхгүй болгож, ялыг нь бууруулав

Давж заалдах шатны шүүх хурал нь 2021.3.17-ны өдөр болж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Ш.Батхүүд холбогдох зарим хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ш.Батхүүд оногдуулсан 8 жилийн ялыг 7 жил болгон бууруулсан. 


Харин өчигдрийн Улсын дээд шүүхийн уралдаанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлгүй байна гэж үзэн, мөн л анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаав. 


Ш.Батхүүгийн тавьсан өрийг Засгийн газар төлсөн. Гэвч тэр мөнгөө Ш.Батхүүгээс эргүүлж авч чадах эсэх нь энэ янзаараа бол эргэлзээтэй. Стандарт банкинд төлсөн 40 сая ам.долларыг Засгийн газар шүүхэд нэхэмжлэл гаргуулан буруутай этгээдээр төлүүлнэ хэмээн амлав. Гэвч энэ амлалт үнэн эсэхийг хэлэхэд бэрх байна. 
Ямартай ч эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан эдгээр хэргүүдийн шүүхийн шийдвэрийн хүчингүй болгож, дахин шалгахаар болов. 
 

Санал болгох

"Бахархалгүй" Монгол

Дахин нэг аавын хүү эх орныхоо манаанд яваад эргэж ирсэнгүй.  Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан 21 настай цэрэг амь насаа алдсан хэрэг гарсан нь олон нийтийг бухимдуулж байна.

1 сарын өмнө
Хотын мартагдсан төслүүд "амилах" боломж нь БОНД

Жилээс жилд иргэдийнхээ ачааллыг дийлэхээ больж буй нийслэл хот   дэлхийн жишигт хүрэхийн тулд   мөнгөний амин чухал урсгалтай болох шаардлагатай нүүр тулж байна. Ингэхийн тулд хот санхүүгийн хувьд эрсдэлгүй бие даах нь чухал.

3 сарын өмнө
Гамшиг Туркээр дуусахгүй

Дэлхий нийтийг цочирдуулсан энэ байгалийн гамшиг бидэнд ч бас нүүрлэхийг үгүйсгэхгүй. Магадгүй энэ нь маш том сануулга болсон гэдгийг салбарын сайд ч бас хэллээ.

5 сарын өмнө
Нэр дэвшигчдийн ясыг нь цайтал шалгах хугацааг бидэнд өг

УИХ-ын 126 гишүүнтэй байх, 78-ыг нь тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаас сонгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдлээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлт Үндсэн хуулийн нэг хэсэг болж хүчин төгөлдөр боллоо. Ирэх 2024 оны сонгуулийн санал хураалтыг хуульд заасанчлан зургадугаар сарын 17-28-ны ажлын өдөр товлож таарна. Санал авах өдрөөс жилийн өмнө Сонгуулийг хуулийг өөрчилж болдоггүй тул УИХ ирэх долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх нь ээ.

6 сарын өмнө