Д.Мөнх-Эрдэнэ тэмцэж явна уу, тэвдэж явна уу?

1
2021 оны 10 сарын 252021-10-25
Д.Мөнх-Эрдэнэ тэмцэж явна уу, тэвдэж явна уу?

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод Ерөнхий консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ, Хотын дарга Д.Сумъяабазар түүний дүү Д.Дагвадорж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, түүний хүү Н.Анхбаяр, Хууль зүйн сайд Х.Нямбаатар нар руу хандаж Хотын захиргаа, Улсын цирк, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Сүхбаатарын талбай зэргээр орж лайв хийжээ.

Үүнтэй зэрэгцэн Ерөнхий консулаар ажиллаж байхдаа хууль бусаар БНХАУ-ын хилээр автомашин оруулж, худалдаалсан байж болзошгүй гэх үйлдэл нь шүүхэд шилжихэд бэлэн болсон байна. Тиймээс дарга нарыг шүүмжилж, илчилж явтал  намайг шалгаж, шүүж байна хэмээн эргэж ноцохоор бэлдэж буй хэмээн учир мэдэх хүмүүс хардаж буй юм билээ.

Цугларсан мэдээллийг тоймловол,

2018.11. Хятадын Гаалийн ерөнхий газрын Контрабандтай тэмцэх байгууллага нь автомашин хууль бусаар хил нэвтрүүлсэн хэргийг илрүүлсэн байдаг. Уг хэрэгт Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийн нэр дээр бүртгэлтэй “Range rover” маркийн А005Y9 автомашин болон Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консулын газрын нэр дээр бүртгэлтэй “Ben” маркийн А395NH, A1234, A1137N гэсэн 3 автомашин, нийтдээ 4 автомашиныг Хятад улсын иргэн хөрөнгө гарган худалдан авч, урт хугацаанд ашиглаж байсан нь тогтоогдсон. БНХАУ-ын ГЕГ-ын холбогдох баримтаас үзэхэд Д.Мөнх-Эрдэнэ нь энэ үйл ажиллагаанаас тодорхой хэмжээний ашиг хүртсэн нь тодорхой болсон.

Ийнхүү энэ хэрэгт холбогдсон БНХАУ-ын дөрвөн иргэнийг Контрбандтай тэмцэх газраас барьж хорьсон байдаг.

2019.1.7. Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Ёслолын газрын зөвлөх Ли Шян-г хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Ёслолын газрын зөвлөх Ли Шян “...Манай ГЕГ-аас Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод суугаа Ерөнхий консул хууль бусаар автомашин хилээр оруулж, худалдаалах гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа талаар бидэнд мэдэгдсэн. Энэ нь хоёр улсын харилцаанд таагүй хэрэг юм. ...Манай ГЕГ-т байгаа баримтаас үзэхэд Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ энэ үйл ажиллагаанаас тодорхой хэмжээний ашиг хүртсэн нь тодорхой байна. Энэхүү хэрэгт холбогдсон манай улсын дөрвөн иргэнийг Контрбандтай тэмцэх газраас барьж хорьсон. Д.Мөнх-Эрдэнэ энэ үйл ажиллагаанд шууд оролцсон нь тогтоогдсон. Энэхүү үйлдэл нь гэмт хэрэг гэж тодорхойлогдож байна. Өнгөрсөн жил 2018 оны арванхоёрдугаар сарын 2, 26-ны өдрүүдэд манай ӨМӨЗО-ы Гадаад харилцааны албаны дэд дарга Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэтэй тус тус хамтарч ажиллахыг хүссэн боловч тэрбээр эсэргүүцэх хандлага гаргасан. Өнөөдөр Элчин сайд тантай уулзаж байгаа нь Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг орон нутгийн Контрбандтай тэмцэх байгууллагатай хамтран ажиллуулж, энэ хэргийг аль болох эрт шийдвэрлэхэд дэмжлэг хүсэх гэсэн юм” гэжээ.

Үүнд Элчин сайд Д.Ганхуяг “...Аливаа улсын Ерөнхий консул хүлээн авагч улсын Цагдаагийн газарт ямар нэг тайлбар, мэдүүлэг өгөх үүрэггүй гэдгийг та бүхэн мэднэ гэж бодож байна. Миний хувьд эдгээр хууль бусаар оруулсан гэх машинуудыг буцаан гаргах тал дээр Хөх хот дахь Ерөнхий консулын газрыг шахаж ажиллаж, шийдвэрлэх боломжтой” гэж хариулсан байдаг.

Ингэхэд БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Ёслолын газрын зөвлөх Ли Шян “...Ерөнхий консулын конвенцийн дагуу дархан эрх ямба эдэлж байгаа гэдгийг ойлгож байна. Хүндэтгэн үзэж байна. Гэхдээ Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ манай улсын хууль тогтоомжийг хүндэтгэн дархан эрх ямбаа хэтрүүлэн, буруугаар ашиглахгүй байхыг хүсч байна. Энэ асуудлын наад цаадахыг бид сайтар бодолцсоны үндсэн дээр аль болох чимээ шуугиан гаргахгүйгээр зохистой шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. ...Бид Д.Мөнх-Эрдэнэд арга хэмжээ авах гэж буй асуудал биш юм. Харин бидний хэрэг шалгах ажилд тусалж, энэ хэрэгт холбогдсон БНХАУ-ын этгээдүүдийг хатуу шийтгэх ёстой гэж үзэж байна. ...Хөх хот дахь Ерөнхий консулын газрын дөрвөн автомашиныг манай ГЕГ-ын Контрбандтай тэмцэх газар хураан авсан. Цаашид эдгээр автомашин Ерөнхий консулын газрын өмч биш болно. ...Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ БНХАУ-ын хууль тогтоомжийг зөрчиж, автомашин худалдаалсан асуудлыг төвдөө уламжилж, аль болох хурдан хариу ирүүлэхийг хүсье” гэсэн байна.

245985231_570263634305783_6709705181774163905_n.jpg

2019.5.17. БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд “Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэд холбогдох автомашин хууль бусаар дамлан худалдаалсан асуудлаар тайлбар” хүргүүлсэн байна.

Түүнд “...БНХАУ-ын ГЕГ-ын Контрбандтай тэмцэх газар 2018 оны арваннэгдүгээр сард Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийн нэр дээрх LandRover (дугаар ..А005Ү9) болон Ерөнхий консулын газрын нэр дээр бүртгэлтэй гурван Benz (..A395NH, ..A1234, … A1137N) зэрэг дөрвөн автомашиныг БНХАУ-ын иргэд хөрөнгө гарган худалдан авч, урт хугацаагаар ашиглаж байгаа бөгөөд Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ энэ дундаас тодорхой ашиг хүртсэн болохыг олж тогтоосон. “Консулын харилцааны тухай Венийн конвенц” болон “БНХАУ-ын Консулын онцгой эрх болон хариуцлагаас чөлөөлөгдөх тухай журам”-ын дагуу Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ нь БНХАУ-ын хууль тогтоомж, дүрэм журмыг хүндэтгэх үүрэгтэй. Үүний зэрэгцээ “Дипломат автомашиныг удирдан зохицуулах журмын дагуу Консулын газрын автомашиныг зохицуулах болон дугаарыг шинэчлэх тухай ноот бичиг (2018 оны 25 тоот)-ээр мэдэгдсэний дагуу хэрэгт холбогдсон автомашин нь Консулын газырн автомашин гэж үзэхгүй бөгөөд мөн Консулын газрын өмчид харьяалагдахгүй тул БНХАУ-ын ГЕГ-ын Контрбандтай тэмцэх газраас хуулийн дагуу нэгэнт саатуулан шалгаж байгаа болно.

...Консулын газрын автомашины зохион байгуулалт нь БНХАУ-ын үндэсний аюулгүй байдал, олон нийтээр дагаж мөрдөх журам болон нийгмийн тогтвортой байдлыг хангах асуудалтай холбоотой байдаг. Д.Мөнх-Эрдэнэ нь Монгол Улсаас Хөх хотод суугаа Ерөнхий консулын хувьд ДТГ-ын тэргүүний байвал зохих удирдах болон зохицуулах үүргээ биелүүлээгүй төдийгүй автомашин хууль бусаар дамлан худалдаалах хэрэгт шууд оролдцож, БНХАУ-ын хууль тогтоомжийг нэгэнт зөрчсөн. Энэхүү хэргийг зохистой байдлаар шийдвэрлэж, хоёр талын харилцаанд сөргөөр нөлөөлөхөөс сэргийлэхийн тулд Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ 2019 оны тавдугаар сарын 24-ний өдрөөс өмнө БНХАУ-ын Гадаад хэргийн яаманд ГЕГ-ын Контрбандтай тэмцэх газрын албан тушаалтантай уулзаж, энэхүү хэргийг мөрдөн шалгах, баримтжуулах ажлыг бодитоор дэмжин хамтран ажиллах зохион байгуулалтыг хийж өгөхийг ЭСЯ-наас хүсэж байна” гэжээ.

2019.6.28. Засгийн газрын 262 дугаар тогтоолоор БНХАУ-ын Хөх хотод суух Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг эгүүлэн татжээ. Тэр тогтоол дээр “...Хүлээн авагч улсын хууль, журмыг хүндэтгэх үүргээ зөрчсөн” хэмээн тодорхойлсон байна.

2019.9.26. Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл гаргаж “...Д.Мөнх-Эрдэнэ нь албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа өөрийн дипломат эрх ямба, дархан эрхээ урвуулан ашиглаж, суугаа орныхоо хууль дүрмийг зөрчин өндөр үнэтэй тээврийн хэрэгслийг БНХАУ-д татваргүйгээр нэвтрүүлж, тус улсын иргэдэд ашиглуулсан зөрчил гаргасантай холбогдуулан Д.Мөнх-Эрдэнийн дипломат эрх ямба, дархан эрхийг цуцлах хүсэлтийг БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас манай Гадаад харилцааны яаманд албан ёсоор тавьсан” гэсэн байдаг.

2019.1.25. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс Үндэсний аудитын газраас уг үйл явдалтай холбоотой ирүүлсэн материалтай холбогдуулж Д.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн 22.1.1./ Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-д зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.

Д.Мөнх-Эрдэнэ 2019 оны есдүгээр сарын 25-ны өдөр NTV телевизийн Улаанбал нэвтрүүлэгт оролцохдоо “Автомашин зарсан” талаараа ярьсан байв.

Тэрээр: "БНХАУ-д элчингээр сууж байсан үе үеийн хүмүүсийн 25 автомашиныг буцаахаар айлын талд албан бичиг өгсөн байдаг. Манай өмнөх консул машин оруулж зарж байсан гэлтэй нь биш.  Бид бүгд хугацаа дуусаад буцахдаа хуучин машинаа Монголд түгжрэл дээр түгжрэл нэмж авчраад яах юм бэ. Тэгэхээр суугаа суугаа орондоо хаяад зараад ирдэг байхгүй юу. Миний өмнөх хүмүүс ч ингэж л байсан. Гэхдээ энэ нь надаар анхааруулга болж байна" хэмээжээ.

Эндээс дүгнэж хардахад, арай Д.Мөнх-Эрдэнэ нь өөрийнх нь холбогдсон үйлдэл шүүхэд шилжихтэй зэрэгцэн “дарга нарын булхай луйврыг дэлгэж, лайв хийсний төлөө улстөрчид намайг шоронд хийхийг завдаж байна” хэмээн хохирогчийн дүрд тоглох гээд байгаа юм биш биз дээ.

Санал болгох

ТУЛГА тойрсон: Боловсордоггүй боловсролын салбар...

сургуулийн насны 3 хүүхэд тутмын нэг нь сургууль хаасан үед зайнаас суралцах боломж, бололцоо байхгүй байна.

3 өдрийн өмнө
Улиастайн шинэ эцсийн 250 метр гудамжийг уран зургаар чимлээ

Хашаан дээр өлгөсөн хивс, монгол гэрийн хана, хашааныхаа хаалгыг сахисан монгол банхар, өв соёлыг харуулсан уламжлалт ахуй зэргийг Улиастай шинэ эцсээс “Ид шидийн орон-2” хүртэлх замд харж, дүрслэх урлагийн ертөнцөөр аялах боломжтой.

6 өдрийн өмнө
Коронавирус ба Хөгжлийн бэрхшээл

Жил бүрийн 12 дугаар сарын гурван онцгой өдөр байдаг. Энэ өдрийг дэлхий даяар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон тунхаглан тэмдэглэдэг.

6 өдрийн өмнө
ТУЛГА тойрсон: Эгийн гол манай гол

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх сарын дундуур ОХУ-д айлчлах тухай мэдээлэл байгаа. Энэ айлчлалаар Эгийн голын усан цахилгаан станцын асуудлыг нааштайгаар ойлголцох нь монголчуудад чухал байна.

9 өдрийн өмнө