С.Жаргалсайхан: Хүүхдийн каш идэж, усны богино өмдтэй анхны тэмцээндээ орж байлаа

2021 оны 10 сарын 252021-10-25
С.Жаргалсайхан: Хүүхдийн каш идэж, усны богино өмдтэй анхны тэмцээндээ орж байлаа

“Монголын мистер-2021” тэмцээн болж бие бялдраа төгс хөгжүүлсэн залуучуудын зураг цахим орчинд эдгээр өдрүүдэд түглээ. Тэгвэл 31 жилийн өмнө Монголын анхны бодибилдингийн улсын аваргад орж шагналт 4-р байранд орж байсан С.Жаргалсайхан энэ удаагийн тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ. Түүний амжилт, хичээл зүтгэлийн талаар хэсэг хором ярилцлаа.

-Сайн байна уу. Юуны түрүүнд “Монголын мистер-2021” тэмцээнд амжилттай оролцож хоёрдугаар байранд орсонд баяр хүргэе?

-Сайн. Сайн байна уу. Баярлалаа.

-Монголын сайхан залуу тэмцээнд анх орж байсан дурсамжаасаа хуваалцаач. Ер нь тэр үеийн залуучуудын бие бялдар ямар байв?

-Би Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрт ажиллаж байгаад тэтгэвэртэй гарсан. Өдгөө 58 настай. Манай үйлдвэрт оросууд их ажилладаг байлаа. Тухайн үеэс буюу 1988 оноос оросуудаар дасгал заалгаж, хамт хичээллэдэг байв. Түүнээс хойш ажлынхаа зав зайгаар дасгал хийж, 1990 онд анх зохиогдож байсан "Монголын сайхан залуу" тэмцээнд орж байсан. Тэр тэмцээнд манай аймгийн 4 залуу орж байсан нь орон нутагтаа анхдагч болсон гэж хэлж болно. Би дөнгөж 27 настай байсан. Анх удаагаа зохион байгуулагдсан болохоор 46 тамирчин ямар ч ангилалгүй өрсөлдсөн. Би энэ тэмцээнд шагналт дөрөвдүгээр байранд орсон.

182012894_2544364449193809_4818044378489758945_n.jpg

Тухайн үед манай залуучуудын бие бялдар нэгэн жигд байдаг байсан. Одоогийнх шиг эрт таргална гэсэн ойлголт байхгүй. Яагаад гэхээр спорт цогцолбортой байсан учраас бүгд л ямар нэгэн спортоор хичээллэдэг байсан. Миний тухайд бараг бүх бөхийн төрлөөр хичээллэсэн байх. Мөн байгууллагын зүгээс тэмцээнд шахаж оруулдаг байсан нь, манай залуучуудын биеийн хөгжилд нөлөөлсөн байх. Бидний залууд спортын багш нар их сайн байлаа. Хичээлээ чанартай ордог учраас хүүхдийн биеийн хөгжил сайн байсан.

-27 наснаасаа хойш л бодибилдингийн спортоор хичээллэж байсан юм байна. Одоо юу хийдэг вэ?

-Тийм ээ. Анхны сууриа зөв тавьсан учраас өдий болтол хичээллэж байна. Би 10 гаруй жил фитнессийн багш хийсэн. Сүүлийн нэг жилийн хугацаанд өөрийн фитнессийг ажлуулж багшилж байна. Би фитнессээр хичээллэхийн хажуугаар, пауэрлифтингийн спортоор хичээллэдэг. Энэ удаагийн бодибилдингийн улсын аваргад мөнгөн медаль хүртэж, спортын мастер болсон. Харин пауэрлифтингийн спортын ОУ-ын хэмжээний мастер цолтой. 31 жилийн хугацаанд бодибилдингийн улсын аваргаас зургаан медаль хүртсэн байна.

181436243_2544364479193806_8051444010600375449_n.jpg

-Анхны юм бүхэн үнэ цэнэтэй. Мөн нандин байдаг. Таны хувьд бодибилдингийн шавыг тавилцсан гэхэд хилсдэхгүй юм байна. 30 жилийн өмнөх бэлтгэл, хоол нь ямар байв?

-Хоолны хувьд оросуудаас туршлага судалж, загасны мах, өндөг их иддэг байсан. Мөн орос дэлгүүрээс хүүхдийн кааш авч, керкулес иддэг байсан. Манай аав эмч байсан учраас бас эрүүл хоол зөвлөдөг байсан. Тухайлбал цагаан гурил будаа хэрэглэдэггүй байсан. Мөн тэр үеийн сүүний үйлдвэрээс том ууттай уураг гаргадаг байсан. Тэрийг хотоос захиж хэрэглэдэг байсан. Одоо бодоход их л тарчиг ч, тухайн үед шим тэжээлээ авчихдаг байсан. 

245537983_2521588324638714_1221217642944756804_n.jpg

Эхлээд оросуудтай бэлтгэл хийж байгаад сүүлдээ ажлынхаа хэсэг залуустай хичээллэдэг болсон. Сэтгүүлээс их зүйл сурсан. Анхны сууриа зөв тавьсан учраас маш том давуу тал болсон. Штанг аваад хэрхэн зөв амьсгаа авч шахах ёстой байдгийг мэддэг байсан учраас цаашдын хөгжил их амар байсан.

"Дэглэм барихгүй, ойр ойрхон багаар хооллохыг зөвлөж байна"

Одоо шавь нартаа багаар ойр хооллохыг зөвлөдөг. Ойрхон хооллож байгаа юм шиг мөртлөө энэ нь эхний хоол нь дараагийн хоолоо багасгаж өгдөг байхгүй юу. Ойр хооллолт нь дараагийн хоолны өөх тос, хоолны хэмжээг багасгадаг юм. Миний ойрын их олон хүн энэ зарчмаар хооллож хичээллэж байна. Ингээд ирэхээр ерөнхийдөө ходоод хайрцганд орчихдог. Идэхэд нөгөө л хэмжээндээ иддэг. Энэ хамгийн зөв байхгүй юу. Шарсан хуурсан хоолыг багасгах хэрэгтэй байдаг. Нэг ёсондоо цуйвангаа болиод шөлтэй хоолоо ид гэсэн үг юм.

-Анх эхэлж байхад биеийн жин нь ямар байсан бэ. Одоо яаж өөрчлөгдсөн бэ?

-Тэр үед миний жин 80 кг л байсан байх. Тууштай хичээллээд эхлэхээр эрс өөрчлөгддөг. Бодибилдинг гэдэг чинь бялдаржуулах урлаг шүү дээ. Нэг ёсондоо бие махбодоо байшин барилга гэж бодвол байшин барилга л барьж байгаа байхгүй юу. Удаан явах тусмаа чанаржиж, нэмэгддэг. Би саяны тэмцээнд 90 кг-тай орсон шүү дээ. Булчингийн масс нэмсэн гэсэн үг л дээ. Одоо 58 настай ч, зөв хичээллэж чадвал өсөж байгаа биздээ.

245979738_2521643917966488_738591411753131986_n.jpg

-Энэ тэмцээнд нэлээн бэлдэж оролцов уу?

-Тийм ээ. Энэ тэмцээн чинь анх 2021 оны нэгдүгээр сард товлогдсон байсан юм. Тэгээд бэлдэж байсан хойшлогдоод дахиад зургаан сард болохоор товлогдсон. Дөрвөн сараас бэлдээд явж байсан, тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон. Тэгээд сая аравдугаар сард болно гэхэд угаасаа бэлтгэлтэй байсан болохоор орсон. Хугацаа нь хойшлогдсон ч бэлтгэл сайн байсан болохоор их гоё орлоо.

May be an image of Jargalsaikhan Sambuu

-Цаашдын дараагийн зорилго, тэмцээн юу байна вэ?

-2023 онд Монголд пауэрлифтингийн ахмадын ДАШТ болно. Одоо тэрний бэлтгэлд орсон байгаа.

Бодибилдинг пауэрлифтинг гэдэг спортууд хоёулаа төмөр өргөөд байгаа юм шиг хэрнээ нэг нь хүчээ хөгжүүлж, нөгөөх нь биеэ хөгжүүлж байгаа юм.

Өргөдөг техник, иддэг хоолноосоо өөр л дөө. Бодибилдингийн спортын 80 хувь нь хооллолт байдаг. Гэхдээ би хоёулангаар нь хичээллэж, тэмцээнд оролцдог. Монголд болох энэ тэмцээнд их ач холбогдол өгч байгаа. Учир нь яг 60 насны босгон дээр М3 гэсэн ангилалд багтаж байгаагаараа онцлог юм.

-Техникийн хувьд одоогийнх бол сайжирсан нь мэдээж. Гэхдээ зарим тамирчид 90-ээд оны төхөөрөмжүүд сайн байсан гэж ярьдаг юм билээ?

-Шинэ тоног төхөөрөмж клубүүдээр их гарсан л даа. Энэ нь зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ миний ажигласнаар 70, 80 онд хэрэглэж байсан штанг, гантил их ач холбогдолтой. Яагаад гэвэл хүний гурван том булчинг штанг л хөгжүүлдэг байхгүй юу. Сүүлийн үеийн төхөөрөмжүүд бол биеийг хэсэгчилж хөгжүүлэхэд чухал нөлөөтэй байдаг. Том булчингуудыг томруулж чаддаггүй. 

May be an image of 2 people, including Jargalsaikhan Sambuu, people standing, sunglasses and footwear

-Та хэдэн хүүхэдтэй вэ. Гэр бүлийнхэн нь таныг дагаж фитнессээр хичээллэдэг үү. Гэр бүлийнхэн нь дэмждэг байх?

-Би таван хүүхэдтэй. Охин хүү хоёр маань фитнессээр хичээллэдэг. Гэр бүл маань маш их дэмждэг. Эхнэр маань 10 гаруй жилийн өмнөөс надтай хамт фитнессээр хичээллэдэг болсон. Одоо ч зааланд хамт л байна. Ковидын үеэр бид хоёр онлайн хичээл зааж байсан шүү дээ. Их сайн дасгал хийдэг. 

-Анх хичээллэж байх үеийн хувцас өмсгөл нь ямар байв?

-Орос дэлгүүрээс анхны тэмцээндээ зориулж усны хувцас авч байсан. Гялгардуу материалтай бүсэлдэг бариу хувцас байсан. Гадаадын тамирчдын зургийг харж байгаад л дөхүүлж авч байгаа нь тэр байсан. Биедээ түрхдэг крем ч байхгүй байсан шүү дээ. Урлагийнхнаас крем худалдаж авч түрхдэг байсан. Зунгааралдсан л хав хар юм болдог байлаа. Одоо бол хоёр гурван өнгөний сонголттой байдаг шүү дээ./инээв/

243552297_612045853142007_7751346208518089271_n.jpg

-Анхны бодибилдингийн холбооны гишүүн байсан гэсэн. Энэ тухайгаа яривал?

-Анхны тэмцээний дараа холбооны тэргүүнийг сонгоно гэсэн тов гарсан байсан. Тэгээд 11 хүнтэй байгуулагдаж, анхны ерөнхийлөгчөөр нь Зориг агсныг сонгож байсан юм. Хоёр нарийн бичиг, 8 гишүүнтэйгээр байгуулагдаж, анх Монголын бодибилдинг фитнессийн холбоо байгуулагдаж байсан. Би 2014 онд бодибилдингийн холбоог Эрдэнэтэд шинэчлэн байгуулж байсан. 

May be an image of 2 people, including Jargalsaikhan Sambuu, biceps and people standing

-Энэ спортоор хичээллэхийн давуу тал юу байна вэ?

-Биендээ л арчаатай болох юм даа. Гоо сайхан, эрүүл мэнд талаасаа маш их давуу талтай спорт юм.  Хөдөлгөөн хийгээд ирхээр архи тамхинаас холдож, эрүүл урт удаан наслах боломжтой болж байгаа юм.

 

 

Санал болгох

Б.Мөнх-Од: Авлигаас ангид байхад цахим шилжилт чухал байна

Прокурорын байгууллагын хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдод хэргийг процесс ажиллагааг ил тод, нээлттэй болгох үүднээс 2020 онд e-justice.mn цахим сайтыг нээн ажиллуулж байна.

2 цагийн өмнө
Иргэд тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөж төлснөөр жил ухрахгүйгээр тэтгэвэр тогтоолгох боломжтой

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль хэрэгжсэнээс хойш багагүй хугацаа өнгөрч байна. Иргэдэд өгөөжтэй энэхүү хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг хүргэж байна.

4 цагийн өмнө
Блокчэйн

Манай нийгэмд үүссэн асуудлуудыг технологи өргөс авч буй мэт шийдэж чадах уу, хүний нийгмийн итгэлцэлийн хямралын шийдэл нь блокчэйн технологи мөн үү, компани, бизнесүүд дундын экосистем, үндэсний блокчэйн сүлжээг бий болгож чадвал нийгэм, эдийн засгийн асуудлаа багасгах боломж үүсэх үү гэдэг асуултуудын хариу хайлаа. Зочдоор “Мобинет” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхзориг, “Амар” даатгалын компанийн бизнес хөгжлийн захирал Т.Тэлмэн, хууль Г.Уянгахишиг, “Корекс” компанийн гүйцэтгэх захирал М.Золжаргал нар оролцлоо.

10 цагийн өмнө
Шахмал түлшний 2 сая шуудайг 1 тэрбум 200 сая ₮-өөр дотоодоос авна

Дотоодоос 2 сая ширхэг шуудай худалдаж авахад өнгөтэй, гялгар гадаргуутай байх шаардлагыг тавихгүй. Гэхдээ тээвэрлэлтэд 3-4 удаагийн дамжлага дамждаг учраас хэрэглээ дайхуйц байх ёстой. Одоогийн байдлаар хоёр ААН шуудай нийлүүлэх хүсэлт ирүүлээд байна.

3 өдрийн өмнө