З.Мэндсайхан: Өвөлжилт хүндрэх эрсдэл бага байна

2021 оны 11 сарын 192021-11-19
З.Мэндсайхан: Өвөлжилт хүндрэх эрсдэл бага байна

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрээр сайдын ажлаа аваад 11 сар болж буй бөгөөд намрын анхны ургац хураалтыг амжилттай хийж, цаашлаад нарийн ногоо, өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг дотооддоо хангахаар зорин ажиллаж байна.

-Сайхан өвөлжиж байна уу. Намрын арвин их ажил шингэрч, өвлийн бэлтгэлдээ орж байна. Таны ажил их байна уу?

-Сайхан. Одоо өвөлжилтийн бэлтгэл гээд ажил их л байна.

-Энэ жилийн ургац хураалт ямар байв?

-Өнөөдрийн байдлаар ургац хураалт 97.3 хувьтай байна. Талбай дээрээ ургац хураалт дууссан. Урьдчилсан тооцоололд дүн мэдээ мөргөсөн сайн үзүүлэлт гарсан. 2021 онд улсын хэмжээнд 421 мянган га.д үр тариа үүнээс 389,4 мянган га.д улаанбуудай тарьсан. Мөн 19,8 мянган га.д төмс, 9,9 мянган га.д хүнсний ногоо, 100,4 мянган га.д тосны ургамал тарьсан. 100 мянган га.д тэжээлийн ургамал тарьсан. Энэ жилийн онцлог бол тэжээлийн ургамал түлхүү тариалсан явдал байлаа. 4,7 мянган га.д жимс жимсгэнэ гээд нийт 655 мянган га.д тариалалт хийсэн.

“ЭНЭ ЖИЛ УРГАЦ АРВИНТАЙ БАЙЖ СҮҮЛИЙН 30 ЖИЛ АВААГҮЙ ҮР ТАРИАГ ХУРААСАН”

Өнөөдрийн байдлаар үр тариа 93,1 хувьтай гэж байна. Үүнээс хурааж авсан ургацын хэмжээ гэх юм бол 571,1 тонн байна. Өнгөрсөн жил бол 280 мянган тонн үр тариа хурааж авч байсан. Энэ жилийн үр дүн бол сүүлийн 30 жилд гараагүй дүн юм. Үүнд мэдээж цаг агаарын тааламжтай нөхцөл байдал нөлөөлсөн. Нөгөө талдаа бас тариаланчид маань үе шаттай технологийн арга хэмжээнүүдийг цаг тухай бүрт авсан юм.

Төмс бол дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах хэмжээнд хурааж авсан. Техникийн ургамлын тос буюу тосны ургамлын чиглэлээр энэ жил тариалалтыг нэмэгдүүлсэн. 38,3 мянган тонныг хурааж авлаа. Улаанбуудай бол 542 мянган тонныг хурааж авсан. Монгол улсын улаанбуудайн дотоодын хэрэгцээ жилд 310 орчим мянган тонн байдаг. Тэгэхээр бид нар энэ жил 542,7 мянган тонныг хурааж авсан гэдэг бол, дотоодын хэрэгцээг бүрэн хангаад илүү ургац хураасан сайхан жил болж байна. 244,3 мянган тонн улаанбуудай зах зээлд нийлүүлэгдээд байна.

Хүнсний ногоо бол 99,1 хувийн гүйцэтгэлтэй явж байна. 118 мянган тонн хүнсний ногоо хурааж авлаа.

ӨНГӨРСӨН ЖИЛҮҮДЭД ХҮНСНИЙ НОГООНЫ 47 ХУВИЙГ ХАНГАДАГ БАЙСАН БОЛ ЭНЭ ЖИЛ 60 ОРЧИМ ХУВИЙГ ХАНГАХААР БАЙНА

Өнгөрсөн жил хүнсний ногооныхоо 47 орчим хувийг хангаж байсан бол,энэ жил 60 орчим хувьд хүргэх сайхан боломж бүрдсэн жил болж байна.

-Ургац арвинтай сайхан жил болжээ. Та түрүүн хэллээ. “Хур бороо элбэгтэй зуншлага сайхан байсан учраас арвин ургац хураалаа гээд”. Тэгэхээр цаашдаа усалгаатай тариаланг хөгжүүлэхэд хэрхэн анхаарах вэ?

-Усалгаатай тариаланг хөгжүүлэх нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон байгаа. Үүний хүрээнд Азийн хөгжлийн банкин дээр 46,2 сая ам.долларын өртөгтэй  нийтдээ 8000 га.г усжуулах сонгон шалгаруулалтын ажлыг бүрэн зарлаж дууслаа. Энэ ажлууд Говь-Алтай аймгийн Тайшир, Халиун сум, Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Алтай сум, Баян-Өлгий аймгийн Баяннуур, Завхан аймгийн Тэлмэн, Улиастай, Сэлэнгэ аймгийн Сант сум, Төв аймгийн Батсүмбэр, Хэнтий аймгийн Хэрлэн сум гэх байршлууд дээр хуучин усжуулалтын талбайг сэргээх, мөн шинээр хийх ажлуудыг хийхээр гүйцэтгэлийн шатандаа ороод явж байна. Ирэх онд багтаж дуусгах юм бол, усжуулсан талбайгаа 8000 га.гаар нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Энэ бүтээн байгуулалтын ажил эхлээд явж байна. Төсөлд нийтдээ 1000 гаруй өрхийг хамруулна. Цаашлаад 3000 гаруй өрх хамрагдана.

-Хүнсний ногооны тариалалт энэ янзаараа тогтворжвол, гадагшаа экспорлогдох боломж бүрдэх юм байна. Тэгвэл яамны зүгээс өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг дотооддоо үйлдвэрлэхэд хэрхэн анхаарал хандуулж байгаа вэ?

-Gimex гэж хувийн ААН Баянхонгор аймагт 10 жил оролдлого хийсний үр дүнд энэ жил анх удаа Монгол улсад цагаан будаа тарьж хурааж авлаа. 2 га.д нийтдээ 13000 тонныг хурааж авсан. Тоо бол бага сонсогдож болно. Гэхдээ Монгол улс цагаан будааг тариалж болдог юм байна гэдгийг харууллаа. Хөсөг нэртэйгээр хэрэглэгчдэд хүрнэ. Цаашдаа яамны зүгээс цагаан будааг хаана хаана тариалж болох уу гэдгийг судалж, дотоодын хэрэгцээгээ хангахад анхаарч ажиллана. Манай улсад цагаан будаа, бор удаа, элсэн сахар тариалж байсан туршлага бий. Тиймээс бодлогоор дэмжиж, дотооддоо үйлдвэрлэх боломж эрэлхийлнэ.

З.МЭНДСАЙХАН: 8000 ТОННЫ ЗООРИЙГ БАРИНА

-Тариаланчдын тулгамддаг асуудлын нэг нь зоорь, агуулахын асуудал байдаг. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Хүнсний ногооны тариаланчдад тулгамдаж байгаа хэд хэдэн асуудал байна. Нэгдүгээрт зоорийн асуудал байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд ирэх онд Польш улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 8000 орчим тонн зориулалтын хүнсний ногоо хадгалах агуулахыг барихаар төлөвлөж байна. Энэ хэрэгжихэд бараг бэлэн болсон. Сангийн яам нь дээр шийдэгдэж эцэслэгдэхээр байгаа. Дараагийн асуудал бол механикжуулалтын асуудал байна. Үр тарианыхан маань илүү механикжсан байдаг. Харин хүнсний ногооны тариаланчид гар аргаар тариалж байгаа. Тиймээс ирэх оноос зургаан сая еврогийн Бельриусийн хүнсний ногоо тариалдаг тоног төхөөрөмж ирнэ. Мөн цаашдаа хүнсний ногоо, үр тариа тарьдаг тариаланчдад тусдаа зээл олгохоор яригдаж байна.

З.МЭНДСАЙХАН: НИЙСЛЭЛД 50 ГА ГАЗАРТ ӨВЛИЙН ХҮЛЭМЖ БАРИНА

-Нарийн ногоог тариалахад хэрхэн анхаарах вэ. Нэг ёсондоо хүлэмжийн тариаланчдыг яаж дэмжиж нэмэгдүүлэх вэ?

-Хил гааль хаагдаад ирэхээр хүлэмжийн ногоо буюу нарийн ногоо дутагдаад ирж байна. Энэ бизнесс гэхдээ их эрсдэл өндөртэй. Бид нар судалж үзсэн. Тухайлбал, анхны хөрөнгө оруулалт их өндөр шаарддаг. Их урт хугацаанд нөхөн төлөгддөг учраас банкиуд энэ дээр зээл олгодоггүй. Нөгөө талдаа импортын ногоотой өрсөлдөх чадвар, үнийн хувьд харьцангуй хүнд байдаг. Яагаад гэхээр урд хөршид дэлхийн зах зээл дээр гарсан бүхэл бүтэн хоёр том муж ажиллаж байна. Зөвхөн нарийн ногоо тариалж байна. Тэгэхээр тэндээс гарч ирж байгаа тэр их массын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн  төмөр замаар дамжаад ороод ирхээр бидний дотооддоо тарьсан бүтээгдэхүүнээс үнийн хувьд бага байгаад байгаа юм. Гэхдээ бид үүнийг боломжгүй гээд хойш тавиагүй. Нийт Улаанбаатар хот, төв суурин газрын хэмжээнд  50 га хүлэмж барих хэрэгтэй байгаа. Одоо ААН-үүд маань 10.1 га-д тариалалт хийж байгаа. Тэгэхээр цаашдаа бид 10, 10 га-гаар нь ч юмуу, 5 5-аар ч юмуу үе шаттайгаар хийе. Ингэхдээ яг үүнтэй адилаар импорт дээр нь хориг тавьж дотооддын үйлдвэрлэлээ дэмжээд явья гэсэн бодлого баримтлахаар төлөвлөж байна. Хүлэмжийн тариалалтад дээр бид юуг анхаарах ёстой вэ гэхээр дулааны алдагдал багатай газар л энэ бизнессийг хийх ёстой юм байна.

З.МЭНДСАЙХАН: ӨВӨЛЖИЛТ ХҮНДРЭХ ЭРСДЭЛ БАГА БАЙНА

-Өвөлжилтийн бэлтгэл ажил хэдэн хувьтай явна вэ. Өвөлжилт хүндрэх аймаг, отор нүүдлийг хэрхэн зохицуулах вэ?

-Долдугаар сарын 28-ны Засгийн газрын тогтоолоор өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн. Манай салбарын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг өвөлжилтийн эрсдлийн үнэлгээг 21 аймгаар явж хийсэн. Дүнгээс харвал, дундаас дээгүүр түвшинд байх нь ээ гэсэн таатай дүр зураг харагдаж байгаа. Гэхдээ цаг агаарын нөхцөл байдлыг урьдчилан тооцоолох боломжгүй. Гэнэтийн байгалийн үзэгдэл гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ бид бэлтгэл ажлыг сайн хангаж байгаа. Өвс тэжээлийн хувьд малчдын хувьд 92 хувийн гүйцэтгэлтэй байна. Аймаг, нийслэл, сум дүүргийн хэмжээнд 65,4 хувь хангасан байгаа. Энэ тоо энэ сардаа багтаагаад зорилтот хэмжээндээ хүрнэ.

19 мянган өрхийн 8.4 сая мал отрын зургаан бүсэд өвөлжих судалгаа гарсан байна. Аймгуудын удирдлагуудтай холбогдож орон нутагт мал эмнэлгийн хяналт нь доор отор нүүдэл хийлгэж байгаа.

-Мал, мах гадагшаа экспорлохгүй гэсэн шийдвэр өмнөх Засгийн газрын хуралдаанаар гарсан. Тэгэхээр нөөцийн махаа хангалттай сайн бэлдэнэ гэсэн үг үү?

-Зургаадугаар сараас хойш мах импортлогч орнууд манайхаас мал, мах авахгүй гэсэн шийдвэрийг гаргасан. Үүнээс хойш экспорт хийж чадахгүй байгаа. Тиймээс Засгийн газар төв суурин газар махны нөөц бүрдүүлэх зорилгоор гурван хувийн хүүтэй 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй эх үүсвэрийг шийдсэн байгаа. Үүнд 17 ААН хамрагдаж, 81 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан байна. Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн агуулахад 6.1 мянган тонн мах нөөцлөгдсөн байна. Тиймээс энэ жил нөөцийн махаа харьцангуй эрт хангаж байна гэж харагдаж байгаа. Энэ жилийн хувьд 15 мянган тонн нөөцийн мах бэлдэхээр төлөвлөсөн байгаа. Нөгөө талдаа хөдөө аж ахуйг дэмжих санд нөөцийн мах бэлдэнэ. Аймаг орон нутгаас орж ирж байгаа махыг ХАА-г дэмжих сан дээрээ нөөцлөнө. Үүнд 5 орчим мянган тонныг нөөцлөх төлөвлөгөө гаргасан байгаа. Ингээд хавраас зах зээлд мал махыг хангалттай гаргаж нийлүүлнэ гэж ажиллаж байна.

-Таны үйл ажиллагааны хөтөлбөрт махны үйлдвэр барих ажил тусгагдсан байсан. Хэдэн аймагт ямар байдлаар махны үйлдвэр барих вэ?

-Махны дөрвөн үйлдвэрийг бүсчилсэн байдлаар хөгжүүлнэ. Дорнод, Ховд, Булган, Архангай аймагт махны үйлдвэр байгуулна. Үйлдвэр барих хөрөнгийг БНХАУ-ын 1 тэрбум долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд барина. Нийтдээ 78 сая долларын төсөвтэй байгаа. Бүтээн байгуулалтын ажлыг 2023 он гэхэд эхлүүлнэ. Энэ үйлдвэрүүдийн онцлог нь жилийн дөрвөн улиралд мах бэлтгэх юм. Ингэхдээ хажуудаа 20-30 мянган маллыг вакцинжуулж эрүүлжүүлнэ.Тэгээд түүнийгээ тэжээж шахан бордоод, мах бэлтгэлд оруулах тогтмол үйл ажиллагааг хийнэ.  Үйлдвэрүүдийн хажууд тэжээлийн үйлдвэр ажиллана. Үйлдвэрээс гарч байгаа махыг шууд экспортод гаргана. Мөн ойролцоогоор 2500 орчим ажлын байр нэмэгдэнэ.

СҮҮНИЙ ЧИГЛЭЛИЙН 5000, МАХНЫ ЧИГЛЭЛИЙН 4000 ТОЛГОЙ ҮХРИЙГ АВЧ ИРЖ ИРГЭДЭД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР ӨГНӨ

-Үе үеийн хөдөө аж ахуйн сайд нар эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх талаар ярьдаг. Таны хувьд ямар бодлого баримтлах вэ?

-Хөдөө аж ахуйн салбар эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр нилээд олон ажлыг хийж байгаа. Эрчимжсэн мал аж ахуйг газар тариалангийн бүс нутагтайгаа хөгжүүлж, хоршиж хийх Засгийн газрын тогтоол гарсан байгаа. Энэ хүрээнд Бельрус улсаас нийтдээ 9000 орчим үхрийг хөнгөлөлттэй зээлийн хүрээнд авахаар болсон. 5000 толгой сүүний чиглэлийн үхэр, махны чиглэлийн 4000 толгой үхрийг авч ирэхээр болсон. Авч ирээд иргэд болон ААН-дээ хөнгөлөлт зээлийн хүрээнд урт хугацаанд өгнө. Үүний гол зорилго бол цөм сүргийг бий болгох, эрчимжсэн мал аж ахуй дээр цэвэр үүлдрийн үхрийг өсгөж, үүгээр сүргийн сэлбэлтийг хийх, цөм сүргийг бий болгох чиглэлээр ажиллаж байгаа.

Эхний ээлжийн үхрүүд энэ ондоо багтааж орж ирнэ. Мөн ирэх онд 6 сая еврогийн тоног төхөөрөмжийг хаврын тариалалтаас өмнө намрын ургац хураалтад зориулж, ААН, иргэддээ нийлүүлэхээр гэрээ хэлэлцээр хийхэд бэлэн болсон байгаа.

-Эдийн засгаа дэмжих 10 их наядын хөтөлбөрийг Засгийн газраас гаргасан. Үүний хүрээнд танай салбарт ямар төсөл хэрэгжив?

-10 их наяд хөтөлбөрийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарт 500 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг төсөвлөсөн. Үүнээс 200 тэрбумыг ноос ноолуур боловсруулах чиглэлд, газар тариалангийн чиглэлээр 100 тэрбум, малчдыг дэмжих чиглэлээр 200 тэрбум төгрөгийн зээл гарсан. Энэ зээлийн гүйцэтгэл бол маш үр дүнтэй болсон. Нийтдээ 670,7 тэрбум төгрөгийн дүн бүхий 27,7 мянган ААН-ийн хүсэлт ирсэн. Үүнээс 368,5 тэрбум төгрөгийн дүн бүхий 20,2 мянган ААН, иргэнд зээл олгосон байна.

-Таны дараагийн зорилго, бодлого юу байна вэ?

-Дараагийн Засгийн газрын барьж байгаа бодлого бол Арьс ширний үйлдвэр барих байгаа. Байршилаа Дархан-Уул аймагт сонгосон. Яагаад Дарханг сонгосон бэ гэхээр урагшаа хойшоогоо төмөр замаар холбогдсон. Мөн нийт мал аж ахуйн 70 орчим хувь Улаанбаатараас баруун тийш байдаг. Засгийн газраас нийтдээ 10 сая арьс шир боловсруулах, 2 орчим тонн ноос ноолуур боловсруулах үйлдвэр хийхээр төлөвлөсөн. Эхний ээлжинд 4 сая богийн арьс шир, 400 мянган бодийн арьс шир боловсруулах хүчин чадалтай хамгийн сүүлийн үеийн стандартын шаардлага хангасан үйлдвэр барихаар гэрээ хэлэлцээр хийгээд явж байна. Энэхүү үйлдвэрийг барихад шаардлагатай хөрөнгийн 15 хувийг манай улс гаргана. Ингэхдээ Эрдэнэт үйлдвэрээс санхүүжилт гаргана гэсэн тохироонд хүрээд явж байна. Ингэснээр малаас гарах ашиг шим улам нэмэгдэх давуу тал бий болох юм.

-Ярилцсанд баярлалаа. 

Санал болгох

Б.Мөнх-Од: Авлигаас ангид байхад цахим шилжилт чухал байна

Прокурорын байгууллагын хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдод хэргийг процесс ажиллагааг ил тод, нээлттэй болгох үүднээс 2020 онд e-justice.mn цахим сайтыг нээн ажиллуулж байна.

2 цагийн өмнө
Иргэд тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөж төлснөөр жил ухрахгүйгээр тэтгэвэр тогтоолгох боломжтой

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль хэрэгжсэнээс хойш багагүй хугацаа өнгөрч байна. Иргэдэд өгөөжтэй энэхүү хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг хүргэж байна.

4 цагийн өмнө
Блокчэйн

Манай нийгэмд үүссэн асуудлуудыг технологи өргөс авч буй мэт шийдэж чадах уу, хүний нийгмийн итгэлцэлийн хямралын шийдэл нь блокчэйн технологи мөн үү, компани, бизнесүүд дундын экосистем, үндэсний блокчэйн сүлжээг бий болгож чадвал нийгэм, эдийн засгийн асуудлаа багасгах боломж үүсэх үү гэдэг асуултуудын хариу хайлаа. Зочдоор “Мобинет” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхзориг, “Амар” даатгалын компанийн бизнес хөгжлийн захирал Т.Тэлмэн, хууль Г.Уянгахишиг, “Корекс” компанийн гүйцэтгэх захирал М.Золжаргал нар оролцлоо.

9 цагийн өмнө
Шахмал түлшний 2 сая шуудайг 1 тэрбум 200 сая ₮-өөр дотоодоос авна

Дотоодоос 2 сая ширхэг шуудай худалдаж авахад өнгөтэй, гялгар гадаргуутай байх шаардлагыг тавихгүй. Гэхдээ тээвэрлэлтэд 3-4 удаагийн дамжлага дамждаг учраас хэрэглээ дайхуйц байх ёстой. Одоогийн байдлаар хоёр ААН шуудай нийлүүлэх хүсэлт ирүүлээд байна.

3 өдрийн өмнө