Шатахуун импортлогч компаниуд АИ-95 болон дизель түлшний үнээ өчигдрөөс нэмсэн билээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр иргэдийн дийлэнх нь ашигладаг АИ-92 төрлийн авто бензиний үнэд өөрчлөлт орохгүй юм байна.
АИ95, дизель түлшний үнэ нэмэгдсэн нь олон улсын зах зээл, хилийн үнийн өсөлттэй холбоотой гэж албаныхан тайлбарлалаа.
Ашигт малтмал газрын тосны газрын Газрын тосын бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяр “Олон улсын зах зээлийн үнэ нэмэгдсэн, хилийн үнэ өссөн, гаалийн татвар, төмөр замын тээвэр гэх мэт үйл ажиллагааны зардлууд нийлээд дизель түлшний өөрийн өртөг 3690 төгрөг болж байна” гэв.
Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яамнаас ОХУ-ын холбогдох талтай уулзалт хэлэлцээр хийсний үр дүнд АИ92 төрлийн авто бензиний хилийн үнийг ойрын гурван сарын хугацаанд нэмэхгүйгээр тогтвортой үнээр нийлүүлэхээр болсон байна.
Шатахуун импортлогч компаниудаас тодруулахад Улаанбаатар хотод АИ-95 литр нь тутамдаа 200 төгрөгөөр нэмэгдэж 3260 төгрөг, АИ-98 200 төгрөгөөр нэмэгдэж 3700, дизель түлш 250 төгрөгөөр нэмэгдэж 3380 төгрөг болсон байна. Тэдний тайлбарласнаар АИ-92 бензиний үнэ ойрын хугацаанд нэмэгдэхгүй гэв.
Т.Арьяа