Засгийн газар 2022 оны төсвийн тодотголоор 520 тэрбум төгрөг, Төрийн хэмнэлтийн хуулиар 130 тэрбум төгрөг хэмнэх төслүүд оруулж ирлээ. Гэхдээ нийслэлд 926.1 сая ам.долларын өртөгтэй Хөнгөн галт тэргийн төсөл /LRT/ хэрэгжүүлэхийн тулд 510 сая ам.долларын зээлд Засгийн газраар баталгаа гаргуулах УИХ-ын тогтоолын төсөл бичиж орж ирсэн нь шүүмжлэл дагуулаад байна.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газраар өрийн баталгаа гаргуулж, улсын өр зээлийг нэмэхийг зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн. Түүнтэй адил санаа бодолтой гишүүд ч цөөнгүй байгаа юм. Түгжрэлийг сааруулах цогц бодлогынх нь хамгийн өндөр зардалтай LRT төслийг Ч.Хүрэлбаатар Төсвийн байнгын хороогоороо хэлэлцэхийг зөвшөөрөөгүй. Энэ шалтгаанаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, хотоос сонгогдсон 2-3 гишүүн өнгөрсөн хоногуудад Ч.Хүрэлбаатартай жиргээ дүүрэн жийлцлээ.
УИХ-д өргөн барьсан төслийнх нь танилцуулгаас үзэхэд, Д.Сумъяабазар өөрөө л даваагүй байж баахан дэвчихсэн юм билээ. Энэ тухай Сангийн яамны танилцуулгаас тодорхой харж болно.
2022 оны 4 сарын 15-ны байдлаар:
* LRT төслийн бүтээн байгуулалтад шаардлагдах эх үүсвэрийн зээлдүүлэгч тал, зээлийн нөхцөл тодорхойгүй.
* Засгийн газраас өрийн баталгаа гаргуулах гэж байгаа “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийг дөнгөж 2022 оны 3 сарын 24-ний НИТХ-ын хурлаар л дөнгөж үүсгэн байгуулсан.
* Байгуулагдаад 1 сар болж байгаа “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК нь “сүүлийн 3 жил ашигтай ажилласан байх” санхүүгийн шалгуур хангадаггүй.
* “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК-иа улсын бүртгэлд бүртгүүлж, регистрийн дугаараа аваагүй.
* “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийнх нь ТУЗ, гүйцэтгэх удирдлага байхгүй.
* LRT төсөл ашиглалтад орсноосоо хойш анхны хөрөнгө оруулалтаа 28 жилийн дараа нөхнө гэдгийг иргэдэд хэлээгүй.
* LRT төслийг ашиглалтад оруулснаар жил бүр Нийслэлийн төсвөөс 47 сая ам.доллар татаасанд өгөхөөс гадна тасалбарын үнийг нэмэхээс аргагүйд хүрэх талаар мэдэгдээгүй.
* LRT-г ажиллуулах цахилгаан эрчим хүчийг хаанаас хангах нь эргэлзээтэй.
* Засгийн газар өрийн баталгаа гаргах нь Өрийн удирдлагын тухай хууль зөрчигдөх эрсдэлтэй гэх мэт дүгнэлтийг Сангийн яам хийжээ.
Улаанбаатарт Э.Бат-Үүл метро, Су.Батболд Тусгай замын автобус, С.Амарсайхан Дүүжин тээвэр, Д.Сумъяабазар Хөнгөн галт тэрэг нэвтрүүлэхээр ажиллаж байсан. Аль нь ч шийдээгүй, нэмээд УИХ, Засгийн газар бодлогын дэмжлэг үзүүлээгүй тул ажил нь яваагүй. Д.Сумъяабазар Нийслэлийн МАН-ын хорооны дарга, УИХ-д 20 гишүүний квоттой, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд түшиг болж байгаа гэдэг утгаараа улс төрийн хувьд бяртай. Адаглаад 2024 онд нэр дэвшүүлэхгүй шүү хэмээн зандчихад нь өмнөөс нь хэнийг ч зуугаад өгөх хотоос сонгогдсон УИХ-ын гишүүд бэлэн байна. Гэвч Д.Сумъяабазар аль дээрээс хойш яриад байсан LRT төсөлдөө хэтэрхий хариуцлагагүй загнажээ. ТЭЗҮ-г нь хэдхэн сарын дотор “машиндсан” байж болох ч энэ хугацаанд иргэддээ учир байдлаа ойлгуулах, таниулах ажлаа хийгээгүй байна. Засгийн газраар өрийн баталгаа гаргуулах гэж байж зээлдэгч компаниа дөнгөж саяхан байгуулсан байх жишээтэй.
Ийм нөхцөлд Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар улсын төсөв, санг хэдэн удаа барьсныхаа хувьд шүүмжлэх нь зүй. Тэгээд ч УИХ-ын Төсвийн байнгын хороо нь улсын нэгдсэн төсөв, түүний гүйцэтгэл, хяналтаас гадна төрийн санхүү, зээлийн болон татварын бодлого, гадаад улс, олон улсын санхүүгийн байгууллагатай байгуулсан зээлийн гэрээ, хэлцэл, түүнчлэн төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор Засгийн газраас гаргах үнэт цаасны тухай асуудлыг хариуцах хуультай. Хууль илэрхий зөрчигдөх асуудал дээр Төсвийн байнгын хорооны даргын ажилдаа эзэн болсон Ч.Хүрэлбаатар руу нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллээр сүрэглэн дайрахын оронд LRT төслөө яаж хэрэгжүүлэх вэ гэдэг гарц гаргалгаагаа бодмоор байна, хотын дарга аа. Түгжрэлийг шийднэ гэж төсвөөс 420 гаруй тэрбум төгрөг жил бүр авахаар болсныхоо хэргийг гаргахын оронд түүхий төслийнхээ бурууг түүнд нялзаагаад яах вэ дээ.
Г.Улсболд