Сайд, дарга нарыг элэглэдэг комедичид ялтан болох нь ээ

10
2022 оны 4 сарын 282022-04-28
Сайд, дарга нарыг элэглэдэг комедичид ялтан болох нь ээ

Ихэс дээдсийнхээ шударга бус явдал, бузар булай, бурангуй тогтолцоог дуурайн элэглэж, ард түмэндээ шоглон харуулж гудамжны тайзан дээр хошин урлаг үүссэн гэдэг. Өнөөдөр хошин урлаг настан буурал, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бүсгүйчүүдийг шоглохоо больсон. Харин энэ улсыг удирдаж яваа сайд дарга, эрх мэдэлтнүүдийн буруу шийдвэр, бодлогогүй үйлдлийг элэглэн егөөдөж, шоглон шүүмжилдэг комеди болж шилжилт хийжээ. Комеди олон үзэгчтэй, комедичдын үг хүчтэй, тэд залууст “хэлээр нь” хүрч чадаж байна. Эрэлтээ дагаж комеди тойм, мэдээллийн хөтөлбөр, анализ, ярилцлага ч бий болжээ.

Харин нөгөө талд манай Засгийн газрын Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нам, төрийн удирдагчдаа тахиж шүтдэг, магтан дуулдаг үеийн Эрүүгийн хуульд байсан, хэдэн жилийн өмнө Эрүүгийн хуулиас хасчихсан “доромжлох” гэдэг заалтыг сэргээн батлуулахаар төсөл боловсруулсан байна.

Captureghjghj.JPG

Энэ хууль энэ томъёоллоороо батлагдвал хамгийн түрүүнд сайд, дарга нарыг боловсрол, үзэл бодлоор нь шүүмжилдэг Монголын комеди хийдэг залуучууд эрүүгийн ялтан болох эрсдэлтэй. Монголчуудын хошин мэдрэмж, хоржоонтой егөө өнөөдөр фэйсбүүкээр дүүрэн байна. Бичсэн пост, жиргээнээсээ болоод даргын араанд зуугдсан олон мянган хүн муугаа үзэх нь ээ.

Дараагийн дугаарт, “меме” эвлүүлж шүүмжлэлээ илэрхийлдэг залуучууд зүс царайгаар нь доромжилсон хэмээн ялтан болно. Өглөө бүр шахуу улстөрчдийг матарлан шүүмжилдэг СГЗ С.Цогтбаяр гуай, нэгдүгээр нүүрэндээ шүүмжлэлт шог зураг нийтэлдэг Толь сониныхон ч ялаас мултрахгүй. Хип хопын Diss төрлийн дуу хийсэн уран бүтээлчид ялтан болохыг хэн байг гэх вэ. Хатуу шүүмжлэл сонсч сураагүй, магтаал долоолтод дуртай Монголын улстөрчид өөрсдийг нь шүүмжилсэн сэтгүүлчдийг нэг сайн дарж авахаар өдөр, оройгүй зурагт, сонин, сайт шүүж эхэлнэ. Үг үсэг, дохио зангаа, зураг дүрсэн дээр нь тоглож эхэлнэ. Ийм гэнэтийн бэлгийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн бэлэг болгон Х.Нямбаатар сайд өргөн барьдаг байна шүү.

Ер нь бол Х.Нямбаатарын шүүмжлэлт дуу хоолойг багалзуурдах гэж байгаа үйлдэл нэг удаагийнх бишийг иргэд мэдэж байгаа. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль боловсруулаад нийгмийн сүлжээний нөлөөлөгчдийг сэтгүүлчидтэй хамтатган базах гэсэн. Эрүүгийн хуульд “гүтгэх” гэмт хэргийг дахин хуульчлах гэсэн, Зөрчлийн хуулиар нэлээдийг нь чангалах гэсэн үйлдлүүдийг хүмүүс мартаагүй л яваа. Ямар сайндаа “Иргэдийн үзэл бодлыг шоронжуулж болохгүй” гэж УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяраас хатуу шүүмжлэл сонсох вэ дээ.Олон сэтгүүлчийг цагдаад өгсөн дөө. Өөрөө бол бусад руу олон нийтийн мэдээллийг хэрэгсэл ашиглаж дайрна, довтолно. Сайдыг торгосон цагдаа гэж өнөөдөр дуулаагүй л байна.

Capturedfgdf.JPG

Доромжлол юунаас үүсдэг билээ, ихэвчлэн бухимдал, стресс, хоорондын маргаанаас болж илэрдэг, түгээмэл үйлдэл. Дээд шүүхийн 2007 оны тайлбарыг цагдаагийнхан баримтлаад ажиллачихвал зөрчил, ёс зүйн ийм асуудлаар олон хүн эрүүгийн гэмт хэргийн ялтан болж мэдэхээр байна. Доромжлох гэдэг бол гүтгэх гэмт хэргийн нэг шинж байсан. Гутаан доромжилсон, худал мэдээллийг нийтэд түгээсэн бол...гүтгэх гэмт хэрэг гэх мэтээр. Гэтэл гэмт хэргийн нэг шинжийг тусдаа гэмт хэрэг болгон хуульчлахаар оролдож байна. Нөгөөтэйгүүр, доромжлох шинжийг агуулсан 7 гэмт хэрэг Эрүүгийн хуульд байгааг яах вэ.

Үндсэн хуулиар иргэнийг шашин шүтлэг, үндэс угсаа, нас хүйс, нийгмийн гарал, эрүүл мэндээр нь ялгаварлан гадуурхахыг хориглосон. Эрүүгийн хуульд ялгаварлан гадуурхах гэмт хэргийг хуульчилсан. Гүтгэх, илт худал мэдээлэл тараах нь бас хуулийн хариуцлагатай. Сонгуулийн үеэр гүтгэх нь бүр чанга хариуцлагатай. Прокурорыг, шүүгчийг, цагдааг, төрийн албан хаагчийг, сонгуульд нэр дэвшигчийг доромжлох нь хуулийн хариуцлагатай. Харин УИХ-ын гишүүн хүн бусдыг гүтгэх, доромжлох, гутаах нь ямар ч хариуцлага байхгүй. Гэтэл нэмээд аль хэдэн жилийн өмнө Эрүүгийн хуулиас хассан доромжлох гэмт хэргийг сэргээх шаардлага юу байв. Х.Нямбаатар сайд биш УИХ-ын гишүүн байхдаа буюу 2017 онд гүтгэх, доромжлохыг Эрүүгийн хуулиас хасах нь зөв гээд ярьж байсан хүн шүү дээ. 

Нэмээд хэлэхэд, элэглэл, саркасм, нөхөрсөг шог, егөө, фальетон, зүйрлэл, ёгтлол, хошигнол ойлгодоггүй, шүүмжлэлд дургүй дүрэлзэн асдаг нөхөд Монголын улстөр, төрийн алба, цагдаад асар их бий.

Г.Улсболд

Санал болгох

Хуулийн хулгай: Хөгжлийн банк, Сангийн хэрэгтнүүдийг өршөөх хууль хэлэлцэх гэж байна

Гэмт хэргийг үйлдсэнээс 5 жил өнгөрсөн бол яллагдагчаар тооцож болдоггүй хөөн хэлэлцэх тогтоосон байдаг.

13 өдрийн өмнө
Хордож үхсэний дараа сануулдаг МХЕГ-аар яах юм бэ

Хяналтыг хохирол учраад, эсвэл эзэн холбогдогч нь тэнгэрт дэвшсэн хойно нь биш эрсдэл тооцож, угтуулж хийдэг санагдах юм.

1 сарын өмнө
Гадаадад эмчлүүлэх хүүхэд, том хүнд ЭМДС-аас 100 сая төгрөг олгох санаачилга гаргалаа

Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл өнөөдөр Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан дээр гадаадад эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай иргэдэд 100 сая төгрөг олгож байх санаачилга гаргалаа.

1 сарын өмнө
Сайд, дарга нарыг элэглэдэг комедичид ялтан болох нь ээ

Х.Нямбаатар нам, төрийн удирдагчдаа тахиж шүтдэг, магтан дуулдаг үеийн Эрүүгийн хуульд байсан, хэдэн жилийн өмнө Эрүүгийн хуулиас хасчихсан “доромжлох” гэдэг заалтыг сэргээн батлуулахаар төсөл боловсруулсан байна.

2 сарын өмнө