Мөнгө угаах гэмт хэргийг манай улсад АТГ, ЭЦА, ТЕГ харьяалан шалгадаг. Эдгээр байгууллага 2016 онд 8, 2017 онд 24, 2018 онд 66, 2019 онд 187 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байдаг. Үүнээс 95 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэнээс 70 хэрэгт нь шүүхийн шийтгэх тогтоол үйлдсэн тухай тоо баримт ил бий.
Манай улсад арилжааны банк, санхүүгийн байгууллагаар дамжуулан мөнгө угаах гэмт хэрэг үйлдэгдэх эрсдэл өндөр байгааг энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын байгууллагын судалгаа харуулдаг.
Саяхан л гэхэд байгуулагдаад дөрөвхөн сар болсон халхавч компанийн данс руу 180 сая ам.доллар шилжүүлэн улмаар оффшор бүс рүү гаргасан гэх хэргийн мөрөөр Тагнуулын ерөнхий газрын Эдийн засгийн тагнуулын газрынхан оржээ.
Энэ талаар эх сурвалж, “Гадаад улсаас гаралтай хууль бус мөнгийг Hawala type мөнгөн гуйвуулгын сүлжээгээр дамжуулан халхавч компаниар Монголд оруулж ирсэн. БНХАУ-д бүртгэлтэй данснаасаа Монгол дахь вальют арилжаа эрхлэгчийн БНХАУ дахь дансанд мөнгөө байршуулж байгаад ам.доллларын дансанд шилжүүлээд цааш нь нэгтгээд оффшор бүс рүү гаргачихаад байгаа юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад банкны гүйлгээний хяналтын мэргэжилтэнд худал мэдээлэл өгснийг тогтоосон. Ингэхдээ оффшор бүс рүү гаргаж байгаа мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг тайлбарлахдаа тухайн компани нь манай улсын зах зээлд импортын, тэр дундаа электрон бараа нийлүүлдэг гэж тайлбарласан байдаг. Тухайн компанитай холбоотой мэдээллийг шалгахад ийм мэдээлэл илрээгүй. Өөрөөр хэлбэл, банкинд мэдээлэл өгснийхөө дагуу импортын үйл ажиллагаа явуулдаггүй ААН болж таарсан. Татварын тайланд нь эдийн засгийн үнэлгээ хийхэд үндэслэлгүй болох нь тогтоогдсон байгаа. Энэ компани байгуулагдаад 4 сар болохдоо 180 гаруй сая ам.доллар өөрийнхөө дансаар эргэлдүүлээд гаргасан байгаа. 180 сая ам.долларыг ААН-ийн орлогын албан татварынхаа тайланд үндсэн бус үйл ажиллагааны орлогын валютын ханшийн зөрүүнээс олсон орлого гэж тавьсан байсан. 4 сарын хугацаанд 180 сая ам.долларыг валют арилжааны зөрүүнээс олно гэдэг бол үндэслэлгүй болох нь тогтоогдсон. Гүйцэтгэх ажлын хүрээнд нэгжлэг хийхэд оффшор бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдүүдийн гэрээ, тамга, компанийн дүрэм зэрэг зүйлс олдсон байгаа” гэсэн байна.
Харин өөр эх сурвалж, “А гэх компани нь гадаадын хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдаад 4 сар болсон. Улсын бүртгэлийн байгууллагад хуулийн этгээдийн бүртгэл хийлгэснээс хойшхи 4 сарын хугацаанд тус компанийн Арилжааны 5 банк дахь дансаар гадаад улсаас нийт 200 сая ам.долларын орлого орж, буцаж, оффшор бүс рүү шилжүүлсэн. Тухайн компанийн дансан дахь мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг тогтоох зорилгоор мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулахад, “электрон бараа импортлон зах зээлд нийлүүлдэг тул төлбөрийг гадаад улс руу ийнхүү шилжүүлж байна” гэж банканд тайлбарладаг. Гаалийн байгууллагаас тодруулахад, тус компанийн нэрээр бараа, бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж байгаагүй гэдэг. Зарим мөнгөн хөрөнгө нь “хавала” албан бус мөнгөн гуйвуулгын системээр дамжин манай улсад байршдаг. Оффис ажлын байргүй, цаасны буюу халхавч хуулийн этгээд гэж тодорхойлогдсон” гэж ярив.
Г.Улсболд