Ж.Батзанданд зааж өгсөн “Шинэ МАНАН”-гийн толгойлогч нь Г.Занданшатар

1
2022 оны 5 сарын 32022-05-03
Ж.Батзанданд зааж өгсөн “Шинэ МАНАН”-гийн толгойлогч нь Г.Занданшатар

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийг 2024 оны сонгуульд УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн оронд нэр дэвшүүлэхээр амлажээ. Б.Саранчимэг нь Дундговь аймагт УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн оронд нэр дэвшихээр бэлтгэж байгаа. БЗД-ээс УИХ-д сонгогдсон Ж.Чинбүрэн “Монголоо эмчилнэ” гэж гарч ирсэн хэрнээ эмчлэх байтугай хууль санаачлах үндсэн ажлаа тааруухан хийж яваа. Түүний оронд МАН бодлогоор Ж.Батзанданг оруулж ирэхээр тохирсон гэсэн жиг жуг яваад эхлэсэн нь оргүй биш бололтой.

Эх орондоо дөнгөж ирсэн Ж.Батзандан өнөөдөр ГХЯ-ны үүдэнд "МАНАН дэглэмийн эсрэг хийсэн тэмцлээ үргэлжлүүлэхийн тулд Австраль дахь Элчин сайдын зөвлөхийн ажлаа өгч байгаа"-гаа мэдэгдлээ. Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нартаа хүч нэмж, ташуур болно гэдгээ дуулгав. Суугуул АН-даа хүчээ өргөх, намын эв нэгдэлдээ анхаарах тухай байтугай үүсгэн байгуулалцсан ШИНЭН-аа яах тухай ярьсангүй.

Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөнийг тэргүүлж танигдсанаасаа хойш гудамжны жагсаал, тэмцэлд мэргэшсэн Ж.Батзандангийн үйл хөдлөлийг эргээд харахад ихэвчлэн МАН-ын удирдлагыг гартаа авах хүсэлтэй бүлэглэлийн хачир болж ашиглагдсаар явж иржээ.

Амлалт нэхэх ард түмний холбоо гээчээр О.Магнай, Г.Уянга нартай хамтран МАН-ын “хаан” Намбарын Энхбаярыг түлхэн унагалцсан. Зөрүүд нь тэр үеийн НАМЗХ-ны У.Хүрэлсүх хожсон. С.Баяр, араас нь Сү.Батболдод МАН-ын эрх мэдэл шилжсэн. Энэ үед У.Хүрэлсүх НАМЗХ-гоо Л.Оюун-Эрдэнэд өвлүүлээд өөрөө Шадар сайд болсон.

Хэдэн жилийн өмнө “МАНАН дэглэмийн эсрэг тэмцэл” гээчээр МАН-ын Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан гуравтай Ж.Батзандан, Лу.Болд нар хоршиж М.Энхболдыг түлхэн унагалцсан. Зөрүүд нь Шадар сайд У.Хүрэлсүх хожсон. Намаа У.Хүрэлсүх авч, Ерөнхий сайд болсон. Улмаар Ерөнхийлөгч болохдоо Л.Оюун-Эрдэнэд намаа өвлүүлж Лу.Болдыг Бельги рүү, Ж.Батзанданг Австрали руу дипломат албаар шагнасан.

Харин өнөөдөр Ж.Батзандан гурав дахь удаагаа МАН-ын дотоод тэмцэл рүү гудамжнаас хамжих гэж байна. Гэтэл одоо МАН-д Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар хоёрын хооронд л зодоон болж байгаа. Л.Оюун-Эрдэнийг МАН-ын дарга болохоос өмнө тус намын удирдлагад Г.Занданшатар, Ч.Хүрэлбаатар нар өрсөлдөх гэж байсан. Ч.Хүрэлбаатар өнөөдөр түүнийхээ лайг үүрч, дотоод гадаадаас зодуулаад байгаа учир нь тэр. Г.Занданшатарын хувьд тухайн үеийн ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн оролцоотойгоор Л.Оюун-Эрдэнэ дээр гүйцэтгэх ажил явуулж байгаад баригдчихсан гэдэг. Нам дотроо учраа ололцоё гээд Д.Гэрэлийг явуулж, Г.Занданшатар МАН-ын даргад өрсөлдөх саналаа татсан гэдэг.

Гэхдээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах, сайд нарыг нь солих асуудал ил далд яригдсаар удаж байна. Шинээр томилогдох сайд нарын нэрс хүртэл тодорч, хэвлэлийн хуудсаар яваад байгаа нь энэ бүхний нотолгоо. Сайд болох гээд хөл нь хурдлаад байгаа гишүүдийг хэн ер нь сайд болгоно гээд хэлчихсэн юм бэ. Хэн Үндсэн хуулийг хөдөлгөж, давхар дээлтэй сайд байлгая гэж яриад байна вэ. Засгийн газрын тогтвортой байдлыг хөндөх алхам хийж, ил далд яриа гаргаад, бодитоор хөдлөөд байгаа буруутанг МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Г.Занданшатар, Ч.Хүрэлбаатар нарыг гэж хардаж байх шиг. Иймээс өмнөх аргаараа, гуравдагч этгээдээр буюу Ж.Батзандангаар дамжуулан “МАНАН бүлэглэл”-тэй тэмцэл хийлгүүлэх гээд байх шиг. Г.Занданшатар, Ч.Хүрэлбаатар нарын аль аль нь АН-тай эвссэн Засгийн газар, УИХ-д ажиллаж байсан. Тэр нь үнэн. “Шинэ МАНАН”-гийн эздээр тэднийг тодруулж, Ж.Батзандангийн улстөрийг өрдөж хөөргөх нь Л.Оюун-Эрдэнийн хувьд Засгийн газраа хамгаалах арга байж болох ч, Монголын парламентад популизм нь дэндсэн энтертайнмент улстөрчийн орж ирэх хаалга болчих вий.

Г.Улсболд

 

Санал болгох

АТГ: Эрүүгийн 20 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 6 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 18 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 96 гомдол, мэдээллийг шалгав

2 цагийн өмнө
Хянан шалгах түр хороог Н.Учрал даргална

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен даргалж,  хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа түр хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцсэн

3 цагийн өмнө
Энэ өдөр Монгол Улсын Их Хурлын анхдугаар сонгуулийг зохион байгуулжээ

Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1-ийн З, Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 7 дугаар зүйлийг тус тус үндэслэн Улсын Бага Хурлаас Монгол Улсын Их Хурлын сонгуулийг 1992 оны 6 дугаар сарын 28-ны өдөр явуулахаар тогтоосон

3 цагийн өмнө