Хөдөлмөрийн үндэсний намаас өнөөдөр Сүхбаатарын талбайд “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” нэртэй тайван жагсаалыг зохион байгуулав.
Тэд, УИХ-ын сонгуульд холимог тогтолцоог нэвтрүүлэх. Ингэхдээ дор хаяж гишүүдийн 50 хувийг сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгодог болох шаардлагыг УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ-ын гишүүдэд хүргүүлэв.
Мөн УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх.
УИХ-ын гишүүн сайдын албан тушаалыг хавсрах гүйцэтгэдэг болгох
Ерөнхийлөгчийг УИХ-ын өргөтгөсөн чуулганаас сонгодог болгох шаардлага тавилаа.
ХҮН-ын дарга Т.Доржханд, тус намын хуульч Д.Үүрцайх нар нь өнгөрсөн онд Үндсэн хуулийн цэцэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн, тодруулбал Ерөнхий сайдаас гадна Засгийн газрын 4-өөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүнээр ажиллаж болохгүй гэсэн заалтыг өгч байв. Энэ дагуу Цэц дунд суудлын хуралдаан зарласан нь МАН-ын захиалга байсан гэж улстөрчид өөрсдөө шүүмжилж байв.
Өнөөдрийн жагсаалаар тэдний шаардсан асуудлыг МАН угаасаа хүсч байгаа, энэ тухайд УИХ-ын гишүүдээр хуулийн төсөл санаачлуулан өргөн бариулахаар төлөвлөж байгаа асуудлууд юм. УИХ-ын гишүүдэд тавьсан давхар дээлтний хязгаарыг байхгүй болгох нь Л.Оюун-Эрдэнэд парламентад хүч нөлөөгөө томруулахад ашигтай бол гишүүдийн тоог өсгөх, ингэхдээ холимог тогтолцоо буюу намын жагсаалтад нэр дэвшигчдээ багтаадаг байх нь парламентын гадна байгаа намуудад ашигтай. Харин Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болгох асуудал нь одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн улиран сонгогдох нөхцөлийг бүрдүүлэх учиртай захиалга юм. Ийнхүү ХҮН-ынхан гурав дахь удаагаа эрх баригч МАН-ын өмнөөс захиалгаар хөдөлж, үүндээ залуусын нэр барьсан жагсаалаар халхавч хийв.
Г.Улсболд