БАЙР СУУРЬ: Орон сууцны үнийг бууруулах боломжгүй

1
2022 оны 5 сарын 132022-05-13
БАЙР СУУРЬ: Орон сууцны үнийг бууруулах боломжгүй

Цар тахал намжиж барилгын салбар хоёр жилийн дараа л “амь орж” эхэлж байна. Урь орж зуны улиралтай золгохтой зэрэгцэн бүтээн байгуулалтын ажлууд өрнөж эхэлсэн ч энэ салбарт тээвэр ложистикийн гацаа тушаа болж буй. Улмаар барилгын материалын хомсдол, үнийн хөөрөгдөл, инфляцийн дарамт иргэдэд хамгийн том дарамт  орон сууц болж байна. Үндэсний статистикийн хорооны гуравдугаар сарын дүн мэдээгээр инфляцад нөлөөлж буй гол хүчин зүйлсийн нэг нь  барилга орон сууцны үнэ байна.

инфляци.png

Өнөөдрийн байдлаар шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 60-70 хувиар өсчээ. Шинээр ашиглалтад орж байгаа орон сууцны үнэ хамгийн багадаа нэг мкв нь 3.0 сая төгрөгөөс эхэлж байна. Барилгын материалын үнэ ч мөн адил 50 хувиар нэмэгдээд байгаа юм.

Жишээ нь, барилгын гол түүхий эдийн нэг арматурын үнэ нэг тонн нь 2021 оны гуравдугаар сард хоёр сая гаруй төгрөгийн үнэтэй байсан бол энэ оны гуравдугаар сард нэг тонн нь 3.1 сая төгрөг болж өссөн дүнтэй байна.

Тээвэр логистикийн гацаанаас үүдэн барилгын материалын үнийн өсөлт орон сууцны үнэ нэмэгдэх шалтгаан болж байгааг салбарынхан хэлж байгаа юм. Нөгөөтээгүүр, цар тахал, барилгын материалын хомсдол, үнийн хөөрөгдлөөр далимдуулан барилгын компанийн эзэд өөрсдөө орон сууцны үнээ өсгөж байна гэх хардлага шүүмжлэл ч нийгэмд бий.

Тэгвэл өнөөдрийн нөхцөлд барилгын материал, орон сууцны үнийг буулгах боломжтой юу? гэдэгт салбарынхан дараах байр суурийг илэрхийллээ.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Орон сууцны үнийг бууруулъя гэвэл төр барилгын салбараас холд            

МҮХҮАТ-ын Ерөнхийлөгч О.АМАРТҮВШИН: 

 

зураг4.jpg

-Цар тахлын үед бидэнд учирсан нэг том бэрхшээл нь тээвэр логистикийн асуудал. Нийлүүлэлтийн гинжин хэлхэээ тасалдсанаас хамаарч түүхий эд, материал хомстсон. Хоёрдугаарт үнэ өссөн. Статистик харвал, 2020 онтой харьцуулахад 2021 онд их барилгын салбар 30 хувиар буурсан. Энэ бол маш том сөрөг дохио. 2022 онд улсын тендер зарлагдсаар байхад орох компани ховор байна. Тендерт барилгын материалын үнийг индексжүүлж инфляцтай уяхгүйгээр энэ ажил бүтэхгүй нь тодорхой. Энэ нь зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэхгүй болохоор маш том бэрхшээл бий болно гэсэн үг. Тэгэхээр төр хувийн хэвшлийн зөв түншлэл бий болгох ёстой.

 Нөгөөтэйгүүр, орон сууцны үнийг өнөөдөр бууруулах ямар ч боломжгүй. Учир нь түүхий эд, материалын үнэ 50-90 хувь өссөн. Барилгын материалын үнэ нь тээврийн зардалд шингэдэг тул үнэ өсөх шалтгаан болж байна. Тиймээс зардал өссөөр байгаа энэ цаг үед орон сууцны үнийг бууруулах боломжгүй.  

Харин барилгын түүхий эд, материалыг дотооддоо үйлдвэрлэх үйлдвэрлэлийг дэмжих, дэд бүтцийн зардлыг бууруулах, барилгын компанийн үйл ажиллагааг тасралтгүй хэвийн нөхцөлөөр хангасан тохиолдолд л орон сууцны үнэ буурна. Гэтэл төр бодлогоор дотоодод барилгын материал үйлдвэрлэгчдийг дэмжихгүй байна. Хөгжлийн зээл олгодог ч дансыг нь хаадаг. Хөрөнгө оруулалтын тухай хууль баталдаг ч хэрэгждэггүй. Энэ бүх уялдаа холбоо цэгцэрсний дараа л орон сууцны үнэ буурах тухай яригдана.

Өнөөдөр эдийн засгийн тогтворгүй байдал, Засгийн газрын буруу шийдвэрүүд орон сууцны үнийг илүү нэмэгдүүлэхээс өөр шийдэл одоогоор байхгүй.

Чөлөөт өрсөлдөөний зах зээлд барилгын компаниуд хоорондоо тохирч үнийг өсгөх боломжгүй. Цаашид орон сууцны үнийг бууруулъя гэвэл төр барилгын салбараас холдож хэвийн үйл ажиллагааг нь хангах хэрэгтэй.

Төр бизнес эрхлэгчидтэй хамтарч чадвал үл хөдлөх хөрөнгийн үнэ буурна

Монголын Барилгын үндэсний Ассоциаци ТББ-ын Гүйцэтгэх захирал Л.ХУЛАН: 

 

зураг3.jpg

-Далайд гарцгүй Монгол Улсын хувьд тээвэр логистикийн асуудал барилгын салбарт шууд нөлөөлж байна. Үнийн өсөлтийг аливаа аж ахуйн нэгж зохицуулж чадахгүй тул төрийн бодлогоор эдийн засагт тулгарч буй асуудлуудаа даван туулж чадна. Түүнээс биш аж ахуйн нэгж байгууллагууд бүтээн байгуулалт эхлүүлэх гэж чармайсан ч төрийн бодлого дутуу бол тогтвортой үйл ажиллагаа явуулахад бэрх. Иймд төр   аль болох төвлөрсөн бус эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэхийн зэрэгцээ аж ахуйн нэгжүүдэд хүнд цаг үед 3-5 жилийн хугацаанд татвараас чөлөөлж тэглэх, хүнд суртлыг бий болгох хөшүүрэг нь болж өгөөсэй.

Цар тахлын үед үйл ажиллагаа явуулж чадаагүй аж ахуйн нэгжүүд дөнгөж сэргэж байхад нь төр  банкны дансыг нь хааж үйл ажиллагааг нь зогсоох нь шууд боомилж байна. Энэ асуудлыг цэгцэлж, аж ахуйн нэгжүүд өмнөх шигээ хэвийн үйл ажиллагаа явуулбал эдийн засгаа авч явах боломж бүрдэнэ.

Гэтэл төр  аж ахуйн нэгжүүдэд нөхцөл, суурь, хөшүүргийг нь бүрдүүлж өгөөгүй атал шууд хааж, цуцлах нь маш буруу. Үүнээс гадна дэлхий нийтэд тээвэр логистикийн асуудлаас үүдэн барилгын материалтай холбоотой үл хөдлөх хөрөнгийн үнэ өсч байна. Монголд ч бас үнийн өсөлтөөс шалтгаалан үл хөдлөх хөрөнгийн үнэ нэмэгдэж байна. Иймд  төрөөс аж ахуйн нэгжүүдтэй харилцан ойлголцсны үр дүнд нь орон сууцны үнийг бууруулах боломжтой.

          Орон сууцны үнийг нэг мкв үнээр тооцож харьцуулах нь буруу

"Эрэлт Импекс" ХХК-ны Ерөнхий захирал Д.ЭНХТӨР: 

 

зураг1.jpg

-Зах зээлийн эрэлт хэрэгцээ бол үнийг өөрөө тодорхойлдог. Сүүлийн жилүүдэд цар тахал, олон улсын хямрал үнийн өсөлтөд нөлөөлж байна. Монгол Улсын хувьд үйлдвэрлэгч орон бус бараа бүтээгдэхүүнийхээ дийлэнхийг импортолдог тул гадаад хүчин зүйлс шууд нөлөөлж байна. Хилийн хязгаарлалт, тээвэр логистикийн асуудал, гинжин сүлжээ тасалдснаас барилгын материалын үнэ өсч байна. Үүнийг төр хүчээр барих, салбарынхан шууд зохицуулах боломжгүй. Манай компанийн тухайд энэ жил төсөл хөтөлбөрөөр борлуулж буй орон сууц байхгүй.

 Дээр нь бэлтгэн нийлүүлэгч, барилгын материалын худалдаа эрхлэгчид бараа, материалын хомсдолтой холбоотой үнийг тодорхой хэмжээнд нэмсэн дүр зураг харагдаж байгаа.

Гэхдээ гадаад хүчин зүйлээс шалтгаалан зах зээлд үнэ нэмэгдэх хандлагатай байгаа. Үүнийг дүрэм журмаар барьж тогтоох боломж хомс. Иймд орон сууцны үнийг бууруулах боломжгүй. Өнөөдөр орон сууцны нэг мкв үнэ дунджаар 3-7 сая хүртэл төгрөгийн үнэтэй байна. Энэ нь байршил, дизайн, барилгын материалаас шалтгаалж харилцан адилгүй үнэтэй байгаа юм.

Өнөөдөр орон сууцны нэг мкв үнийг 1.3 сая төгрөг гэсэн төсвийн норм үнэлгээг  мөрдөх маш хэцүү. Хүмүүс орон сууцны үнийг нэг мкв-ын жишиг үнээр ихэвчлэн асуудаг. Энэ бол их буруу ойлголт. Тухайн орон сууцны байршил, газрыг үнэтэй авах зэрэг нь үнэ нэмэгдэхэд нөлөөлдөг. Дээр нь барилгын материал чанараас хамаарч зах зээлийн үнэ нь өөрөө асар их хэлбэлзэж байдаг.

Орон сууцны үнийг бууруулах боломжтой

“Цаст Констракшн” ХХК-ны захирал Н.БАЯРСАЙХАН

 

зураг2.jpg

-Хувийн хэвшил өөрийн төлөөллөөр дамжуулан Засгийн газартай хамтран ажилладаг дэлхийн жишиг бий. Тиймээс хувийн хэвшил өөрийн төлөөллийн байгууллагуудаа бэхжүүлснээр Засгийн газартай хамтарч хэрхэн зөв ажиллах вэ гэдгээс л манай улсын эдийн засаг, нийгмийн хөгжил шалтгаална.

Монгол Улсын хувьд уул уурхайн экспортоос улсын төсвийн орлогоо бүрдүүлж байна. Энэ орлогын урсгал  нь үл хөдлөх, барилга орон сууцны салбарт шингэж байна. Учир нь зах зээлийн хувьд орон сууц бүрэн хангагдаагүй тул эрэлт өндөр байгаа.

Иймд хөрөнгө оруулалт барилгын салбар луу төвлөрч байгаа юм. Харин уул уурхайн салбараас олох орлого буурахад хөрөнгө оруулалт нь багасдаг. Энэ бол харилцан шууд хамааралтай. Нөгөө талаас барилга орон сууц хүний анхдагч хэрэгцээ. Тиймээс орон сууцны үнийг бууруулах боломж байна. Үүний тулд төр хувийн хэвшлийнхэнтэй хамтарч тодорхой төсөл хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөн татварын бодлогоор орон сууцны үнийг бууруулж болно. Мэдээж гадаад хүчин зүйлээс шалтгаалж буй тээвэр логистик, барилгын түүхий эдийн үнэ өссөн хүндрэл байна. Үүнийг дотооддоо бид шийдвэрлэхэд амаргүй.

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

Санал болгох

Экспорт сайжирч, 2023 онд эдийн засаг 4-5 хувиар өснө

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр /2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

16 цагийн өмнө
БНХАУ-ын Баруун хойд хилийн бүс ба Монгол-II

Монгол Улс Хятадын баруун бүс нутагтай төмөр зам, авто замаар холбогдсоноор Төв Ази, Баруун Азийн орнуудтай экспорт, импорт хийх өргөн боломж нээгдэнэ. Баруун бүсийн уул уурхайн түүхий эдийг Хятадын зах зээлд цаашид нийлүүлэх боломж бий болно.  

2 өдрийн өмнө
БНХАУ-ын Баруун хойд хилийн бүс ба Монгол-I

Хятад улс дотоодынхоо бүсчилсэн хөгжлийн зохицуулалтыг таван жилийн төлөвлөгөөндөө тусгадаг бөгөөд 2021 онд батлагдсан XIV таван жилийн (2021-2026) төлөвлөгөөнд хилийн боомтын хөгжлийг дэмжиж, хил орчмын тосгодын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн, хилийн худалдааг шинээр хөгжүүлнэ гэж заажээ. Энэ дагууд дэмжиж хөгжүүлэх хилийн боомтуудад манай улстай холбогдох нь Эрээн хот (Монгол талаас Замын-Үүд), Ганцмод (Монгол талаас Гашуунсухайт), Сэхэ (Монгол талаас Шивээхүрэн) гэсэн гурван боомт нэр дурдагдан багтсан. 

2 өдрийн өмнө
Дэлхий нийт далд уурхайн хөгжилд аюулгүй ажиллагааг чухалчилж байна

Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Оюу толгой компани хамтран анх удаа зохион байгуулж байгаа “Монголын уул уурхайн 7 хоног” чуулган “Далд уурхайн симпозиум”, “Аж үйлдвэржилт”, “Үүсмэл ордын ашиглалт”, “Сайн засаглал ба салбарын тогтвортой хөгжил” сэдвүүдээр өчигдөр үргэлжиллээ.

6 өдрийн өмнө