БАЙР СУУРЬ: 36.7 сая тонн нүүрс экспортлох нь үлгэр

2
2022 оны 5 сарын 172022-05-17
БАЙР СУУРЬ:  36.7 сая тонн нүүрс экспортлох нь үлгэр

Монгол Улсын орлогын гол эх үүсвэр нь уул уурхайн бүтээгдэхүүн. Тэр дундаа нүүрсний экспортоос хамаарч цалин тэтгэврээ “залгуулдаг.  Цар тахал, өвөл, зуны олимп зэргээс шалтгаалан урд хөрш хилээ чангаруулахын хэрээр экспорт буурч, орлогын үүд хаагдаад байна.

Монгол Улсын хувьд энэ онд 36.7 сая тонн нүүрс экспортлох өөдрөг төсөөллийг 2022 оны  Төсвийн тухай хуульд тусгасан. Бодит байдал дээр биет хэмжээгээр 10 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Энэ оны эхний дөрвөн сарын гүйцэтгэлээр 3.8 сая тонн нүүрс экспортолж.

 Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны мэдээлснээр, эрдэс баялгийн салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого оны эхний улирлын байдлаар 738.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 53.1 хувиар буурчээ. Улмаар улсын нэгдсэн төсвийн орлогын ердөө 18.8 хувийг л бүрдүүлсэн байна.

нүүрсний экспорт.jpg
нүүрсний экспорт.jpg

Цар тахалгүй үед өдөрт хилийн боомтоор 1000 гаруй ачаа тээврийн машин гардаг байсан бол өнөөдөр ихдээ л 200 машин дөнгөн данган гарч байна. Хэрэв улсын төсвийн гол эх үүсвэр тасарвал төрийн данс улайж, татварын дарамт иргэдийн нуруунд ачаа болж мэдэх нь. Хэдийгээр төр тансаг хэрэглээгээ танаж, хэмнэлтийг өөрсдөө эхлүүлнэ гэж мэдэгдсэн ч улсын төсвийн тодотгол ярьсан шигээ хэмнэж чадаагүй гэсэн шүүмжлэл ч дагуулж буй.  Тэгвэл энэ онд багтаан 36.7 сая тонн нүүрс экспортлох боломжтой эсэх талаар эдийн засагчид дараах байр суурийг илэрхийллээ.

  -------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Чингэлэг тээврийн терминалыг ашиглалтад оруулахаас өөр найдваргүй

Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.ЗОЛЖАРГАЛ:

 

золжаргал.jpg

-Нүүрсний экспорт буурсан үед  чингэлэг тээврийн терминалыг богино хугацаанд ашиглалтад оруулах шаардлагатай. Өнөөдөр Гашуунсухайт боомтоор тээвэрлэж буй нүүрсний 15 хувийг л гаргаж байна. Гэтэл яагаад чингэлэг тээврийн терминалыг ашиглаж чадахгүй байгаа тухай тодорхой тайлбар байдаггүй.

Хятадын талаас Монголын зохион байгуулалттай холбоотой гэдгийг хэлдэг. Тус улсын коммунист намын хурал ирэх арваннэгдүгээр сард болох хүртэл хязгаарлалтыг сулруулахгүй тухай яригдаж байна. Тиймээс хил нээгдэж экспорт нэмэгдэнэ гэсэн найдлага байхгүй. Ийм байдлаар энэ онд 36.7 сая тонн нүүрс экспортолж чадахгүй.

Эргээд төсөөлсөн хэмжээндээ ч хүрэхгүй. Экспортын орлого буурахад эдийн засагт шууд сөргөөр нөлөөлж байгаа. Одоогоор ганц найдвар нь чингэлэг тээврийн терминалыг ашиглах. Үүний тулд Хятадын талтай Гадаад харилцааны яам шаргуу ажиллах хэрэгтэй.

Энэ онд 36.7 сая тонн нүүрс экспортлох нь үлгэр 

МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн эрхлэгч, эдийн засагч Б.ЭНХ-АМГАЛАН: 

Эдийн засагч ЭНхамгалан.png
Эдийн засагч Б.Энх-Амгалан

-Улсын төсвийн орлого тасрах эрсдэлтэй болсон. 2022 он гарснаа хойш тавдугаар сар дундаа орсон энэ үед ердөө л гурван сая гаруй тонн нүүрс экспортолсон байна. Энэ оны эцэст хичээсэн ч 36.7 сая тонн нүүрс экспортлох боломжгүй,   үлгэр болж байна. Иймд экспортолж буй нүүрсний хэмжээгээ бодолцсон ч улсын төсөвт тодотгол хийхдээ зарлагуудаа маш сайн танах байсан.

Улсын төсөвт дахин тодотгол хийхэд 500 гаруй тэрбум төгрөг л таналаа. Үндсэн орлогын асуудалд зарлагаа танаж чадаагүй тохиолдолд улсын төсөвт маш том асуудал үүснэ. Өөрөөр хэлбэл, төсөв алдагдалтай л болно гэсэн үг.

Өрийн босго давсан байхад улсын төсвийг санхүүжүүлэхийн тулд гадаадаас зээл авна. Тэгэхээр ОУВС-аас зарлагаа танаж, татвараа нэм гэсэн шаардлага тавих болов уу. Алдагдалтай улсын төсвийг санхүүжүүлэхийн тулд татвараар   иргэдийн нуруунд л ачаа болж нэмэгдэнэ.

Иргэдийн орлого тааруу, инфляци өссөн үед татвар нэмэгдвэл иргэдийн амьжиргааны түвшинд л нөлөөлнө гэсэн үг. Аль эсвэл Засгийн газар дотооддоо өр тавих байдлаар бонд гаргах боломж харагдаж байна. Нөгөөтээгүүр, улсын төсвийн зарлагыг бууруулах шаардлага байна. Экспорт буурсан энэ үед дунд хугацаандаа эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх боломжтой. Манай улсын хувьд махны экспортоор орлого олох боломжтой. Ер нь бид жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд илүү анхаарах хэрэгтэй байна.

Ирэх намар улсын төсвийн орлогын биелэлт 50 хувьд ч хүрэхгүй

СЭЗИС-ийн  дэд профессор, эдийн засагч С.БЯМБАХОРЛОО: 

 

С.Бямбахорлооп.jpg
С.Бямбахорлоо.jpg

-Энэ онд 36.7 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч энэ оны эхний улиралд биелээгүй. Одоо хоёрдугаар улирал дундаа ороод байна. Угаасаа төсвийн биелэлт хүрэхгүй, одоо ч хүндхэн байна.

Ийм байдлаар ирэх есдүгээр сард улсын төсвийн орлогын биелэлтээс 50 хувьд ч хүрэхгүй. Тэгэхээр Засгийн газрын хэрэгжүүлж буй бүх ажил, төсөл царцна л гэсэн үг. Уг нь зах зээлд  Монголын нүүрсийг худалдан авах эрэлт Хятадын талд бий.

Хамгийн гол нь хорио цээрийн асуудал тушаа болсон шүү дээ. Covid-19 халдварын нөхцөл байдлаас л шалтгаалж хилийн боомтуудад гацаа үүсээд байна.  Наад зах нь тээврийн жолооч нараас хилийн цаана Covid-19-ийн эерэг тохиолдол илэрдэг. Өөрсдөөс шалтгаалсан асуудлууд их байгаа гэж харж байна. Дээр нь хилийн боомтуудад төрийн оролцоо нөхцөл байдлыг хүндрүүлдэг.

Боомтуудын үйл ажиллагаа нь жигдэрч эхэлж байтал Ерөнхий сайд нь ч тэр, Хуульзүй дотоод хэргийн сайд нь очиж асуудалд оролцдог нь сайд биш саад болчихоод байна.  Уг нь халдвар хамгааллын дэглэм барихаас гадна боомтоор гарах боломжийг нь л нэмэгдүүлэх хэрэгтэй.

Хятадын талд нүүрсний эрэлт өндөр, худалдан авъя гэж байгаа энэ  үед  л бид богино хугацаанд нүүрсээ гаргах боломж нь байгаа.  Иймд нүүрсний экспортын асуудлыг щ цогцоор нь харж, асуудлыг шийдэж гаргалгаа олох ёстой. Өнөөдөр орлогын ганц эх үүсвэр нь л нүүрс боллоо.  Нийт экспортын 93 хувь нь ашигт малтмалын бүтээгдэхүүн. Үүний 80 орчим хувь нь нүүрс гэж үзвэл богино хугацаанд нүүрсийг орлох экспорт алга. Цаашид мөнгө олох гарцуудыг олж харах шаардлагатай.

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

Санал болгох

АТГ: Эрүүгийн 20 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 6 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 18 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 96 гомдол, мэдээллийг шалгав

1 цагийн өмнө
Хянан шалгах түр хороог Н.Учрал даргална

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен даргалж,  хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа түр хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцсэн

1 цагийн өмнө
Энэ өдөр Монгол Улсын Их Хурлын анхдугаар сонгуулийг зохион байгуулжээ

Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1-ийн З, Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 7 дугаар зүйлийг тус тус үндэслэн Улсын Бага Хурлаас Монгол Улсын Их Хурлын сонгуулийг 1992 оны 6 дугаар сарын 28-ны өдөр явуулахаар тогтоосон

2 цагийн өмнө
ЗГ: Дарханы замын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэж байна

Засгийн газар  хуралдаж байна.

2 цагийн өмнө