Төр иргэдийн урьдчилгаа төлбөрийг батлан даах уу?

2022 оны 5 сарын 132022-05-13
Төр иргэдийн урьдчилгаа төлбөрийг батлан даах уу?

Төр иргэдээ орон сууцжуулах бодлого барьдаг ч  хөрсөн дээрээ хүртээлгүй байгаа нь нууц биш. Үүний тод жишээ нь түрээсийн байр. Эндээс л залуу хос амьдралаа эхлүүлдэг “жишиг”  тогтоод удлаа. Орон сууц нь хүний анхдагч хэрэгцээ болов ч өнөөгийн монгол залуусын “мөрөөдөл” нь болсон гэхэд хилсдэхгүй. Орон сууцны үнэ жилээс жилд тэнгэрт хадахын хэрээр урьдчилгаа төлбөр ч улам чангарч буй. Хэдийгээр 2013 оноос хойш хэрэгжүүлж буй ипотекийн зээл нь 1996 оноос хойших төсөл хөтөлбөрүүдээс хамгийн үр дүнтэй нь болов ч өгөөжөө өгч чадахгүй л байна.

Тоон баримт сөхвөл, улсын хэмжээнд 900 мянган өрхийн 11 хувь нь л ипотекийн зээлтэй. Эдгээр өрх  сар бүр дунджаар 681 мянган төгрөгийн төлөлт хийдэг бөгөөд дийлэнх нь 2 сая төгрөгөөс давсан орлоготой байна. Харин улсын дундаж буюу 1.3 сая төгрөгийн орлоготой өрхөд ипотекийн зээл хүртээлгүй байгааг судалгаа харуулсан байдаг.

Мөн нийт зээлдэгчдийн 60 гаруй хувь нь орон сууцаа сайжруулахаар зээл авдаг бол ердөө 38 хувь нь гэр хорооллоос орон сууцанд шилжин суурьшдаг гэсэн судалгаа бий.

Зээл авахад урьдчилгаа төлбөр, өрхийн орлогын шалгуур, орон сууцны үнэ гэх гурван хүчин зүйл хамгийн том нөлөө үзүүлдэг.

Орон сууцны зээл авах сонирхолтой иргэдийн 78 хувь нь зөвхөн ипотекийн зээлд хамрагдах боломжтой хэмээдэг байна. Тиймээс ипотекийн зээлийг бага дунд орлоготой буюу зорилтот бүлэгт чиглүүлэх, төлбөрийн дарамтыг бууруулах зорилгоор жилийн 8 хувь байсан зээлийн хүүг 2020 оны аравдугаар сараас 6 хувь болгон бууруулсан юм. Гэсэн ч иргэдийн хувьд ипотекийн зээлд хамрагдаж чаддаггүй нь урьдчилгаа төлбөргүй гэсэн шалтгаанаас болж байгааг Барилга хот байгуулалтын яамнаас мэдээлсэн. Иймд ипотекийн зээлд хамрагдах иргэдийн урьдчилгаа төлбөрийг батлан даалтаар бүрдүүлэхээр төлөвлөж байгаа аж. Энэ талаар тус яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Гүнболд хэлэхдээ “Урьдчилгаа төлбөрийг батлан даана гэдэг нь хэн нэгэн иргэний өмнөөс төлнө гэсэн үг биш.

Урьдчилгаа төлбөрөө бүрдүүлж чадахгүй байгаа хүмүүст хамаатай гэсэн үг. Жишээ нь, урьдчилгаа 30 хувийг бүрдүүлж чадахгүй 20 хувийг бүрдүүлсэн бол үлдсэн 10 хувь зээлийн батлан даалтаар орно гэсэн үг.

Өмнө нь тухайн хүн зээлийн 70 хувийн зээл авдаг байсан бол одоо 80 хувьдаа зээл авна гэж ойлгож болно. Судалгаагаар урьдчилгаа төлбөрийг бүрдүүлж чадахгүй ч 80 хувийн зээлийг төлөх боломжтой иргэд нэлээд байна” гэсэн юм.

Салбарын яамны өгсөн мэдээллээр, энэ оны тавдугаар сарын 1-ны байдлаар арилжааны банкууд нийт 2023 зээлдэгчид 172 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ.  Үүний 70 гаруй хувь нь нийслэлд бол 30 хувь нь орон нутагт байгаа юм.

Тэгвэл 2013 оноос хойш хэрэгжиж буй ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Засгийн газар, банкуудын эх үүсвэрээс 6.2 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийг 103.9 мянган өрхөд олгосон байна.  

Арилжааны банкуудын мэдээлснээр 100 хүртэл сая төгрөгийн зээл хүсч байгаа иргэд дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар зээл олголт хэвийн үргэлжилж байгаа аж. Цаашид ипотекийн зээлийг илүү хүртээмжтэй болгоход 6 хувийн хүүг бууруулах тухай асуудал ч яригдах болсон. Энэ нь нэг талаараа сайн мэдээ ч нөгөөтээгүүр орон сууцны эрэлт ихэсч, үнэ хөөсрөхийг ч үгүйсгэхгүй.

Статистикаар, 2020 онд 5594 иргэнд ипотекийн зээл олгосон бол зээлийн хүүг 6 хувь болгосноор 2021 онд 13292 иргэнд зээл олгожээ. Ипотекийн зээлийн хүүг бууруулахад дагаад орон сууцны зээл, худалдан авах иргэдийн эрэлт нэмэгддэг болохыг ч мэргэжилтнүүд хэлж байсан юм.

Цаашид ипотекийн зээлтэй холбоотой ямар бодлого баримталж буй талаар Барилга хот байгуулалтын яамнаас “Зах зээлийн зарчим бол эрэлт нийлүүлэлтийн зарчим. Үүн дээр төрийн зүгээс өөрсдийн оролцоог зөв тодорхойлох ёстой юм. Тиймээс эмзэг бүлгийн хүмүүс, өрхийн орлого нь хүрэхгүй байгаа иргэд рүү илүү чиглүүлнэ. Мөн байршлын хувьд орон нутаг руу илүү чиглэнэ, нийслэл дотор гэр хороолол руу чиглүүлэх бодлогыг авч явна. Бусдаар бол эрэлт нийлүүлэлтийнхээ зарчмаар явах нь зүйтэй гэж харж байна” гэсэн байр суурийг илэрхийлсэн билээ.

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Санал болгох

БНХАУ-ын Баруун хойд хилийн бүс ба Монгол-II

Монгол Улс Хятадын баруун бүс нутагтай төмөр зам, авто замаар холбогдсоноор Төв Ази, Баруун Азийн орнуудтай экспорт, импорт хийх өргөн боломж нээгдэнэ. Баруун бүсийн уул уурхайн түүхий эдийг Хятадын зах зээлд цаашид нийлүүлэх боломж бий болно.  

4 цагийн өмнө
БНХАУ-ын Баруун хойд хилийн бүс ба Монгол-I

Хятад улс дотоодынхоо бүсчилсэн хөгжлийн зохицуулалтыг таван жилийн төлөвлөгөөндөө тусгадаг бөгөөд 2021 онд батлагдсан XIV таван жилийн (2021-2026) төлөвлөгөөнд хилийн боомтын хөгжлийг дэмжиж, хил орчмын тосгодын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн, хилийн худалдааг шинээр хөгжүүлнэ гэж заажээ. Энэ дагууд дэмжиж хөгжүүлэх хилийн боомтуудад манай улстай холбогдох нь Эрээн хот (Монгол талаас Замын-Үүд), Ганцмод (Монгол талаас Гашуунсухайт), Сэхэ (Монгол талаас Шивээхүрэн) гэсэн гурван боомт нэр дурдагдан багтсан. 

5 цагийн өмнө
Дэлхий нийт далд уурхайн хөгжилд аюулгүй ажиллагааг чухалчилж байна

Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Оюу толгой компани хамтран анх удаа зохион байгуулж байгаа “Монголын уул уурхайн 7 хоног” чуулган “Далд уурхайн симпозиум”, “Аж үйлдвэржилт”, “Үүсмэл ордын ашиглалт”, “Сайн засаглал ба салбарын тогтвортой хөгжил” сэдвүүдээр өчигдөр үргэлжиллээ.

4 өдрийн өмнө
Байр суурь: Мөнгөний бодлогыг хатууруулах нь зөв

Монголбанк шийдвэрээр өчигдөр бодлогын хүүг хоёр нэгж хувиар нэмэгдүүлж 12 хувь болголоо. Төв банк он гарснаас хойш хоёр дахь удаагаа бодлогын хүүг ийнхүү эрс чангаруулсан нь энэ.

5 өдрийн өмнө