ТОП 100 БА ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ

2022 оны 5 сарын 232022-05-23

Засгийн газраас МҮХҮАҮТ шалгаруулсан 2021 оны “ТОП-100” аж ахуйн нэгжид төрийн өмчит оролцоотой компаниуд тэргүүлжээ. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХХК, УБТЗ ХНН, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, “Эрдэнэс Монгол” ХХК, “ДЦС-4” ТӨХК,  “ДЦС-3” ТӨХК  зэрэг компани “ТОП-100” аж ахуйн нэгжийн эхний 50-д  багтаж байгаа юм. Жишээ нь, шилдэг аж ахуйн нэгжүүдийг тэргүүлсэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь татварын орлогоороо нэгдүгээрт, татварын орлогоор нэгдүгээрт, борлуулалт, ашгийн орлогоор хоёрдугаарт, хөрөнгийн хэмжээгээр дөрөвдүгээрт жагсжээ.

Харин “Эрдэнэс Монгол” ХХК нь хөрөнгийн хэмжээгээр хоёрдугаарт жагсдаг атал татварын орлогын эрэмбээр 72, борлуулалтын орлого 97, борлуулалт, ашгийн орлого 97 дугаарт тус тус жагсаалтын эхний аравдугаарт ч эрэмбэлэгдэж чадсангүй.

Тус компани “ТОП-100” аж ахуйн нэгжийн 26 дугаарт жагссан бөгөөд дээрх үзүүлэлтээс харвал алдагдалтай ажилласан нь харагдаж буй. Гэтэл “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК хөрөнгийн хэмжээгээр “Эрдэнэс Монгол” ХХК-иас хамаагүй бага буюу 14 дүгээрт эрэмбэлэгдэж, борлуулалтаар 27, ашгийн орлогоор 36, татварын орлогоор 43 дугаарт жагсжээ. Энэ нь “Эрдэнэс Монгол” ХХК-иас  6 байрын өмнө буюу 19 дүгээрт эрэмбэлэгдэх үзүүлэлт болжээ.

топ50.jpg

Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын мэдээлснээр “ТОП-100” аж ахуйн нэгжийн 83 нь хязгаарлагдмал хариуцлагатай компани, хувьцаат компани 8, Төрийн өмчит хувьцаат компани 7, Төрийн өмчит үйлдвэрийн газар 2 тус тус багтжээ.

Харин төрийн өмчит оролцоотой компаниуд 2021 оны ТОП-100 компанийг тэргүүлсэн нь анхаарал татаж буй. Угтаа бол төрийн оролцоотой компаниуд нийгэм эдийн засагт үр ашгаа өгөх нь бүү хэл үргэлж алдагдалтай явсаар ирснийг эдийн засагчид сануулсаар ирсэн.

Засгийн газарт бүх зүйл төвлөрдөг байдал руу орж байгаа нь ухралт

Эдийн засагч Ц.ДАВААДОРЖ:

4455.jpg

-Төр эдийн засаг руу оролцох шаардлагагүй. Хамгийн чухал асуудлуудад анхаарах ёстой. Хүмүүсийн амьдралд нөлөөлөх чухал зүйлсийг бодлогоор л дэмжих хэрэгтэй. Улс орнуудын туршлага ч ийм байдаг. Эсрэгээрээ Монголд төр уул уурхай руу орж, бүх л салбарт төрийн компани байгуулдаг.

Төрийн компанитай байх тусам хувийн ашиг сонирхолд, эрх баригчдад илүү ашигтай байна. Ард түмний хяналт гэж ярьж байгаа ч хяналт тавих боломж хэцүү.

Монголд бол хяналт тавьж чадахгүй, эрх барьж буй хүмүүс л мэднэ гэсэн хандлагатай болж байна. Зах зээлийн нийгэмд шилжсэнээр бизнес эрхлэгчид төрөөс нэг ч төгрөгийн дэмжлэг гуйлгүй хэрэглэгчдийн хэрэгцээг хангаж чаддаг. Ийм зохицуулалттай ч байсан. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрыг тэргүүлэх хугацаандаа “Чөлөөт зах зээл гэж байхгүй. Бүх зүйлийг Засгийн газар шийднэ, би шийднэ” гэж мэдэгдэж байв. Эдийн засгийн мэдлэггүй, бизнес ч эрхэлж үзээгүй, муйхар аргаар эдийн засаг хөгжих хэцүү. Эргээд Засгийн газарт бүх зүйл төвлөрдөг байдал руу орж байна. Энэ бол ухралт. Одоогийн эдийн засгийн нөхцөлд тохирохгүй.

 ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУД ҮР АШИГГҮЙ АЛДАГДАЛТАЙ  АЖИЛЛАЖ БАЙНА 

Эдийн засагч С.БЯМБАХОРЛОО:

6657.jpg

Улсын төсвийн орлогыг бүрдүүлэгч гол эх үүсвэр нь хувийн хэвшлийнхэн ч төр бодлогоороо дэмжихгүй байна. Эсрэгээрээ төрийн бүтэц данхайдаг. Гэтэл алдагдалтай, үр ашиггүй. Төрийн өмчит олон компанийг санхүүжүүлэхийн тулд өр зээл тавьж байна. Үр ашиг алга. Тухайлбал, Багануурын уурхай 180 гаруй тэрбумын өртэй.

Бид ардчилсан улс л  бол хувийн өмчийг дэмжих үзэл баримтлалтай байх ёстой гэж боддог. Гэтэл хувийн өмчийг хүчээр төрийн өмчит болгодог. Аль эсвэл хувийн хэвшлийнхэнтэй өрсөлдөх гэж байгаа юм шиг байр суурийг бий болгож байна.

Тухайлбал, Эрдэнэт ТӨХК-ийг хувьчиллаа, дараа нь  төрд эргүүлэн авлаа л гэдэг. Гэхдээ Эрдэнэт үйлдвэр хувийн менежменттэй байснаар 2016-2020 он хүртэлх хугацаанд ямар үр ашигтай ажилласан бэ гэдгийг нь харж болно. Нэг их наядын ашиг нь татвар болж улсын төсөв бүрдэхэд чухал нөлөө үзүүлсэн гэсэн үг. Гэтэл энэ ашгийг төрийн менежментээр бий болгоогүй. Тэгвэл төр менежмент хийхэд Эрдэнэт ТӨХК хэр их ашигтай байв. Ер нь төрийн өмчит компаниудыг хувьчлах шаардлагатай. Том холдинг компанийнх нь толгой л өсөөд байгаа болохоос биш ашигтай ажиллаж буй үр дүн харагдахгүй байна. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ны толгой компанийн орон тооны бүтэц жил бүр өсдөг ч үр ашиггүй. Мөн улсын төсвийн бүрдүүлж буй уул уурхайн компаниуд нь бас л Төрийн өмчит хувьцаат компани.  Тиймээс аль болох чөлөөт бодлого, хувийн өмчийг дэмжсэн бодлого хэрэгжүүлбэл эдийн засгийн түгжрэлээс гарах болов уу гэв.

ТӨРИЙН 20 БА "ТОП-100"

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс либерал эдийн засгийг хөгжүүлнэ, төрийнхөн бизнесийн салбарынхны хийж чадаж байгаа ажилтай өрсөлдөж, бизнесийг нь булаахгүй гэж ам гарсан нь бий. Үүнийгээ ч тайз болгоноос, индэр бүхнээс давтан хэлж ирсэн. Харин амьдрал дээр үг, үйлдэл нь зөрж байгааг ердөө ТОП-100 аж ахуйн нэгжийн шалгаруулалтаас харж болохоор.

Төрийн өмчийн реформ хийнэ гэсэн тэр нь алга. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай болон бусад хуулиудыг өөрчилнө гэж байсан нь алга. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж л тэдгээр хуулиудыг гацаагаад байгаа тухай УИХ-ын гишүүд чуулган дээр ярьж байсан. Нэмж төрийн өмчит компани байгуулахгүйн дээр төрийн өмчит компаниудыг цөөлж, хувьчилна гэсэн нь бас алга.

Эсрэгээрээ цэргээр барилга бариулдаг, авто зам, төмөр зам бариулдаг, мод тариулдаг үзэгдэл ойрын хэдэн жилдээ үгүй болохгүй нь. Өнөөдөр хар л даа, Монголын ТОП-100 аж ахуйн нэгжийг жинлээд үзэхэд хэд нь төрийнхөн байна. Тэд зайгаа хувийнханд тавьж, бизнестэй нь өрсөлдөхөө больсон цагт бид авлигыг устгах, хүнд суртлыг үгүй болгох, шударга өрсөлдөөнийг бий болгох тухай ярих нь.

Untitled-2-copy-6.jpg
Төрийн өмчит компаниудын өр, алдагдлыг харуулсан энэхүү зураг "Өнөөдөр" сонинд нийтлэгдэж байв.

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Санал болгох

2 сая долларын хахууль ба хууль

Нийслэлд хэрэгжүүлэх LRT буюу баганан тулгуурт хөнгөн галт тэргийн төслийн мэдээллийг Засгийн газрын 247-р тогтоолын хавсралт буюу Төрийн нууцын жагсаалтад хамруулах гэж байна гэсэн мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд цацагдлаа.

2 сарын өмнө
Шүүхийн шинэтгэлийг бүтэн болгоё-Прокурорын хууль

Шүүхийн шинэтгэлийн үйл явц дөрөв дэх Засгийн газартаа үргэлжилж байна. 2012 оны парламент Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүх байгуулах тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг баталсан. Зам дундаас алдаа оноогоо шүүрдэн өнөөгийн парламент Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болгон багцалсан. Өмнөх шинэтгэл Хуульчдыг холбоог байгуулснаараа, шүүхийн захиргааг шүүн таслах ажлаас салгаснаараа, шүүх, шүүгчийн хараат бус, бие даасан байдлыг хангаснаараа, Японы Жайка төслийн тусламжтайгаар эвлэрүүлэн зуучлалыг Монголд нэвтрүүлснээрээ онцлог байв. Харин сүүлийн шинэтгэл Шүүхийн сахилгын болон Мэргэшлийн хороог байгуулан, хариуцлагыг чангатгаснаараа онцлог хэмээгдэж байна.

2 сарын өмнө
XX зууны нэрт эрдэмтэн, Төрийн шагналт Намгарын Лонжид агсны бариулсан БАЙГАЛИЙН МӨСӨН ЗООРЬ

Цул мөсөн зоорь Улаанбаатарт 7 (500 – 1000 тонны багтаамжтай), Завхан аймгийн Тосонцэнгэлд 1 (100 тонны багтаамжтай), Хөвсгөл аймгийн Мөрөнд 1 (150 тонны багтаамжтай) зэрэг 27 гаруйг барьж байгуулсан байдаг.

3 сарын өмнө
ТОП 100 БА ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ

төрийн өмчит оролцоотой компаниуд 2021 оны ТОП-100 компанийг тэргүүлсэн нь анхаарал татаж буй.

3 сарын өмнө